Ирээдүйд ямар ур чадварууд хөтлөх вэ?
Энэ нийтлэлээр хөндсөн сэдвийг хэн нэгэн сэтгэгч, зохиолч, мундаг бизнесмен, эсвэл төрийн зүтгэлтний нүдээр биш, бусадтай хамт хөгжих хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн ажил хэрэгч залуу эмэгтэйн нүдээр харахыг хичээлээ.
Б.Даваасүрэн бол сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын жирийн захирал. Гэхдээ байгууллага нь жирийн биш. Гүрэн академи байгуулагдаад хэдхэн жил болж байгаа, танхимууд нь 200 хүрэхгүй метр квадрат талбайг эзлэх ч тэдний төгсөгчид 10 мянгыг хол давжээ.
Голомт банк, Мобиком, Хаан банк, Таван богд, Шунхлай, АПУ, Монос Групп зэрэг үндэсний том компаниуд энэхүү сургалтын хөтөлбөрийн “амтанд” орж, зарим нь менежерүүдээ хөгжүүлэх ажлыг Б.Даваасүрэн болоод түүний багт даатгаад байна. Удахгүй тэд “Дэлхийн түвшний менежер – 2” хэмээх хөтөлбөрөө зарлахаар ажиллаж байна. “Ковидын дараах сургалтын контент” болсон энэхүү хөтөлбөр нь зохион байгуулагчийг жинхэнэ удирдагч болгож, өрсөлдөх чадварт нь том өөрчлөлт гаргах агуулга шингээжээ. Жишээ нь, энэ хөтөлбөрийн 12 модультай хичээл нь өөрчлөлтийг удирдах, ажил дээрээ көүчинг хийх, зөрчлийг удирдах, сэтгэл хөдлөлийн чадамжийг (EQ) манлайлалд ашиглах, ажил даалгах болон эрх мэдэл олгох гэх мэт орчин цагийн гүйцэтгэх захирал, топ менежерүүдэд шаардлагатай ур чадварууд суулгахад чиглэжээ.
Ковидын нөлөөгөөр хамгийн их өөрчлөгдөж буй зүйлсийн нэг нь хөдөлмөрийн зах зээл учраас Английн “Global Growth Institute”-ээс өнөөгийн тодорхойгүй дэлхийд менежерүүд, гүйцэтгэх захирлууд хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг судалсны үндсэн дээр “Дэлхийн түвшний менежер – 2” хөтөлбөрийг боловсруулж, Гүрэн Академи уг контентыг Монголд нутагшуулагч болохын хувьд хэдийнээ нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Сэтгүүлчийн хувиар би Б.Даваасүрэнтэй хэд хэдэн удаагийн ярилцлага хийж байсан бөгөөд менежментийн талаар ярилцахад үнэхээр урамтай. Түүнтэй ярилцаж суухад тэр өөрөө өнгөрсөн хугацаанд санаачилсан том өөрчлөлтийнхөө шилдэг “бүтээгдэхүүн” болсон нь харагддаг. “Чанартай, хүртээмжтэй контент” гэж ярихдаа өөрөө сайн “контент” болж чадсан нь ярианых нь өгөөжтэй, баялаг агуулгаас мэдрэгддэг.
Өөрөөр хэлбэл, тэр бүхнийг мэдэгч биш, харин маш сайн суралцдаг, сурснаа хэрэгжүүлж эргэн тойрондоо нөлөөлж чаддаг менежер болжээ. Тэр нөлөөнд орсон хүмүүсийн нэг нь ярилцлага авагч би өөрөө юм. Сэтгүүлийн редактор буюу хэвлэл мэдээллийн салбар дахь менежерийн хувьд би түүний ярианаас өөрийн болоод багийн зорилготойгоо ажиллах, тасралтгүй суралцах талаар цөөнгүй зүйл сурч, ажилдаа хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл эдгээр ярианы баялаг агуулга нь чухам юу байв гэдгийг дараах байдлаар сийрүүллээ.
