Худалдан авалтын төлбөрөө хүү, шимтгэлгүйгээр хуваан төлөх үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн Storepay компани финтек, блокчейныг хослуулсан хамгийн сүүлийн үеийн шийдлийг олон улсын зах зээлд гаргахаар зэхэж байна.
Компани: “Стор Пэй” ХХК
Чиглэл: Финтек, төлбөрийн цахим шийдэл
Үүсгэн байгуулагч: Н.Хангал
Одоо аваад дараа хуваан төлөх бизнес модельтой финтекүүд дэлхий даяар эрчээ авч буй. Өмнөд хөрш гэхэд л Ази, Номхон далайн бүс нутагтаа энэ төрлийн бизнес хамгийн хурдтай өсөж буй зах зээлийн тоонд багтаж байгаа бол, Английн онлайн дэлгүүрүүдийн талаас илүү хувь нь BNPL (Buy now, pay later) загварыг төлбөр төлөх боломжит хувилбарууддаа заавал багтаах болжээ. Шинэ Зеландын Laybuy, Английн Clearpay, Шведийн Klarna зэрэг томоохон тоглогчдоос эхлээд худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлж, борлуулалтын дүнг өсгөж буй энэ төрлийн финтекийн жагсаалт уртаас урт үргэлжилнэ. Хэрэглэгч аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авахын тулд хэтэвчний хэмжээ, зээл, лизинг гэх мэтэд баригдах бус гар утасныхаа ганц аппыг хэд товшиход л хангалттай болсон нь сүүлийн хэдхэн жилийн дотор үүссэн дүр зураг. Онлайн худалдааны томоохон платформууд ч шинэ хэрэглэгч татахын тулд төлбөр тооцооны энэхүү шинэлэг шийдлийг аль болох нэвтрүүлэхийг эрмэлзэх болжээ.
Storepay аппаар дамжуулан 87 мянга гаруй худалдан авалт хийгдэж, нийт 24 тэрбум төгрөгийн идэвхтэй урсгал зах зээлд бий болжээ.
Энэ бүхэнтэй зэрэгцэн Монголын зах зээлд анхдагч болсон Storepay аппликэйшн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аваад төлбөрөө ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжийг хэрэглэгчдэд олгосон бизнес моделиороо богино хугацаанд ялгарч чадсан юм. Бүх талд ашигтай буюу харилцагч, хэрэглэгчдийн аль алиных нь хувьд сэтгэл хангалуун үлдэх хувилбарыг санал болгодгоороо BNPL бизнес модель эрэлтийг үүсгэж чаддаг. Storepay апп хоёрхон жилийн дотор 180 мянган бүртгэлтэй, 45 мянган идэвхтэй хэрэглэгчийг бий болгож, 1000 гаруй дэлгүүр, үйлчилгээний газрыг платформдоо нэгтгэснээс энэ бүхнийг харж болно. Өнгөрсөн хугацаанд уг аппаар дамжуулан 87 мянга гаруй худалдан авалт хийгдсэн нь үнийн дүнгээр тооцож үзвэл 24 тэрбум төгрөгийн идэвхтэй урсгалыг зах зээлд бий болгожээ.
“Стратеги, төлөвлөгөөгөө боловсруулахдаа бид хэрэглэгчдэд үйлчилгээгээ танилцуулахаас илүү үйлчилгээний газар, дэлгүүрүүдэд Storepay -ийн төлбөрийн шийдлийг нэвтрүүлж, боломжит цэгүүдээ аль болох нэмэх ёстой гэж үзээд түүндээ бүрэн төвлөрч ажилласан” хэмээн Storepay компанийн гүйцэтгэх захирал Н.Хангал хэлж байна. Storepay компани хамгийн орчин үеийн технологи ашиглан хүмүүс хэрэглэхэд хамгийн хялбар апп бүтээсэн төдийгүй санхүүгээ сахилга баттай, зөв удирдах сэдэл болж, тодорхой дадал хэвшлийг суулган, өдөр тутам ашигладаг үйлчилгээ болгож чадсанаараа онцлог. Харин харилцагчдын хувьд, борлуулалтын цоо шинэ сувгийг нээж, худалдан авалтын хэмжээ, ашиг орлого, бараа эргэлтийн хурдаа нэмж чаджээ.
Storepay үйлчилгээний эрх 100 мянгаас 10 сая төгрөгийн хооронд үүсэж, анх үүссэн эрх худалдан авалт амжилттай төлж дуусах тоолонд нэмэгддэг. Аппд бүртгүүлж, хүсэлтээ илгээснээр үйлчилгээний эрх шууд идэвхждэг нь хэрэглэгчдэд улам л амар хялбар байх шийдлийг бодолцсоных. 2019 оны арваннэгдүгээр сард Storepay үйлчилгээгээ танилцуулсан стартапын хувьд үйл ажиллагаа нь дөнгөж тогтворжиж эхлээд байх үедээ Ковид-19 цар тахал, дараалсан хөл хориог даван туулж, зах зээлд тэсэж үлдэх шаардлагатай болжээ. Энэ бол Storepay -ийн хамт олны хувьд тооцоолоогүй эрсдэл, хүндхэн цохилт байв. Гудамжинд хөл хөдөлгөөн саарч, дэлгүүр, үйлчилгээний газрууд хаагдсанаар олон бизнесийн байгууллагын орлогын эх үүсвэр хумигдсан нь Storepay -д шууд нөлөөлж эхлэв. Иймээс тэд онлайн худалдааны платформуудад илүү төвлөрөн ажиллаж, шаардагдах техник технологийн хөгжүүлэлтийг хийж, төлбөрийн нөхцөл тутамд Storepay үйлчилгээг зайнаас ашиглах боломжийг бүрдүүлжээ. Өмнө нь худалдан авалтын дийлэнх хувь биет дэлгүүрүүдээр дамждаг байсан бол энэхүү шинэчлэлийн үр дүнд онлайн худалдан авалтын хэмжээ огцом нэмэгдсэн байна. Хөл хорионы өдрүүд ард хоцорсон энэ үед онлайн худалдан авалт буурахгүй, харин ч өсөх хандлагатай байгаа нь тэд бэрхшээлийг боломж болгож, түүнээсээ давуу тал үүсгэж чадсаны тод жишээ.
