Business.MN сэтгүүл болон сайт бизнесийн салбарт манлайлж буй, шилдэг удирдагч эмэгтэйчүүдтэй тогтмол ярилцаж, тэдний амжилтын түүхийг хуваалцдаг билээ. Тэгвэл тэдгээр шилдгээс 6 хөрөг нийтлэл, ярилцлагыг сонгон хүргэж байна.
1
Амжилтын түүх: Монполимет группийн Ерөнхийлөгч Н.Мөнхнасан
Энэ бүсгүйн талаар дан ганц “Шинэ үеийн эмэгтэй залуу лидер” гэдэг тодорхойлолт хангалтгүй. Учир нь тэр төрөл бүрийн шинж чанарыг өөртөө төлөвшүүлсэн бие хүн.
Тэр бол Монголын томоохон групп компанийн захирал, бас залуухан алдарт эх. Хүнд үйлдвэрийн салбарын манлайлагч, бас олон улсын гоёл чимэглэлийн брэндийн нүүр царай. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн удирдагч, завгүй захирал, гэхдээ ажилсаг гэрийн эзэгтэй. Мөн киксбоксчин ба бясалгагч, математикч ба бүжигчин. Бизнесийн талбартаа бол зарчимч, шударга бус үйл хэрэгтэй хатуу тэмцэгч.
Өөрөөр хэлбэл, Нармандахын Мөнхнасанд мэдлэг хийгээд мэдрэмж, туршлага хийгээд зөн совин, хатуужил хийгээд уян хатан байдал, эр зориг ба гоо үзэсгэлэн хосолжээ. Тиймээс энэ хүн Монголын бизнесийн салбар дахь эмэгтэй захирлуудын дундах ховорхон дүр юм. Тэгвэл энэ дүр хэрхэн бүтсэн юм бол?
2
Л.Болормаа: Эргэлт хийх шаардлагатай цаг үеийг эмэгтэй манлайлагчид илүү удирдаж чаддаг
Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаатай эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, манлайллын талаар ярилцлаа.
Та 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Deutsche банкны ТУЗ-өөр эрсдэлийн удирдлагын стратегийг батлуулж байсан. Ийм манлайлал үзүүлэхэд танд ямар сорилт тулгарч байсан бэ?
Deutsche банк дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон 10 банкны нэг байсан бөгөөд тухайн хямралыг харьцангүй боломжийн туулсан банкны нэг нь. Энэхүү хямралын үед АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банкууд дампуурах, бусад банктай нэгдэх зэрэг олон үйл явдал болж байсан. Миний бие Хойд америкийн банкууд болон брокер дилер, санхүүгийн компаниудын эрсдэлийг хариуцсан багцын менежерийн хувьд банкныхаа ТУЗ-д эрсдэлийн стратегийн бичиг баримтыг гаргаж өгөх болон өөрийн хариуцсан банкуудын арилжааг батлах ажлыг хариуцдаг байлаа. Банкуудын хооронд маш их арилжаа явагддаг тул тэдгээр банкуудтай алдагдалгүй гарах нь маш чухал юм. Түүнчлэн эрсдэл нь далд, өнгөц харахад эрсдэлгүй гэж хэлмээр банкууд ч байсан.
3
Үл хөдлөхийн уран ухаан
Хэтийн зорилго, хийж буй ажлынхаа талаар хэн ч анхааран сонсмоор сонирхолтой яриа өрнүүлж, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлдээ шатаж буй нь дэлгэцийн цаанаас ч мэдрэгдэм ярилцлагыг А.Урангоо “Гарааны бизнес” нэвтрүүлэгт тэртээ долоон жилийн өмнө өгчээ. Нэвтрүүлгийн үеэр тэр “Одоо төвлөрч буй ажлын маань үр дүн гарах хараахан болоогүй байна. Ялангуяа хүний нөөцийн салбараас үл хөдлөх хөрөнгийн салбарт бууриа сэлгэж, бизнесээ эхлүүлж байгаа хүний хувьд” хэмээн товчхон хариулав. Харин өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн салбарыг А.Урангоогүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй болтол тэр өөрийн нэр нөлөөг тамгалж, олны итгэлийг хүлээж чадсан юм. Бизнесээ дөнгөж эхлүүлээд байхдаа л ярьж хэлж, бодож төлөвлөж байсан бүхнээ тэр бодит болгож, амжилттай хэрэгжүүлж чадсаныг өнгөрсөн хугацаанд медиагаар цацагдсан ярилцлагуудаас нь мэдэж болно.
