Аливаа байгууллагад нягтлан бодогч, санхүүчдийг орлого, зарлагын гүйлгээ бүртгэдэг, цалин боддог, татварын тайлан бэлтгэдэг хүн мэтээр төсөөлөх нь элбэг. Нягтлан бодогч гэх энэ мэргэжилтэн тухайн байгууллагад үнэ цэнийг бүтээгчдийн нэг нь байдаг. Чухам тэд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нягтлан бодогч болохын тулд мэргэжлийн ур чадвараа хэрхэн ахиулах хийгээд уг мэргэжлийн олон улс дахь хөгжлийн чиг хандлага, үнэлэмж ямар буй, эргээд байгууллагуудын хүлээлт хэрхэн хувьсаж буй талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-ийн гүйцэтгэх захирал Р.Номинчимэгтэй ярилцлаа.
Тус институт нь нягтлан бодох бүртгэл, аудитын салбарыг хөгжүүлэх, мэргэжлийн хувьд Монгол Улсыг олон улсад төлөөлөх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхээс гадна салбарын мэргэжилтнүүдийг тасралтгүй хөгжүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм.
Р.Номинчимэг нь АНУ-ын Колорадо мужийн Их сургуулийг нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагаар төгсөж, Куантик бизнес, технологийн их сургуулийн захирлуудад зориулсан бизнесийн удирдлагын хөтөлбөрт тэтгэлэгээр хамрагдан төгссөн бөгөөд менежмент, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудад ажиллаж ирсэн нэгэн.
-Таны хувьд яагаад нягтлан бодогч мэргэжлийг сонгох болсон шалтгаанаар ярилцлагаа эхлэе?
– Би анх менежмент эсвэл маркетингийн чиглэлээр суралцах бодолтой байсан ч тухайн үед манай ангид санхүүгийн бүртгэлийн хичээл орж байсан профессор маань бидэнд нягтлан бодох бүртгэл нь аливаа аж ахуйн нэгж амжилттай явахад ямар чухал болохыг ойлгуулж, энэ мэргэжлээр суралцах урам зориг өгсөн.
Нягтлан бодох бүртгэлийг бизнесийн хэл гэж үздэг бөгөөд үүнийг ойлгохгүйгээр ахисан шатны менежментийн ажил гүйцэтгэх нь учир дутагдалтай. Учир нь нягтлан бодох бүртгэл, түүгээр боловсруулагдан гардаг мэдээллийг маш сайн ойлгож байж бизнесийн эрсдлийг оновчтой удирдан үр дүнтэй хөрөнгө оруулалтын болон бусад шийдвэрүүдийг гаргах чадамжтай болдог. Тэр утгаараа тухайн үед урт хугацааны зорилго маань юу билээ гэж нэлээд бодсон. Ингээд нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагатай хамт бакалаврын зэргээ хамгаалах юм бол магадгүй дараа нь магистрын түвшинд стратеги, маркетинг, менежмент чиглэлээр илүү мэргэшиж болох юм гэх бодол төрсөн.
Бизнесийн удирдлагын зөвхөн нэг чиглэлээр суралцаж ажиллахад зөвхөн тэр чиглэлээрээ эксперт болно. Иймээс эхний ээлжинд санхүү, нягтлан бодох бүртгэлийн ойлголттой болсноороо бизнес болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хувьд ч оролцогч талуудтайгаа ижил хэлээр ярилцан ойлголцож, нэг үр дүнгийн төлөө явах боломж, зам нь тавигдах учраас энэ мэргэжлийг сонгосон. Ахисан түвшний менежментийн албан тушаал, гүйцэтгэх удирдлага нь тухайн хүнээс маш олон төрлийн ур чадвар, мэдлэг шаарддаг.
-Өөрийн карьер болон салбарынхаа хөгжлийг ажиглахад нягтлан бодогч хүн мэргэжлийнхээ юугаар бахархах ёстой вэ?
-Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил өөрөө ганц бизнесийн байгууллагаар хязгаарлагдахгүй. Төрийн алба, ашгийн болон ашгийн бус ямар ч байгууллага нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Бүх шатны байгууллагад нягтлан бодогчдын хэрэгцээ шаардлага бий. Тэр хэрэгцээ шаардлага нь ямар цар хүрээнд байх нь тухайн байгууллагын онцлогоос хамаарна. Нягтлан бодогчдын одоогийн шаардлага нь зөвхөн тайлан баланс гаргаад, нийгмийн даатгал, татварын тайлан бэлтгээд явах биш үүнээс гадна тухайн байгууллагынхаа гүйцэтгэх удирдлагын хамгийн том зөвлөгч, чухал шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц шаардлагатай мэдээллийг боловсруулж өгөх үүрэгтэй байдаг. Тэгэхээр нягтлан бодогч хүн өөрийгөө сорьж, тасралтгүй хөгжүүлж, бэлтгэж мэргэших нь тухайн хүний өөрийнх нь үүрэг хариуцлага. Мөн олон чиглэл рүү хөрвөх боломжтой мэргэжил.
