Ч.Цэнгэл нь “Анд Глобал” компанийн Хууль эрхзүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Тэрээр хуульч мэргэжилтэй бөгөөд технологийн салбарт олон жил бизнес эрхэлж байгаа. Irbis Ventures-ийн Гүйцэтгэх захирал. Эрх, технологийн чиглэлээр бичдэг.
Холбогдох: Instagram – @tsengio
Өмнөх нийтлэл: Азийн зах зээлд нэвтрэх таны гүүр: Сингапур. Яагаад?
***
Толгойтой болгон “койн” хэмээн тодотгосон виртуал хөрөнгийг гарган, олон нийтэд санал болгох замаар хөрөнгө татаж байгаа өнөө цагт энэхүү шинэ төрлийн хөрөнгө босгох арга замтай холбогдох олон улсын эрх зүйн зохицуулалтыг 2018 оноос хойш судалж буй хуульчийн хувьд өөрт буй мэдээлэлээ уншигч тантай хуваалцахаар энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Та авах гээхийн ухаанаар хандаж өөрийн дүгнэлтийг хийх биз ээ.
Тайлбар: Энэхүү нийтлэлээр Монголын крипто зах зээл дээр буй аливаа крипто хөрөнгийн талаарх технологи, санхүүгийн үнэлгээ, дүгнэлтийг хүргэхгүй. Үнэлдэг мэргэжилтэн нь ч би биш. Харин таны хөрөнгө оруулсан, оруулахаар сонирхож буй крипто хөрөнгийн whitepaper буюу төслийн танилцуулга дээр холбогдох төслийн багийн зүгээс өгч буй “олон улсад койноо гаргах амлалт” нь олон улсын виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биелэх боломжтой эсэхийг үнэлэхэд тань туслах үүднээс дараах мэдээллийг хүргэж байна.
Оршил
2018 онд олон улсын Jones Day хуулийн фирмийн Сингапур дах салбарт төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын хуульчаар ажиллаж байх үед тохиолдсон явдал. Нэг орой хөрөнгийн зах зээл хариуцсан партнер маань “Dragon Coin (DRG)” гэх сүртэй нэртэй бичиг баримт явуулаад, түүнийг уншиж судлахыг даалгасан нь тус койны “whitepaper” байжээ (тус whitepaper-ийг эндээс үзэж болно).
DRG нь нийт 500 сая ам долларын хөрөнгийг олон нийтээс татаж Норвегид олон улсын казино байгуулах, DRG койныг олон улсын казино бүрт ашиглан тоглох эрх бүхий дижитал chips болгох, улмаар үйл ажиллагааны ашигнаасаа койн эзэмшигч нартаа хүртээх зорилготой койн байсан (видео танилцуулгыг эндээс үзэж болно). Сонсоход сонирхолтой, төсөөлөөд бодвол бодол дундаа төөрмөөр төсөл байсан. Гэвч тухайн үед партнерын хамт тус төслийн танилцуулгыг олон талаас нь шалгаж үзээд хамтран ажиллах боломжгүй гээд орхиж байсан. Мэдээж DRG койн гардгаараа гарсан, төлөвлөсөн хөрөнгө нь босдогоороо боссон (зарим мэдээгээр 5 минутын дотор боссон гэгддэг). Анх $1-ийн үнэтэй гарж байсан нэгж DRG койн хамгийн ихдээ $2.34 хүрээд өнөөдөр $0.00267313-ын ханштай байна (эх сурвалж: Coingecko). Төсөл биелээгүй том шалтгааны нэг нь койн гарсны дараа түүний ард Макао-ын нэгэн триад / мафийн толгойлогч “Хугархай шүдэт” хочит Wan Kuok-koi байсан нь илэрсэн явдал байсан юм (энэ талаар дэлгэрэнгүйг эндээс уншиж болно).
DRG-аас хойш олон whitepaper дээр олон улсын мэргэжилтэнүүдтэй хамтран ажилласан, крипто хөрөнгөтэй холбогдох олон улсын эрх зүйн зохицуулалтыг судласан учир та бүгдэд өөрт буй мэдээллийг хүргэхийг хүслээ.
Виртуал хөрөнгө гэж юу вэ?
Виртуал хөрөнгийн дэлгэрэнгүй эрх зүйн зохицуулалт ярилцахаас өмнө олон улсад виртуал хөрөнгөд юуг хамруулан ойлгож байгаа талаар нэгдсэн ойлголттой болцгооё. Аливаа зүйлийг харж буй өнцгөөс хамааран түүнийг олон янзаар тодорхойлж болдгын адил виртуал хөрөнгийг олон талаас нь тодорхойлох гэж оролдоё.
