Шинэ оны эхний өдөр “Тал нутгийн Zombia” кино нээлтээ хийв. Энэ нь “Улаанбаатар фильм”, найруулагч Б.Отгонзоригийн ээлжит бүтээл юм. Тэрээр олон хүнтэй баг, техник ажиллагаа шаардсан киноны томоохон төслөөр мэргэшиж байгаа гэхэд болно. 2019 онд түүхэн драмын “2000” нэртэй киног найруулж, үзэгчдээс муугүй үнэлгээ авсан. Мөн дүрийн өвөрмөц сонголт хийдэг. “2000” кинондоо хийлч Дээгийг тоглуулж байсан бол энэ удаа киноныхоо гол дүрээр хүүхэд залуучуудын дунд сошиал од болсон комедиан Б. Идэр-Одыг тоглуулсан. Харин тус киноны продюсероор ажилласан З.Анхбаяр нь “Burn Your Maps”, “2000”, “Чонон сүлд” кинонууд дээр ажиллаж байсан туршлагатай.
Бусад гол дүрийг жүжигчин Б.Сансармаа, Д.Бямбацогт, Б.Батмаа, Х.Азбуян нар бүтээжээ.
Инээдмийн төрлийн “Тал нутгийн Zombia” нь мэргэжлийн уран бүтээлийн хувьд сайн ч бай, муу ч бай энэ салбарт залуучуудын хийж буй зоригтой алхам юм. Чөтгөр шулам, хий үзэгдэл, эзгүй байшинд хоргодсон талийгаачдын сүнсэнд дассан монгол үзэгчдэд гэнэт л Монголын хөдөө нутагт зомбийн сүрэг гараад ирээд, монгол гэрийн хаалга эвдээд ороод ирэхэд нэг л танил бус, зарим талаар огт утгагүй мэт санагдаж болно. Гэхдээ зомбийн жанр нь дэлхийн кино урлагч хүчээ авч буй, найруулагчдын сэтгэлгээний цар хүрээ, ур чадварыг шалгадаг төрөл билээ.
Киноны үйл явдал гэвэл өөрийн хуриман дээр ааваараа хөтлүүлэн гарахыг хүссэн, Америкт амьдардаг Дээгий бүсгүй Монголд ирж, хоёр найз бүсгүйтэйгээ жижигхэн аяллын компани хөлслөн хөдөөг зорино. Гэтэл очсон газарт нь, элсэрхэг толгодын дунд зомби тархсан байна.
Буйдхан нутагт зомби хэрхэн үүссэн талаар кинонд огт өгүүлээгүй ч уг бүтээлээс улс орны нийгмийн байдалтай холбоотой далд текстийг анзаарч болно. Тэр нь юу вэ гэвэл орон нутагт авлига, архидалт, ядуурал, ажилгүйдэл ихэсч, хүмүүс маргаашдаа итгэх итгэлгүй, нэгдмэл байдалгүй, зорилгогүй, үргэлж хов жив хөөцөлдөж, нэгнээ хазаж хэмлэн өдөр хоногийг өнгөрөөж буй нь зомби буюу ардын хар яриагаар “салгасан хүүрнүүд”-ээс юугаараа ялгаатай гэж? Үүнийг найруулагч киногоороо дамжуулж хэлэхийг хүссэн ч байж болно. Ялангуяа монгол зомбинуудыг архиар “аргадан” номхруулж буй хэсгээс энэ санааг нь ойлгох боломжтой.
Техник талаасаа гэвэл зомби-г урласан байдлаараа Солонгосын “Бусан хүртэлх галт тэрэг” эсвэл “Walking deads”-тэй эн зэрэгцэхгүй ч Монголын үзэгчдэд “монгол зомби” гэсэн шинэ зүйл амтлуулах гэж багагүй хөдөлмөр шингээсэн нь харагдаж байна. Шангри-Ла дээр болсон нээлтэн дээр ирсэн залуу үзэгчид, сошиал инфлүүнсэрүүдийг харсан ч уг кино хүүхэд, залуучуудын нэг хэсэгтээ зорьж үзэх бүтээл болж чаджээ.