Ц. Оюунжаргал Глобаль Стратегийн Удирдлагын Институтийг /GSMI/ үүсгэн байгуулсан. MBA, ME, CMCe, Докторант, Менежментийн Зөвлөх/Удирдлагын көүч. Business.mn-д манлайлал, бизнесийн стратеги, компанийн соёл, эмоцийн чадавхийн сэдвээр нийтлэлүүд бичдэг.
Өмнөх нийтлэл: Манлайллын 5 түвшин
Доорх нийтлэлийг подкаст хэлбэрээр сонсох бол энд дарна уу
Сар жилээр бус өдөр хоногоор өөрчлөгдөж байгаа цар тахлын ертөнц дэх ороо бусгаа орчинд бизнесээ авч үлдэхийн тулд бизнес эрхлэгчдээс асар өндөр мэдрэмжтэй, тэсвэр тэвчээртэй байж нөөцийн үр ашигтай хуваарилалт хийхийг нэг талаас шаардаж байна. Өмнөх хямралууд ч ялгаагүй дээрх шалгуураар шалгадаг байж. Харин нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой жил хагас үргэлжилж буй энэ удаагийн хямрал Интернет, дижитал технологийн эрин үед дэлхий нийтийг хамарч байгаагаараа өмнөх хямралуудаас ихээхэн ялгаатай байгааг та бид бэлхнээ харж байна.
Хямрал бүх салбарт, бүх бизнест нөлөөлж байгаа ч хөл хорионы үеэр хаагдсан бизнесүүдийн хувьд хэд дахин хүнд байгааг бизнесийн зөвлөхийн хувьд харилцагчдаасаа өдөр бүр сонсож, тэдэнд боломжийнхоо хэрээр туслахыг хичээж буй. Энэ удаагийн хямралыг давж гарахад ажил олгогчид маань юуны өмнө өөрийн болон гэр бүлийнхээ, түүнчлэн ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаас гадна тархиа ажиллуулан бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж богино хугацаанд суралцан, сурснаа үл хэрэгжүүлэх аваас цар тахлын дараах шинэ хэвийн нөхцөлд (new normal) амьд үлдэх үү эсхүл түүх болон дурсагдах уу гэсэн сонголтын өмнө тулж ирээд байх шиг.
Хөл хориотой холбоотой улам бүр хүчээ авч буй Дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийг зорьж буй том, жижиг бүхий л байгууллагуудад юун түрүүнд Ажайл лидерүүдийг олноор төрүүлэх нь чухлаар тавигдаж байна. Энэхүү нийтлэлдээ Ажайл байгууллагын үндсэн шинжийг өгүүлэхээс гадна Ажайл удирдагч гэж хэн болох, Ажайл лидерүүд ямар зан төлөв, ур чадварууд эзэмшсэн байвал зохистойг харуулахыг зорилоо.
Хурдтай урагшилдаг
Ажайл (Agile) гэдэг нь хурдан уян хатан хөдлөх, хурдтай ажиллах гэсэн утгатай. Бизнесийн амжилтад хурд шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг бизнес эрхлэгчид маань сайн мэднэ. Хэрэглэгчдийнхээ асуудлыг сайтар сонсоод хурдтай шийдвэрлэдэг, түүнчлэн тэдэнд ирээдүйд тулгарч болох асуудлыг урьдчилан хараад шинэ бүтээгдэхүүнийг богино хугацаанд гаргадаг бизнесүүд ялагч болон гарч ирж байна. Хурдтай урагшлахын тулд орчин үеийн ажайл компанийн удирдагчийн зайлшгүй хийх ажлын эхэнд ажилтнууддаа бизнес бүхэлдээ ямар том зорилгын төлөө зүтгэж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, ажилтнууд багийнхаа зорилгыг, цаашилбал компанийнхаа алсын харааг сайтар ухамсарлан ойлгосон үедээ ажилдаа илүү урам зоригтой, идэвхтэй ажиллан, хариуцсан ажлаа амжилттай гүйцэтгэхийн тулд багаараа илүү хурдтай, зүтгэлтэй ажилладаг.
Үйлдэл хийх нь ямар ч үгнээс илүү хүчтэй
Ажайл манлайлал гэдэг нь бүхэлдээ өөрчлөлтийг удирдах, хэрэгжүүлэх тухай удирдлагын шинэ практик бөгөөд удирдагч өөрөө өөрчлөлтийн хөдөлгүүр байх тухай ойлголт юм. Үлгэр жишээ манлайлагч, өөрийгөө ямагт хөгжүүлж, бусдыг сэдэлжүүлдэг. Ажайл манлайлал нь үгнээс илүү үйлдлийн шинжтэй ойлголт бөгөөд Махатма Гандигийн алдарт ишлэл болох “Өөрчлөлтийг хүсвэл өөрөө тэр өөрчлөлт нь бай” хэмээн нэгэнтээ хэлснийг бодитоор хэрэгжүүлэхийг өгүүлж буй. Ажайл лидерүүд хөгжих тусмаа даруу төлөв, бусдыг ойлгодог. Энэ нь хамт олонтойгоо нөхөрсөг харилцаатай байж, санаа тавих зэргээр илэрнэ.
Үүссэн нөхцөл байдалд зохицон ажилладаг
Ажайл байна гэдэг нь өдөр, цагаар өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдалд хурдтай дасан зохицохоос гадна шаардлагатай үед уян хатан байхыг хэлнэ. Өнөөгийн бизнесийн орчинд захирлууд өдөр бүр л шинэ асуудал, урьд өмнө нь шийдэж байгаагүй бэрхшээл, сорилуудтай тулгарч байгаа ч нэг зүйл маш тодорхой байгаа нь өнөөдрийн асуудлыг өчигдрийн шийдлээр шийдэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч үүсээд байгаа орчин нөхцөлд зохицон ажиллах нь чухал байна.