Storepay Coin: Олон улсыг холбосон экосистем
Тун саяхан Storepay компани өөрсдийн финтек үйлчилгээг блокчэйн технологитой хослуулж, Storepay Coin (SPC) -ийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг койныг худалдан авсан хэрэглэгчид Storepay апп дахь өөрийн хэтэвчинд койноо байршуулж, түүндээ дүйцүүлэн Storepay үйлчилгээг ашиглах, хоорондоо ямар нэг шимтгэлгүй шилжүүлэх, хадгалах боломжийг мөн бүрдүүлжээ. Одоогоор хэрэглэгчдийн дийлэнх нь блокчэйн технологи, криптовалюттай бүрэн танилцаж амжаагүй байгаа ч цаашид энэ бүхэн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болно гэсэн итгэл үнэмшилтэйгээр тэд дээрх алхмыг эхлүүлсэн бөгөөд алсын хараагаа олон улсын зах зээл рүү чиглүүлж буй. Н.Хангал “Бид финтек, блокчейн технологийг хослуулсан, дэлхийд ховорт тооцогдох санхүүгийн үйлчилгээг бий болгож байгаа гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Техник технологийн хөгжлийн дараагийн түвшин блокчэйн технологид суурилах нь ойлгомжтой болсон. Блокчэйн технологи өөрөө итгэлцэл, найдвартай байдлыг хангахаас гадна маш том боломжийг бий болгож, шинэ төрлийн дэвшил нэвтрүүлж байна” гэлээ. Тэрбээр багийн хамт финтек, блокчэйнд суурилсан үйлчилгээгээ Зүүн Өмнөд Ази, Төв Ази, Зүүн Европ, Африкийн тодорхой бүс нутгуудад нэвтрүүлэх ажлын ид өрнүүлж буй бөгөөд яваа яваандаа томоохон экосистемийг бүрдүүлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, SPC -ийг гадаад, дотоодын хэрэглэгчид яг адил түвшинд, нэгдмэл байдлаар ашиглана гэсэн үг. Уг зорилгодоо хүрэхэд криптовалютын хил хязгаар, орон зай хамаардаггүй чанар маш том давуу тал болж байгааг тэрбээр дурдаад цаашид SPC олон улсын биржүүдэд бүртгэлтэй болно гэдгийг онцолж байв.
SPC -ийг гадаад, дотоодын хэрэглэгчид яг адил түвшинд, нэгдмэл байдлаар ашиглах экосистем үүснэ.
Storepay компанийн анхны, бас үндсэн бизнес модель болох хуваан төлөх үйлчилгээ тэдний цаашдын зорилго, зорилтын зөвхөн нэг хэсэг бөгөөд ирээдүйд digital banking буюу хамгийн сүүлийн үеийн финтек үйлчилгээнүүдийг багтаасан санхүүгийн үйлчилгээний цогц талбарыг үүсгэх алсын хараа, стратегитай. Энэ хүрээнд ажлууд эхнээсээ хийгдэж, ирэх нэгдүгээр сард хуваан төлөхөөс гадна маш олон нэмэлт үйлчилгээг багтаасан Storepay 3.0 хувилбарыг тэд танилцуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, илүү таатай нөхцөлөөр хуримтлал үүсгэх, SPC -оо хугацаатайгаар байршуулж, өгөөж хүртэх, шимтгэлгүй шилжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хуваан төлөхөөс гадна хэтэвч хэлбэрээр шууд худалдан авалт хийх, илүү өндөр урамшуулал, бонус хүртэх зэрэг үйлчилгээ, шийдлүүд багтжээ. Мөн Монгол Улсад анх удаа байр, үл хөдлөх хөрөнгө болон автомашиныг ямар ч хүү, шимтгэлгүйгээр худалдан авах боломжийг SPC эзэмшигчдэдээ олгохоор зэхээд байна. Эдгээр хэрэглэгчид 150 сая төгрөг хүртэлх үнэтэй автомашиныг 50 хувийн урьдчилгаа төлж, үлдсэн хэсгийг 10 сарын хугацаанд хүүгүй хуваан төлөх боломжтой. Харин үл хөдлөхийн хувьд байрны урьдчилгаа, эсвэл одоо амьдарч буй байраа сайжруулах зөрүү төлбөрийг санхүүжүүлэх боломж бүрдэж буй.
Хамгийн гол нь эдгээр үйлчилгээнд ашиглах гол валют нь SPC байх бөгөөд энэ бүхэн Storepay компани хэрэглэгчдэд санхүүгийн дарамт, хүндрэл үл үүсгэх, технологид суурилсан шинэлэг үйлчилгээнүүдээ зөвхөн дотоодын бус гадаадын зах зээлд хослуулан хүргэх алсын харааг илтгэж буй.
Холбогдох:
Вэб хуудас: https://storepay.mn/
И-мэйл: info@storepay.mn
Утас: 7611-0101