Нэр томёоны хувьд:
Олон улсад виртуал хөрөнгө гаргаж буй иргэн, хуулийн этгээдүүд
- натив крипто валют (native cryptocurrency),
- крипто валют / алтернатив койн (cryptocurrency / alternative (alt)coins),
- хэрэглээний токен (utility token),
- үнэт цаасжуулсан токен (security token),
- токенжуулсан үнэт цаас (tokenised security),
- хөрөнгөжүүлсэн токен (asset token),
- тогтворжуулсан койн (stable coin),
- нэг бүрийн шинжээр тодорхойлогдох буюу орлуулшгүй токен (non-fungible token (NFT))
гээд олон төрлийн нэр, шинж чанар бүхий виртуал хөрөнгө гаргаж, олон улсын зах зээлд санал болгож байна. Цаашид аливаа иргэн, хуулийн этгээд блокчейн, тархмал бүртгэлийн технологи дээр үндэслэн өөр олон шинэ төрлийн виртуал хөрөнгө бий болгож, түүнийгээ хэрхэн нэрлэж зах зээлд гаргах нь зохицуулагч байгууллагуудын зүгээс урьдчилан таамаглах боломжгүй байгаа. Иймд олон улсын зохицуулагч байгууллагуудын зүгээс виртуал хөрөнгийг нарийвчлан тодорхойлохоос эмээж байгаа ба нарийн тодорхойлолт гаргахгүйгээр виртуал хөрөнгийг концептын хувьд ерөнхий байдлаар тодорхойлж байна.
Их Британи болон Швейцарын зохицуулагч байгууллагууд крипто хөрөнгө (crypto assets), Сингапур болон АНУ-ийн зохицуулагч байгууллагууд дижитал хөрөнгө (digital assets), харин Монгол Улсын зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгө (virtual assets) гэсэн ерөнхий нэр томьёог ашиглан олон төрлийн виртуал хөрөнгийг зохицуулахаар эрмэлзэж байна. Крипто / дижитал / виртуал хөрөнгө гэх нэр томёонууд нь мөн чанарын хувьд нэг зүйлийг илэрхийлж байгаа нь “криптограп (cryptography) болон тархмал бүртгэлийн технологи (distributed ledger technology) ашиглан дижитал орчинд хадгалж, шилжүүлж, арилжаалж болох мөнгө, үнэ цэнэ (value), гэрээний эрхийг илэрхийлсэн виртуал хөрөнгө” юм.
Дүгнэлт: Виртуал хөрөнгийг гаргагч түүнийг хэрхэн нэрлэх нь зохицуулагч байгууллагуудын хувьд чухал биш, харин тухайн виртуал хөрөнгө чухам ямар зүйлийг дижитал орчинд илэрхийлж байгаа нь чухал. Олон улсын зохицуулагч байгууллагуудын зүгээс виртуал хөрөнгийг ямар зүйлийг илэрхийлж байгаагаас хамааран түүний зохицуулалтыг ялгавартай хийж байна.
Виртуал хөрөнгийг илэрхийлж буй зүйлийн хувьд
Онолын хувьд “виртуал хөрөнгө” нь хийсвэр хоосон зүйл биш. Виртуал хөрөнгийн бүтцийг түүнийг гаргагч байгууллага хэрхэн тодорхойлсноос хамааран түүний илэрхийлэх зүйл нь нэг бол мөнгө, эсвэл үнэ цэнэ (value), эсвэл гэрээний эрх байдаг. Мэдээж практикт зах зээлийн эрэлтийг ашиглан, бусдыг хууран мэхлэх зорилготой гаргаж буй “виртуал хөрөнгө” нь аливаа зүйлийг илэрхийлээгүй, хий хоосон байж болохыг үгүйсгэхгүй. Мөнгө, үнэ цэнэ илэрхийлсэн виртуал хөрөнгийн тухайд юуг хамруулан ойлгох нь тодорхой. Харин гэрээний эрхийн тухайд олон улсын түвшинд өргөн хүрээнд тайлбарлагдаж байгаа. Тэдгээрийн талаар доор дэлгэрэнгүй ярилцах боловч гэрээний эрх, үнэ цэнэ хэрхэн токенжиж “виртуал хөрөнгө” болох боломжтойг жишээ аван тайлбарлая.
