Санхүүгийн зөвлөх Ч.Батчимэг
Санхүүгийн тайлангийн талаар нухацтай ярих цаг хэдийн болжээ.
Би татварын албанд 20 гаруй жил ажилласан бөгөөд санхүүгийн тайлан бол хамгийн чухал зүйл гэж боддог. Би энэ албанд ажиллах хугацаандаа татвар төлөгчдөөс тайлан хүлээн авах чиглэлээр мэргэшин анхан шатнаас нь эхлээд бодлогын түвшинд хүртэл ажиллажээ. Одоо харин хувиараа зөвлөгөө өгч, хуримтлуулсан туршлага, мэдлэгтээ үндэслэн докторын зэрэг горилох судалгаа хийж байна.
Судалгаа хийх олон сэдэв байна. Ач холбогдолтой байх, цаашдаа санхүүгийн салбарт үр дүн гаргахуйц судалгаа хийхийг зорьж олон чиглэлээр сэдвээ хайж, боловсруулж байгаа юм.
Санхүүгийн тайлангийн ач холбогдлыг хөндөж байгаа минь сүүлийн үед татварын албанд ирүүлж буй тайлангийн чанартай салшгүй холбоотой. Татварын алба татвар төлөгчдөөсөө татварын тайланг бүрэн авахыг хичээдэг. Тайлагнасан байх нь чухал юм. Тиймээс ч татварын албаны тайлангийн систем сүүлийн 30 жилд хамгийн хурдацтай хөгжсөөр ирсэн, цаашдаа ч илүү сайжирна.
Түүх цухас ярихад намайг залуухан албан хаагч байхад санхүүгийн тайлан гэж хэдхэн тоо тавьсан, үнэн зөв нь мэдэгдэхгүй юм ирдэг байлаа. Тэрийг нь шалгана, татварын тайланг нь зөв гаргуулна гэж урдаа баахан хүн шавуулаад, оочер дараалал, уур бухимдал дүүрэн сууж ажилладаг цаг үе байлаа. Тэр үед аудитын компаниуд дөнгөж шинээр байгуулагдаж байсан бөгөөд бидний урд нэрийн хуудас мэт жижиг цаас авчирч тавина. Санхүүгийн тайлангийн маягт хэвлүүлж дэргэд тавина. Түүнийг нь зарж өгөөд мөнгийг нь тушаана. Даргын өгсөн үүрэг даалгавар гэж санана. Гэтэл тэр нь цаанаа бизнес байдгийг мэддэггүй байлаа. Заримдаа ном, бас тоглолтын тасалбар хүртэл заруулдаг байсан. Эцэстээ өгөхөөсөө ч ичнэ, өөрөө цалингаасаа төлж авна. Амаргүй цаг үе байсан. Тийм л байх ёстой юм байлгүй гэж аялдан дагаж явсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хирээр юу нь зөв, юу нь буруу болохыг таньж эсэргүүцэх чадвар сууж ирсэн юм.
Яагаад энэ бяцхан дурсамжийг өгүүлж байна вэ гэхээр САНХҮҮГИЙН ТАЙЛАНгийн чанарын асуудлыг хөндөхгүй байх нь төрийн албандаа ч тэр, татвар төлөгч аж ахуйн нэгж иргэддээ ч тэр хүндрэлтэй болж ирж байгаа харагдаад байна.
Санхүүгийн тайлангийн чанар эцсийн дүндээ хэнд хэрэгтэй вэ?
Санхүүгийн тайлан Сангийн яамны веб хуудсан дээр 20 жилийн өмнө ямар байсан яг тэр байдлаар нэгтгэгдсээр байна. Энэ хооронд нэг л удаа өөрчлөлт орсон. Цаашид энэ системийг хөгжүүлэхэд амаргүй л байгаа. Тайлан гаргах ААН-ийн тоо жил бүр ихсэж дата бааз хадгалах нь мөнгө үрсэн ажил болж байгаа ч байж мэднэ. Сүүлийн үед анзаараад байхад торгуулийн дүн нь бизнес эрхлэгчийг нягтлан, аудитын компаниуд айлгаж үйлчилгээнийхээ үнийг нэмдэг бизнес болгож хувиргасан байх шинжтэй.
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль гэж хоёр удаа батлан, нуун дарагдуулсан хөрөнгөө ил болгож, татвар нөхөн төлүүлэхгүй байх арга хэмжээ авч байсан. Энэ нь санхүүгийн тайлан худлаа хийгдэж ирснийг зөв болгуулна гэсэн том найдвар төрүүлж байв.