-Орчин үеийн чиг хандлага хаашаа явж, юунд чиглэж байна вэ? Монголын нягтлан бодогчид яах ёстой вэ, ямар шинэ сорилтууд хүлээж байгаа вэ?
-Техник технологи ингэж хурдацтай хөгжиж амжаагүй байх үед нягтлан бодогч нар MS Excel дээр ажиллах, тоо тооцоолол гаргахад маш их цагийг зарцуулдаг байсан. Харин өнөөдөр ингэж их цаг зарцуулдаг байсан ажилбаруудыг бидний өмнөөс технологи автоматаар хийгээд өгч байна. Үүнийг дагаад ажил олгогч, гүйцэтгэх удирдлагын багийн нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтнээс хүлээх хүлээлт нь илүү стратегийн түвшний шийдвэр гаргагч байхад чиглэж байна. Өөрөөр хэлбэл, санхүүч, нягтлан бодогч нар шийдвэр гаргалтад нь нөлөөлөхүйц түвшний зөвлөгөө өгдөг, дата анализ хийж дүн шижилгээ гарган байгууллагад давуу байдал бий болгох талаас нь ажилладаг байх шаардлагатай болж байна. Аудиторуудын хувьд ч мөн адил. Нөгөө талаас нягтлан бодогч нь аудиторын өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх түвшний мэргэжлийн ур чадвартай байх ёстой болчихоод байна. Үүний зэрэгцээ зөөлөн ур чадвар буюу бусадтай харилцах чадвар, хувь хүний хөгжил талдаа нэлээд сайн анхаарах шаардлагатай болж байна.
-Нягтлан бодогч нь компаниа зах зээл дээр давуу байлгах, байгууллагын үнэлгээ өсөхүйц байдлаар удирдлагадаа шийдвэр гаргахад нь хэрхэн туслах боломжтой байдаг вэ?
– Нягтлан бодогчид компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, аливаа эрсдэлээс хэрхэн сэргийлэх талын мэдлэг, ур чадварыг зайлшгүй эзэмших хэрэгтэй. Нөгөө талаас санхүүч, нягтлан бодогч нь байгууллагын гадаад орчныг судлах, эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлэх, тэр нь уг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буй зэрэгт дүн шинжилгээ хийж гүйцэтгэх удирдлагын баг оновчтой шийдвэр гаргахад нь зөвлөж дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Монгол Улсад инфляциас гарах үр дагавар, зах зээл, орчноо үнэлсний үндсэн дээр шийдвэр гаргах гэх мэт дүгнэх ур чадвар шаарддаг. Үүнээс гадна албан тушаал дэвшиж, зэрэг ахия гэвэл мэргэжлийнхээ нарийн ур чадварыг сайжруулахаас гадна удирдахуйн ухааны болон зөөлөн ур чадваруудаар өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх шаардлага гарч байгаа юм.
-Санхүүгийн зөв сахилга батыг нягтлан бодогч яаж авч явах ёстой вэ? Орчин үед санхүүгийн сахилга бат гэдэг ойлголт ямар агуулгатай байна вэ?
-Байгууллагад засаглалын болон хяналтын тогтолцоог бүрдүүлэх, төсвийн гүйцэтгэлийг шинжлэх, санхүүгийн тайлан бэлтгэх нь ганцхан нягтлан бодогч хүний хариуцлага биш. Үүнд тухайн байгууллагын удирдлага давхар хариуцлага, үүрэг хүлээдэг. Тайлан баланс дээр тухайн байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч, санхүү эрхэлсэн захирлын аль аль нь гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тэр хүрээнд тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон хяналтын тогтолцоо, засаглалыг бий болгох гэдэг нь удирдлагын үүрэг хариуцлага байдаг. Үүнд зөвлөгөө өгдөг гол хүн нь мэргэшсэн нягтлан бодогч. Иймээс хамтарч баг болж ажиллах ёстой.
-Та энэ том байгууллагын удирдлагаар томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. ММНБИ-ийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ? ММНБИ-ийн шинэ гүйцэтгэх удирдлагын хувьд хийхээр зорьж буй ажил, шинэчлэлүүд юу байна вэ?
-ММНБИ нь үүсгэн байгуулагдаад 30 орчим жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн. Яалт ч үгүй мэргэжлийн чиг хандлага, гадаад орчин, техник технологи хөгжиж өөрчлөгдөж буй учир мэдээж мэргэшихээр зорьж байгаа нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчдын хэрэгцээ шаардлагад тохирсон стратегийг хэрэгжүүлэх, тухай бүр шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийгээд явах нь маш чухал. Энэ хүрээнд мэргэшсэн нягтлан бодогчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ММНБИ-ийн нийгэм дэх байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь төгөлдөршүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ аливаа өөрчлөлт шинэчлэлт, үр дүн гарахад цаг хугацаа шаарддаг.