Гэрээний эрхийг токенжүүлэх
Жишээ: Би өнөөдөр танаас 100,000 төгрөг 1 жилийн хугацаанд 10%-ын хүүтэй, барьцаагүй зээллээ гэж бодъё. Тус гэрээний дагуу та надаас 110,000 төгрөг (үндсэн зээл, хүүгийн хамт) 1 жилийн дараа шаардах гэрээний эрхтэй. Танд 110,000 төгрөг маргааш хэрэгтэй боллоо гэхэд та тус гэрээгээр эдэлж буй 110,000 төгрөг шаардах эрхээ найздаа (магадгүй хямдралтайгаар) худалдаж болно. Иймэрхүү шаардах эрхийн шилжүүлэлт бидний амьдралд өдөр тутам тохиолддог (жишээ нь найз Болдоос авах 1,000 төгрөгийн авлагаа найз Зулаадаа өгч, Болдод 1,000 төгрөгөө Зулаад өгөөрэй гэх). Мэдээж 1 найздаа гэрээний эрхээ худалдах, шилжүүлэх тохиолдолд тус гэрээний эрхийг токенжуулах (дахин өөрчлөх боломжгүй тархмал бүртгэлийн технологоор баталгаажуулах) шаардлага үүсэхгүй. Харин 1,000 танихгүй хүнд та гэрээний эрхээ салгаж өгөх тохиолдолд тус технологигүйгээр танд олон асуудал үүснэ. Үүнд, тус шаардах эрхийг хэрхэн салгаж 1,000 хүнд өгөх вэ, гэрээний эрх эзэмшигчдийг хэрхэн хэн бүртгэх вэ, 1,000 хүн цаашаа дамжуулан худалдсан тохиолдолд хэрхэн бүртгэлийг шинэчлэх вэ, бүртгэл хөтлөгч алдаа гаргах, зүй бусаар бүртгэлийг хөтлөх зэргээр бүртгэлд алдаа гарвал хэрхэх вэ гэх мэт. Дээрх асуудлуудыг блокчейн, тархмал бүртгэлийн технологид суурилан “гэрээний эрхийг” токенжуулах замаар баталгаажуулж эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа юм. Дээр дурдсан жишээ дээр та 110,000 төгрөг шаардах эрхээ 110,000 хуваан, 110,000 токен гаргаад нэгж токен болгоныг 0.9 төгрөгөөр зарж болно. Токены нөхцөл нь токен эзэмшигч бүр 1 жилийн дараа зээлдэгчээс 1 төгрөг шаардан авах эрхтэй. Энэ тохиолдолд таны гаргасан нэгж токены илэрхийлж буй зүйл нь “Ч. Цэнгэлээс 2022 оны 11-р сарын 16-ны өдөр 1 төгрөг нэхэмжлэх гэрээний эрх” юм. Мэдээж тус токений эдийн засгийг (token economy)-ийг хэрхэн хийх нь зах зээл дээр тус токен хэр эрэлттэй байхыг тодорхойлно. Тэгэхээр таны гаргасан токен хий хоосон зүйл биш, хойно нь Ч. Цэнгэлийн төлбөр төлөх үүрэг, токен эзэмшигчийн Ч. Цэнгэлээс төлбөр шаардах гэрээний эрх байна гэсэн үг.
Дүгнэлт: Юуг илэрхийлж байгаагаасаа хамааран виртуал хөрөнгө нь бараа, үйлчилгээ авах эрх, хөдлөх / үл хөдлөх хөрөнгийн эрх, эсвэл гэрээний эрх (үнэт цаасыг оролцуулан) байж болно.
Виртуал хөрөнгийн чиг үүргийн хувьд
Олон улсын зохицуулагч байгууллагуудын хувьд виртуал хөрөнгийг илэрхийлж буй зүйл, чиг үүргийн хувьд дараах 4 ангилалд оруулдаг. (1) төлбөр төлөх замаар аливаа бараа, үйлчилгээ худалдан авах боломжтой төлбөрийн токен (үүнд, ихэнхи тохиолдолд аливаа этгээд өмчилдөггүй крипто валют буюу bitcoin, bitcoin cash, bitcoin gold, ether-ийг оролцуулан ойлгодог боловч alternative coins (altcoins) гаргаж буй байгууллагууд мөн төлбөрийн койн хэмээн өөрсдийгөө нэрлэдэг); (2) аливаа бараа, үйлчилгээ авах эрхийг агуулсан хэрэглээний токен (utility token); (3) хөрөнгөжүүлсэн / үнэт цаасжуулсан токен (asset / security token); (4) non-fungible token (NFT). Ингэж ангилах нь тухайн виртуал хөрөнгийг аль зохицуулагч байгууллага (төв банк, санхүүгийн зохицуулах хороо гэх мэт) зохицуулалт хийхийг тодруулж өгдөг ач холбогдолтой.
