Хэвийн үргэлжилж ирсэн дэлхийн дэг журмыг хоёр жилийн өмнөөс орвонгоор нь эргүүлсэн Ковид-19 цар тахал хүн бүрийн амьдралд их, бага хэмжээгээр нөлөөлж, ул мөрөө үлдээсэн. Э.Урангоо ч мөн тэдний нэг. Хэдэн жилийн өмнөөс гүйцэтгэх захирлаар ажиллах болсон “Монкрем” компаниа төлөөлөн тэрбээр Дэлхийн банкнаас зохион байгуулсан үзэсгэлэнд оролцохоор АНУ -ыг ердөө хоёр сарын хугацаатай зорьсон боловч бидний мэдэх шалтгаанаар 1.6 жилийн дараа л эх орондоо эргэн ирсэн юм. Энэ хугацаанд амьдрал буцалж байдаг Нью-Йоркийн гудамж, талбай хэдхэн хоногийн дотор хоосрохыг, оронд нь явуулын эмнэлгүүд энд тэндгүй бий болж, битүү цагаан өмсгөлтэй ажилтнууд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхлэхийг тэр харжээ. Халдварын тоогоороо толгой цохих их хотын тэг дунд “гацаж”, дөрвөн хананы дунд тусгаарлагдсан ч Монгол дахь ажлуудаа онлайнаар амжуулж, хөл хорио суларч эхэлмэгц дэлгүүрүүдээр явж судалгаа хийх зуураа хэд хэдэн шинэ бүтээгдэхүүний санааг тэр гаргаж амжсан байна. Мөн тэндхийн органик брэндүүдийн бүтээгдэхүүнийг хэрэглэж, судалж үзээд “Монкрем” компанийн бүтээгдэхүүнүүд тэдгээртэй чанар, стандартын ижил түвшинд очсоныг, харин үнийн хувьд хавьгүй хямд байгааг анзаарчээ.
“Монкрем” компани үс арчилгааны “Халгай”, ахуйн хэрэглээний Dr.Una, хүүхдэд зориулсан “Маалай Моолой” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үс арчилгааны клиник салон ажиллуулж байна.
“Монкрем” компани монголчуудын сайн мэдэх “Халгай” үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнийг 1989 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэж буй. Түүнийг Америкт байх хугацаанд ч компанийн үйл ажиллагаа зогсолтгүй урагшилж, гэр бүлийн хэрэгцээнд тохиромжтой 1000 мл -ийн шинэчлэгдсэн савлагаатай “Халгай” шампунь болон Dr.Una (Доктор Уна) брэндийн чийгшүүлэгчтэй гар ариутгагч гель, цацдаг “Супер ариутгагч”, бактери устгагчтай гарын хөөсөн саван зэрэг шинэ бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ.
“Сүүлийн үед Монголд органик брэндийн үнэ цэнэ буурчихлаа. Учир нь органик бус бүтээгдэхүүнийг ч органик хэмээн сурталчилж, зарж борлуулах нь олширч, органик брэндүүдэд сөргөөр нөлөөлж байна. Бидний хувьд зөвхөн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн бодлогыг байгуулагдсан анхны өдрөөсөө л баримталсан” хэмээн Э.Урангоо хэлж байна. Тиймдээ ч алсын хараагаа монголчуудад эрүүл, органик хэрэглээг өвлүүлэх хэмээн тодорхойлсон “Монкрем” -чүүд хүнсний шаардлага хангахуйц орц найрлагатай гэгддэг бүтээгдэхүүнийхээ чанарт итгэлтэй байдаг.
