Хүн төвтэй компани
Нэгэн танил маань ажилладаг компанийнхаа оффисын орчныг харуулсан хэд хэдэн зураг өөрийн сошиал медиад нэмээд, удирдлагууд нь ажилтнууддаа зориулан ямагт ээлтэй, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэхэд анхааран ажилладаг. Мөн аливаа санал санаачлагыг аль болох дэмжиж, нээлттэй хүлээн авдаг талаар магтан бичжээ. Гэтэл зургийн дор “Ийм л газар ажиллах юм сан”, “Танайд л ажилд ормоор байна” гэх зэргээр хошигнон бичсэн сэтгэгдлүүд хөвөрч байв. Тэрбээр Mezorn Technology компанид ажилладаг юм. Хэдий өнгөцхөн мэт санагдаж болох ч ажиллах хүчний өнөөгийн ерөнхий хэрэгцээ, шаардлагыг эндээс төвөггүй анзаарч болохоор. Дэлхийн чиг хандлага ч энэ зүгт чиглэж, компаниуд, тэр дундаа технологийн салбарынхан үүнд онцгойлон анхаарах болсныг бид мэднэ.
Өөрийн гэсэн өвөрмөц соёлыг бүрдүүлэхийн зэрэгцээ менежмент, бодлого, дотоод үйл ажиллагааны онцлогоороо ялгарч, бүх үзүүлэлтээ жигд сайн хөгжүүлж чадсан технологийн компаниуд өндөр өсөлт үзүүлж, дэлхийн топуудын эгнээнд багтах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Тэгвэл дотоодын компаниуд ч үүнийг мэдэрч, ажилтнуудаа тав тухтай оффист уян хатан ажлын цаг, ажиллах олон төрлийн арга аргачлал, системийг нэвтрүүлэн илүү шинэлэг байдлаар бүтээмж, ур чадварыг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллуулахыг зорих болсон билээ. Дээр дурдсан Mezorn Technology компани бол үүний бодит жишээ.
“Манайх хүн төвтэй компани. Тиймдээ ч хүнийг нөөц бус, хүн гэдэг үүднээс авч үздэг. Хүний нөөцийн удирдлагаа ч хүний нөөц биш, харин хүний менежер (Chief people officer) гэж нэрлэдэг. Учир нь хүний бүтээмжээр л бидний хийж бүтээж буй бүхэн бий болж байгаа шүү дээ” хэмээн тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр хэлж байна. Энэ зарчмын дагуу тэд компанийнхаа бодлого, стратегийг зангидаж, хүндээ төвлөрсөн соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ ажилтнуудаа өндөр бүтээмжтэй байлгахын тулд зөвхөн орчин нөхцөл, багийн систем гэлтгүй байгууллагын дотоод уур амьсгал, ажилтнуудынхаа сэтгэл хангалуун байдалд ч ихээхэн анхаардаг. Үүнийг дагаад ажлаас гарч орох шилжилт хөдөлгөөн маш бага байдаг аж. Мөн аливаа төслийг хурдтай хэрэгжүүлж дуусгахаас илүүтэй багаараа жигд ажиллаж чадсан эсэх, багийн ажиллагаа ямар түвшинд байв зэрэгт голлон анхаарч, ажлын үр дүнгээ хэмждэг нь дараа дараагийн төслүүдээ чанартай гүйцэтгэж, сайжруулахад эерэгээр нөлөөлдөг байна.
Дэлхийд өрсөлдөх амбиц
Mezorn Technology -ийн хамт олон дэлхийн технологийн томоохон компаниудын туршлагаас суралцаж, хэрэгжүүлэхийг хичээдгийн нэг илрэл нь Google, Amazon -ийн ашигладаг OKR системийг дотооддоо нэвтрүүлсэн зэргээс харагддаг. Тэд оновчтой бүтээгдэхүүнийг зах зээлд богино хугацаанд нэвтрүүлэн туршиж, амжилттай хэрэгжвэл дараагийн шатанд шилжиж, хурдтай ажилладаг онцлогтой. Товчоор, ажайл (agile) аргачлалаар ажиллаж, хэт нүсэр бүтцээс зайлсхийдэг. Энэ хүрээнд Uber, Amazon зэрэг томоохон технологийн компанийн адил жижиг багуудад хуваагдаж, нэг зорилгын төлөө ажилладаг бүтцэд аажмаар шилжиж буй. Үүнийгээ “Үр ашгаа бүгд эн тэнцүү хүртдэг загвар” хэмээн онцолсон юм.
