Эдийн засаг нь ‘амьд’ буюу динамик, гадны гэнэтийн өөрчлөлт, нөлөөн дор оршдог буюу стохастик, доторх бүрдлүүд (зах зээлүүд, агентууд) нь харилцан нэгэндээ нөлөөлдөг буюу ерөнхий тэнцвэр хангагддаг цогц систем билээ. Иймд календарын он тооллын тухайн нэг жилд хамаарах байдлаар эдийн засгийн үйл явдлыг ‘тасдан’ дүгнэх нь өрөөсгөл байж болно. Учир нь эдийн засгийн өнөөдрийн төлөвт өнгөрсөн, ирээдүйн аль аль нь нөлөөлөхийн зэрэгцээ одоо үр дагавар нь мэдэгдэхгүй байгаа ‘далд’ зүйлс ч олон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л цаг хугацааны энэ мөчөөр тасалбар болгоход бидэнд юу мэдэгдэж байгаа дээр үндэслэн 2021 оны эдийн засгийг нэгтгэн дүгнэхийг оролдсоноо Та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Гадаад орчин таатай байсан (экспортын эрдэс түүхий эдийн үнэ өндөр, БНХАУ-ын өсөлт өндөр, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хэвийн байсан) хэдий ч, гадаад худалдааны хувьд хил нэвтрэлт саадтай байснаар боломжийг бүрэн ашиглаж чадсангүй.
Гэхдээ макро статистик тоонууд ‘боломжийн’ гарлаа. 2021 онд эдийн засгийн өсөлт 3-4 хувьтай гарахаар хүлээгдэж байна. Энэ өсөлтийн 40 хувийг уул уурхайн салбар, харин 60 хувийг уул уурхайн бус салбарууд бүрдүүлэхээр байна. Уул уурхайн салбар дотроо зэсийн баяжмал, газрын тосны олборлолт чухал үүрэг гүйцэтгэлээ. Харин уул уурхайн бус салбар дотроо худалдаа, үйлчилгээ, эрчим хүч, боловсруулах салбарууд болон бүтээгдэхүүний цэвэр татвар эдийн засгийн өсөлтөд эерэг хувь нэмэр оруулав. Энэ нь Монгол Улс уул уурхай, худалдааны салбарт түвшиглэсэн эдийн засаг болохыг, нөгөө талдаа манай эдийн засаг КОВИД-19 оны цар тахлын өмнөх түвшин хүртэл хараахан сэргээгүй байгааг давхар нотолно.
Улирлын ДНБ-ий хөдөлгөөн нь эдийн засгийн сэргэлт ‘V’ бус, харин ‘W’ эсвэл ‘WW’ эсвэл бүр ‘VU’ байх эрсдэлтэй (Омикрон хувилбарын давалгаа, хил дээрх гацаа цаашдын төлөвийг тодорхойлно)-г анхааруулж байна. Түүнчлэн төгрөгийн ам.доллартай харьцах ханш маш тогтвортой байлаа. Үүнд мэдээж төв банкны дотоодын валютын зах зээл дээрх интервенц гол үүрэг гүйцэтгэв. Ханш тогтвортой байхын хэрээр банкны салбарт хадгаламжийн долларжилт оны туршид буурсан хэдий ч 24 хувьд хүрээд ‘гацав’. Өндөр дүнтэй интервенц хийсэн хэдий ч гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.долларын дүн (8 сарын импорттой тэнцэх хэмжээний дүн)-тэй он давахаар байна.
2022 оны өсөлтийн 60 хувийг уул уурхайн бус салбар бүрдүүлэхээр байна.
Энэ жилийн хувьд алт, зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, Оюу Толгойн баяжмал дахь алт, зэсний агууламж түүхэн дунджаас өндөр байснаар нүүрсний экспортын орлогын дутууг нөхсөн жил байлаа. Зэсийн экспорт 86 хувиар, төмрийн хүдэр 62 хувь, молибдений хүдрийн экспортын орлого 98 хувиар өссөн. Харин импортын хувьд газрын тосны үнэ өссөнөөс импортын хэмжээ (32 хувиар өссөн) нь цар тахлын өмнөх түвшинд хүрсэн, эм, эмнэлэгийн бүтээгдэхүүний импорт 1.4 дахин нэмэгдсэн, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 39 хувь, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн орцын импорт 19 хувиас дээш өсөлттэй байв.
