Ажлын утга учрын талаар яриа өрнөхөд Маслоугийн хэрэгцээний пирамидын талаар хэн нэгэн заавал ярьж эхэлдэг. Маслоугийн бичсэнээр бидний биологийн үндсэн хэрэгцээ болон аюулгүй байдлын хэрэгцээ хангагдсаны хойно хайр халамж, хамт олныг хайж эхэлдэг. Дараа нь өөрийгөө үнэлэх, хүндлэгдэхийг чухалчилж, эцэст нь өөрийгөө олохыг зорьдог. Хэрэв таны амьдралын үндсэн хэрэгцээ хангагдаагүй бол өөр зүйлд төвлөрөхөд хэцүү. Хэрэв таны цалин бага, урд хормойгоороо хойдохоо нөхдөг бол та өөрийгөө ойлгох, олоход хангалттай цаг гаргаж чадахгүй.
Гэхдээ энэ онолыг хагас зуун жилийн өмнө боловсруулсан бөгөөд сэтгэл судлаачид саяхнаас уг онолд шинэчлэл хийх шаардлагатай гэж дүгнэжээ. Маслоуг хэрэгцээний пирамидаа боловсруулж байх үед аж үйлдвэржсэн эдийн засагт хүний биологийн болон аюулгүй байдлын хэрэгцээг хангах байдал дутмаг байсан учраас хүн хоорондын харилцаа чухлаар тавигдаж байв. Харин орчин үеийн олонх компани мэдлэгийн эдийн засаг, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Тэд ажилчдынхаа үндсэн хэрэгцээг төдийгүй бүх хэрэгцээг хангахын тул хоол унд, спорт заалыг нь шийдэх замаар хамгийн сайн ажлын байр болохын төлөө өрсөлдөж байна (Энэ чиглэлд ялсан компаниудын орлого 1984-2011 онд жилийн 2.3-3.8 хувиар өрсөлдөгчдөөсөө илүү байв). Ийм таатай нөхцөлд урд хормойгоор хойдохоо нөхөх тухай бодох шаардлага огт байхгүй.
Тиймээс орчин үед үндсэн хэрэгцээ хангагдах цагт пирамидын бусад хэсэг сарнин алга болж байна. Амжилт, нэр хүндэд хүрэхийн өмнө заавал хайрлуулах шаардлагагүй. Мөн өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэхийн тулд бусад хэрэгцээ хангагдахыг хүлээхгүй.
Хэрэв Маслоу орчин үед үндсэн хэрэгцээнээс гадна ажил дээрээ хүмүүс юунаас сэдэл авдгийг тайлбарлахын тулд хэрэгцээний пирамидаа тэгээс нь боловсруулсан бол ямар байх байсан бол? Энэ асуултад хариулахын тулд Фэйсбүүкийн хэсэг шинжээчид ажилтнуудын дунд жилд хоёр удаа санал асуулга явуулж, ажил дээрээ юуг илүү үнэлдэг талаар асуудаг байна. Хэдэн мянган хариултад анализ хийгээд хүмүүсийг сэдэлжүүлдэг гурван зүйлийг тодорхойлжээ. Тэр нь Карьер, Хамт олон, Үйл хэрэг юм.
Карьер гэдэг нь ажил. Бие даасан байдлыг дэмжсэн ажилтай байх нь өөрийн давуу талуудыг ашиглахад, өөрөө суралцах, хөгжих бололцоог өгдөг. Энэ бол дотоод сэдлийн эх үүсвэр.
Хамт олон гэдэг бол мэдээж хүмүүс. Өөрөөр хэлбэл, бусдын хүндлэл, анхаарал, хүлээн зөвшөөрсөн хандлага. Энэ нь тухайн хүний орчин тойрондоо харьяалагдах, холбогдох мэдрэмжийг төрүүлдэг.
Үйл хэрэг гэдэг нь зорилго. Өөрөөр хэлбэл, тухайн хүн орчин тойрондоо нөлөөлж, өөрийнх нь зорилго байгууллагынхтай давхцаж байгааг ойлгож, тэдгээр нь нийгэмд тус болж байгаад итгэх нь чухал байдаг. Энэ бол хүн өөрөөрөө бахархах үндэс.
Дээрх гурван хүчин зүйл нэг ёсондоо ажилтан болон ажил олгогчийн хоорондох сэтгэл зүйн гэрээ болж, албан бус хүлээлт, үүрэг хариуцлагын хэм хэмжээг тогтоодог. Энэ гэрээ биелж буй тохиолдолд хүн ажилдаа өөрийгөө бүрэн дайчилдаг. Харин гэрээ зөрчигдвөл ажилдаа дургүй, нүд хуурах хандлага давамгайлдгаас гадна хувь нэмэр нь улам багасаж, гүйцэтгэл муудна.
Өмнө нь компаниуд сэтгэл зүйн гэрээний зөвхөн нэг л хүчин зүйлд үндэслэж, сайхан карьер, сайхан хамт олон, том зорилгын аль нэгийг нь амлан ажилд авч, сэдэлжүүлж, тогтоон барьж болдог байж. Харин Фэйсбүүкийн шинжээчдийн дүгнэлтээр хүмүүс илүү ихийг хүсэх болжээ. Тухайлбал, Фэйсбүүкийн ажилтнуудын дөрөвний гурав нь дээрх хүчин зүйлсийг бүгдийг нь чухал гэж хариулжээ.
Мөн судлаачид сэдэлжүүлэгч хүчин зүйлс нь тодорхой бүлэг хүмүүс эсвэл газар орны хувьд ялгаатай байгаа эсэхийг мэдэхийн тулд хэд хэдэн категорид хуваасан байна. Эхлээд насны ялгааг харгалзав.
Миллениалууд өмнөх үеүдээс их ялгаатай гэж ярьдаг ч дээрх судлаачдын олж мэдсэнээр бүх насныхан сэдэлжилтийн хувьд тун ижилхэн байв. Өөрөөр хэлбэл, ахмад залуу гэлтгүй бүгд адилхан зүйлийг хүсдэг байна.
Мэргэжлийн үүднээс аваад үзсэн ч техникийн эсвэл нийгмийн ухаан гэдгээс үл хамаарч инженер, маркетингийн мэргэжилтний аль аль нь дээрх хүчин зүйлсийг тэргүүн ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Маслоугийн нэгэнтээ бичсэнээр “Хүн яг юу хүсэж буйг ойлгох нь сэтгэл зүйн том ололт байдаг”. Фэйсбүүкийн судлаачдын дүгнэж буйгаар эдүгээ хүмүүс юу хүсэж буйгаа маш сайн мэдэж байгаа бөгөөд хүсэх зүйлс нь ижилхэн байна. Өөрөөр хэлбэл, мөрөөдлийн ажил гэдэг бол карьер, сайхан хамт олон, дуртай үйл хэрэг гурваас бүрдэх аж.
Эх сурвалж: HBR