Дүгнэлт: Виртуал хөрөнгийг ангилсанаар түүнийг зохицуулалтыг аль зохицуулагч байгууллага хийх, хэрхэн зохицуулах арга замыг тодорхой болгодог. Ингэснээр виртуал хөрөнгө гаргагч байгууллагууд өөрийн гаргаж буй виртуал хөрөнгө зохицуулалттай эсэх, хэрэв тийм бол аль зохицуулалтад нийцэж ажиллахаа нэг мөр ойлгох ач холбогдолтой.
Виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалт: Олон улс ба Монголд
Чиг хандлага
Блокчейн, түүнийг тойрсон технологийн салбарт орж буй тренд, шинэчлэлүүд төсөөлшгүй хурдан өрнөж байна. 2017 онд ICO зонхилж байсан бол, өнөөдөр IEO зонхилж, төвлөрсөн бүтцэд STO буюу security token offering, тархмал бүтцэд DeFi руу тренд чиглэж байна. Зогсошгүй өөрчлөгдөж буй энэ салбарт олон улсын зохицуулагч байгууллагууд зохицуулалт хийхдээ хөрөнгө оруулагч нарыг хамгаалсан, шударга орчин бүрдүүлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ инноваци, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дэмжихийг зорьж байна. Голын урсгалыг таслахгүйгээр үерийн хамгаалалт хийх нь зохицуулагч байгууллагуудын зорьж буй үр дүн.
Өнөөгийн эрх зүйн зохицуулалтын орчин
Дээр дурдсанчлан виртуал хөрөнгийг (1) cryptocurrency; (2) utility token; (3) security token; (4) NFT гэсэн ерөнхий ангилалд оруулан түүний эрх зүйн зохицуулалтыг олон улсын зохицуулагч байгууллагууд ялгавартай хийж байгаа.
(1) Cryptocurrency
Энэ нийтлэлийг бичиж буй өдрийн байдлаар cryptocurrency-г албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгон зарласан улс Эл Салвадороос өөр байхгүй. АНУ, Канад, Австрали, Европын холбооны улсууд, Сингапур зэрэг улсууд Bitcoin-ийн тухайд эерэг байр суурьтай байдаг буюу төлбөр тооцоонд ашиглахыг шууд хориглодоггүй. Харин Bitcoin-с бусад cryptocurrency (alt coins)-ийн хувьд БНХАУ-аас бусад улсуудын зохицуулалт тодорхойгүй байна. БНХАУ-н хувьд бүх төрлийн cryptocurrency-р хийгдсэн төлбөр, тооцоог хууль бус хэмээн албан ёсоор зарласан.
Монгол Улсын тухайд Монгол Банкнаас удаа дараа cryptocurrency (bitcoin болон бусад altcoins)-г албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш гэсэн мэдэгдэл гаргасан ба Үндэсний Төлбөрийн Системийн тухай хууль, Төлбөр Тооцоог Үндэсний Мөнгөн Тэмдэгтээр хийх тухай хууль тогтоомжуудын дагуу төлбөрийн хэрэгсэлд тооцогдохгүй байгаа.
(2) Utility token
Utility token-ийн хувьд олон улсад аливаа нарийвчилсан зохицуулалт байхгүй. Ерөнхий чиг хандлага нь Монгол улсын адил виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийг бүртгэлжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэж байгаа. Виртуал хөрөнгө гаргагч байгууллагын хувьд аливаа зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй байгаа.
Монгол улсын тухайд Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулан, Улсын Их Хурлаар удахгүй анхны хэлэлцүүлэгт оруулах гэж байна. Олон нийтэд нээлттэй байгаа хуулийн төслийг харж үзвэл, тус хуулийн хамрах хүрээ нь security tokens болон cryptocurrency-ийг хамааруулахгүй, зөвхөн utility token-тэй холбоотой харилцааг зохицуулахаар бэлтгэсэн харагдаж байна. Тэгэхээр cryptocurrency-ийн тухайд Үндэсний Төлбөрийн Системийн тухай хууль, Төлбөр Тооцоог Үндэсний Мөнгөн Тэмдэгтээр хийх тухай хууль тогтоомжуудаар, харин security token-ийг Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдана гэсэн үг.
