Ч. Цэнгэл, Ирбис Венчурс компанийн Гүйцэтгэх захирал, Стартап хөгжүүлэгч

Өнгөрсөн онд Сингапур улсад нийт 39 мянга гаруй хүүхэд төрж, 44 мянга шахам компани байгуулагджээ. Энэ нь тус улсад төрж буй хүүхдийн тоо, шинээр байгуулагдаж буй компанийн тоо хоёр ойролцоо байна гэсэн үг. Ердөө 5.6 сая хүн амтай тус улсад 2020 оны долдугаар сарын байдлаар бараг 363 мянган компани үйл ажиллагаа явуулж байна. Зүүн Өмнөд Ази нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгийн нэг юм. АСЕАН-ийн гишүүн улсуудын дундаж ДНБ 2000 онд $1,195 байсан бол 2018 онд $4601 болж ойролцоогоор дөрөв дахин өсч АСЕАН-ийн гишүүн улсуудын хүн амд ногдох бодит ДНБ-ийн дундаж өсөлт сүүлийн 10 жилд ойролцоогоор 5.3 хувь байна. Зүүн Өмнөд Азийн энэ том зах зээлд нэвтрэх стратеги боловcруулахдаа дэлхийн олон бизнес эрхлэгчид Сингапур улсыг өөрийн стратегийн цөм, үндсэн бааз болгон ашигладаг. Үндсэн шалтгаан нь нэгт, хөрш улсуудтай харьцуулахад Сингапур улсын бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчин тогтвортой, ойлгомжтой, аюулгүй байдаг. Хоёрт, Сингапур улс нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт таатай татварын орчин бүрдүүлсэн. Гуравт, Сингапур улс нь дэлхийн олон улстай (АСЕАН-ийн улсуудыг оролцуулан) чөлөөт худалдааны хэлэлцээртэй.

Британийн эзэнт гүрний колони байсан цагаасаа олонтаа туршиж, сайжруулсан хууль тогтоомж нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч бүрд ойлгомжтой, тогтвортой, шударга санагддаг. Аливаа улсын хууль тогтоомж бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тогтвортой байх нь тэднийг тус улсад айж, эмээлгүйгээр бизнесээ эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлдэг байна. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарын хүсэмжит энэ орчин Сингапур улсад олон жилийн туршид тогтвортой хадгалагдаж байна. Дэлхийн Банкны “Doing Business” бизнес эрхлэлтийн орчны 2019 оны тайланд Сингапур улс 190 орноос хоёрдугаарт жагсдаг. Энэ эрэмбээ олон жил хадгалж, мөн тэргүүлэхийн тулд илүү ихийг хийж байна. Монгол Улс 80 дугаар байрт оржээ. Харин хөгжиж буй улсуудын хууль тогтоомж, улс төрийн орчин ихэнх тохиолдолд тогтворгүй, ойлгомжгүй байдаг нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт хийхэд “айдас, эргэлзээ” үүсгэдэг. Гаднын хөрөнгө оруулагч, түншүүдийн энэхүү айдас, эргэлзээг арилгах зорилгоор олон бизнес эрхлэгч Сингапур улсад өөрийн толгой, салбар компанийг байгуулдаг. Ийм замаар гадаад түнш, хөрөнгө оруулагчдадаа өөрсдийгөө баталж, гэрээ байгуулан хөрөнгө оруулалт татах нь түгээмэл болоод байна.

Хонконгийн гарз, Сингапурын олз болж байна

Зүүн Азийн тэргүүлэх олон улсын санхүүгийн төв болох өрсөлдөөн Сингапур болон Хонконгийн  дунд сүүлийн 20 жил өрнөж байна. Өнгөрөгч жилээс энэ өрсөлдөөнд Сингапур илүүрхэж эхэллээ. Лондонд төвтэй тинктанк Z/Yen-ийн судалгаанд дэлхийн 108 санхүүгийн төвийг хамруулснаас Сингапур тавд, Хонконг зургаад жагсжээ. Сүүлийн жилүүдэд Хонконгт үүсэж буй улс төрийн тогтворгүй байдал ба БНХАУ-аас Хонконг руу хэрэгжүүлж буй бодлого, хуулийн өөрчлөлтүүд олон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж байна. 2020 оны тавдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, М. Помпео нь “Хонконгийн өөртөө засах статус устлаа” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь Хонконгоос Сингапур руу шилжих хөдөлгөөнийг улам нэмэгдүүлэв. Олон улсын шинжээч, мэргэжилтнүүд Хонгконгийг орлох хамгийн боломжит улсыг Сингапур хэмээн харж байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэх таатай орчин

Татварын таатай орчин

Бизнес эрхлэгчдэд (компани болон хувьцаа эзэмшигчийн түвшинд) оногдуулах албан татвар хамгийн бага байдаг дэлхийн цөөн улсуудын нэг нь Сингапур. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад оногдох албан татварын хураангуй бүтцийг Сингапур улсын Татварын ерөнхий газраас авсан мэдээллийн дагуу багцлан танилцуулъя. Сингапур доллараар мөнгөн татварын мөнгөн хэмжээг илэрхийлсэн болно.

• Хөрөнгө (хувьцаа) борлуулсан, шилжүүлсний орлогод оногдуулах албан татвар 0 хувь

• Хувьцаа эзэмшигчийн авах ногдол ашгийн орлогод оногдуулах албан татвар 0 хувь

• Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Татвар тооцох орлогын хүрээнд 17 хувь (татварын хөнгөлөлт, буцаалтыг оролцуулахгүй тооцвол). Татвар ногдох орлогод гадаад эх сурвалжтай, гадаадад татвар төлсөн орлогыг тооцдоггүй. Жишээ нь, таны компанийн үзүүлсэн үйлчилгээний орлогод Монгол Улс албан татвар суутгасан тохиолдолд энэ хэмжээний орлогыг Сингапур руу шилжүүлэн авбал Сингапур талаас албан татвар ногдуулахгүй.