Яриа 1: Өрсөлдөх чадвартай байя гэвэл эрүүл бай
Цар тахлын дараах ертөнцөд хувь хүн, байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь ажилтнуудын эрүүл мэнд (Мэнд оршихуй – Wellbeing) болжээ. Дэлхийн том корпорациуд, их сургуулиуд ажилтнуудаа, суралцагчдаа эрүүл байлгахыг хамгийн чухал гэж үздэг болсон. Стэнфордын их сургуулийн хаалгаар ороход хананд нь энд тэндгүй “Ус уу” гэсэн зөвлөгөө байхыг хараад гайхаж байснаа Б.Даваасүрэн ярив. Гэтэл энэ нь үнэндээ ус хангалтай уудаг, хангалттай унтдаг, дасгал хийдэг, зөв хооллодог ажилтан эрүүл байснаар бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай байна гэсэн энгийн логик юм. Хэдийгээр энэ нь сонсоход ярьдаг л зүйлс мэт боловч олон улсын байгууллагуудын олон жилийн судалгаанд үндэслэсэн, системтэй хэрэгжүүлэх арга хэрэгсэл бүхий шалгарсан контентууд байдаг.
Ялангуяа цар тахлын үр дагавраар “Үхчхэж магадгүй” гэсэн айдас хүмүүсийн толгойд суусан учраас их ажиллахаас илүүтэй эрүүл байхыг эрхэмлэж байна. Мэдээж нойргүйдсэн ажилтнуудаас ямар ч бүтээмж, үр дүн хүлээгээд хэрэггүй. Тиймээс процессын амин зүрх нь болсон менежерүүд ажилчдынхаа эрүүл мэндэд санаа тавих нь орчин цагт зайлшгүй хэрэгтэй ур чадвар болж байна.
Цар тахлын дараах ертөнцөд хувь хүн, байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох нэг гол хүчин зүйл нь ажилтнуудын эрүүл мэнд (Мэнд оршихуй – Wellbeing) болжээ.
Б.Даваасүрэн өөрөө маш завгүй ажилладаг ч түүндээ түүртдэггүй. Энэ нь түүний цагийн менежмент болоод өөртөө цаг гаргаж чаддагийн үр дүн. Гүрэн Академи оффис дээрээ гал тогоотой, унтах ортой, бүх ажилтан иогоор хичээллэдэг. Магадгүй өнгөрсөн 2021 онд 10 000 гаруй менежерийг сургаж, бүхэл бүтэн сургалтын онлайн платформ байгуулж, гаднын хэд хэдэн сургуультай хэлцэл явуулж гэрээ байгуулсан нь түүний зөвхөн ажиллах биш бас амарч чаддагтай нь холбоотой.
“Дэлхийн түвшний менежер” хөтөлбөр нь дэлхийн аль ч оронд очоод ажиллахад шаардагдах менежерийн ур чадваруудыг агуулж чадсан. Тэдгээр нь тун энгийн бөгөөд “Эрүүл байх”, “Нээлттэй байх”, “Ажлыг ухаалгаар даалгах”, “Тасралтгүй суралцах”, “Хүнлэг байх” гэх мэтийн ур чадварыг олгодог.
“Дэлхийн түвшний менежер” хичээл дээр суралцагчдаас “Таны амьдралд юу чухал вэ” гэж асуудаг. Чухал зүйлсийн хамгийн эхэнд мэдээж эрүүл мэнд, гэр бүл гарч ирнэ. Нэг үгээр тэд энэ хичээлээс амьдралынхаа хамгийн чухал зүйлд цаг хугацаа, нөөц бололцоогоо ухаалаг зарцуулахад суралцана гэсэн үг. Б.Даваасүрэнгээс “Энэ хичээлээсээ өөрөө хамгийн чухал юу сурч авсан бэ?” гэж асуухад тэр “Би амьдрах боловсролд суралцсан” гэж хариулав.
Яриа 2: Чанартай харилцаа – чанартай менежмент
Анх Б.Даваасүрэн Харвардын бизнесийн сургуультай хамтран гүйцэтгэх захирлуудад зориулсан цахим сургалтыг хийж байхдаа дунд түвшний менежерүүдийн ур чадварыг хөгжүүлэх хэрэгтэйг анзаарч байв. Үүнээс үүдэн “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрийг эхлүүлснээс хойш Гүрэн Академи төр-хувийн хэвшлийн 13000 орчим менежерийг сургаад байна. Ингэхдээ тэр академиа салбар, мэргэжил, нас хүйс хамаарахгүйгээр хэн бүхэн орчин цагийн менежер болоход суралцдаг хамтын хөгжлийн платформ болгон хөгжүүлж чаджээ.