2. УИХ хууль баталж, хуулийн зарим заалтыг түр хугацаанд хүчингүй болгож, Засгийн газар төлөвлөгөө баталснаар төв банкийг ‘төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх’-д дахин татан оруулав. Энэ нь сонгуультай жилийн бас нэг дахилт байсан бизээ. ‘10 их наядын төлөвлөгөө’-ий хүрээнд нийт 4.1 их наяд төгрөгийн зээл 2021 онд гарчээ. Үүний үр дүнд банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл энэ онд 20 хувиар өсөв. Зээлийн ангиллаар авч үзвэл энэ өсөлтийн дийлэнхийг өрхийн хэрэглээний бус зээл буюу хувиараа аж ахуй эрхлэхтэй холбоотой зээлийн өсөлт бүрдүүлж байна (гэхдээ амьдрал дээр хэрэглээг санхүүжүүлж байхыг үгүйсгэх боломжгүй).
Түүхэн хамаарлаас харахад энэ хэмжээний зээлийн өсөлт нь эдийн засгийн өсөлт 5-7 хувь байхад хангалттай хэмжээний үзүүлэлт ажээ. Тус төлөвлөгөөний хүрээнд олгосон зээлийг хасч тооцвол зээлийн өсөлт сөрөг байх тооцоог ч зарим нь хийгээд байна. Банкны салбарт эх үүсвэр ‘хангалттай’ (төсвийн халамжийн мөнгөнүүд, хөнгөлөлттэй зээлийн мөнгөний дийлэнх нь банкны салбартаа эргэлдэнэ), бодлогын хүү 6 хувьд байснаар хадгаламжийн хүү жилийн 7 хувьд хүрч, улмаар зээлийн хүү жилийн 14 хувь руу буурлаа. Гэхдээ хадгаламжийн бодит хүү -5 хувь, зээлийн бодит хүү 2 хувь л байгаа нь банкинд хадгаламж хийх бус, зээл авах нь ‘ашигтай’ байх нөхцлийг бүрдүүлээд байгаа тул зээлийн эрэлт ч өндөр байна.
10 их наядын төлөвлөгөөний хүрээнд нийт 4.1 их наяд төгрөгийн зээл 2021 онд гарчээ.
‘Бодлогын зээл’ нь богино хугацаандаа эдийн засгийн идэвхижилд эерэг нөлөөтэй (ядаж л ДНБ-ий бүрдэл дэх хөрөнгө оруулалтын өсөлт эерэг байгаа) хэдий ч, бүрэн ‘ид шид’ (хэрэглээний үнэ, валютын ханш, импорт, валютын нөөцөд үзүүлэх нөлөө)-ээ харуулах хугацаа нь хожуу байхыг үгүйсгэхгүй.
3. Төсвийн орлогын гүйцэтгэл (100 хувь давсан) сайн байсан хэдий ч, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг гүйцэтгэл бага байв. Төсвийн орлогын гүйцэтгэлд зэсийн үнэ өндөр байсан гадаад хүчин зүйлсээс гадна импортын өсөлт, инфляц эерэгээр нөлөөлөв. ’10 их наядын төлөвлөгөө’ хэрэгжихтэй цаг хугацааны хувьд импорт өсөх, инфляц нэмэгдэх нь давхцав. Зэсийн үнэ төсөвт авсан үнээс өндөр байх, экспортын баяжмал дахь алт, зэсийн агууламж өндөр байх, импортын өсөлт, инфляц нь АМНАТ, экпортын орлогын, импортын татвар, НӨАТ-ын нэрлэсэн орлогыг өсгөнө.
