Техник технологи хөгжиж, цаг зав багассан өнөө үед хүмүүс онлайнаар бүтээгдэхүүн захиалж хүргүүлэн авах нь ихэссэн. Дэд бүтэц хөгжсөн газар үүн шиг цаг зав хэмнэсэн, амар хялбар үйлчилгээ байхгүй боловч Монголын хувьд, тэр дундаа Улаанбаатар хотод энэ тухай ярихад олон асуудал хөндөгддөг. Онлайн худалдан авалтын амжилтгүй жишээнүүд бидний эргэн тойронд хангалттай бий. Хүргэлтийн үйлчилгээтэй онлайн дэлгүүрүүдийн тоо манайд нэмэгдсэн ч чанар, стандартын хувьд сонгодог утгаараа хөгжиж чадахгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүнийг агуулах, лангуу зэрэг хаа нэг газраас аваад эцсийн хэрэглэгчийн гарт буюу А-аас Б цэгт хүргэх нь үйлчилгээний тийм ч онцгой хэлбэрт тооцогдохоо больжээ. Харин үйлчилгээндээ илүү үнэ цэн шингээж, хэрэглэгчийн сэтгэл ханамж, туршлага зэрэг дараагийн алхмуудад анхаарах ёстой гэдэг нь олон улсын жишгээс тодхон харагддаг.
Яг л ийм үед гоо сайхны бүтээгдэхүүнээр дүүрсэн бяцхан ягаан хайрцаг бүхий илгээмжүүд охид бүсгүйчүүдийн гарт сар бүрийн тогтсон хугацаанд очиж, тэр хэрээрээ хүлээлт үүсгэдэг болсон нь бага багаар хүрээгээ тэлж эхэлсэн юм. Энэ нь сар бүр, улирал тутам, эсвэл бүр бүтэн жилээр захиалах сонголтуудтай #Beautybox үйлчилгээнд урьдчилан бүртгүүлснээр гоёмсог багласан ягаан хайрцганд таван ширхэг гоо сайхны бүтээгдэхүүн багтаасан илгээмжийг тогтмол хугацаанд хүлээн авах шийдэл байв. Дотоодын зах зээлд цоо шинэ концепц, шинэлэг өнгө төрхийг авчирсан энэхүү үйлчилгээ хэрэглэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж, дотны туслах нь болсноор богино хугацаанд зах зээлд танигдаж чадсан билээ.
Болгар улсад загварын брэнд үүсгэн байгуулж, хурдтай өргөжүүлж, хэд хэдэн салбарыг амжилттай удирдан ажиллаж байгаад эх орондоо ирэхээр шийдсэн Д.Энххорвоо Монголд хөл тавиад удаагүй байхдаа л бүсгүйчүүдэд тулгардаг гоо сайхны асуудлыг олж харжээ. Ингээд нэн даруй Фэйсбүүкт Beauty Secrets нэртэй групп нээн ажиллуулсан нь гуравхан сарын дотор 20 мянган гишүүнтэй болсон бөгөөд бүсгүйчүүд гоо сайхны асуудлуудаа тэнд чөлөөтэй ярилцаж, өөр хоорондоо туршлагаа хуваалцаж, идэвхтэй оролцогчид болон хувирсан нь эрэлт ямар их, шийдэл ямар дутмаг байгааг түүнд ойлгуулжээ. Тиймээс хэний ч зориглон эхлүүлээгүй цоо шинэ талбарыг байгуулахаар ханцуй шамлан ажилдаа орсон нь өнөөгийн Beautysecrets.mn платформ юм.
Компани амжилттай байх эсэхийг эцсийн дүндээ хэрэглэгч л шийддэг.