Гэвч САНХҮҮГИЙН ТАЙЛАН бидний хүссэнээр үнэн зөв байж чадаж байна уу?
Томоохон компаниудын хувьд санхүүгийн тайланг үнэн зөв хөтлөх нь зайлшгүй зүйл. Шаардлага ч өндөр тавигдах ёстой. Гэтэл бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд тэдэнтэй адил шаардлага тавьж тэдэнтэй адил дүнгээр торгууль хүлээлгэх нь шударга уу?
Саяхан УИХ-ын дарга Занданшатар таван саяас дээш орлоготой иргэдийн татварыг нэмэх талаар санал хэлж байна. Нэг талдаа энэ нь шударга юм. Бас нөгөө талдаа энэ бол татварын бодлого хэрэгжүүлж буй буруу арга юм.
Яагаад нэг сая төгрөгийн цалинтай хүн, таван сая төгрөгийн цалинтай хүнтэй адилхан 10 хувиар татвар төлж байна вэ? Гар дээр нь очих мөнгөний хувьд бага цалинтай хүнд бага л дүн үлдэнэ. Өргөн цар хүрээгээр нь харвал орлогын ялгаатай байдлаас хамаарч татварын хувь хэмжээ ялгаатай байх нь шударга зарчим болно. Харин таван саяын цалинтай хүмүүс нийгэмд цөөн хувь эзэлдэг ч тэдний нийгэмд үзүүлэх нөлөө нь их, дуу хоолой нь хүчтэй. Тиймээс эсэргүүцэл нь өндөр байна. Инфляцтай холбоод тайлбарлавал асуудал бүр өөрөөр ундарна. Тиймээс л татварын бодлогод олон өгөгдлийг тооцож бодох хэрэгтэй байдаг. Дутуу бодвол том эсэргүүцэлтэй тулна.
Санхүүгийн тайлагнал яг үүнтэй адил юм.
Жилийн тэрбум төгрөгийн орлоготой компани тайлангаа ирүүлээгүй бол дөрвөн саяар торгуулна. Гэтэл 100 сая төгрөгийн орлоготой эсвэл бүр огт орлого олоогүй, зарлагаа зээлээр санхүүжүүлж яваа бичил, жижиг аж ахуйн нэгжүүд адилхан дөрвөн саяар торгууль төлнө.
Гэтэл монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь нь бичил, жижиг аж ахуйн нэгжүүд байдаг. Тэд санхүүгийн тайлан байтугай татварын тайлан ч хийхгүй явна. Хийвэл “тохируулж хийгээрэй” гэсэн зааварчилгаа дагалдуулна.
Тэгвэл бүх аж ахуйн нэгж санхүүгийн тайлан гаргах хэрэгцээ бий юу?
Санхүүгийн тайланг ямар аж ахуйн нэгж гаргавал үнэн зөв хийж, өөрсдөд нь ач холбогдолтой байх вэ?
Манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь санхүүгийн тайлан гаргаж өгдөг вэ?
Аж ахуйн нэгж бүрээс санхүүгийн тайлан авахаар хуульчилсан нь зөв үү?
Цаашдаа хүн ам өсөхийн хэрээр орлого олох иргэд, аж ахуйн нэгж ихэснэ. Монголчуудын нэг онцлог нь байгуулсан компаниуд ихэнх нь нэг гишүүнтэй эсвэл ах дүүс, гэр бүлийнх байна. Тэд санхүүгийн тайлан байтугай татварын тайлан гаргаж өгөхгүй олон жилээр оршин тогтнож бизнесээ явуулсаар байна. Олон арга замаар орлогоо санаатай болон санамсаргүйгээр нууна. Нийтлэг хууль зөрчигчид ихтэй. Тэрийг нь аргалж тайлан хийдэг аудитын компаниудтай. Татварын албанаас өнгөц шалгахад л торгуулийн арга хэмжээнд толгой дараалан унасан байдаг. Шалгах нэг хэцүү шалгахгүй байх ч нэг хэцүү. Нийтлэг зөрчил байсаар байдаг. Тэгээд л төрийн алба нь ч муу нэртэй, татвар төлөгчид нь ч буруу үйлтэй. ЯАЖ ЭНЭ БАЙДЛЫГ ЗАСАХ ВЭ?
