Ковид-19 цар тахал дэгдсэнтэй зэрэгцэн Мана-4, Норов-7 танг уувал дархлаанд нэмэртэй, өвчнөөс сэргийлэх магадлал өснө гэхчлэн яриа олны дунд эрчтэй дэлгэрсэн билээ. Эдгээр тан ханиадыг анагаах үйлчлэлтэй бөгөөд нэг эмийн төрөл гэдгийг энэ удаагийн зочноосоо олж сонссон нь шинэ мэдээ болов. Ковид-19 бол нэг төрлийн ханиад гэдгийг тэрбээр онцлоод Мана-4 дээр ар үр, жүр үр, бар үр гурвыг нэмж, илүү сайжруулж, хүчитгэсэн хувилбар нь Норов-7 бөгөөд энэ утгаараа дээхэн үед ноёдууд Норов-7, ардууд Мана-4 уудаг байсныг тодотголоо. Дээрх гурван орцыг Энэтхэгээс авдаг, ховор нандинд тооцдог байсан тул ноёдын хэрэглээ байсан болохоор “Манийн уудаг мана-4, ноёдын уудаг норов-7” гэдэг хэлц үг хүртэл гарсан байжээ. Тиймээс ижил төрлийн эм гэдэг утгаараа зэрэг бус, аль нэгийг нь сонгон хэрэглэхэд л хангалттай аж.
Гэхдээ өнөөдөр бид энэ талаар бус, түүний бага залуугаасаа эхлэн өнөөг хүртэл уйгагүй “нөхөрлөж” ирсэн номын эргэн тойронд яриагаа өрнүүлэх болно. Монос группийн ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, профессор, академич Лувсангийн Хүрэлбаатартай ийнхүү ярилцлаа. Тэрбээр өдгөө Монголын уламжлалт анагаах ухаанд тулгуурлан зохион бүтээж буй шинэ эмийнхээ туршилтад төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд монголчууд түүнийг Моносын Хүрэлбаатар гэдгээр нь андахгүй мэдэх билээ.
“Сүүлийн үед шинэ эм бүтээхэд бүх хүчээ зарцуулж байна” хэмээсэн тэрбээр Ковид-19-өөр өвдсөн үед интерлейкин 6 гэх дархлааны уураг их хэмжээгээр ялгарч, улмаар хүний дархлааны зохицуулалт алдагддаг бөгөөд дархлаа сайтай, эсвэл дархлаа нь унасан хүмүүс илүү хүнд өвчилж байгаа нь ийм шалтгаантай гэдгийг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, интерлейкин 6 ихэссэнээр Ковид-19 вирусийн эсрэг хүчтэй тэмцэл өрнөдөг нь өвчин хүндээр тусах нөхцөл болдог байна. Нэг үгээр, энэхүү уураг огт ялгарахаа больчихвол өвчний эсрэг тэмцэх чадалгүй болдог бол хэт ялгарахад эргээд вирусийг идэвхжүүлдэг аж. Тэгэхээр дархлааг идэвхжүүлэх юм уу, бууруулах бус, харин зохицуулах ёстой гэсэн үг. Монголд энэ талаар судлах лаборатори, хүн хүч дутмаг учраас Өмнөд Солонгосын Данкүүкийн их сургуультай хамтран судалгаа хийж, үр дүнгээ үзэх дөхөөд буйгаа Л.Хүрэлбаатар захирал дуулгав. Энэ бүхний үр дүнд Ковид-19 туссан үед дархлаа зохицуулах шинэ бэлдмэл гарч магадгүй нь.
Таны өнгөрсөн онд хэвлүүлсэн “Бүтээлч моносчууд бүгдийг тэгээс” номыг уншсан хүмүүс ам сайтай байгааг анзаарсан. Ном бичих үйл явц хэрхэн өрнөсөн бэ?