Түүний ярианд “харилцаа”, “хамтран суралцах” гэх зэрэг үгс хамгийн их давтагдаж байв. Учир нь менежер хүний ажил цэвэр харилцаан дээр суурилдаг. Менежер бүхнийг мэддэг байх албагүй. Асуудал, сорилтоо ажилтнуудаасаа нуух шаардлагагүй. Менежер эсвэл захирал болсон хүн өөрийгөө бүхнийг мэддэг, чаддаг мундаг хүн болгох гэж дүр эсгэдэг алдаа олон компани дээр гардгийг Б.Даваасүрэн ярьж байлаа. “Энийг мэдэхгүй, чадахгүй гээд харагдчих вий” гэсэн айдас буруу зүгт хөтөлдөг. Тэр нь явсаар менежментийн ур чадвар хүрэлцэхгүй зөрчил үүсэнгүүт түрэмгий арга руу шилжиж “сэлэм эргүүлчихдэг”. Эндээс л “хяргадаг захирал” гэсэн үг үүсжээ.
Нөгөө талаас зөрчил бол менежерийн хувьд хөгжих боломж. Тухайн ажилтан шийдвэрийг нь дагахгүй байвал ярилцахаас өөр арга зам байхгүй. Ингэж нээлттэй байж чадвал дараагийн шатанд гарна. “Харин хүн болгон таныг хоёр гараа өргөөд дэмжээд байвал улаан гэрэл асчээ гэсэн үг” гэж хэлээд Б.Даваасүрэн инээв.
Ажилчдынхаа хүсэл тэмүүлэл, хэрэгцээ, давуу сул тал, асуудал зовнилыг ойлгож, ур чадварт нь тохирсон ажил даалгаж чаддаг менежер бол эрдэнэс.
Түүнчлэн тэр сайн менежер, шилдэг менежер хоёрын ялгааг тайлбарлав. Сайн менежер ямар нэгэн ажил даалгаж үр дүн гаргуулж авдаг. Харин шилдэг менежер тантай ярилцаж, давуу ба сул талууд, ур чадварыг чинь тооцсоны дараа тохирох ажил даалгаж, аажмаар сургахын зэрэгцээ тохирсон сорилтуудыг өгөх замаар хөгжүүлдэг. Тэгэхээр менежер бол ажил даалгадаг, ажлыг хүлээж авдаг гэхээс илүү ажилтнуудаа ойлгож харилцдаг хүн аж.
Өөрөөр хэлбэл, менежерийн ажил өөрийгөө ойлгуулах харилцаагаар дамжуулж нөлөөлөх байдлаар илэрдэг. “Тийм учраас ажилтнууд байгууллагаа орхидоггүй менежерээ л орхидог” гэж Б.Даваасүрэнг хэлэхэд менежер надад энэ нь тун үнэ цэнтэй зөвлөгөө байв. “Global Growth Institute”-ийн судалгаагаар ч тэр захирал болон менежертэйгээ сайн харилцаатай байдаг ажилтнуудын гүйцэтгэл 79 хувиар илүү байдаг гэжээ. Ялангуяа гүйцэтгэх удирдлагад ажлыг ухаалгаар даалгаж, хуваарилж байх нь нэн чухал гэж үздэг. Зарим судлаачид “Оновчтой хариуцуулан гүйцэтгүүлэх” гэж ч ярьдаг. Ажил даалгахдаа тааруу менежерүүд өөрөө урдуур нь орж ажлыг нь хийн “гал унтраасаар” нэгдүгээрт өөрөө ядарч бүтээмжгүй болж, хоёрдугаарт бие даан хийж чадаагүй ажилтан нь “Намайг үнэлдэггүй” гэсэн шалтгаанаар компаниа орхидог үзэгдэл нийтлэг байдаг ажээ.
Ажилчдынхаа хүсэл тэмүүлэл, хэрэгцээ, давуу сул тал, асуудал зовнилыг ойлгож, ур чадварт нь тохирсон ажил даалгаж чаддаг менежер бол эрдэнэс. Ийм эрдэнэст яаж хувирах тухай агуулга “Дэлхийн түвшний менежер”-т бас бий.