Энэхүү платформын нэрийн хуудас болсон гол бүтээгдэхүүн бол гоо сайхны хайрцаг буюу #Beautybox. Өмнө нь гарал үүсэл баталгаагүй, орц найрлага тодорхойгүй буюу хангалттай танилцаагүй “үл таних” бүтээгдэхүүнийг хүнээс сонссон дуулсны дагуу авч хэрэглэж, гоо сайхан, эдийн засгаараа хохирох тохиолдол бүсгүйчүүдийн дунд түгээмэл байсан бол #Beautybox гарч ирснээр энэ асуудлыг цэгцэлж чаджээ. Сар бүр өөр хоорондоо үл давтагдах гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хүлээн авч хэрэглэснээр арьсны онцлогоо таних, арьсандаа тохирох, тохирохгүй бүтээгдэхүүнийг ялгаж салгах, орц найрлагыг дэлгэрэнгүй мэдэж авах зэргээр хэрэглэгчид өөрөө сурч, мэдлэгжиж эхэлснээрээ онцлог. Энэ хэрээр #Beautybox-ийг нэг удаа сонгон хэрэглэсэн хүмүүс байнгын үйлчлүүлэгч болж, үнэнч хэрэглэгчид нь хүрээгээ тэлсээр байгаа юм. Тиймээс хэрэглэгчдийнх нь дийлэнх хувийг байнгын үйлчлүүлэгчид бүрдүүлдэг.
Өдгөө гоо сайхны онлайн их дэлгүүр болсон Beautysecrets.mn платформд 20 гаруй брэндийн 8000 гаруй бүтээгдэхүүн борлогдож буй нь өнгөрсөн хугацаанд тэд төдий хэмжээний шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ танилцуулж, туршиж үзэх боломж олгосон гэсэн үг. Нөгөө талаар, олон тооны брэндийг Монголын зах зээлд нэвтрүүлж, чанартай, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлөөр охид бүсгүйчүүдийг хангаж иржээ. Д.Энххорвоо “Бидний онцлог бол хэрэглэгчдээ өөрийн гэсэн дуу хоолойтой болгох. Бас бүтээгдэхүүнийг өөрсдөө туршиж, шинжих, цааш түгээх, мөн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгөх. Тиймээс санал хүсэлт, гомдол ирвэл сайжруулах боломж гэж харахыг хичээдэг. Борлуулалтын тухайд тооноос илүү байнгын хэрэглэгчдэдээ төвлөрөхөд анхаардаг. Нэг үгээр, урьдчилсан захиалгат үйлчилгээ маань өөрөө борлуулалтыг дэмжих арга хэрэгсэл болсон байна” гэлээ. Тэд анх бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулах үүднээс олон зуун и-мэйл Өмнөд Солонгосын брэндүүд рүү илгээж, цөөн газраас нааштай хариу авдаг байсан бол одоо брэндүүд өөрсдөө тэдэнд хандах болсныг онцолсон юм. Өмнөд Солонгосын брэндүүд Монголын зах зээлийг жижиг гэж үзээд төдийлэн сонирхдоггүй байсан бол Beauty Secrets-ийн хамт олны уйгагүй зүтгэл, мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд гаднын брэндүүд манай зах зээлд тодорхой потенциаль байгааг олж харжээ
Тулгах бус зөвлөх хэлбэрээр бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгохын зэрэгцээ зах зээлээ сайтар нарийвчилж, зорилтот бүлэгтээ хүрч чадаж буй нь Beauty Secrets-ийг бусдаас ялгаруулдаг. Тухайлбал, хөл хорионы үеэр хэрэглэгчдэдээ зориулан “хөөрхөн үгтэй” зурвас илгээх, сошиал сувгуудаараа дамжуулан урам зориг, эрч хүч өгөх контентуудыг бүтээж хүргэх зэргээр хэрэглэгчдээ халамжилсан бодлогоороо илт ялгарч байв. Цуглуулж, нэгтгэсэн датандаа тулгуурлан хэрэглэгч бүрийнхээ төрсөн өдрийг марталгүй мэнд хүргэж, бяцхан бэлэг илгээдэг нь ч эдний уламжлал. Ингэж үнэнч хэрэглэгчээ халамжлах боломжийг тэдэнд технологи олгодог. Хүмүүс зөвхөн гоо сайхны худалдаа эрхлэгч гэж харах тохиолдол байдаг ч тэд бол технологид суурилсан гоо сайхны компани гэдгийг үүсгэн байгуулагч Д.Энххорвоо онцолсон юм. Тэр өөрөө Монголын зах зээлд технологи суурьтай бизнесийг удирдаж яваа цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл.