Өнгөрсөн жил бид 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн босгон дээр хамт олон маань Моносын түүхийг бичиж үлдээхийг надад даалгасан юм. Учир нь энэ компанийн түүхийг надаас сайн мэдэх хүн үгүй, тэгээд ч бүхнийг шинэ сэргэг байгаа дээр хадгалан үлдээхийг зорьсон хэрэг. Монос группийнхэн төдийгүй Монголынхоо бизнес эрхлэгчдэд хэрэг болох туршлагуудаасаа түлхүү оруулаарай гэсэн давхар утгатай үүрэг надад өгснийг бодож, номоо бичсэн. Энэ номын маань алдаа, оноо ч яг тийм. Нэг талаас 30 жилийн ойн ном шиг, нөгөө талаар бизнес эрхэлж буй болон эрхлэх гэж байгаа залууст хэрэгтэй байлгахыг зорьсон.
Би өөрөө ном маш их уншдаг. Sony-ийн үүсгэн байгуулагч тэргүүтэй япон бизнесмэнүүд, Hyundai-ийн үүсгэн байгуулагч тэргүүтэй солонгос бизнесмэнүүд, Tesla, SpaceX-ийг удирдаж буй Илон Маск зэрэг дэлхийн олон бизнес эрхлэгчийн намтар номыг уншиж байсан учраас залууст хэрэг болох туршлагаа, сургамжтай үйл явдлуудын хамтаар бичиж үлдээх ёстой гэдэг үүднээс хандсан. “Бизнес эрхэлж байгаа хүн заавал унших ёстой ном байна” гэсэн сайхан сэтгэгдлүүд хүмүүс ирүүлж байгаа нь бичсэн ном маань ямар нэг хэмжээгээр зорилгоо биелүүлжээ гэсэн урам хайрлаж байна. Бизнесийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг сургууль, байгууллагууд номд орсон жишээнүүдийг сургалтад хэрэглэж болох уу, патент төлбөр бий юү гэж олонтаа асууж байна. Сургалтад хэрэглэхэд ямар ч саад бэрхшээл, төлбөр байхгүй гэж хариулж байгаа.
“Намайг бизнес эрхлэхэд сургасан зүйл бол ном. Би одоо ч суралцсаар явна”.
Тэгвэл та сүүлд ямар ном уншсан талаараа сонирхуулбал?
Хамгийн сүүлд Хорхе Лүис Борхесын “Зүүдний ном”-ыг уншлаа. Түүний бичлэгийн арга барил надад их таалагддаг. Анх хэвлэгдэхэд нь уншиж байсан ч, саяхан эргэж үзмээр санагдаад дахин уншсан. Үүнээс гадна “Монголын уламжлалт анагаах ухааны онолын үндэс” гэж нэлээд зузаан ном байдгийг өнгөрсөн сард ахин уншлаа. Мөн гавъяат эмч, анагаах ухааны доктор, профессор З.Мэндсайханы бичсэн “Судар шастирт цогцлоосон тэжээхүйн ухааны бүрэн цоморлог” гэж ном уншсан. Сүүлийн үед уламжлалт анагаах ухааны холбогдолтой нэлээд материал үзэж, харж байна. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухаанд тулгуурласан эмүүд зохион бүтээж байгаа учраас энэ талын мэдлэгээ ахин сэргээх, бататгах, шинээр эзэмших шаардлагатай санагдсан тул энэ чиглэлийн ном гол төлөв уншиж байна.
Танд хамгийн их нөлөөлж, ажил хэрэгтээ тусгасан ямар номууд байдаг вэ?