Үл хөдлөх хөрөнгийн салбарт, тэр дундаа Монгол шиг жижиг зах зээлтэй улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн франчайзинг бизнесүүдтэй эн зэрэгцэн компаниа амжилттай удирдаж яваа нь түүнд ямар нэг онцгой ур чадвар нуугдаж байгааг хангалттай өгүүлнэ. Магадгүй хурдан шалмаг ажиллах арга барил, мэдрэмж, мөн төрөлхийн гэмээр холбон тоглох чадвар нь тэрхүү нууц байж ч болох. Гэвч энэ бүхнээс эсрэгээр тэр өөрийгөө “Би зүгээр л salesman/борлуулагч” хэмээн даруухнаар тодорхойлсон юм. Гэсэн ч яагаад хүмүүс түүнтэй хамтран ажиллахаар тэгтлээ тэмүүлдгийг, эсвэл олон оронтой тоогоор хэмжигдэх томоохон борлуулалтуудын ард хэрхэн гарч, амжилттай гэрээ үзэглэдэг тэр л арга барил, туршлага нь олон хүний сонирхлыг татдаг. Нэг үгээр, А.Урангоо өөрөө тэр чигтээ эрэлт ажээ.
4
Б.Өлзийбаяр: Манлайлагч хүн үйлдлээрээ үлгэрлэж, эрсдэл хүлээж чаддаг байх ёстой
Ажил хэрэгч, бие даасан, хүчирхэг! Хаа нэгтээ байнга хэрэглэдгээс бид бараг л залхах тийшээ хандсан эдгээр үг түүнийг харин бүрэн илтгэж байв. Гаднаас утсаар ярингаа эрч хүчтэй алхан орж ирсэн түүний карьерынхаа турш хийж ирсэн алхмууд ч эрс шийдэмгий, зоримог. Өнөөдөр тэр Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түүчээлж буй гол тоглогчдын нэг болж чаджээ. Болдын Өлзийбаяр. Түүнийг хөрөнгийн зах зээлд хөл тавих шийдвэрийг гаргаж байх үед салбарын өнгө төрх өнөөгийнхтэй харьцуулшгүй байсан юм. Гэхдээ орон зай, хөгжих боломж бололцоо байгааг тэр олж харж, өөртөө итгэсэн нь оножээ. “Хүн өөртөө таалагдаж, дуртай зүйлээ хийж, аз жаргалтай амьдрах ёстой” гэх юм уу, “Ямар ч ажил зарчимд суурилах ёстой”, эсвэл “Би урсгал дагаж намирах дургүй. Тиймдээ ч урсгал сөрөх дуртай зан маань шүүмжлэл, магтаалын аль алийг авчирдаг” зэрэг үгс нь зүгээр нэг чамирхал бус, ойлгож, ухаарч, туршлагажсан нэгний харах өнцөг гэдэг нь мэдрэгдэж байсан билээ.
5
Д.Гэрэлмаа: Гадаад зах зээлд гарахын тулд бизнесээ 10 хуруу шигээ мэддэг байх хэрэгтэй
Энэ удаагийн “Манлайлагч” булангийнхаа зочинтой уулзахаар СЭЗИС-ийг зорилоо. Тэр 28 жилийн турш энд багшилж, олон шавь нараа эрдмийн зэрэгт хөтөлж, мөн төдий хэмжээний даацтай судалгааг гараасаа гаргасан нэгэн. Гэхдээ түүний идэвхтэй, өрнүүн он жилүүдийн далайц зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Дамбын Гэрэлмаа гэх нэр Монголын бизнесийн ертөнцөд танил, бас танил бус.