“Би амьдрах боловсролд суралцсан” гэж Б.Даваасүрэнг ярихад нь “Тэгвэл боловсрол гэж юу вэ” гэж асуусан юм. Тэр “Том зургаараа боловсрол бол их юм мэдэхдээ биш. Харин би яаж амьдрах юм, яаж эрүүл явах юм, яаж хүмүүстэй зөв харилцах юм, яаж би өөрийгөө олох юм гэх мэт асуултын хариултыг мэдэж байхыг хэлнэ” гэж хариулав.
Яриа 3: Мэдээллийг мэдлэг болгох нь
Б.Даваасүрэн бас нэгэн сонирхолтой өнцөг хэлсэн нь “Бидний эргэн тойрон мэдээллээр дүүрэн. Гэхдээ бидэнд мэдлэг хомс хэвээр л байна” гэсэн дүгнэлт. Үнэхээр интернэтийн технологи бий болсноор бидний унших текстийн хэмжээ хэдэн зуу дахин ихэссэн ч мэдлэг маань зузаараагүй. Энэ нь бид системгүй, чанаргүй мэдээлэл дунд төөрснийг илтгэж буй аж.
“Дэлхийн түвшний менежер” сургалтаар хүүхэд, томчуудад тавьдаг нэг чухал асуулт байдгийг тэр сонирхууллаа. “Үүнийг мэддэг үү?” гэж хэзээ ч асуудаггүй, харин “Мэдэж авснаа хэрэглэдэг үү?” гэж асуудаг. Учир нь аливаа зүйлийн талаар уншиж эсвэл сонсож мэдсэн байх нь хангалттай биш, харин түүнийг хэрэгжүүлснээр жинхэнэ мэдлэг үүсдэг. Бидэнд мэдээлэл авах суваг дэндүү олон байгаа ч түүнийгээ мэдлэг болгох арга хэрэгслээр үргэлж дутдаг. Тиймээс Гүрэн академийн хичээлүүд нь сургалтаар мэдэж, ойлгож авсан зүйлсийг аль болох хэрэгжүүлж болохоор энгийн байлгаж чаддагаараа үнэ цэнтэй. Ийм учраас төгсөгчид Б.Даваасүрэнтэй эргээд холбогдохдоо “Маш сайхан системтэй ойлголттой боллоо” гэж ярьдаг байна.
Менежер хүний хувьд энэ нь ажлын байран дээрээ сурч мэдсэнээ турших, ажилтнуудынхаа санал бодлыг сонсох, сайжруулах замаар мэдлэг, ур чадварыг эзэмшинэ гэсэн үг. Хэрэгжүүлж байж нөгөө хүсээд байгаа нөлөөлөл, манлайлал бий болно. “Өөрөөр хэлбэл, Гүрэн академийн хичээлүүд нь ХХI зууны тодорхойгүй ертөнцөд менежер хүн яаж манлайлагч байх вэ гэдгийг хялбар аргаар, ойлгомжтой хүргэж байгаа хэлбэр” гэж Б.Даваасүрэн тайлбарлав.
Яриа 4: СЕО сошиал инфлүүнсэр болох нь
“Дэлхийн түвшний менежер – 2” хөтөлбөрийн 12 модуль хичээлийн нэг нь нөлөөллийн тухай тодорхой заана. Б.Даваасүрэнгийн ярьснаар “Сошиал инфлүүнсэр” хэмээх моодонд ороод буй нэр томьёо ч шинэ агуулгаар баяжиж, хоёр төрлийн инфлүүнсэр байдаг болжээ. Эхнийх нь амжилттай мундаг яваа, олон хүн дагадаг, гэхдээ хэлсэн үг, хийсэн үйлдэл нь бусад хүнийг шийдвэрээ гаргахад нөлөөлдөггүй инфлүүнсэр. Харин нөгөө төрлийн инфлүүнсэрийн үг, үйлдэл нь дагадаг хүмүүсийнхээ шийдвэр гаргахад нөлөөлдөг байна.