1990-ээд оны эхээр бизнесээ дөнгөж эхлүүлж байхдаа Ким Ү Жүний “Хорвоо дэлхий уудам хийх ажил их байна” гэж номыг анх уншсан нь маш их хүч, энерги өгсөн. Өнөөдөр хэвлэгдэж буй номуудтай харьцуулахад тийм ч мундаг ном биш л дээ, эргээд харахад. Гэхдээ тэр үед бидэнд унших материал, ялангуяа бизнесийн холбогдолтой номууд маш ховор байсан. Хөрөнгөтнүүд хэмээн цоллож, бараг л хүний цус сордог, мөлждөг, аймшигтай харгис хүмүүс гэж үздэг байсан болохоор хөрөнгөтөн орны бизнесмэнүүдийн туршлага, амжилтын талаар ном байдаггүй байлаа. Дөнгөж эхэлж гараад байсан нь л миний дээр дурдсан ном. Бизнес эрхэлж байгаа залуучуудад “Залуу хүн зүгээр суулгүй, аливааг эрч хүчтэй хийж, бүтээх ёстой” гэх эрмэлзэл төрүүлсэн сайхан ном. Одоо эргээд уншихад тэгж их сэтгэл хөдөлгөдөггүй ч тэр цагт яах аргагүй хамгийн их нөлөөлсөн номуудын нэг.
Мөн тухайн үед өөр нэг сайн ном олж уншсан нь Филип Котлерын “Маркетингийн үндэс-1”. Монгол хэлээр орчуулагдаагүй байсан болохоор оросоор уншсан. Бас л анх уншсан бизнесийн номуудын маань нэг. Энэ номыг би бараг 10-аад удаа давтан уншсан. Үнэхээр ханадаггүй юм. Унших бүртээ л нэг шинэ зүйл нээдэг. 1990 онд дөнгөж эхэлж буй бизнес эрхлэгчийн үүднээс, дараа нь хэд хэдэн компани, үйлдвэртэй болчихсон үедээ уншихад огт өөр өнцгөөс уншигдаж байгаа юм. Ахиад тодорхой түвшинд хүрээд эргүүлэн сөхөхөд тэр л түвшнээсээ харах жишээтэй. Ном гэдэг хүн өөрийгөө тольддог толь. Хүн өөрийнхөө хэмжээнд л номыг ойлгодог юм билээ. Тухайн номыг бизнес эрхлэх гэж буй хүн, эрхэлж байгаа хүн, бизнесийн томоохон амжилтад хүрсэн хүн бас нэг янзаар ойлгоно.
“Залуучууд хамгийн түрүүнд “Монголын нууц товчоо” уншаарай гэж хэлэх байна. Чингис хааны менежментийн ухаан тэнд бий”.
Котлерын “Маркетинг-5” гэж ном хэвлэгдсэнийг англиар уншиж байна. Маркетингийг нийгмийн хариуцлага буюу хүнлэг талаас зохион байгуулах талаар энэ номд голчлон бичсэн. Монгол хэлээр хараахан орчуулагдаагүй байгаа байх. Түүнээс өмнөх хувилбар нь орчуулагдсан шиг байна лээ. “Маркетинг-3” номд хэрэглэгч хэрэглэгчдээ итгэдэг гэсэн маркетингийн зарчмын талаар түлхүү бичсэн бол дижитал маркетингтай холбоотой дөрөв дэх номыг монгол хэлээр орчуулаасай гэж бодож байна.
Дараа нь Пол Хейнегийн “Эдийн засгаар сэтгэхүй” гэж ном уншсан. Хавтсан дээрээ нэг нүд нь нэмэх, нөгөө нүд нь хасах тэмдэг бүхий хүний зурагтай, маш зузаан ном. Аливааг эдийн засгийн, тооны аргаар сэтгэх, дүн шинжилгээ хийх арга барилыг сайжруулахад чиглэсэн ном. 1990-ээд онд бизнес эхэлж байхад их ч хэрэг болсон, их ч таалагдсан. Энэ мэтээр олон дахин уншиж, ширээний ном болсон бүтээл цөөнгүй бий.
Залуучуудад ямар ном уншихыг санал болгох вэ?