(3) Security tokens
Аливаа Initial Coin Offering (ICO) болон Initial Exchange Offering (IEO)-аар олон нийтэд санал болгож буй виртуал хөрөнгө нь аливаа байдлаар security буюу үнэт цаас буюу хөрөнгө оруулалтын гэрээний (investment contract) шинж чанарыг агуулсан тохиолдолд аливаа улсын үнэт цаасны хууль тогтоомжоор зохицуулагдаж эхэлдэг.
Олон улсад utility token болон security token-ийг ялгах хэд хэдэн шалгуур байдаг. Үүний хамгийн түгээмэл нь АНУ-ийн Security Exchange Commission (SEC)-ийн хэрэглэдэг Howey Test (дэлгэрэнгүйг эндээс уншиж болно) юм. Тус тестын дагуу аливаа олон нийтэд санал болгож буй виртуал хөрөнгийг үнэт цаас буюу хөрөнгө оруулалтын гэрээ эсэхийг тодорхойлохдоо дараах 3 шалгуурыг харгалзан үздэг:
- виртуал хөрөнгө авахдаа аливаа мөнгөн хөрөнгө (крипто валютыг оруулан тооцож) ашигласан эсэх;
- виртуал хөрөнгө авахдаа аливаа байгууллагад хөрөнгө оруулсан эсэх;
- виртуал хөрөнгийг авсны үр дүнд тус байгууллага болон бусад этгээдийн зүтгэлийн үр дүнд аливаа ашиг хүлээн авах эрхтэй эсэх.
Howey Test-н дагуу виртуал хөрөнгө үнэт цаас буюу хөрөнгө оруулалтын гэрээ гэж тооцогдож байвал АНУ-ийн SEC-ийн зохицуулалтад тус виртуал хөрөнгө хамаарах ба үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу тодорхой шалгуурыг хангаж байж олон нийтэд санал болгох шаардлагатай болдог. АНУ-ийн энэ арга барилд үндэслэн Сингапур, Их Британи, Швейцар зэрэг улсууд өөрсдийн ижил төстэй тестүүдийг боловсруулсан.
Монгол Улсын тухайд Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулийн дагуу, “үнэт цаас” гэдэгт (1) хувьцаат компанийн хувьцаа, (2) компанийн өрийн хэрэгсэл, (3) хөрөнгө оруулалтын сангийн нэгж хувьцаа, (4) хадгаламжийн бичиг, (5) хөрөнгөөр баталгаажсан өрийн бичиг (6) варрант, (7) үүсмэл санхүүгийн хэрэгсэл, (8) Санхүүгийн Зохицуулах Хорооны үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгслийг ойлгож байгаа.
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг “нийтэд санал болгохыг” хориглодог;
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу “нийтэд санал болгох” гэдэгт Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-аас дээш тооны этгээдэд санал болгон худалдахаа мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэхийг хэлдэг.
- Компанийн тухай хуулийн дагуу энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опционыг хувьцаанд хамааруулан ойлгодог.
Тэгэхээр Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд (1) үнэт цаасны тодорхойлолтод багтсан бүх санхүүгийн хэрэгсэл болон (2) хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа (энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опционыг оролцуулан)-г 50-с дээш тооны этгээдэд виртуал хөрөнгө хэлбэрээр санал болгохын тулд зайлшгүй Үнэт цаасны тухай хууль тогтоомжид нийцэж ажиллах шаардлагатай. Тус хууль тогтоомжоос гадуур зөвшөөрөлгүй гаргах нь хориотой.
Монгол улсын хууль тогтоомжийн дагуу гарсан аливаа виртуал хөрөнгө олон улсын крипто биржүүдэд бүртгүүлэх, арилжаалагдахын тулд тухайн улсын үнэт цаасны тухай хууль тогтоомжийн дагуу “үнэт цаас” гэсэн тодорхойлолтод хамрахгүй гэдгээ нотлох шаардлагатай. Хэрэв аливаа “виртуал хөрөнгө” үнэт цаас гэж тооцогдсон тохиолдолд холбогдох улсын хууль тогтоомжийн дагуу үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл зохицуулагч байгууллагаас авах шаардлагатай болно.