Менежер, СЕО нар нь байгууллага доторх инфлүүнсэр болохын хувьд нөлөөлж чаддаг инфлүүнсэр байх нь ковидын дараах эринд бүр чухал болж байгааг Б.Даваасүрэн онцолсон юм. Ингэж чадвал ажилтнууд оффис дээрээ эсвэл гэрээсээ ажиллаж байгаа эсэхээс үл хамаарч байгууллагын чухал хэсэг гэдгээ үргэлж мэдрэх болно.
Ажилтнуудаа айдсаар удирддаг, өрөөнд ороод ирэхэд нь ажилтнууд сандарч, ажлаа хийсэн дүр эсгэж байвал тэр хүнд өөртэйгөө ажиллах цаг болжээ гэсэн үг.
Харин ямар захирлууд шинэ нөхцөлд огт тэнцэхгүй вэ гэвэл ажилтнуудаа айдсаар удирддаг, өрөөнд ороод ирэхэд нь ажилтнууд сандарч, ажлаа хийсэн дүр эсгэж байвал тэр хүнд өөртэйгөө ажиллах цаг болжээ гэсэн үг. “Дэлхийн түвшний менежер – 2”-т үүнтэй холбоотой сэтгэл хөдлөлөө удирдах, хэцүү яриаг даван туулах, зөрчилдөөнийг удирдах гэх мэт хичээлүүд бий.
Б.Даваасүрэн өөрөө захирал болохын хувьд бүхнийг мэдэгч, чадагчаас илүү бүхнийг хамтдаа суралцагч, ажлын байран дээрх харилцааны холбон тоглогч байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Судлаачид үүнийг “Ажайл манлайлал” гэж нэрлэх нь ч бий. Тодруулбал, захирал бол өөрөө амжилтад шунахаас илүү хэн нэгнийг амжилтад хүрэхэд нь нөлөөлдөг (influence to succeed) удирдагч яаж болох вэ гэдэг нь чухал болжээ. “Дэлхийн түвшний менежер – 2” ч бас энэ тухай сонирхолтой контентыг амлаж байна.
Яриа 5: Стэнфордын итгэлтэй түнш болсон нь
Б.Даваасүрэнг сурагч ахуйд аав, ээж нь “Боловсрол бол хүнийг өөрчлөх гол хэрэгсэл” гэдгийг сайн ойлгуулсан байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөний дараа Англид сурч эхлэхдээ монгол хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, шүүмжлэлтэй сэтгэх зэрэгт тааруухан байгааг өөрийн биеэр мэдэрчээ. Тиймээс ирээдүйд монгол хүүхдүүдэд заавал тусалж, боловсролд нь өөрчлөлт хийнэ гэсэн хэтийн зорилго өвөрлөх болжээ.
Тийм ч учраас Лондон хотын тав тухтай амьдрал, өндөр цалинтай ажлаа орхин эх орондоо ирж байлаа. Өнөөдөр тэр Харвард, Стэнфорд зэрэг дэлхийн томчуудтай түншийн харилцаатай болж, олон улсад өрсөлдөхөд шаардлагатай ур чадваруудыг боловсролоор дамжуулан Монголд нутагшуулагч болжээ.
2022 онд тэрбээр нэг том ажил төлөвлөж, АНУ-ын Стэнфордын их сургуультай хамтраад дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан томоохон төсөл эхлүүлэхээр гэрээ үзэглэжээ. 2019 онд Гүрэн Академи монгол сурагчдыг Стэнфордын их сургуульд зуны хөтөлбөрийн хүрээнд сургаж байсан. Харин 2022 онд уг хөтөлбөрийг Монголд зохион байгуулж, Зүүн Өмнөд Азийн орнуудаас Монгол руу сурагчдыг авчирч сургах том амбицтай ажиллаж байна. Стэнфордын профессоруудын заадаг хичээл нь хүүхэд бие хүн болж төлөвших, мэргэжил сонгох, мөрөөдөл зорилгоо тодорхойлоход тусалдаг олон улсын шилдэг сургалтын хөтөлбөрт тооцогддог.