Харин төсвийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл 40 хувьд хүрэхгүй байгаа (барилгын материалын үнэ өссөнөөр явж байсан ажлууд зогссон, төсвийн тендерүүд эрэлтгүй болсон, хил дээр саатал үүссэнээс ажлууд удааширсан, төсвийн орлоготой уялдуулж зарлага гаргах, Засгийн газрын өр нэмэхгүй байх стратеги зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн байх) нь энэ жилийн төсөв бүхэлдээ хэрэглээ, урсгал зардал болж, бодит бүтээн байгуулалт болсонгүй гэж үзэхэд хүргэж болох юм. Энэ оны хувьд дотоод үнийн өсөлт өндөр байгаагаас шалтгаалж нэрлэсэн ДНБ өндөр (жилийн өсөлт нь лав 10-15 хувь байх боломжтой) гарах тул төсвийн алдагдал, ДНБ-ий харьцаа болон Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа өсөхгүй байхад ‘тусална’.
4. Хөдөлмөрийн зах зээл ‘унтаа’ байлаа. Цар тахлаас үүдэн дотоодод хатуу хөл хорио тавьж, дараа нь үйлчилгээний салбарт хязгаарлалтын арга хэмжээнүүд үргэлжилсэн нь эдийн засгийн идэвхижил, улмаар хөдөлмөрийн эрэлтэд цохилт болсон. Үүний үр дагаварт ажил эрхлэлт буурч (ажиллагчдын тоо 2021 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 мянгаар бага байна), ажиллах хүчний оролцооны түвшин 57 хувь (эмэгтэйчүүдийнх 50 хувь) руу унаад байна.
Нийт ажиллагчдын 25 хувь нь л сарын 1.5 сая төгрөг (525$)-өөс дээш нэрлэсэн цалин авч байгаа бөгөөд бодит дундаж цалин 2021 оны туршид тасралтгүй буурлаа. Ажил эрхлэлт буурч, бодит цалин буурч байгаагаас өрхийн бодит хэрэглээ (хэрэглээ нь ДНБ-ий 50 орчим хувийг дангаар бүрдүүлдэг) буурч, улмаар эдийн засгийн өсөлтөд сөрөг хувь нэмэр оруулж байна. Эдийн засгийн цаашдын төлөвт хөдөлмөрийн зах зээл дээр гарах өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ.
‘Унтаа’ хэвээр байх тохиолдолд өрхийн бодит хэрэглээ сэргэхгүй, өсөлтийг дэмжих бус доош татсаар байна. Харин сэргэлттэй байгаа салбарт инфляц, түүний хүлээлтээс үүдэлтэйгээр цалин өсөх эсвэл хөдөлмөрийн эрэлт өсөж, нийлүүлэлтээс давснаар цалингийн өсөлт өндөр байх тохиолдолд инфляцыг улам өдөөнө. Энэхүү хэрэглээний үнийн өсөлт нь тогтмол орлоготой иргэд болох тэтгэврийнхэн, халамжийнхан болон цалин нэмэгдээгүй бүлгийн бодит орлого, хэрэглээг улам хумина. Харин хөдөлмөрийн зах зээл дээрх сегмент бүрийн цалингийн өсөлт, мөн эрэлт, нийлүүлэлт, тэдгээрийн зөрүү зэргийг сайтар ажиглах ёстой болж байна.
Хөдөлмөрийн зах зээл унтаа хэвээр байвал өрхийн бодит хэрэглээ сэргэхгүй, өсөлтийг дэмжих бус доош татна.
5. Инфляц 2021 оны 4 дүгээр сараас хойш сүүлийн 10 гаруй жилд байгаагүйгээр хурдан өслөө. Мэдээж гол ‘буруутан’ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт (өмнөх оны түвшнээс бараг нэг дахин нэмэгдсэн), дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ (40 орчим хувиар өссөн), хил дамнасан тээвэрлэлт, логистик, хил дээрх саатлууд, үүн дээр нэмэгдээд дотоодын махны үнийн өсөлт (малчид халамж, ноолуурын мөнгө гээд зохих орлоготой болсон нь махны нийлүүлэлтийг хязгаарлахад нөлөөлсөн гэх тайлбар ч бий).