(4) NFT
NFT буюу nun-fungible token-ийн хувьд бусад виртуал хөрөнгүүдээс шинж чанарын хувьд эрс ялгаатай. Жишээ нь, NFT нь дотроо олон өөр төрлийн эрх, үүргүүд агуулж болох ба дахин давтагдашгүй хэв шинжтэй ч зарим тохиолдолд хэсэгчлэн хуваах (fractionalize) боломжтой. Ийм учраас олон улсын зохицуулагч байгууллагууд NFT-ийг бараа (commodity) эсвэл үнэт цаас (security) эсэхийг тодорхойлж одоогоор чадахгүй байна. NFT-ийн талаарх эрх зүйн зохицуулалтыг тусад нь сэдэв болгож бичих боломжтой. Сонирхвол миний IG аккаун (@tsengio)-руу DM бичээрэй.
Монгол виртуал хөрөнгө гаргагч байгууллагуудын олон улсад койноо гаргах амлалт биелэх боломжтой юу?
Өнөөдрийг хүртэл Монголын крипто зах зээл дээр санал болгож буй, арилжаалагдаж буй олон виртуал хөрөнгө олон улсын биржүүдэд хөрөнгөө гаргах, арилжаалах зорилготой байна. Санаа зовиноож буй нэг зүйл нь ихэнхи виртуал хөрөнгүүд ногдол ашиг, ашиг хуваах нөхцөлтэй байгаа. Энэ нь тус виртуал хөрөнгийг үнэт цаас буюу хөрөнгө оруулалтын хэрэгсэл / гэрээ гэж үзэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хэрэв Монгол виртуал хөрөнгө гаргагч байгууллагуудын гаргасан аливаа виртуал хөрөнгө нь холбогдох гадны улсын хууль тогтоомжийн дагуу үнэт цаас буюу хөрөнгө оруулалтын гэрээ ангилалд орсон тохиолдолд
- тухайн виртуал хөрөнгийг гаргахаар төлөвлөж буй олон улсын крипто биржийн байрлаж буй улсын үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу тодорхой шаардлагуудыг биелүүлж байж тус биржид виртуал хөрөнгөө гаргаж, арилжаанд орох боломжтой болно. Мэдээж боломжгүй зүйл биш, гэхдээ төслийн багийн чадвар энд хамгийн чухал. Тиймээс хөрөнгө оруулсан, оруулах гэж буй виртуал хөрөнгийн ард байгаа багийг нь харах нь чухал санагдаж байна.
- ихэнхи олон улсын хууль тогтоомжид үнэт цаасыг хаалттай хүрээнд санал болгох (private placement) боломжтой байдаг (жишээ нь, Сингапур улсад үнэт цаасыг хаалттай хүрээнд санал болгох хязгаар нь 50 хөрөнгө оруулагч байдаг бол АНУ-ын SEC Reg D, Rule 506-ийн дагуу 35 хүртэлх мэргэшсэн хөрөнгө оруулагчид хаалттай хүрээнд санал болгох боломжтой байдаг). Тэгэхээр виртуал хөрөнгө холбогдох улсын хууль тогоомжийн дагуу үнэт цаас гэж тооцогдсон тохиолдолд аль улсад тус хөрөнгийг гаргах гэж буйгаас хамаараад хязгаарлагдмал тооны этгээдэд хаалттай хүрээнд санал болгох боломжтой гэсэн үг.
Хэрэв Монгол виртуал хөрөнгө гаргагч байгууллагуудын гаргасан аливаа виртуал хөрөнгө нь холбогдох гадны улсын хууль тогтоомжийн дагуу үнэт цаас / хөрөнгө оруулалтын гэрээ ангиллаас гадуур буюу цэвэр utility token гэж үзэгдэж буй тохиолдолд аливаа зохицуулалт, зөвшөөрөлгүйгээр шууд холбогдох биржүүд дээр гарах боломжтой.
Монгол улсын тухайд зарим виртуал хөрөнгийг (жишээ нь ноогдол ашиг тарааж буй виртуал хөрөнгүүд) үнэт цаасны ангилалд оруулж Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Олон улсын жишгийг дагавал зарим виртуал хөрөнгүүдэд Үнэт цаасны тухай тогтоомжид нийцэж ажиллахыг шаардах боломжтой. Үүнийг удахгүй батлагдах гэж буй Виртуал хөрөнгийн тухай хуулиар тодорхой болгох биз ээ.
Та бүхэнд хэрэв аливаа асуулт, зөвлөлдөх зүйл гарвал миний IG (@tsengio) хаяг руу DM бичих боломжтой. Бүгдэд нь амжилт хүсье.