Аливаа санаа амжилттай хэрэгжих, цаашдаа эдийн засагт үр өгөөжөө өгөх эсэх нь тухайн санаа хичнээн сайн байх, хөрөнгө мөнгө хангалттай байхаас биш, харин системтэй, тодорхой арга барилаар ажиллаж чадсан уу гэдгээс шалтгаалдаг. Энэ өнцгөөс аваад үзвэл том, жижиг ихэнх ажлын үр дүн төслийн удирдлагаас шууд хамаарна.
Аж үйлдвэр хөгжсөнөөс хойш, ялангуяа сүүлийн хагас зуун жилд дэлхий дахинд бүх ажлыг төслийн удирдлагын зарчмаар хийж, үүнд зориулсан тусгай аргачлал, стандартуудыг боловсруулсны нэг нь Олон улсын Төслийн удирдлагын PMBOK стандарт юм. Хөгжингүй орнууд төсвийн хөрөнгөөр хийдэг бүх том төслөө энэ стандартын дагуу хэрэгжүүлдэг.
Харин монголчуудын хувьд ихэнх төсөл бүтэлгүйтдэг шалтгаан нь дээрх стандартын дагуу ажилладаггүйтэй холбоотой гэсэн дүгнэлтийг зоригтой хэлж болно. Тиймээс өнгөрсөн долоо хоногт /09-24/ “PMI Mongolia Chapter” байгууллагаас зохион байгуулсан “Төслийн эдийн засгийг хөгжүүлье” арга хэмжээний үеэр хамгийн их яригдсан сэдэв нь том төслийг яаж зөв хэрэгжүүлэх тухай байлаа.
Тус хурлын хамгийн чухал хэсэг болсон гүйцэтгэх захирлуудын түвшний хэлэлцүүлгийн оролцогч болгоны давтан хэлж байсан үгс нь төрөөс эсвэл төртэй хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн “Хугацаа хэтэрдэг”, “Төсөв томордог”, “Алсын хараа, зорилгогүй байдаг”, “Үр дүнгээ хэмждэггүй” гэсэн түлхүүр үгс байв. Нэг ёсондоо эдгээр үгс Монголд том төслүүд хэрэгждэг дүр зургийг илтгэж байлаа.
Төслийн мэргэжилтнүүдийг хүүхэд байхаас нь бэлдэе
Азийн хөгжлийн банкнаас гаргасан нэгэн судалгаагаар Ази номхон далайн бүс нутгийн орнууд тогтвортой хөгжихөд 2016-2030 онд 26 их наяд ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эргэн тойрны орнууд жилд 1.7 их наяд ам.долларыг төслүүдэд зарцуулна гэсэн үг.
Энэ хөрөнгө оруулалтаар хийгдэх аварга төслүүдэд монголчуудад оролцох боломж бий. Гэхдээ бидэнд чадварлаг төслийн мэргэжилтнүүд хэрэгтэй. Төслийн нэг мэргэшсэн удирдагчид ногдож буй хүн ам БНХАУ-д 4.5 мянга, Японд 3.3 мянга, Өмнөд Солонгост 4.5 мянга, Хонконгод 1.1 мянга, Тайванд 2.1 мянгаар яригддаг бол Монголд 67.8 мянга байгаа нь энэ тал дээр бид дэлхийгээс ямар хол хоцорсныг илтгэнэ. PMI Mongolia Chapter-ийн мэдээллээр манай улсад төслийн удирдлагаар мэргэшсэн, PMP сертификтай, төслөөр гүнзгий мэргэшсэн 3000 хүний хэрэгцээ бий. Гэтэл одоо байгаа нь дөнгөж 60 орчим. Түүнээс гадна дэлхий дахинд төсөл төвтэй ажлын байр 2019 онд 90 сая орчим байсан бол 2030 онд 102 сая болж өсөх тооцоо байна.
Тиймээс дээрх хэлэлцүүлэгт оролцсон Монголын Ерөнхий сайд асан М.Энхсайхан төслийн мэргэжилтнүүдийг боловсролын тогтолцоогоор дамжуулж бүр хүүхэд байхаас нь бэлдэх шаардлагатай гэсэн санааг онцолж байв. Түүний хувьд Ерөнхий сайд байхдаа анх удаа мега төсөл хариуцсан сайдын орон тоог үүсгэж байсан түүхтэй. Түүний хэлснээр олон улсад сайн төслийн эрэлт их, хөрөнгө оруулагчид хангалттай боловч Монголд шаардлагыг нь хангаж чадах төсөл ховор байдаг аж.
Төсөл гэж юу вэ? Төслийн удирдагч гэж хэн бэ?
Монгол зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш магадгүй хамгийн их амны уншлага болсон, гэхдээ хүмүүс хамгийн муу ойлгодог үгсийн нэг нь “төсөл”. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол эхлэлтэй, төгсгөлтэй, зорилготой, ажлын цар хүрээтэй, хэрэгжүүлэх төсөвтэй, дахин давтагдашгүй зүйлийг төсөл гэж нэрлэдэг байна. Хоол хийхийг ч төсөл гэж нэрлэж болно. Төсөл том, жижиг эсэх нь биш, харин системтэй хэрэгжүүлэх нь чухал байдаг.
PMI Mongolia Chapter-ийн М.Болдоо төслийн талаар илүү оновчтой тодорхойлсон нь “Мөрөөдөл биелүүлдэг гол арга бол төслийн удирдлага” гэжээ. Төслийн удирдлагын мэдлэгийн хүрээ (PMBOK – Project management body of knowledge) гэдэг ойлголтоор бол Аливаа төслийг хэрэгжүүлэхэд шинэ санаа, төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналт, эцсийн шат буюу төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах гэсэн таван үе шатыг дамждаг. таван үе шат бүрт ахиад 10 үе шат нэмэгдэнэ. Таван хязгаар, мэдлэгийн 10 хүрээг дотор нь задалбал 49 шат дамжлага бий. Эдгээр алхмыг эзэмшсэн хүнийг төслийн удирдагч гэж нэрлэдэг байна.