Өнгөрсөн хугацаанд технологийн салбарт боломж хязгааргүйг мэдэрч, тэр хэрээрээ шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж, хөгжүүлэх орон зай хангалттай гэдгийг ойлгосон нь түүний хувьд нэг төрлийн нээлт болжээ. Өглөө сэрээд харахад л шинэ зүйл, шинэ боломж бий болж, тэдгээрийг нэн даруй туршиж үзэх боломжтой байдгийг ч онцолж, технологийн хорхойтон болсноо хуваалцав. Энэ ч утгаараа технологид суурилсан шийдлийг хурдтай нэвтрүүлж чаддаг нь тэдний ялгарал, бас давуу тал гэж хэлж болно. Бизнесийн жижиг хэсэг бүрийг эд ангиар нь нарийн салган харж, аливааг уян хатнаар зохицуулж, улмаар томоохон хэсгүүдтэй уяж холбох торгон мэдрэмж эмэгтэй энтрепренерүүдэд илүүтэй ажиглагддаг нь технологийн салбар дахь бас нэгэн орон зай гэдгийг үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Батцэцэг энэ үеэр онцолж байв. Өнөөдөр дэлхийн компаниудын ярьдаг гол сэдэв “дата” болсон. Өөрөөр хэлбэл, хэн их дата цуглуулж, ангилж, ашиглаж чадсан нь амжилттай ажиллаж, өсөлт үзүүлэх тухай ярих болсон билээ. Харин Beauty Secrets-ийнхэн үүнийг эрт ойлгож, үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгосноор амжилтад хүрчээ.
Цар тахлын үеэр Beauty Secrets-ийн бизнес 10 дахин тэлжээ.
Ковид-19 цар тахлын үеэр олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан бол тэдний дунд цөөн газар л борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, зах зээлээ тэлж чадсан. Тэдний нэг нь бизнесийн өсөлтөө 10 дахин тэлсэн Beauty Secrets. Эрсдэлийг урьдчилан тооцоолж, бараа бүтээгдэхүүн нь хил дээр гацахаас сэргийлж, орлогоо татан авалтад зарцуулж, ухаалаг менежментээр ажилласны үр дүнд харьцангуй хүндрэл багатайгаар асуудлыг шийдвэрлэжээ. Энэ нь эргэлтийн хөрөнгө байнга шахам дутагддаг, эрэлтээ гүйцдэггүй Beauty Secrets -ийн хувьд том амжилт байв. Нөгөө талаар, үүсгэн байгуулагдсан цагаасаа л албан ёсны хүргэлтийн компаниудтай хамтран ажиллаж ирсэн нь хөл хорио тогтоож, эдийн засаг, бизнесийн орчин царцсан хүнд үед том давуу тал болсон байна. Тухайлбал, хоёр сар гаруйн хугацаанд бараа бүтээгдэхүүнүүд нь хил дээр гацахад мэргэжлийн хүргэлтийн компанитай хамтардаг учраас хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж, чанарын өөрчлөлт гараагүй зэргийг дурдаж болно. Мөн тогтмол хүрдэг бүтээгдэхүүн нь хоцорч очиход хэрэглэгчид ойлгож, хүлээцтэй хандсаныг тэд талархан дурдаж байв. Онлайн дэлгүүрүүдийн хувьд хүргэлтийн асуудал толгойны өвчин болдгийг ч учирласан юм. Цар тахлын үеэр хувь хүмүүстэй хамтран хүргэлтийн үйлчилгээгээ зохицуулдаг жижиг онлайн дэлгүүрүүд ажиллах боломжгүй болсон бол тэдний хувьд албан ёсны зөвшөөрөлтэй компаниудтай хамтардгийн хүчинд хүргэлтийн үйлчилгээгээ тасралтгүй үзүүлж байв. Гол нь хэрэглэгчдэд амалсан хугацаандаа хүргэх, шуурхай байх тухайд ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Хэдий тэдний зүгээс хэрэглэгчдэдээ захиалга нь хүргэлтийн ямар шатанд явааг цаг алдалгүй мэдээлэх зэргээр технологи талаас хангалттай хөгжүүлсэн ч дэд бүтэц тэргүүтэй олон асуудлаас болж хүргэлт саатаж, хойшилсоор байгаа юм.