Хамгийн түрүүнд “Монголын нууц товчоо” уншаарай гэж хэлэх байна. Түүхээ мэдэхэд дэмтэй. Шүлэглээд биччихсэн учраас бид анх уран зохиолын ном шиг л уншдаг байсан. Хэдий шүлэглэж, уран зохиолын хэлбэрээр бичигдсэн ч гэлээ МНТ түүхийн маш олон баримтыг агуулдаг. Нөгөө талаар, Чингис хааны менежментийн ухаан тэнд бий. Энэ ялдамд дурсахад их хааныхаа зохион байгуулах авьяастай холбоотой ном материал олон жил цуглуулж судалсны үр дүнд “Чингис хааны менежмент” гэж ном бичиж эхлүүлээд байна. Болж өгвөл англи хэлээр хэвлүүлдэг ч юм билүү гэсэн бодол байна. Үүгээрээ Чингис хаан ямар аугаа хүн байж вэ гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Чингис хаан хүнийг удирдах аугаа их ухаантай хүн байсан. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлийг эзэмдвэл бие нь хаа холдох вэ гэдгийг хэрэгжүүлж чадсан. Хүний сэтгэл санааг өөрчилнө гэдэг хандлагыг нь өөрчлөх, тухайн хүнийг ойлгох, аливааг сэтгэлээсээ хийдэг болгох зэрэг удирдах арга барилын хамгийн гол менежментийг хэрэгжүүлсэн. Дээр нь аутсорсинг буюу бусдын хүчийг маш сайн ашиглаж, дэргэдээ өөр улс орны зөвлөхүүдийг авч ажиллуулсан. Энд тэндхийн газар орныг байлдан дагуулахдаа эрдэмтэн мэргэд, дархан мужаан, инженер зэрэг мэдлэг чадвар бүхий хүмүүсийг дэргэдээ авч ажиллуулдаг байсан нь түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хамгийн орчин үеийн зэвсэг, довтлох арга техникийг бид гаднаас л эзэмшсэн. Мөн хүн таних, сонгох ухаан, цаашлаад хүнийг хийснээр нь дүгнэх, урамшуулах гээд олон ухаанд их хаанаасаа суралцаж болно. Энэ мэтээр Чингис хааны 10 гаруй удирдлагын ур чадварыг жагсаасны дагуу номоо бичиж эхэлсэн.
Хоёрт, Билл Гейтсийн “Бодлын хурдтай бизнес” гэж ном бий. Бизнесийг хэрхэн хурдтай хийх талаар өгүүлдэг ном. Үүнээс гадна Ричард Брайнсоны ажилтнуудаа урамшуулж, урмаар тэтгэж ажиллуулах талаар бичсэн хоёр ч ном бий. Дельфин сургагчийн тухай “Бурмаар тэжээхээр урмаар тэжээ” гэж бас нэг гоё ном бий. Ер нь үе үе унших дуртай ширээний гэж нэрлэж болох олон ном бий.
Үнэнийг хэлэхэд аливааг, түүний дотор бизнесийг мэдлэггүйгээр хийх боломжгүй. Намайг бизнесээ эхлүүлж байхад энэ талын ямар ч ном, зааж сургаад өгөх хүн байгаагүй. Харин одоо бол Монголд бизнес эрхлэх талаар зөвлөгөө өгдөг, сургалт эрхэлдэг ТББ, компани, сургууль олон болсон байна. Тухайн үед намайг бизнес эрхлэхэд сургасан зүйл бол ердөө ном, алдаж онож байж олж авсан туршлага. Номоос л би хэрхэн бизнес эрхлэх вэ гэдгийг сурсан. Одоо ч сурч явна.