“Би өөрийгөө азтай хүн юм уу даа л гэж боддог. Учир нь нийгмийн өөрчлөлтийн зааг дээр ажлын гараа маань эхэлсэн” хэмээн ярих тэрбээр 1990-ээд оны эхэн үеийн тухай ярьж буйг уншигч та хэлүүлэлтгүй гадарласан биз ээ. Олонх хүний хувьд огцом эргэлт, магадгүй огцом уналт болсон энэ үе бол нийт монголчуудын сорилт, шалгарлын он жилүүд байв. Чухам тэр л үед ажлын гараагаа өөдрөг эхлүүлсэн Д.Гэрэлмаа өнөөдрийг хүртэл боловсорч, хүчирхэгжиж, ган мэт хатуужиж ирэхдээ аливааг гэгээлгээр харж, ажил руугаа эрч хүчтэйгээр шунган ордог чанараа гээсэнгүй. Өдгөө тэрбээр их сургуулийн эрдмийн их ажлаас гадна бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшин сургалт, судалгаа хийхийн зэрэгцээ “Говь” ХК-ийн ТУЗ-ийн даргын хариуцлагатай албыг хашиж буй.
6
П.Одгэрэл: Ажилчид ажилдаа ирэхдээ дуртай байх тийм л орчин бүрдүүлэхийг хичээдэг
-Үл хөдлөхийн салбарт орж ажиллахаасаа өмнөх таны ажлын туршлага? Яагаад заавал зуучлагч гэж? Үл хөдлөхийн зууч хийдэг таны мэргэжил, боловсрол?
Үл хөдлөх хөрөнгийн зуучдын боловсролыг хүмүүс их сонирхдог. Би МУИС-ийн Эдийн засаг, математик загварчлалын ангийг төгссөн. Дараа нь СЭЗДС-д Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Төгсөөд Голомт банканд ажиллаж байгаад эмэгтэй хувцасны дэлгүүрийг долоон жил ажиллуулсан. Гадна талаасаа маш гоё хувцастай, тансаг дэлгүүр ажиллуулдаг харагдаж байсан ч яг үнэндээ түүний ард ганзагын наймаанаас өөр зүйл байхгүй. Сар бүр Бээжин, Гуанжу руу хэд хэд дамжиж гахайгаа чирээд л явдаг байв. Энэ үед миний анхны машин, байр зэрэг суурь хөрөнгө бий болсон боловч бараа зөөхөөс ядарсан. Бүр өөрийгөө зэвэрч байгаагаар мэдрэх болсон. Гэрийнхэн маань ч яах гэж их сургууль төгссөн юм гэцгээнэ. Би энэ цаг хугацаа дуусч байгааг мэдэрч байсан. Гэвч амьдралаа өөрчлөх, эргэлт хийхэд хамгийн гол нөлөө үзүүлсэн явдал нь Эрээнээс бараагаа аваад буцаж байхад тохиолдсон юм. Тэнд Монголчуудгүй үеэр очиж таарсан би нэгэн жижигхэн дэн буудалд хоноглохдоо хятадууд дотор эрхтэн, элэг бөөрийг минь авч байна гэж зүүдэлсэн. Өглөө нь босоод зөндөө их уйлсан. Дараа өдрийн өглөө нь Улаанбаатарт ирээд “пөөнийсөн юм” гэрлүүгээ гахайгаа үүрээд орж байхад пальтотой, компьютерын цүнх барьсан, үнэртэй ус үнэртүүлсэн цэмцгэр эмэгтэй надтай зөрсөн. Тэр эмэгтэйг цааш өнгөрөн явтал араас нь харж зогссон. Амьдрал нь яг зөв яваад байгаа юм шиг санагдсан. Миний хувийн зохион байгуулалт алдагдаж байгаа нь мэдрэгдэж байсан.