Монголд инфляц эхлэхдээ, цаашлаад эрчимжихдээ эдгээр цөөн барааны үнээр эхэлж, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөөр дуусдаг нь сүүлийн 30 жилийн баримт юм. Иймээс энэ бол шинэ үзэгдэл биш, яг энэ шалтгаантай инфляцыг бууруулахын тул тээвэр, логистик, агуулах, нөөц бүрдүүлэлт, хил нэвтрэлтийг сайжруулах ёстой талаар бид миний мэдэхээр 2000-аад оны эхнээс хойш ярьж байгаа. Харин эдийн засагт стагфляц (хэрэглээний үнийн өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн ‘унтаа’ байдал, эдийн засгийн өсөлт эргэн саарч буй байдал 2021 оны 2, 3, 4 дүгээр улиралд дараалан ажиглагдлаа)-ийн шинж тэмдэг гарч буй нь илүү их ‘айдас’ төрүүлсэн шинэ үзэгдэл.
Өөрөөр хэлбэл, эдийн засагт 2021 оны эхний 5 сард эрэлт унах үзэгдэл ажиглагдсан бол 6 дугаар сараас эхлэн нийлүүлэлтийн хязгаарлалт буюу ‘хомсдлын эдийн засаг’-т шилжсэн дүр зураг ажиглагдаж байна. Нэгэнт нийлүүлэлтийн шалтгаан (шатахууны үнийн өсөлт)-тай үүссэн инфляцыг асаж буй ойн гал түүмэртэй зүйрлэвэл бидний хийж чадах зүйл бол тухайн галыг ‘цурманд оруулах‘ явдал, нэгэнт ассан түүмрийг шууд унтрааж чадахгүй. Цурманд оруулж, унтраахын тулд мэдээж, дээрээс нь өөх тос хийх эсвэл бензин, керосин асгаж болохгүй. Үүнтэй адилаар нэгэнт нийлүүлэлт нь хязгаарлалттай, зарим бараанд хомсдлын шинж гарч буй үед төсөв, мөнгөний бодлогоор эрэлтийг дэмжих, цалин нэмэх гэж оролдох нь байгаа цөөн барааг илүү өндөр үнээр авах ‘уралдаан’-д оруулах тул үнийн өсөлтийг улам өдөөх эрсдэлтэй.
Галыг цурманд оруулж, унтраахын тулд эргэн тойрны шатах зүйлсээс тусгаарлах, харин бүр өөдөөс нь гал тавих зэрэг аргуудыг хэрэглэдэг. Үүнтэй жишиж үзвэл, макро бодлого нь эхлээд үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэж, эрэлтийг байгаа нийлүүлэлт хүртэл нь ‘агшаах’ сонголтыг ч хийхэд хүрэх ёстой болно. Харин энэ үед орлого багатай иргэдэд хүндээр тусах тохиолдолд зорилтот бүлэгт чиглэсэн түр хугацааны зорилтот дэмжлэг (гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний талон олгох гэх мэт) зайлшгүй юм.
6. Орон сууцны үнэ 2021 оны туршид тасралтгүй өсөж байна. Орон сууцны үнийн индекс 2020 оны 10 дугаар сараас хойш 15 хувиар өссөн (2021 оны 9 дүгээр сарын байдлаар) өссөн байна. Орон сууцны үнийн өсөлтөд барилгын материалын үнийн огцом өсөлт, ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийн өсөлт (2021 онд 1 орчим их наяд төгрөгийн зээл гарч ипотекийн зээл энэ онд 50 орчим хувиар өсөв), банкны хадгаламжийн бодит хүү сөрөг болсноос альтернатив хөрөнгө оруулалт нь орон сууцны гэрээ худалдаж авах явдал болсон, койны үнийн өсөлтөөс олсон ‘гэнэтийн орлого’ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү орсон зэрэг нь эрэлт, нийлүүлэлтийн ‘хосолсон’ шалтгаан болов. Энэ нь мөн л нийлүүлэлтийн шокыг эрэлтээр өдөөсөн үү гэх мэтгэлцээн үргэлжилсээр байна.
Үүн дээр нэмээд орон сууцны барилга, угсралтын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар унасан буюу орон сууны нийлүүлэлт талдаа ч доголдол үүсэж буй мэдээ бий. Орон сууцны нийлүүлэлт сайнгүй, барилгын материалын үнэ өсөж буй энэ үед эрэлтийг үргэлжлүүлэн тэлэх нь дараагийн үр дагаварт хүргэж болзошгүй.
