Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдсан “Digital Nation – 2021” арга хэмжээнд оролцохоор Америкаас зорин ирсэн Google компанийн ахлах инженер, Ondo компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Баттулгатай товч ярилцлаа.
Тэрбээр уг арга хэмжээний үеэр “Ухаалаг хот”, “ХХМТ-ийн салбарын ирээдүй ба боломж” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт панелистаар оролцож, санал бодлоо солилцохын зэрэгцээ шинэлэг стартап компаниудад өөрийн туршлагаа хуваалцаж, Монголын технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж яваа нэгэн билээ.
“Digital Nation – 2021” арга хэмжээнд оролцохоор та холын Америкаас зорин иржээ. Уг фестиваль цаашид тогтмол зохион байгуулагдсанаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?
Энэхүү арга хэмжээнд би хувьдаа маш их ач холбогдол өгч байгаа. Өмнө нь экспо хэлбэрээр зохион байгуулагддаг байхдаа зөвхөн дотоодын технологийн компаниуд хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг байсан бол энэ удаад бид нэг зүгт алхаж байна уу гэдгээ мэдэх, бие биеэ ойлгох, гадаадын зах зээлд гарахын тулд ОАТ (Operational acceptance testing) буюу бидний нэрлэдгээр хөдөлгүүр, дэд бүтэц, бодлого, хувийн компаниуд байна уу, тэдний хөгжүүлсэн технологиуд амжилттай урагшилж байна уу гэдгийг нийтэд нь харах ёстой болж байна. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” -ийг бид нэг нэгнээ ойлгож байна уу, дараагийн шатанд гарахад бүх зүйл бүрдсэн байна уу гэдгийг шалгах арга хэмжээ юм болов уу гэж харж байна.
Цаашдаа уг арга хэмжээ өргөжиж, магадгүй цар тахлын дараа олон улс орноос хүмүүс ирж оролцон, санал бодлоо солилцдог олон улсын хэмжээний эвент болоосой гэж бодож байна. Үүний үр дүнд Монгол Улс ийм чиглэлд алхаж, хөгжиж яваа юм байна гэдгийг олон улс харж, ижил чиглэлээр хөгжиж буй улс орнуудын төлөөлөлтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ.
“Аж үйлдвэрийн IV хувьсгалд хэрэглэгдэж байгаа технологиудыг маш хурдтайгаар нэвтрүүлэх шаардлагатай. Үгүй гэвэл бид өөрсдөө тэдгээрийг бүтээж болно”.
Бид цахим үндэстэн болоход бэлэн үү? гэсэн асуулт хүмүүсийн дунд их яригдаж байна. Таны хувьд цаг нь ирсэн гэж харж байна уу?
Энэ бол маш зөв алхам. Бид жаахан оройтсон байж магадгүй. Гэхдээ оройтсон ч хамаагүй яг одоо эхлэх ёстой. Ковид-19 цар тахал дэгдэж, эдийн засаг хэсэг унасан ч эргээд сэргэлээ. Эдийн засаг эргэн сэргэх үед зарим нь уналтаасаа босдог бол нэг хэсэг нь сэхэл авалгүйгээр тэр чигтээ унаж, энэ үе нь удаан хугацаанд үргэлжилдэг. Үүнийг L хэлбэрийн графикаар явж байна гэх зэргээр олон улсын хэмжээнд нөхцөл байдлыг янз бүрээр таамаглаж байсан ч, энэ бүхний аль нь ч таараагүй. Зарим нь өсөж, үлдсэн хэсэг нь уналтын нөхцөл байдалд шилжсэн. Тухайлбал, Ковид-19-ийн дараах сэргэлтийн үеэр Америк, Хятадын томоохон технологийн компаниудын хувьцаа, орлого 60 хувиар өссөн байх жишээтэй. Энэ бүхэн цаашид ч үргэлжлэхээр байгаа юм. Нэг удаагийн тохиолдол биш.
Гэтэл монголчуудын хувьд хувийн хэвшил, үйлчилгээний салбарынхан маш хүнд хэцүү байгаа нь мэдрэгдэж байна. Өөрөөр хэлбэл, бид унаж яваа хэсэгт орсон гэсэн үг. Үүнийг K үсэгний график гэж нэрлэж буй. Эдийн засгийн хувьд зарим нь дээшээ, зарим нь доошоо чиглэлд явж буйг хэлж байгаа юм. Бид салаа зам дээр байгаа учраас дээшээ явах уу, доошоо явах уу гэдгээ сонгоно гэсэн үг. Энэ бол бид цахим үндэстэн болчихвол онгоцоор нисэж, болж чадахгүй бол машинаар явна гэсэн ойлголт огт биш. Цахим үндэстэн болж байж л бид уснаас гарна. Үгүй бол живнэ. Нэг үгээр, бидэнд сонголт байхгүй.
“Магадгүй бид 4G технологийг цаг тухайд нь нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бол Uber-ийн оронд UBCab байх боломжтой байсан”.
Монголын технологийн компаниуд дунд олон улсад гарах потенциальтай, инновацлаг компаниуд хэр их байна вэ? Үзэсгэлэнд оролцож буй компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг ерөнхийд нь ажиглаад өнөөдрийн арга хэмжээг та хэрхэн зураглах вэ?
Ямар нэг технологийн хөгжил, эсвэл хүчтэй стартап компаниуд гарч ирэхийн тулд нэлээд сайн хөгжсөн, хүчирхэг суурийг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, бидний хэрэглэдэг UBCab гэж такси дуудлагын апп байна. Гэтэл яг үнэндээ 4G технологийн хэрэглээ түүнийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээ манай зах зээлд бусад улс орнуудтай харьцуулахад зургаан жилээр хоцорч орж ирсэн. Энэ зургаан жилийн хоцрогдлын хооронд 4G технологид түшиглэсэн нөгөө л Uber, Netflix, Youtube зэрэг компани цааш улам хөгжсөн. Харин зургаан жилээр хоцорсон бид бодит боломжоо дүгнэн харахад аль эрт хөгжиж, томорсон компаниудтай өрсөлдөх шаардлагатай болж байгаа юм. Энэ бүхэн өөрөө маш хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Монголд аж үйлдвэрийн IV хувьсгалд хэрэглэгдэж байгаа технологиуд маш хурдтайгаар орж ирээсэй. Үгүй гэвэл бид өөрсдөө тэдгээрийг бүтээж болно.
Энэ удаад стартап компани 5G технологийг ашиглан технологи хөгжүүлж байгаа нь маш гоё зүйл. 5G технологи бидэнд суурь болж, уг суурин дээр олон компани бий болох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, улмаар бид аж үйлдвэрийн IV хувьсгалд шаардлагатай байгаа шинэ үйлчилгээнүүдийг бусдаас түрүүлж хийх боломжууд нээгдэж байна гэсэн үг. Магадгүй бид 4G технологийг цаг тухайд нь нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бол Uber-ийн оронд UBCab байх боломжтой байсан.
Баттулга нь энд ингээд явахаар google нь дампуурах бий вий. Завтай зугаатай залуу юм. 3 сая хүн амтай зах зээлд үндсэндээ 2 амьд оператор байна. Нөгөө 2 нь үхсэн амьд хоёрын дунд яваа. Эдэн дээр нэмээд цаасан дээрх 5g ороод ирлээ. Идэвхитэй 2 том нь та гурваар боодог хийх гээд чулуугаа халааж сууна лээ.
Ene ch odoo mungu uguyu gesen bolgon ruu guij bdg boljdee. Yarij bgaagaas n ch avah yum neg ch alga
Kk ухаантай бай