Бүх үзүүлэлтээ жигд сайн хөгжүүлж чадсан технологийн компаниуд өндөр өсөлт үзүүлж, дэлхийн топуудын эгнээнд багтах болсон нь санамсаргүй тохиолдол биш.
Тус компанийн 50 орчим ажилтны дийлэнх нь инженер бөгөөд ирэх жилүүдэд энэ тоо хэд дахин өсөх боломжтойг тэмдэглэж байв. Технологийн компанид чадварлаг инженер олон байх тусам тэр хэрээр бүтээмжээ ахиулж, үнэ цэн бий болгож чаддаг. Mezorn Technology -ийн инженерүүд шинэ тутам технологиудад шаардагдах мэдлэгээ бататгах үүднээс Amazon, Microsoft, Google тэргүүтэй томоохон технологийн компаниудын сертификатыг тухай бүрт авч, туршлагаараа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байна.
Өөрсдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэн дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлж, одоо ч шинэ төслүүдэд төвлөрөн идэвхтэй ажиллаж буй Mezorn -оор овоглосон залуусын гол зорилго бол гаднын зах зээлд өрсөлдөх. Тиймээс эртнээс энэ зүгт хандаж, бэлтгэж эхэлжээ. “Бид монгол инженерүүд эх орондоо ажиллаасай гэж хүсдэг. Харин хилийн чанадад байгаа нь Монголдоо ирж ажиллахад хангалттай хэмжээний цалин хангамж, нөхцөл, боломжоор хангахын тулд гадаадын зах зээлд гарч, гаднын жишигт дөхөж очих ёстой. Тэр хүртэл оролдлогууд хийсээр байх болно” хэмээн О.Золбаяр ярьж байна.
Тэрбээр дэлхийд өрсөлдөхүйц амбицлаг компаниуд дотоодын зах зээлд олноор гарч ирэх ёстой. Тэгж байж инженерүүдээ гадагшаа алдалгүй авч үлдэж, хамтдаа ихийг бүтээнэ гэж үздэг нэгэн. Энэ зорилго, тэмүүлэлдээ хөтлөгдөн тэдэнтэй үнэт зүйлийн хувьд ижил төстэй Infinite Solutions компанийн залуустай хамтрахаар Mongol Valley төсөлд нэгджээ. “Зөвхөн өөрсдийгөө болгоод л болчих биш хамтран салбарын асуудалдаа анхааръя, зөвхөн ашиг орлого, боловсон хүчин талаас хандах бус экосистем гэдэг утгаар, өргөн хүрээнд харъя гэж шийдсэн” хэмээн энэ шийдвэрээ Mezorn Technology -ийн гүйцэтгэх захирал тайлбарлаж байна. Mongol Valley -д мэргэжлийн институт, эрдэм шинжилгээний хүрээлэн, акселератор төв, технологийн компаниудын оффис, орон сууц, цэцэрлэг, сургууль байгуулж, бүхнийг цогцоор шийдэх дэд бүтцийг бий болгох нь эхний алхам байх юм.
UBCab -аас блокчэйн технологи, боловсролын төслүүд хүртэл
Одоогоос 13 жилийн өмнө дөрвөн найз хамтран компани байгуулахдаа юу хийх талаар тодорхой төлөвлөгөөгүй байсан ч ирээдүйд олон инженертэй, хэдэн давхар оффистой, Google шиг том компани болно гэсэн итгэл үнэмшлээр дүүрэн ажлаа эхлүүлж байжээ. Өнөөдрийг хүртэл тэд мөрөөдөл рүүгээ бага багаар дөхсөөр яваа. Өнгөрсөн хугацаанд Mezorn Technology компани төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран олон арван бүтээгдэхүүнийг амжилттай хөгжүүлсэн нь нийт 500 мянга орчим хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болж, одоо ч ашиглагдсаар байгаа юм. Тухайлбал, статистикийн мэдээллийг хялбархан олж үзэх EZStat, хуулийн талаар мэдлэг, мэдээллээ бататгах LawsMN, татварын мэдээллийг нэгтгэсэн TaxStat, УИХ -ын гишүүдийн санал хураалт, бүртгэлийг хялбаршуулсан MyParliament (10 гаруй жил амжилттай ажиллаж буй), цаашлаад Монголбанк, НИТХ, МИГ даатгалын платформ гэх зэргээр нэрлэвэл олон бүтээгдэхүүн бий.