Шийдвэрээ шуурхай гаргаж шууд хэрэгжүүлдэг
Ажайл захирлууд шийдвэр гаргахдаа ч түүнийгээ хэрэгжүүлэхдээ ч хурдтай хөдөлдөг. Гэхдээ энэ нь багийн гишүүд бие даагаад хийчих ойр зуурын ажлууд руу захирал өөрөө орж хийнэ гэсэн санаа огт биш болохыг дурдах нь зүйтэй. Бизнесээ бүтэн зургаар харж, том зорилгоо тодорхойлж чаддаг захирлууд тэрхүү том зорилгоо биелэгдэхүйц жижиг хэсгүүдэд хуваан хэрэгжүүлж эхэлнэ. Ийм арга барилаар ажилладаг лидерүүд өдөр тутмын ажлаасаа илүү гардаггүй захирлуудтай харьцуулахад илүү бүтээмжтэй байдаг төдийгүй томоохон өөрчлөлтүүдийг ч хийж чаддаг байна. Том зорилгыг хэрэгжүүлж болохуйц дэд зорилтуудад хувааснаар явцын дунд засч залруулан сайжруулах хэсгийг илрүүлэн илүү үр ашигтай ажиллах боломж бүрддэг.
Хурдтай урагшлахын тулд ажилтнууддаа бизнес бүхэлдээ ямар том зорилгын төлөө зүтгэж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй.
Нээлттэй бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй
Жинхэнэ ажайл лидер нь аливаа өөрчлөлт, өсөлт хөгжилд нээлттэй ханддаг төдийгүй уян хатан байхыг хэлнэ гэдгийг дээр дурдсан. Лидерүүд бизнесийнхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хувь хүний эгогоо таягдан хаяад бусдаас болон багийн гишүүдээсээ суралцан бүтээлч сэтгэлгээг дэмжих нь чухал.
Сэтгэх чадвараа чанаржуулж илүү үр дүнд хүрдэг
Ажайл лидерүүд асуудлыг нэг биш олон өнцгөөс харах чадвартай байдаг. Тэд асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн сошиал хуудсууд, хоёрдогч эх үүсвэрүүдээс мэдээлэл аваад зогсохгүй тэрхүү асуудалтай хамгийн ойр холбоотой хүмүүстэй уулзаж ярилцан асуудалд бодитой хандаж шийдвэр гаргахыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл, ажайл лидерүүд бодож сэтгэхэд цаг гарган, чухал асуудлууддаа эхлээд төвлөрч, үр дүнд нь өөрчлөлт авчрах томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд цаг, нөөцөө зарцуулж чаддаг.
Эргэх холбоотой ажилладаг
Харилцагчдаасаа болон ажилтнуудаасаа санал шүүмжийг нээлттэй хүлээн авч эргэх холбоотой ажилладаг байгууллага тасралтгүй сайжруулалт хийж хурдтай хөгждөг. Ийм компанийн удирдлага нь нээлттэй харилцааг бүх талаар дэмждэг учир байгууллагын соёл нь эрүүл, хүчтэй байдаг. Бүтээгдэхүүн болон процесстой холбоотой санал шүүмж дээр үндэслэн багийн гишүүд асуудалд бүтээлч сэтгэлгээгээр хандан ажилладаг. Ажайл лидерүүд санал шүүмжийг нээлттэй, шударга, ажил хэрэгч байдлаар хүлээн авч, бас яг ийм байдлаар багийн гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллан үлгэрлэн харуулдаг.
Бүтэлгүй төслийг цаг алдалгүй зогсоодог
Ажайл лидерүүд хэд хэдэн төслүүд дээр зэрэг ажиллах хэрэгцээ гардаг бөгөөд шаардлагад нийцээгүй төслийг зогсоох хүртэл арга хэмжээг цаг алдалгүй авдаг байна. Хүмүүс ихэнхдээ аливаа юмс үзэгдлийн тухайд тогтсон итгэл үнэмшилтэй байх нь элбэг бөгөөд түүнийгээ тэр бүр өөрчлөөд байдаггүй. Харин ажайл лидерүүдийн хувьд юмс үзэгдлийн талаарх итгэл үнэмшил, төсөөллөө шаардлагатай бол эвдэж, тухайн цаг үед чухам ямар төслийг цааш нь хөгжүүлэлт хийж сайжруулах вэ, харин ямар төслийг зогсоох вэ гэдгээ цал алдалгүй шийддэг байх нь чухал.
Санал, шүүмжид нээлттэй, бүтээлч ханддаг байгууллага хөгждөг.
Орчин үеийн бизнесүүд үйлчлүүлэгчид, харилцагч хамтрагч байгууллагууд, тэргүүн эгнээнд зүтгэж буй ажилчдаасаа санаа оноог нь байнга сонсож шүүмжлэлд ч нээлттэй ханддаг байгууллага, хамт олон хурдтай хөгждөг. Ажайл лидерүүд хамт олноосоо утга учиртай, хэрэгтэй, цагаа олсон санал шүүмж хэлэхийг зоригтойгоор шаардаж чаддаг. Өөрөө бусдаас санал шүүмж шаардаад зогсохгүй хамт олон, багийн гишүүдээ ч санал шүүмжлэлд эмзэглэлгүй, нээлттэй хандаж сурахыг зөвлөдөг. Товчдоо ажайл лидерүүд нээлттэй, шударга, бүтээлч санал шүүмжийг бусдад өгч, бусдаас аван тасралтгүй сайжирч болдогийг үлгэрлэн харуулдаг.