7. Хөрөнгийн зах зээлд хүчтэй сэргэлт гарсан хэдий ч, койны зах зээл түүнээс ч илүү ‘эрэлттэй’ байв. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2021 онд 100 хувиар өсөж, 5.2 их наяд төгрөгт хүрсэн бол дундаж ТОП-20 индекс 125 хувиар өслөө. Зарим судлаачид 2021 оны туршид хэрэгжсэн төсвийн, төсөвтэй адилтгах болон мөнгөний зөөлөн бодлого нь хөрөнгийн зах зээлийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлсэн гэсэн үр дүн гаргасан байна лээ. Гэхдээ биржийн бус арилжаа нэвтэрсэн, олон улсын зах зээлд бүртгэлтэй компаниудыг дотоодод давхар бүртгэдэг болсон нь үүнд нөлөөлсөн гэсэн тайлбар ч бас бий.
Койны зах зээлтэй холбоотой дараагийн нэг сонирхолтой асуулт бол энэ их мөнгө ямар эх үүсвэрээс гарч ирэв?
Хөрөнгийн зах зээлийн идэвхжилээс дутахгүй хурдацтай гарч ирсэн зах зээл бол Койны зах зээл байв. Тус зах зээлд 2 их наяд, магадгүй 8 их наяд төгрөг орсон талаарх мэдээлэл бий. Үүний хичнээн хэсэг нь гадаад койн руу гадагшаа гарсан бэ гэдэг нь дараагийн нэг сонирхолтой асуулт юм. Койны энэ том давалгаа нь том сануулгыг үлдээж байна: нэг талдаа санхүүгийн боловсрол хэр түвшинд байгаа (энгийн хөрөнгөөс хэдэн мянга дахин эрсдэл, түүний хойно өгөөж байгаа тул гадныхан хөрөнгийнхөө маш бага хувийг байршуулдаг бол манайхан full-in хийх үйл хөдлөл гаргасан) талаарх дохио, нөгөө талдаа ард иргэд эрсдэлтэй ч хамаагүй мөнгө олох боломж байвал herder үйл хөдлөл гаргах нөхцөл байдал нийгэмд үүсээд байгаа дохиог давхар өгч байна. Койны зах зээлтэй холбоотой дараагийн нэг сонирхолтой асуулт бол энэ их мөнгө ямар эх үүсвэрээс гарч ирэв?
8. Банкны салбарын шинэчлэлийн хүрээнд банкуудыг нээлттэй, хувьцаат компани болгох эрх зүйн орчин (Банкны тухай хууль нэмэлт, өөрчлөлт орж, түүнийг даган шинэ журмууд гарав) бүрдэж, банкууд эхнээсээ IPO гаргаж эхлэв. Энэ оны төгсгөл гэхэд банкууд дүрмийн сангаа 100 тэрбум төгрөг болгох ‘даалгавар’-тай байсан нь ч IPO гаргахад идэвхитэй байх түлхэц болов. Ирэх оны 7 дугаар сар гэхэд системийн нөлөө бүхий (СНБ) банкууд IPO гаргах төлөвлөгөөгөө гаргаж, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Гэхдээ банкуудын эрүүл мэндийн талаарх ‘бодит мэдээлэл’ буюу зарах гэж буй барааны чанараа хөрөнгө оруулагчид буюу худалдан авагчиддаа өгөх ёстой гэсэн ‘даалгавар, зөвлөмж’-ийг Олон Улсын Валютын Сангаас өгөв. Энэ дагуу СНБ банкуудын зээлийн чанарт хөндлөнгийн үнэлгээ өгөх ажил ч ойрын хугацаанд хийгдэхээр болов. IPO гаргахтай холбоотой болгоомжлол, асуудлууд ч ар араасаа ундарч эхэлж байна. Энэ тухай дараа, жилийн төлвийн талаарх хэсэгт дэлгэрэнгүй дурдах болно.
Үргэлжлэл бий …