Өнөөдөр дэлхийн компаниудын ярьдаг гол сэдэв “дата” болсон. Өөрөөр хэлбэл, хэн их дата цуглуулж, ангилж, ашиглаж чадсан нь амжилттай ажиллаж, өсөлт үзүүлэх тухай ярих болсон билээ.
“Хэзээ юу болох нь тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд ороод бид ч мөн ялгаагүй сэтгэлээр унасан. Тиймээс энэ бүхнийг хэрэглэгчидтэйгээ хамт даван туулах алхмыг сонгосон. Ер нь хэрэглэгчээсээ холдох тусам тэдэнд бус зөвхөн өөрт тулгарч байгаа асуудалдаа л анхаардаг. Бизнесийн байгууллага учраас ашиг орлоготой ажиллах ёстой нь мэдээж. Гэхдээ компани амжилттай байх эсэхийг эцсийн дүндээ хэрэглэгч л шийддэг. Хэрэглэгч юу хүснэ, түүнийг бид өгөх тэр л цэг буюу эрэлт нийлүүлэлтийг огтлолцуулж, хамтдаа урагшлах нь чухал” хэмээн Г.Батцэцэг хэлж байна. Нэг үгээр, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өсгөж, эерэг туршлагыг хамтдаа бүтээх нь Beauty Secrets-ийн гол зорилго. Beauty Secrets-ийн хамт олонтой нэгдэхээсээ өмнө тэр удаан хугацааны турш эндхийн үйлчлүүлэгч байсан бөгөөд гадаадад суралцах хугацаандаа ч #Beautybox-ийг захиалан хэрэглэдэг байв. Түүнтэй адил хилийн чанадаас үйлчлүүлдэг олон хүн бий. Энэ бүхэн үйлчилгээг нь авахад хялбар байдаг, мөн боломжийн үнэ санал болгодог зэрэгтэй холбоотой гэдгийг тэд тайлбарлаж байна.
Beautysecrets.mn онлайн дэлгүүрээ анхлан нээж байх үед хүмүүс хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй байсан учраас бараагаа захиалахаас эхлээд төлбөр төлөх хүртэлх бүхий л үе шатыг нэг бүрчлэн тайлбарлаж, зааж өгч байсан нь том сорилт байж. Тийм болохоор ч эхний нэг жил зөвхөн энэ асуудлыг цэгцлэхийн тулд шөнө дунд хүртэл сунан ажиллах үе олон тохиож байв. Харин өдгөө тэд үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргаж төлбөрийн системээ автоматжуулж, сар бүрийн эхээр төлбөрөө автоматаар суутгадаг болсон бөгөөд байнгын хэрэглэгчид нь маш сэтгэл хангалуун байгааг дуулгасан юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сараас найман өөр төрлийн хуудсан маскийг сар бүр туршиж үзэх боломжтой Maskit үйлчилгээг санал болгож эхэлжээ. Мөн вэбсайтдаа Quiz хэсэг нэмж, хэрэглэгчид тодорхой асуултуудад хариулснаар өөрт тохирох бүтээгдэхүүнээ олж авах боломжийг бүрдүүлсэн нь худалдан авалтыг илүү хурдан, хялбар болгоход төвлөрөн ажиллаж буйн нэгээхэн хэсэг юм. Үүний зэрэгцээ Storepay аппын анхны хэрэглэгч болж, төлбөрөө дөрөв хүртэл хувааж төлөх боломжийг хамгийн түрүүнд нэвтрүүлжээ. Тэд Монголын анхны онлайн худалдааны сайтынхаа хувьд цаашид ч технологийн дэвшлийг ашиглан, тасралтгүй хөгжүүлэлт хийж, хэрэглэгчдийнхээ сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байна.