“Хилийн чанадад буй монгол инженерүүдийг эх орондоо ирж ажиллахад хангалттай хэмжээний цалин хангамж, нөхцөл, боломжоор хангахын тулд бид гадаадын зах зээлд гарч, гаднын жишигт дөхөж очих ёстой”.
Харин тэд өөрсдөө санаачилж, хөгжүүлж, зах зээлд амжилттай байршуулсан бүтээгдэхүүнүүдээс бидний хамгийн сайн мэдэх нь UBCab апп. Uber -ээс анх санаа авч, 2013 оноос тасралтгүй хөгжүүлсэн энэхүү апп өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөрөнгө оруулалт татаж, шинэчлэгдэж явсаар өнөөдөр дөрөв дэх хувилбартаа шилжиж, өөрийн гэсэн технологийн багтай амжилттай стартап болоод буй. Мөн уг аппаас салбарласан UBEats, UBCall зэрэг апп зах зээлд нэвтрэхэд бэлэн болоод байгаа юм.
Энэ бүхнээс дараа дараагийн томоохон төслүүдээ эхлүүлэх эрч хүч, итгэлийг олж авсан Mezorn Technology -ийнхон боловсролын салбарын хөгжлийг технологийн тусламжтай шинэчлэх, урагшлуулах зорилгоор эдтекийн төслүүдийг санаачлан эрчимтэй ажиллаж эхэлжээ. Цаг хугацаа, орон зай хэмнэхийн зэрэгцээ шаардлагагүй шат дамжлагыг алгасаж, аливааг хялбар шийдэж чаддаг технологийн давуу талыг ашиглан амьдралын зааг ялгаа ихтэй, дэд бүтцийн нэгдсэн шийдэлгүйн дээр Ковид-19 -өөс үүдсэн бэрхшээлд нэрвэгдсэн боловсролын салбарт тодорхой өөрчлөлт гаргахаар зорьж байгаа нь энэ юм. Энэ хүрээнд тэд “Тэтгэлэг” нэртэй аппыг хамтран шинэчилж, дараагийн хувилбарыг хэрэглэгчдэд танилцуулахаар төлөвлөжээ.
“Зөвхөн компьютер, програм дээр ажилладаг хүнийг дизайнер гэхгүй. Харин аливааг системд хэрхэн загварчилж болохыг шийдэж, уялдаа холбоог хангадаг хүнийг дизайнер гэж нэрлэж болно”.
Гол онцлог нь суралцагчаас төлбөр авахгүй бөгөөд орлогоо өөр олон төрлийн сувгаас бүрдүүлэх боломжтой гэж үзэж буй. Үүгээрээ зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бусад боловсролын платформоос эрс ялгарна. “Боловсролын хүртээмж хангалтгүйгээс хүмүүс чанартай боловсрол олж авч чадахгүй байгаа ийм үед бид суралцагчаас төлбөр авах загвараар явах нь тохиромжгүй, шаардлага ч үгүй гэж үзсэн. Харин боловсролын салбарт технологиор дамжуулан суурь боломж, стандартыг бий болгоход бид тодорхой хувь нэмэр оруулж, нийгэмд үнэ цэн бүтээх хүсэлтэй”.
Дотоодын зах зээлд койны ‘халуурал’ газар авч, блокчэйн технологийн талаар идэвхтэй яригдах болсон энэ үед тэд блокчэйныг үндсэн чиглэлүүдийнхээ нэг болгож, тодорхой бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхээр төлөвлөснийг ч дуулгах хэрэгтэй.