• Татварын хөнгөлөлт

Татварын жилийн: эхний 10.000 доллар хүртэлх татвар ногдох орлогод 75 хувь; дараагийн 190,000 доллар хүртэлх татвар ногдох орлогод 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Жишээ нь, Таны 2020 оны татвар ногдох орлого нийт 200.000 доллар байсан гэж бодвол эхний 10.000 долларт Та 75 хувийн хөнгөлөлт авч, дараагийн 190,000 долларт 50 хувь хөнгөлөлт авснаар таны 2020 оны татвар ногдох орлого 97.500 доллар (200.000 доллараас ойролцоогоор 49 хувь хөнгөлсөн гэсэн үг) болж буурна. 97,500 долларын татвар ногдох орлогод 17 хувийн татвар тооцвол, та 16,575 долларыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлнө. Тэгэхээр таны төлөх суурь татварын хэмжээ 17 хувь боловч хөнгөлөлтийн дараа төлөх татварын хувь 8.3 хувь байна гэсэн үг.

• Татварын буцаалт

2020 оны байдлаар аж ахуйн нэгжийн жилд төлөх нийт татварын 25 хувийг буцаан олгох тогтолцоо үйлчилж байна. Дээрх жишээ дээр таны компани 2020 онд нийт 16.575 долларын татвар төлөх байсан гэж тооцвол таны компани 25 хувийн татварын буцаан олголт буюу 4.144 доллар авах эрхтэй болно.

• Давхар татварын гэрээ

Сингапур улсын татварын харьяат аливаа компани дэлхийн 80 гаруй улсад хүчин төгөлдөр үйлчилж буй давхар татварын гэрээг ашиглах боломжтой. 2005 оноос хойш Сингапур, Монгол улсын байгуулсан давхар татварын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд

Сингапур улс нь АСЕАН-ийн үүсгэн байгуулагч, бүс нутагтаа нөлөө бүхий улсын хувьд дэлхийн олон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Үүнд, ACEАН-Сингапур, АНУ-Сингапур, Европын Холбоо-Сингапур, Австрали-Сингапур, Япон-Сингапур, Шинэ Зеланд-Сингапур, АСЕАН-Хятад, АСЕАН-Австрали-Шинэ Зеланд, АСЕАН-Энэтхэг зэрэг хоёр боон олон талт чөлөөт худалдааны хэлэлцээрүүд орно.

Хөрөнгө оруулалт татах боломж их, төрөл нь олон

Сингапур улсад олон улсын болон дотоодын нийт 214 банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага компанийн түвшинд зээл болон хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг.

Технологийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг ойролцоогоор 150 орчим хөрөнгө оруулалтын сан, 458 орчим “Аngel” хөрөнгө оруулагчид “StartupSG” буюу Сингапур Улсын Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны харьяа байгууллага “Enterprise Singapore”-ийн санаачилгатай веб-порталд бүртгэлтэй байна. Компанийн салбар, удирдлагаа Сингапур улсад шилжүүлснээр Сингапурт байршилтай олон зуун банк, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай түншийн харилцаа үүсгэх боломж бүрдэнэ.

Компани байгуулах хамгийн хялбар процесс

Сингапур улсад компани байгуулах процесс нь Азидаа төдийгүй дэлхийд хамгийн хялбарт тооцогддог. Тус улсад өөрийн компаниа байгуулахад бизнес эрхлэгчдэд дараах үндсэн таван шаардлага тавигддаг.

Эхний хоёр шаардлагын тухайд бизнес эрхлэгчид саадгүй биелүүлэх боломжтой. Харин дараагийн гурван шаардлагын тухайд, өнөөг хүртэл Монгол болон Азийн олон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид Сингапур улсад биечлэн очиж шийдвэрлэж байгаа. Цар тахлаас үүдэн олон улсын нислэг, бизнес аялал хийгдэхгүй байгаа өнөө цагт Ази, дэлхийд бизнесээ тэлэх төлөвлөгөөтэй бизнес эрхлэгчид зорилгоо түр хойшлуулахаас өөр аргагүй байдалд ороод байсан.

Эх сурвалж: gowu.sg

Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс, Монгол улсын нэр хүндтэй, томоохон хуулийн фирм болох DB&GTS LLP болон виртуал старт-ап экосистем хөгжүүлэгч Irbis Ventures Pte. Ltd. нар нь GOWU (Go Overseas With Us) платформыг Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарын хэрэглээнд зориулан нэвтрүүллээ. Тус платформын тусламжтайгаар, Монголын бүх шатны бизнес эрхлэгчид Сингапурт биечлэн очих шаардлагагүйгээр 100 хувь цахимаар тус улсад өөрийн толгой, охин компаниа байгуулах боломжтой болж байгаа юм. Бид тантай Сингапур улсад компани байгуулах, групп компанийн бүтэц үүсгэх, хөрөнгө оруулалт татах, татвар төлөх, Сингапур улсад удирдлагаа шилжүүлэх зэрэг асуудлаар info@ gowu.sg хаягаар зөвлөхөд үргэлж бэлэн байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.67 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажайл горимд шилжихийн давуу тал

Өмнөх нийтлэл

Монголд бизнес эрхлэхэд хэцүү байдгийн үндсэн шалтгаан: ЭЗ-ийн эрх чөлөө

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like