Миний хэлэх дуртай нэг үг бий. Стивен Ковийн бид хөрөөгөө хурцлах ёстой гэсэн утгатай үг. Мод хөрөөдөж үзээгүй улс сайн мэдэхгүй байх. Бидэн шиг мод хөрөөдөж өссөн улс бол мэднэ дээ. Мохоо хөрөөгөөр хүчээ барж, арай гэж жаахан л мод хөрөөднө. Харин хурц хөрөөгөөр бол найз нартайгаа нийлж аваад л ганц амралтын өдөрт бүтэн машин мод хөрөөдөөд, хагалаад тавьчихдаг байлаа. Үүнтэй адил бидэн шиг оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст мэдлэг бол хөрөө. Хөрөөгөө хурцална гэдэг мэдлэгээ баяжуулна гэсэн үг. Мэдлэгээ баяжуулахгүйгээр цааш явахгүй.
Та ихэвчлэн ямар хэлбэрээр ном уншдаг вэ? (Цахим болон хэвлэмэл гэх мэт)
Ковид-19-ийн үед гаднаас ном захиалахад ирэх хугацаа нь их хойшилж байна. Тиймээс заавал түүнийг хүлээлгүйгээр мөнгөө шилжүүлээд л хэдхэн секундийн дотор Kindle-ээр ном аваад уншчихаж болж байна. Мөн гар утсандаа ч Kindle-ийн апп-тай. Гадуур явахад халаасанд Kindle багтахгүй учраас гар утсандаа суулгасан апп-аараа зав л гарвал уншдаг.
Ер нь энэ олон апп-ийн тэр, энэ давуу гэж хэлж чадахгүй. Тухайн ном, унших материал хаана олдоцтой байна түүгээр л уншаад явдаг. Харамсалтай нь, монгол номууд Kindle-ээр уншихад зориулсан өргөтгөлөөр төдийлэн байдаггүй. Mplus-аар бол монгол хэл дээрх лавтай маш олон ном татаад авчихсан, хаа явсан газраа завтай үедээ түүнийгээ гаргаж уншдаг. Цаасан номыг гадуур бариад яваад байх боломж багатай учраас гэртээ голдуу уншиж байна. Нэг үгээр, цахим номын онцлог нь хаа ч уншиж болдог. Харин цаасан ном тав тухтай уншиж, төвлөрөн суухад хэрэгтэй.
Өмнө нь би өрөөнийхөө нэг буланд уншсан сонингоо зузаан болтол нь өрж, хэрэгтэй гэж үзсэн материалаа хайчилж аваад үлдсэнийг нь хаягдал цаасны газарт өгдөг байсан бол одоо өрөөнд маань нэг ширхэг ч сонин байхгүй. Бүгдийг нь онлайнаар захиалан уншдаг болсон. “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, The New York Times -аас эхлээд мэргэжлийн сэтгүүлүүдээ онлайнаар захиалаад л уншчихдаг юм.
“Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст мэдлэг бол хөрөө. Хөрөөгөө хурцална гэдэг мэдлэгээ баяжуулна гэсэн үг”.
Би группийнхээ захирлуудад жил бүр унших номын жагсаалт гаргаж өгдөг. Тэгээд уншсан номынхоо дагуу хэлэлцүүлэг өрнүүлдэг. Марк Зукерберг, Билл Гейтс, Илон Маск, Уоррен Баффетын санал болгож буй номуудыг залуучууд уншаасай. Тэдний санал болгосон номыг би хувьдаа болж л өгвөл ихэнхийг нь уншдаг.
Юуны өмнө бид мэдлэгээ арвижуулах ёстой. Хоёрт, олж авсан мэдлэгээ амьдралд ашиглахгүй бол хов хоосон. Ямар ч хэрэггүй. Монголоор дүүрэн эрдэмтэд, мэдлэгтэй залуус байна. Эх орондоо юу хийв гэхээр тэдний хийсэн бүтээсэн сэтгэлд хүрэхгүй байгаа юм. Мэдлэгээ ашиглаж, чадвар болгож чадвал алт, эрдэнэсээс ч үнэтэй. Тиймээс ч манай Эм зүйн шинжлэх ухааны сургууль мэдлэгтэй төдийгүй чадвартай хүнийг бэлтгэх зорилготой ажилладаг. Юуны түрүүнд залуучууд ном унших хэрэгтэй, дараа нь уншсанаа хэрэгжүүлэх нь бүр ч чухал.