Нээлттэй дижитал хөрөнгө
Технологийн бизнест тулгардаг гол бэрхшээл бол тасралтгүй, тогтмол сайжруулж, хөгжүүлэх замаар бизнесээ хурдасгаж, тэтгэх шаардлага. Энэ асуудлыг олон жилийн туршлагаараа сайн мэдэх Mezorn Technology компани аливаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих технологийн шийдлийг тогтмол хөгжүүлэлттэй, чанарын өндөр гүйцэтгэлтэй байх шийдлийг боловсруулаад байгаа юм. Ингэхдээ систем бүтээх үйл явцад оролцдог бүхий л бие даасан жижиг модуль, кодчлол, мөн систем загварчлах, бүтээх аргачлалыг оюуны өмчөөр баталгаажуулж, тухайн төслийн онцлогт тохируулан ашиглах боломжийг бий болгохын зэрэгцээ үйлчилгээ хэлбэрээр авч ашиглахад нээлттэй байхаар зохион байгуулжээ. Эдгээр дижитал хөрөнгийг ашиглан оролцогч талууд цаг хугацаа хэмнэх, үр өгөөж өндөртэй шийдлийг хэрэглээндээ тохируулан бага зардлаар ашиглах боломж бүрдэнэ гэж тэд үзэж буй. Хүссэн хэн ч ашиглах боломжтой нээлттэй дижитал хөрөнгүүдийг бий болгосон шалтгаанаа Mezorn Technology компанийн гүйцэтгэх захирал О.Золбаяр “Олон улсын зах зээлд амжилттай нэвтрэхэд нэг удаагийн оролдлого хангалттай биш, харин олон удаагийн уйгагүй оролдлогын хүчинд сая санасандаа хүрэх урт зам гэдгийг тооцож, сайн багаж зэвсэг ашиглах нь гол хүчин зүйл” хэмээн тайлбарлаж байна.
Бизнесийг загварчлах “урлан”
Mezorn Technology компанийн бас нэг томоохон онцлог бол UI/UX дизайны хүчирхэг баг. Компани байгуулагдсан цагаас аливаа бизнес уулзалтын хажуугаар үйл ажиллагааг нь загварчлах шийдлийг давхар боловсруулж, энэ хэсгээ технологийн хөгжүүлэлтээс тусад нь авч явдаг байсан нь өнөөдрийн гол давуу тал болжээ. Хөгжүүлж буй бүтээгдэхүүн тус бүрт бизнес шинжилгээний баг ажиллаж, бизнес, зах зээлийн судалгаа хийхийн зэрэгцээ шаардлагатай бол бизнес процессыг дахин инженерчлэх зэрэг чухал, нарийн чимхлүүр ажлуудыг гүйцэтгэдэг. “Бизнесийг загварчилж байгаа учраас дизайн гэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ амжилтад хүрэх хувийг 30-40 хувь нэмэгдүүлдэг”.
Энэ ч утгаараа өөрийн гэсэн UI/UX дизайны студи байгуулж, бие даахаар төлөвлөж буйгаа тэд хуваалцсан юм. Учир нь энэ чиглэлээр мэргэшсэн, Монголд урдаа барих цөөн мэргэжилтэн Mezorn Technology -д бий. Тиймээс энэ салбарын онцлогийг таниулах, мэргэжилтнүүдийн тоог нэмэх, өөрсдийн мэдлэг, чадвараа түгээж, Монголын топ аппуудад ажилласан туршлагаа хуваалцах зорилгоор сургалт тогтмол зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 350 хүн хамрагджээ. “Зөвхөн компьютер, програм дээр ажилладаг хүнийг дизайнер гэхгүй. Харин хүнийг ойлгодог, бараг л сэтгэл зүйч шиг ажиллаж, аливааг системд хэрхэн загварчилж болохыг шийдэж, уялдаа холбоог хангадаг хүнийг дизайнер гэж нэрлэж болно” хэмээн Mezorn Technology -ийнхон онцолсон. Цаашид тэд UI/UX студиэ улам өргөжүүлж, илүү олон дизайнер, бизнес шинжээч, энэ чиглэлийн мэргэжилтнээр багаа тэлж, нэг зорилгын төлөө хамтдаа урагшлах хүсэл эрмэлзэлтэй.
Холбогдох:
Вэб хуудас: https://mezorn.com/
И-мэйл: info@mezorn.com
Утас: +976 8888 4014