Анхны өдрөөсөө л зөвхөн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогыг баримталж ажилласан “Монкрем” компани өдгөө гурван брэндийн 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Дэлгүүр, супермаркетын лангууг импортын бүтээгдэхүүнүүд эзэгнэсэн, өрсөлдөөн ихтэй зах зээлд үндэсний үйлдвэрлэгчийн статусаа олон жил хадгалж, дотооддоо байр сууриа нэгэнт бататгасан “Монкрем” компани байнгын, үнэнч хэрэглэгчдийнхээ ачаар цар тахлыг хүндрэл багатай туулжээ. Одоо тэд олон улсын зах зээлд гарахаар хараа сунгаж байна. Химийн орц найрлагатай бүтээгдэхүүнд агуулагддаг силикон, парабенгүй, ургамлын гаралтай, 100 хувь органик бүтээгдэхүүнүүд нь эрүүл хэв маяг, органик хэрэглээг эрхэмлэх болсон дэлхий нийтийн чиг хандлагатай давхцаж буй нь тэдний давуу тал. Өнөөдрийн байдлаар “Монкрем” -ийн шошготой бүтээгдэхүүнүүд Америк руу бага хэмжээгээр нийлүүлэгдэж байгаа бол үүний цаана цар тахлаас шалтгаалан гэрээ хэлцлийн хувьд түр хойшилсон Япон, Өмнөд Солонгосын томоохон зах зээл тэднийг хүлээж байгаа юм. ISO9001, ISO14000 стандартыг нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаг төдийгүй үйлдвэрийн хүчин чадлынхаа 30 хувьд л хүрч ажиллаж байгаа учраас цаашид экспортоо тэлэх бүрэн нөөц боломж бий гэж тэд үзэж байна.
Өдгөө үс арчилгааны “Халгай”, ахуйн хэрэглээний Dr.Una, хүүхдэд зориулсан “Маалай Моолой” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөрийн бүтээгдэхүүнээр дагнасан үс арчилгааны клиник салоны хоёр ч салбарыг ажиллуулдаг “Монкрем” компани анхны гэх олон тодотголын эзэн. Тухайлбал, Монголд анх удаа гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж батлуулсан, 1994 онд “Тана” нэртэй Монголын анхны шүдний оог үйлдвэрлэсэн, 1997 онд “Халгай” шампунь Японд экспортолсон анхны гоо сайхны бүтээгдэхүүн болсон гээд дурдвал олон. Хамгийн сүүлд гэхэд л Dr.Una брэндийнхээ ээлжит бүтээгдэхүүн болох Монголын анхны органик шүдний оог хоёр сонголттойгоор танилцуулж, худалдаалж эхэлсэн юм. Шүд цайруулах болон буйлны үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх таван салаан хандтай оо нь өөр хаана ч байхгүй орц найрлагатай бүтээгдэхүүн болж чаджээ.
“Монкрем” компани монгол эрдэмтний мэдлэг, нөү-хауг шингээсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байна”.
Харин “Маалай Моолой” брэндийн чацарганатай хүүхдийн шүдний оо өнгөрсөн жилүүдэд бэстселлэр бүтээгдэхүүн болж, эцэг эхчүүдийн дунд эрэлттэй байдгийг Э.Урангоо хэлж байна. Энэ ооны ачаар өглөө, орой угаалгын өрөөнд үүсдэг бяцхан дайн үгүй болж, хүүхдүүд шүдээ угаах дуртай болсон талаар олон эцэг эхээс тэр өнгөрсөн хугацаанд сонсчээ. Буйлны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хэрнээ жимсний зөөлөн амттай, органик найрлагатай оо хүүхдэд тааламжтай санагдахын зэрэгцээ санаандгүй залгисан ч аюулгүй зэргээрээ хэрэглэгчдийн талархлыг хүртээд буй.
“Манай бүтээгдэхүүн амжилттай байгаагийн гол нууц бол технологи. Үргэлж хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн бүтээдэг, компанийн маань гол технологич, үүсгэн байгуулагч Э.Уранчимэг доктороороо бахархдаг. Европ технологийг монгол хөрсөнд нутагшуулсан хүн. “Монкрем” компани 33 жил амжилттай үйл ажиллагаа явуулж буй нь түүний тууштай зангийн үр дүн. Тийм ч учраас бид монгол эрдэмтнийхээ мэдлэг, нөү-хауг шингээсэн бүтээгдэхүүнүүдээ олон улсын зах зээлд гаргах, таниулах зорилготой ажиллаж байна” хэмээн Э.Урангоо онцоллоо.