Стэнфордын их сургууль дэлхийн маш олон сургуультай хамтарч ажилладаг. Тэр дундаас гуравхан сая хүнтэй, 750 гаруй мянган сурагчтай Монголын нэгэн сургалтын байгууллагатай хамтарч ажиллах болсон нь бас сонирхол татна. Б.Даваасүрэн анх 2019 оны Цагаан сараар Стэнфордын их сургуулийн Прэ-Коллежийн удирдлагатай уулзахаар Америкт очиход түүнтэй ердөө хоёрхон минут уулзаад “Манай менежертэй ярилц” гээд орхиж байв. Гэхдээ Гүрэн Академийн алсын хараа, үнэт зүйлс, үүсгэн байгуулагчийн тууштай байдалд итгэл төрсөн учир хамтын ажиллагаа энэ түвшинд хүрчээ.
“Боловсролын салбарт би мөнгө хийх гэж ирээгүй. Боловсрол бол миний насан туршийн үйл хэрэг” гэж Б.Даваасүрэн ярилаа. Сүүлийн долоон жилд тэр өөрийгөө боловсролын салбарт сэтгэл зүрхээ өгч чадна гэдгээ хангалттай мэдэрсэн бөгөөд гурван жилийн дараа гэхэд Гүрэн академиа хүүхдүүд рүү чиглэсэн сургалтын контентоороо бүсийн тоглогч болгоно гэсэн зорилготой ажиллаж байна. Харин тэрхүү зорилгын эхлэл 2022 оны зун Стэнфордтой хамтарч хэрэгжүүлэх зуны хөтөлбөр юм.
Яриа 6: Боловсролоор дамжуулан өөрчлөлтийг манлайлахуй
Б.Даваасүрэн нь хөгжиж буй залуу манлайлагчийн хувьд нийгэмд эерэгээр нөлөөлж өөрчлөлт хийх арга замыг үргэлж хайдаг нэгэн. Тэрбээр Стэнфордын бага дунд боловсрол хариуцсан профессор Рик Соммертой ярилцаж зөвлөгөө авах үед багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр заавал хэрэгжүүлэхийг зөвлөж, “багш хөгжвөл улс хөгжинө” гэж хэлж байжээ.
Чухам эндээс 2021 онд Гүрэн Академийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн маш том ажил гэж болох “Дэлхийн түвшний монгол багш” санаачилга эхэлжээ. Үүний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, үндэсний том компаниудтай хамтран дунд сургуулийн 1000 захирал, эрхлэгч, сургалтын менежерийг “Дэлхийн түвшний менежер” сургалтад хамруулсан юм.
Эхний 1000 хүнийг үнэ төлбөргүйгээр Гүрэн Академийн сургалтад хамрагдсан нь үр дүнгээ өгч дараагийн удаа суралцагчдын тоог 10 000 болгосон байна. Олон мянган багш нарыг ийнхүү зүгээр нэг Zoom эсвэл Google Meet-ээр биш, мэргэжлийн платформ ашиглан цахимаар сургасан нь анхных болжээ. Хэрэв энэ хэмжээний агуулгыг танхимаар багш нарт заасан бол олон арван тэрбум төгрөгийн зардал гарч, тэр хэмжээгээр улсын төсөв дундрах байв.
Боловсролын салбарт юу хэрэгтэй вэ гэдэг дээр нэг л зүйлийг тэр хатуу мэдэрсэн. Тэр нь олон жил туршилтын объект болж буй багш гэдэг хүнийг үнэ цэнтэй болгох.
Сургалтын зардлын 90 хувийг хувийн компаниуд гаргасныг бас онцлууштай. Учир нь төр-хувийн хэвшил хамтарч иймэрхүү далайцтай том төсөл хэрэгжүүлэх нь нийгмийн капитал (social capital) үүсгэх том хөшүүрэг болдог. Тодруулбал, дэлхийн түвшний менежерийн ур чадвараар зэвсэглэсэн багш нарын сурагчид нь яаж хөгжихийг төсөөлөөд үзэхэд илүүдэхгүй.
Энэ төслийг эхлүүлэхдээ Б.Даваасүрэн юу руу орж буйгаа сайн мэдэхгүй байлаа. 10 000 багшийг төгсгөсний дараа тэр багш нарын хүсэл мөрөөдөл, зовлон жаргалыг илүү ойлгож, чадахгүй байна гэж шүүмжлэхээс илүүтэй нөхцөл байдалдаа бодит дүн шинжилгээ хийж, чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч хамт урагшилж өөрчлөгдөх ёстойг сайн ойлгожээ.