Хэлэлцүүлэгт оролцсон ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон нь төслийн чадварлаг менежер гэдгийг бизнесийн хүрээнийхэн мэднэ. Тэрбээр РМО /project management office/ гэдгийг үр дүнтэй ажиллуулж байгаа нэгэн. Анх 2004 онд Мянганы сорилтын сангийн төслийн сонгон шалгаруулалт дээр төслийн шинжээчээр ажиллан гараагаа эхэлж байсан О.Орхон хэрхэн төсөл хэрэгжүүлж байсан түүхээсээ хуваалцав. Төслийн алсын хараа, зорилго, төлөвлөгөө, хугацаа, үр дүнг сайн ойлгохгүйгээр төсөл хэрэгжүүлдэг нийтлэг алдааг тэр тойроогүй дайрч гарсан.
Банкнуудын хувьд төслийн санхүүжилт гэдгийг сайн ойлголгүй олон төсөл бүтэлгүйтэж байсан тохиолдол олон бөгөөд төслийг хэрэгжүүлэхдээ түр ажлын хэсэг гаргаж, туршлагатай хүмүүсээ үндсэн ажлынх нь хажуугаар ажиллуулдаг байсан бол одоо тусгай төслийн алба байгуулж албан ёсны гэрчилгээтэй төслийн мэргэжилтнүүд ажилладаг болжээ. О.Орхон өөрийн яриандаа төслүүдийн үр дүнд ядуурал буурч, эдийн засагт бодитоор нөлөөлдөг болохын тулд “Улсаараа төслийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй” гэж хэллээ.
CU сүлжээ Монголд амжилт олсон нууц юу вэ?
Монголын Premium групп 2018 онд CU сүлжээг мастер франчайзийн гэрээгээр Солонгосоос Монголд оруулж ирсэн. Түүнээс хойш 140 гаруй дэлгүүр нээж, нийтийн үйлчлгээний салбарт стандартын шинэ жишгийг харуулж чадсан. Франчайз нь бас л төслийн удирдлагын нэг хэлбэр бөгөөд хамгийн чухал давуу тал нь бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна тухайн бизнесийг хийх процесс, системийг өөрийг нь бүтээгдэхүүн болтол хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, төслийн удирдлагын арга барилыг өдөр тутмын ажил болтол нь хэвшүүлсэн байдаг.
Premium группийн дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ компанийнхаа туршлагаас хуваалцахдаа төслийн удирдлагын арга барилыг өдөр тутмын үйл ажиллагааны процесс болтол хэвшүүлэхэд алба, хэлтсийн түвшинд биш байгууллагын түвшинд хэрэгжүүлдэг байх шаардлагатай гэдгийг хэлэв. Түүний үзэж буйгаар төслийн менежмент ямар ч компанийн удирдлагын хувьд тодорхой түвшинд эзэмших ёстой ур чадвар бөгөөд ялангуяа төрийн байгууллагууд хэрэгжүүлвэл шал өөр үр дүнд хүрнэ гэв.
Яагаад заавал Засгийн газар гэж?
Засгийн газар, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн компаниуд дангаараа болон олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар олон зуун төсөл хэрэгжүүлдэг. Хувийн хэвшлийнхэн өөрийн нөөц, бололцооны хүрээнд төслүүдээ стандартын дагуу гүйцэтгэдэг. Гэхдээ эдийн засагт нөлөөлж чадахуйц төслүүд Засгийн газрын оролцоотой.
Тиймээс арга хэмжээнд оролцсон олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллүүд төслийн удирдлагын тал дээр Засгийн газрын манлайлал хэрэгтэй гэдгийг дуу нэгтэй хэлж байв. Засгийн оролцоотой төслүүдийн ихэнх нь цаг хугацаандаа багтдаггүй, үр ашиг сул, чанар муу гэсэн асуудал дагуулдаг нь төслийн удирдлагаар мэргэшсэн хүний нөөц, төслийн удирдлагын институционал бүтэц хангалтгүй байдагтай холбоотой.
Төсөл гэдэг зүйл эдийн засагт үр ашгаа авчрах биш, харин цөөн бүлэг хүмүүсийн мөнгө иддэг арга хэрэгсэл болтлоо гажуудсан.
Хээл хахууль, улс төржилт, хүнд суртлаас болж олон улсын төслийн удирдлагын стандарт Монголд хэрэгждэггүй. Энэ нь явсаар эцэстээ “төсөл” гэдэг зүйл эдийн засагт үр ашгаа авчрах биш, харин цөөн бүлэг хүмүүсийн мөнгө иддэг арга хэрэгсэл болтлоо гажуудсан.
Өнөөдөр Жирийн иргэд, хувийн хэвшлийн компаниуд, улс гүрнүүд өмнөө тавьсан зорилгоо хамтын төсөл гэж хардаг болсон тухай Монголын чадварлаг төслийн менежерүүдийн нэг Б.Бямбасайхан өөрийн бичсэн нэгэн нийтлэлдээ бичжээ. “Төсөл бол эдийн засаг, эдийн засаг бол төсөл” гэсэн шинэ хандлага дэлгэрч буй үед төслийн удирдлагын арга барилыг нэвтрүүлэхгүйгээр олон улсад өрсөлдөх тухай бодоод ч хэрэггүй.