***
Би ном уншихдаа тэмдэглэж уншдаг. 1990-ээд оны үед өнгийн харандаагаар зураад л уншдаг байлаа. Хэний ч билээ хэлсэн “Ном миний боол” гэж үг бий. Би нэгэнт худалдаад авчихсанаас хойш зурж, тэмдэглэж, цааш амьдралдаа ашиглахын тулд ер яаж ч болно. Улаан харандаагаар зурсан бол амьдралд шууд хэрэгжүүлэх ёстой зүйл, хөх харандаагаар зурсан нь цаашид хэрэг болж магадгүй гэснээ, харин ногоон харандаагаар зурсан бол хамт олондоо ярьж өгөх сэдэв гэх зэргээр аливаа номыг уншихдаа заавал тэмдэглэдэг байлаа.
Сүүлд өнгийн наадаг цааснууд гарснаас хойш өнгөөр ялгаж зурах биш, харин наадаг болсон. Өөрийн ажилдаа нэвтрүүлэх, үе үе анхаарах, бусдад зааж сургах зэргээ өнгөөр ялгаж тэмдэглэдэг. Номыг ингэж уншиж байж л амжилтад хүрнэ. Ялангуяа тэмдэглээд явахад амар байдаг учраас Kindle-ээр унших дуртай. Бизнесийн болон мэргэжлийн номуудыг уран зохиолын ном шиг нэг өдөрт бус, магадгүй долоон хоног уншина. Харин судалгааны ажил бол өөр. Баталгаа, нотолгоотой эш татдаг учраас тэмдэглэх арга нь ч өөр.
Шинжлэх ухаанд нотолсноор долоо хоногийн өмнө уншсан зүйлийнхээ 20 хувийг л хүн санадаг. Харин яг маргааш нь 80 хувийг санана. Тиймээс номоо ахин уншихаар бол тэмдэглэлүүдээ хараад л явчихдаг. Ямар нэг номоос хэрэгжүүлэх дор хаяж 2-3 санаа олж авдаг. Зарим номоос арав хүртэлх ийм санааг тэмдэглэж авна. Үүнээс олныг хүн хэрэгжүүлж чадахгүй шүү дээ. Уншсанаа амьдралд хэрэгжүүлж байж л хүн амжилтад хүрнэ.
Таны ном унших арга барил?
Би өглөө ном уншдаггүй. Өглөө бол миний хувьд хамгийн үнэтэй цаг. Энэ цагаар би судалгаа, шинжилгээний өгүүлэл, номоо бичиж, толгойгоо сэргэг байгаа дээр чухал шаардлагатай шийдвэр гаргах зэрэг хамгийн чухал ажлуудаа амжуулдаг. Тиймээс номыг голдуу орой, унтахынхаа өмнө дор хаяж нэг цаг уншдаг. Замын түгжрэлд бас их уншина. Жолоочтойн ач тус ингэж гарч байгаа юм. Уг нь би өөрөө машин барих дуртай ч, энд тэнд машин тавих зогсоол олддоггүй. Тэгээд л жолоочтой болсон. Мөн яам, тамгын газар очиход хүнд суртал ихтэй, хүлээлгэнэ. Аль эсвэл хаа нэг газар саатах хэрэг гардаг. Тэр байтугай ресторанд хоол захиалсны дараа ч хүлээх ажил гардаг шүү дээ. Тэр үед Kindle, Mplus -аас ном унших, онлайн сонин, сэтгүүл гарчиглах чөлөө гарч байгаа юм. Ер нь цагийг зөв ашиглаж чадвал ном унших хугацаа их гардаг. Дээр нь Blinklist, Headway апп-уудаас номын товч агуулгатай ердөө 15 минутанд танилцаж, хэрэгтэй гэж үзвэл Kindle-дээ бүрэн эхээр нь захиалаад авчихдаг.
