АПУ ХК-ийн зах зээлийн үнэлгээ долдугаар сарын 30-нд нэг их наяд төгрөгийг давсантай холбогдуулан Монголын хөрөнгийн, Санхүүгийн зохицуулах хороо болон тус компани хамтран өнөөдөр хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо. “Монголын хөрөнгийн бирж”-ийн үнэт цаасны нэгдүгээр ангилалд бүртгэлтэй, Топ 20 индексийг өнгөлдөг АПУ ХК ийнхүү нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй Монголын анхны компани болон түүхэнд бичигдэв.
Хүнс үйлдвэрлэлийн салбарын ууган байгууллага болох тус компани 1924 онд анх байгуулагдаж, 1992 оны хоёрдугаар сарын 13-нд Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж байв. Улмаар 1995 оны есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар АПУ ХК-ийн нэгж үнэт цаас 101 төгрөгөөр арилжигдаж, зах зээлийн үнэлгээ нь 75 сая төгрөгт хүрч байсан бол 26 жилийн дараа ийнхүү нэг их наядын үнэлгээтэй болж түүхэн амжилт үзүүллээ.
Өдгөө 9000 гаруй хувьцаа эзэмшигчтэй АПУ ХК Монголын хамгийн өндөр үнэлгээтэй компани болсноор хөрөнгийн зах зээл дэх томоохон боломж, потенциалийг бусад компанид илтгэн харуулсан үйл явдал болж буйг мэргэжилтнүүд онцолж байв.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай:
АПУ ХК удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргаснаар үйл ажиллагаа, үнэ цэнийн хувьд өсөн дэвжих боломжтой гэдгийг дотоодын бусад томоохон компанид илтгэн харуулж буйд талархаж байна.
Сүүлийн жилүүдэд тус компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тогтмол тараах бодлогыг баримталж буй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, улмаар Монголын хөрөнгийн биржийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар өндөр үнэт цаас болж чадсан. Ингэснээр нийт хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй байх хувьцааны тоонд багтсан.
Цаашид технологийн дэвшил, бизнесийн амжилтаар зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааныхаа бүх шатанд тууштай хэрэгжүүлж, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах Монголын анхны уул уурхайн бус компани болно гэдэгт итгэлтэй байна.
“Санхүүгийн зохицуулах хороо”-ны дарга Д.Баярсайхан:
Ковид-19 цар тахлаас шалтгаалан нийгэм, эдийн засагт багагүй хүндрэл тулгарсан ч СЗХ-оос тодорхой бодлого, шийдвэрийг хэрэгжүүлсний үр дүнд манай салбарын зохицуулалтад багтах салбарууд харьцангуй өсөлттэй гарсныг онцлон тэмдэглэе. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл дөрвөн их наядад хүрч, хүрээгээ тэлсэн. Энэ бүхэн он гарснаас хойш хөрөнгийн зах зээлд цөөнгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр гарсантай холбоотой. Мөн энэ хугацаанд УИХ болон СЗХ-оос зээлийн хүүг бууруулах стратеги баримталсан. Уг бодлогын баримт бичигт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа бондын зах зээлийг хөгжүүлэх, үүнтэй холбоотой бодлогын зохицуулалтыг хялбаршуулж, ойлгомжтой болгох тухайд хорооны зүгээс онцгойлон анхаарч ажилласныг дурдах хэрэгтэй.
Үүнээс гадна багагүй ажлууд биднийг хүлээж байна. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан ирэх оны зургадугаар сард багтаан системийн нөлөө бүхий банкууд олон нийтэд хувьцаагаа санал болгож, хувьцаат компаниуд болох ёстой. Монголбанк болон салбарын оролцогчид хамтран энэ ажлын бэлтгэлээ хангаж байна.
АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг:
2017 онд манай компани тун чухал шийдвэр гаргаж, дэлхийн томоохон групп Heineken-тай нэгдсэний үр дүнд зах зээлийн үнэлгээгээ нэг их наяд төгрөгт хүргэлээ. Бид энэ хүрээд зогсох биш, ирээдүйд олон их наядын үнэлгээтэй компани болохын тулд онцгой анхаарч, бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах болно. Тиймээс бидний хувьд сорилт, хариуцлага, тэмүүллийн он жилүүд эхэлж байна. Ирэх жилүүдэд АПУ ХК дараах гурван чиглэлд анхаарч ажиллана.
Нэгт, экспортоо нэмэгдүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хоёрт, сүү, сүүн бүтээгдэхүүнээр Монгол Улсын зах зээлийг хангаж, цаашлаад дэлхийн зах зээлд гарахын тулд энэ чиглэлийн томоохон хөрөнгө оруулалтуудыг хийнэ.
Гуравт, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2030 он хүртэл хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлсныг дэмжиж, хамтран ажиллана.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга, “Ulzii & Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:
АПУ ХК нэг их наядын үнэлгээг давсан нь маш чухал ач холбогдолтой. Тухайлбал, компанийн үнэлгээгээ нэмэх, үйл ажиллагаагаа сайжруулах, ашиг орлогоо нэмэгдүүлэхээс эхлээд олон боломж хөрөнгийн зах зээлд бий гэдгийг олон нийтэд харууллаа. Манайх шиг жижиг зах зээлтэй улсад компаниуд хоорондоо өрсөлдөх бус, харин ч нэгдэж нийлж, энэ хэмжээний томоохон компани үүсгэн байгуулах боломжтой гэдгийг ч давхар харуулж чадлаа. Мөн компанийн засаглал хэрхэн сайжирч, үйл ажиллагаа нь ямар нээлттэй болж, зардал нь хумигдаж, энэ бүхний үр дүнд яаж үнэлгээгээ нэг их наяд давуулдгийг үзүүллээ. Энэ жишээнээс үндэсний олон компаниуд суралцаж, өнөөдрийн үйл явдал булган сүүлтэй байгаасай гэж бодож байна.
Үүнээс гадна дараагийн том мессеж бол гадаадын хөрөнгө оруулалт. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр цаашид хөгжихгүй. Heineken групп АПУ компанийн 25 хувийг эзэмшсэнээр компанийн үйл ажиллагаа, засаглал сайжрахад хэрхэн хувь нэмэр оруулсныг бид бүхэн харж байна. Тиймээс компаниуд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааны үнэлгээг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээл дэх боломжийг илүү өргөнөөр ашиглаж эхлээсэй гэж хүсэх байна.
КОМПАНИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Оноосон нэр: АПУ
Хэлбэр: Нээлттэй хувьцаат компани
МХБ-ийн хувьцааны бүртгэлийн ангилал: I
Хувьцаа эзэмшигчдийн тоо: 9189
Хөрөнгийн зах зээл дээрх байр суурь: АПУ компанийн хувьцааны эрэмбэ
Зах зээлийн үнэлгээгээр: 1
Арилжааны үнийн дүнгээр: 5
нэн бодитойгоор дэлгэн харуулах ёстой. Мэдээж хувьцаа эзэмшинэ гэдэг нэг цаг, нэг минутанд гаргадаг шийдвэр биш. Тэд хувьцааг нь эзэмшихийг х ?