Химийн ухааны доктор Э.Уранчимэг Чех улсад 10 жил мэргэжлээрээ сурч, ажилласны эцэст эх орондоо ирж, 1989 онд “Монкрем” компаниа байгуулж, түрээсийн байранд гурван ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тухайн үед хоногт 150 литр шампунийг хүнсний зориулалтын хутгагч машинаар хийж байсан бол өнөөдөр өндөр хүчин чадал бүхий өөрийн үйлдвэртээ 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сав баглаа боодлоо ч өөрсдөө шийдэх болжээ. Тиймээс Ковид -19 -ийн хүндхэн үед бараа материалын тасалдал багатай ажиллаж, бүтээгдэхүүнээ зах зээлд хангалттай хэмжээнд нийлүүлж чадаж байв. Гэвч Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн туулж өнгөрүүлсэн 33 жил үргэлж дардан замаар яваагүй юм. Хүмүүсийн мэдэхээр “Сувд”, “Цагаан шөнө”, “Мөнгөн дэлбээ” тос, “Ганга” шампунь зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан ч зах зээлийн шуурганд өртөж, “Халгай” брэндээ авч үлдсэнээс эхлээд ямар ч орлогогүй болж, ажилтнуудынхаа цалинг өгч чадахгүй хүнд үе ч цөөнгүй тохиож байв. Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Э.Уранчимэг ажилдаа үнэхээр дуртай байсан тулдаа л бэрхшээл тоочиж суулгүй, асуудалд бодитой хандаж, цаг тухайд нь шийдэл гаргаж, хэрэгжүүлсээр өнөөдрийн түвшинд компаниа босгожээ. Цар тахлын үед гэхэд л түүний өөрийн нэрийг илэрхийлэх Dr.Una брэндийн бүтээгдэхүүнүүд хамгийн өндөр борлуулалттай байж.
“Манай бүтээгдэхүүн амжилт олсон гол нууц бол технологи”.
“Монкрем” -ийн бүтээгдэхүүнүүд олон жилийн турш үргэлжилсэн байнгын судалгааны үр дүнд төрдөг. Энэ хүрээнд тэд МУИС, АШУҮИС -ийн эрдэмтдийн багтай хамтран ажилласаар байгаа юм. Уг хамтын ажиллагааны үр дүнд төрсөн, өндөр үр нөлөөтэй нь судалгаагаар ч, амьдрал дээр ч батлагдсан бүтээл бол буурал үсний цогц бүтээгдэхүүн. Эдгээр бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэхэд насжилтаас хамааран, үсний бууралтыг 77.7 хувиар бууруулж буйг “Монкрем”-ээс онцолсон. Тус компанийн гол брэнд бүтээгдэхүүн “Халгай”-н гол түүхий эд, монголчуудын дунд эртнээс эмчилгээнд ашиглаж ирсэн эмийн ургамал болох халгайг сонгон бүтээгдэхүүн болгосон талаараа доктор Э.Уранчимэг ингэж тайлбарладаг. “Монгол халгай эрдсээр нэн баялаг, витаминлаг. Эдгээр нь уураг болон коллагеныг нөхөн төлжүүлдэг гэдгийг эмийн ургамлуудын талаар судалж байх явцдаа олж мэдсэн. Тиймээс халгайг түүхий эд болгон бүтээгдэхүүн хийхээр шийдсэн. Гол нь халгайнд агуулагддаг эрдэс, витаминуудын онцлог нь хүний үсийг эрүүлжүүлэх онцгой бүтэц мөн байсан. Ингээд хоёр жилийн турш судалгаа хийсний үр дүнд “Халгай” шампунь хийх технологийг гарган авсан”.
Угаасан даруйд үр дүнгээ үзүүлэх химийн өндөр орц найрлагатай импортын бүтээгдэхүүнээс “Халгай” шампунь органик найрлага, эмчилгээний гэх зориулалтаараа эрс ялгардаг. Тиймээс тогтмол хэрэглэж, үр дүнг нь нэгэнт мэдэрсэн хүмүүс байнгын хэрэглээгээрээ “Халгай”-г сонгодог аж. Үс унах, хагтах, өнгөө алдах, халцрах, шингэрэх зэрэг толгой өвтгөсөн асуудлаас олон хүнийг эмчилгээний цогц бүтээгдэхүүн, клиник салоны үйлчилгээгээрээ дамжуулан ангижруулж, сэтгэл хангалуун болгосоор ирсэн нь тэдний тогтвортой үйл ажиллагааны гол үндэс. Өдгөө “Монкрем” компани 30 гаруй үндсэн ажилтан, мөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг улирлын чанартайгаар ажиллуулж, жилээс жилд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан, эрүүл, органик хэрэглээг өвлүүлэх зорилгоо тээн урагшилж байна.