Гэхдээ уншдаг гэхээс илүү хүн өөртөө дадал суулгах ёстой юм шиг. Өдөрт яаж ийгээд нэг цаг ном уншихаар зорьвол хүн зав гаргаж л таарна. Орой ажлаа тараад унтах хүртэлх хэдэн цагаасаа ганцхан цагийг уншихад зарцуулчихвал долоо хоногт долоон цаг буюу дунджаар нэг номын ард гарах хангалттай хугацаа. Ингээд тооцвол жилдээ 52 ном уншина. Мэргэжлийн 10, уран зохиолын 10, өөрийн сонирхдог чиглэлээр 10 гээд 30 ном уншихад л хэнээс ч дутахгүй өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтэн болно.
Хүмүүс унших номоо сонгох өөр өөрийн гэсэн аргатай байдаг. Харин таны хувьд?
Олон янзын арга бий. Эрдэм шинжилгээний номуудаа өөрийн ажлын дагуу, судалж буй чиглэлээрээ сонгож уншдаг. Бизнесийн номуудыг Amazon руу орж, категорийн дагуу хайж, гол нь хүмүүсийн сэтгэгдлийг уншиж байж сонгодог. Асар олон ном байдаг учраас болж өгвөл шилдэг борлуулалттай номууд уншихыг хичээдэг. Мөн Билл Гейтс, Илон Маск, Уоррен Баффетын санал болгосон номуудыг уншдаг. Тэгэхгүй бол тэр олон ном дундаас сонголт хийхэд үнэхээр хэцүү. Тиймээс бизнесмэнүүдийн хувьд томоохон бизнесмэний, харин судалгаа шинжилгээний чиглэлээр гэвэл тухайн чиглэлийн томоохон эрдэмтний санал болгосон номуудыг харах зэргээр баримжаалбал тохиромжтой. Дээр нь бестселлэр номуудын товчлол юм уу, тайлбарыг харж байгаад сонгодог.
“Мэдлэгээ ашиглаж, чадвар болгож чадвал алт, эрдэнэсээс ч үнэтэй”.
Уран зохиолын номын хувьд янз бүрийн сонин хэвлэл, найз нөхдийн хэлсэн ярьсан, шүүмж зэргийг харж байж сонгоно. Мөн Хорхе Луис Борхес, Дарамын Батбаяр, С.Эрдэнэ, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс зэрэг дуртай зохиолчийнхоо номыг уншина. Яруу найргийн бүтээлийн хувьд залуу байхдаа шүлэг бичиж байгаагүй хэн л байлаа. Голдуу залуудаа бичсэн шүлгүүдээ эмхэтгэн түүвэрлэж, “Шаргал навчис” нэрээр хэдэн жилийн өмнө хэвлүүлсэн. Ингэж хэвлүүлэхийг ятгасан хүмүүс нь зохиолчид. Надад “Болор цом” наадмын урилга өгөхөөр Зохиолчдын эвлэлийн тухайн үеийн дарга Г.Мөнхцэцэг, Б.Мягмаржав тэргүүтэй залуу зохиолчид ирсэн. Тэд миний шүлгүүдийг мэддэг болохоор “Шүлгүүдээ даралгүй, хэвлүүл. Би редакторлая, би ч редакторлая” болсон. Гэхдээ сүүлд Б.Лхагвасүрэн агснаар номоо редакторлуулж, хэвлүүлсэн дээ. Бид эртний танилууд байв. Одоо мөн “Миний бурхад” гэж шүлгийн түүврээ хэвлүүлэх дөхөж байна. Үүнээс гадна “Галзуу хайр” өгүүллэг, туужийн түүврээ гаргахад бэлэн болоод байна.