Одоогоор бол аргатай чаргатай нь аргалаад явна. Аргагүй нэг нь тамга гэрчилгээгээ авдартаа хийгээд хадгалаад мартана. Эндээс л нөгөө төрийн албан хаагчдыг “Авлига авдаг” энэ тэр гэж цоллох шалтгаан үүснэ. Гэмгүй төрийн албан хаагчийг гэмтэн мэт нийгэмд буруу ойлголт түгээнэ. Гэмтэй хэсэг бүлэг этгээд дунд нь ашиг хонжоо хайна.
Татварын албанаас хамгийн сүүлд хэрэгжүүлсэн нэг том ажил бол ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАН. Одоогоор нягтлангуудын хувьд бол хамгийн дургүй хүрэм нэг ажил нэмэгдсэн ч байж магадгүй. Харин ач холбогдлын хувьд цаашдаа санхүүгийн тайлагналд үр дүнгээ өгөх чухал ажил. Энэ тайлан гарснаар олон хүмүүс байгуулаад мартсан компаниудаа мэдэж авч байж магадгүй. Тэгэхээр тэдний мартсан компаниуд одоо хууль зөрчигчид болж, татварын алба болон санхүүгийн хэлтэст тайлан өгөөгүй торгуульд унасан асуудал эхлээд босно. Цаашдаа маш олон зүйлийн эхлэл болж өгнө. Хамгийн эхлээд үүсдэг асуудал бол ТОРГУУЛЬ.
Үнэндээ “Торгуулиар айлгах төлөвлөгөө”-г тайлан авч буй төрийн байгууллагаас гадна тайлан гаргаж өгдөг нөгөө бүлэг бизнесүүд маань хэрэгжүүлэгчид нь болоод байна.
Ачаалал нь ч тэдэн дээр ирдэг. Сая тайлангийн үеэр анзаарахад татварын тайланг ямар ч хүмүүс гаргаад өгч чадаж байна.
Харин санхүүгийн тайланг заавал нягтлан эсвэл эрх бүхий байгууллагаар хянуулж илгээх шаардлага үүсдэг. Тэгээд бичил, жижиг аж ахуйн нэгжүүдийн тайлагналын асуудал “Өөрөө мэдээд боломжит байдлаар гарга, бага татвар төлөхөөр гарга” гэх мэтээр нягтлангуудад дарамт болон ирж байна. Заримдаа ч “Өчнөөн сая орлогыг чинь нууж, төлөх татварыг чинь бууруулж тайлан гаргалаа, нэмж тэдийг өг” гэсэн дарамтад ч зарим захирал ордог. Ийм байдал үргэлжилсээр, хатуу аргаар зүтгэсээр байх уу аль эсвэл хэн хэндээ уян хатан өөрчлөлтийг хуульдаа суулгаж өгөх үү?
Санхүүгийн тайлагнал яагаад төрд ч тэр, нягтлангуудад ч тэр, татвар төлөгч бизнесүүдэд маань бүгдэд нь ДАРАМТ болчхов оо?
Бид хэтэрхий жижиг зүйлийг хуульчилж томруулснаар төрийн байгууллага нь ачааллаа дийлэхгүй, татвар төлөгчид нь хууль зөрчих үндэс болоод байгаа юм биш биз?
Энд бичсэн эргэцүүлэлтэй холбоотой би нэгэн судалгаа хийж байгаа бөгөөд доорх холбоосоор асуулга бөглөөд үзэхийг санал болгож байна. Асуулгатай холбоотой санал, дүгнэлт байвал та бүхэн үлдээгээрэй.
Асуулга бөглөх: https://biz.mn/7cLp
Компанийн нэр хүнд өрсөлдөх чадвар болон хөрөнгө оруулалтад санхүүгийн тайлан дүрмийн сан дүрмийн сан ямар яа холбогдолтой юм бэ. бас гэр бүлийн бизнес ба компанийн бизнес юугаараа ялгаатай юм бэ ач холбогдогл давуу тал болон сул тал юу вэ гэдэг талаар маш их сургалт явуулмаар байна. Бараг Компани нээхэд нь үүсгэн байгуулагч захирал нарт энэ талын мэдлэг мэдээлэл сургалтыг тогтмол явуулах хэрэгтэй. Мөн тайлангуудаа өгдөг орлогоо нуух боломжгүй компани түүхий эд бараа материал авахдаа Е баримт падаан өгдөггүй ХХК болон наймаачид лангууныханаас болоод зардалаа бүрэн баталгаажуулж чадахгүй хохирдог .