Боловсролын салбарт юу хэрэгтэй вэ гэдэг дээр нэг л зүйлийг тэр хатуу мэдэрсэн. Тэр нь олон жил туршилтын объект болж буй “Багш гэдэг хүнийг үнэ цэнтэй болгох ёстой” гэдэг дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, багшийн ажлыг хамгийн мундаг сурлагатай төгсөгчид эзэмшихийн төлөө тэмцэлддэг байхаар нэр хүндтэй болгох хэрэгтэй. Харин тийм байхын тулд багш нар өөрсдөө хөгжих шаардлагатай.
Гүрэн Академийн багш нарыг сайн дураараа сургасан гол зорилго нь ч үүнтэй холбоотой. Дэлхийн том корпорациудын менежер, захирлуудад заадаг менежментийн хөтөлбөрийг Хөвсгөл, Увс, Говь-Алтайд байгаа монгол багш нар эх хэлээрээ заалгаж байв. Ялангуяа хөдөө орон нутгаас маш олон багш хамрагдсан нь тэд хөгжих, цаг үеийг ойлгох гэсэн тэмүүлэлтэй байгааг харуулсан. Дараа нь хийсэн судалгаагаар цахим хэлбэрээр олон улсад хүчинтэй сургалтын сертификатыг ингэж авч болдог юм байна гэдгээс багш нар их урам авсныг Б.Даваасүрэн ярилаа.
“Дижитал технологи ийм өндөр түвшинд хөгжчихсөн байхад Монголын сумын сургуулийн хүүхэд англи хэлгүйгээсээ болоод олон улсын сургалтын контентыг авч чадахгүй байна. Энэ бол бид өөрсдөө боловсролын хүртээмжийг хумиад, тэдгээр хүүхдийн боломжийг хаагаад байгаа гэсэн үг” гэж тэр онцлов. Тиймээс ч Гүрэн академи гэдэг байгууллага цахим сургалтын давуу талыг ашиглаад цаг хугацаа, орон зайгаас гадна хэлний барьерыг хүртэл арилгаж, боловсролын салбарт өөрчлөлтийг манлайлахыг зорьж байгаа. Үүнийгээ Б.Даваасүрэн “Дэлхийд судлагдсан чанартай агуулгыг монгол хэлээр хүртээмжтэй хүргэх” гэж томьёолов.
Монголд Ардын багш цолтой хүн олон. Гэхдээ тэдний мэдлэг, ур чадварыг жинхэнэ “ардын” болгоход цахим технологи яг тохирно.
Монголд Ардын багш цолтой хүн олон. Гэхдээ тэдний мэдлэг, ур чадварыг жинхэнэ “ардын” болгоход цахим технологи яг тохирно. Тэд гэрээсээ ч гарахгүйгээр олон мянган хүүхдэд нэгэн зэрэг хичээл заах боломжтой нь интернэтээр боловсролыг хүртээмжтэй болгохын гайхамшиг юм. Тиймээс “Дижитал технологи бол дэлхийн боловсролтой нэг гараанаас гарах боломж” гэж Б.Даваасүрэн онцгойлж хэллээ. Цаашдаа багш нарт зориулж энэ сургалтыг үргэлжлүүлье гэсэн саналыг Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас тавиад байгаа аж.
Энэхүү нийтлэлийг бичиж байх зуур Б.Даваасүрэн дахин нэг шинэ мэдээ дуулгав. Гүрэн Академи нь Оксфорд, Иелийн Их Сургуулийн хэл шинжээчидтэй хамтран ажилладаг, англи хэлийг дэлхий даяар сайжруулах зорилго бүхий маш амжилттай яваа технологийн компанинтай гэрээ байгуулахаар болжээ. Энэ хамтын ажиллагаагаар монгол хүүхдүүдийн англи хэл сурахад сурахад тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийн талаар нарийн судалгаа, түүндээ үндэслэн мэргэжлийн багтай хамтран Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийн англи хэлний түвшинг сайжруулах зорилготой аж. Боловсролыг тэгш, хүртээмжтэй болгох түүний үйл хэргийн бас нэгэн том чиглэл ийнхүү эхэлж байна.