Залуу байхад утга зохиолын сэтгүүл, сонинд өгүүллэгүүдээс маань хэвлэгдэж байсан ч сүүлд эрдмийн ажил, бизнес гэсээр завсарласан. Багаасаа дуртай байсан болохоор өөрийгөө тамлаад л, энэ их ажлынхаа завсраар бичээд л сууж байна. Гоё ном гарна аа.
Хэзээнээс номын амтанд шимтэх болов. Үүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юү?
Миний эмээ ээж их гоё үлгэр ярьдаг хүн байсан. Эмээ маань урт урт сонирхолтой үлгэрүүд хоёр, гурван шөнө дараалж ярьдаг сан. Одоо бодоход “Оюун түлхүүр”, “Шидэт хүүрийн үлгэр”-ээс л цээжээр ярьдаг байж дээ.Тэгж л анх үлгэрт дуртай болсон. Өнөөдөр энэ хэмжээний урт үлгэр мэддэг эцэг эх байна уу. Нэгдүгээр ангид ороод Степа ах, Норовын намтар гээд л хөөрхөн зурагтай номууд хэвлэгдсэнийг уншдаг байлаа. Ер нь бага ангиасаа л ангидаа хамгийн хурдан, хамгийн их уншдаг гэгдэж, тэр үеэс л номд дурласан. Ээж минь гоё зурагтай, жижиг номууд авчирч өгөөд л.
Харин сүүлдээ ээж намайг яаж ном уншуулах вэ биш, яаж номоос салгах вэ гэдэг болчихсон. Нэг удаа ээж эмнэлэгт хэвтэхдээ номын цагаан солиотой хүүхэдтэй нэг тасагт хэвтэж таарсан юм билээ. Тэр үед хөдөө аймагт сэтгэц мэдрэлийн эмнэлэг гэж байгаагүйгээс хамт хэвтэж таарч л дээ. Тэгэхэд хоолны халуун сав гэж байсан биш, бууз, хуушуураа сонины цаасанд ороож авчирна. Өнөө хүүхэд сонин хармагцаа шүүрч аваад л уншдаг, бууз нь тэрүүгээр өнхөрч л байдаг. “Үнэн” сонины нүүрэн дэх “Орон бүхний пролетариуд нэгдэгтүн” гэсэн бичгээс эхлээд редакцийн зөвлөл хүртэл дуржигнатал уншдаг ч, юу ч ойлгодоггүй байж. Намайг номоос салдаггүй болохоор тийм болчих вий гэж ээж айгаад зургийн аппарат авч өгөх зэргээр номоос салгах гэж янз бүрийн аргаар л үзсэн. Зураг авч номоос багахан хөндийрөх нь хөндийрсөн ч ор тас орхиогүй. Гэрийнхээ бүх номыг уншиж, сүүлдээ унших ном олдохоо байсан тул найз нөхдөөсөө авч уншдаг болсон. Аймгийн төвийн номын сан гэрээр ном өгдөггүй, тэнд танхимд суугаад унших зав чөлөөгүй. Хичээлээ тараад гэртээ харьж, даалгавраа хийнэ, мод түлээгээ хагална, усаа зөөнө гээд ажил ихтэй. Ингээд арга сэдэж, аймгийн төв номын сангийн урагдсан номыг нааж өгдөг болж, номын сангийн дэргэд “Соёлч нөхөрлөл” байгуулж, удалгүй хэд хэдэн хүүхдийн хамт ном нааж өгөх болсон. Үүний хүчинд номын сангийн фондоос ном авах эрхтэй болж, наймдугаар анги төгсөхдөө номын сангийн уран зохиолын номуудыг бараг бүгдийг нь уншиж дуусгасан даа. Тийм л номын хорхойтой хүүхэд байсан.
Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа.
Номын буландаа урьж ярилцсан та бүхэнд ч мөн баярлалаа.
Сайхан ярилцлага болжээ. Хүн уншдаг зүйлийнхээ хэмжээнд л сэтгэдэг гэж үнэн санагдах юм шүү. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.