Нягтлан бодох бүртгэл нь бизнесийн хэл бөгөөд үүнийг ойлгохгүйгээр ахисан шатны шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжгүй.
Ихэнх хүмүүс ММНБИ-ийг зөвхөн сургалт явуулж, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгодог байгууллага гэсэн ойлголттой байдаг. ММНБИ нь олон улсын мэргэжлийн байгууллагад гишүүнчлэлтэй, олон улсад Монгол Улсыг төлөөлөх мэргэжлийн байгууллага юм. Энэ утгаараа манай байгуулага эдийн засгийн хөгжил, нийгэм дэх баялагийн хуваарилалт, олон нийтийн сайн сайхны төлөө нягтлан бодогч, аудиторуудыг мэргэжлийн стандарт, ёс зүйг мөрдүүлж ажиллуулах, тэднийг хөгжүүлэх чиг үүрэгтэй.
Иймээс цахим шилжилтийг үргэлжлүүлэн хөгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байна. Мөн институтийн гишүүд нь олон улсын стандартуудын боловсруулалт, хөгжүүлэлтэд институтээр дамжуулан оролцох замаар олон улсын түвшинд мэргэжлийн дуу хоолойгоо хүргэх, шууд бусаар саналаа өгөх эрхтэй байдаг. Тэр хэмжээнд гишүүд маань өөрсдөө идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.
-Мэргэжлийн байгууллагын хувьд аль талаа илүү хүчитгэх хэрэгтэй гэж харж байна вэ? Тухайлбал, нягтлан бодогч мэргэжлийн үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Монголын мэргэшсэн нягтлан бодогчид олон улсад ч гэсэн хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Ийм хэмжээнд хүргэх сургалтыг бид явуулж, тэднийг чадавхижуулахаар ажилладаг.
Нягтлан бодогчид маань хэдий хэмжээнд өөрсдийгөө хөгжүүлж, уншиж суралцана төдий хэмжээгээр чадавхи нь сайжирна гэсэн үг. Мэргэшсэн нягтлан бодогч боллоо гээд суралцахаа орхихгүйгээр институтээс санал болгож буй сургалтуудад хамрагдан, өөрчлөгдөн хувьсаж буй нийгэм, эдийн засгийн орчинд өөрийгөө үргэлж хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Манай гишүүн мэргэшсэн нягтлан бодогч нь жилдээ 40 цагийн тасралтгүй хөгжлийн сургалтад хамрагдах үүрэгтэй. Тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлсэн, өндөр чадавхи зэмшсэн нягтлан бодогчдын байгууллагад өгөх үнэ цэнэ нь дагаад өсдөг. Энэ нь мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнэтэй шууд холбоотой.
-Мэргэших гэж байгаа хүмүүст гол үнэ цэн нь юу вэ гэдгийг тодруулж ярихгүй юу?
Мэргэшсэн нягтлан бодогч болоход тодорхой хэмжээнд ажлын туршлагатай байх ёстой. Хүний сэтгэлзүй талаасаа ч тэр, их сургуулиа төгсөөд тодорхой хэмжээнд ажилласны дараа мэргэжлээ дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад суухаар арай өөр нүдээр харж эхэлдэг. Мэдлэгээ бататгаад, дээрээс нь илүү гүнзгий практик ур чадваруудыг олж авна гэсэн үг.
Мэргэжлээрээ тасралтгүй хөгжиж мэдлэг, түвшин ахих тусам тухайн байгууллагынхаа хөрөнгө оруулалт, санхүүжилт, үйл ажиллагаа явуулж буй зах зээл зэргийг багтаан илүү том зургаар нь харах чадамжтай болдог. Ингэснээр тухайн байгууллагын гүйцэтгэлийг илүү бодитой сайн хэмжиж чаддаг болох ба стратегийн түвшинд үр дүнтэй шийдвэр гаргаж, үнэ цэнийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, тухайн гүйцэтгэх удирдлагын багтаа шийдвэр гаргахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөөг өгөх чадвартай болох юм.
-Ер нь нягтлан бодогч мэргэжлийн үнэлэмж олон улсад ямар байдаг вэ? Энэ үнэлэмжийг өсгөх олон улсын ямар туршлагууд байна вэ?
-Бусад хөгжингүй, хөгжиж буй орнуудын жишгийг харахаар ихэнх тохиолдолд олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд ч юм уу, төсвийн байгууллагуудын санхүү эрхэлсэн дарга, захирлууд ихэвчлэн мэргэшсэн, өөрсдийгөө итгэлт түнш гэдгээ баталгаажуулсан хүмүүс байдаг. Ер нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авна гэдэг нь мэргэжлийнхээ хувьд өөрийгөө тодорхой хэмжээгээр баталж харуулж, үнэлэмжээ өсгөж буй хэрэг.
Мэргэшсэн нягтлан бодогч нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд өөрийн ур чадвар, үнэ цэнээ бий болгож хөгжүүлэх хэрэгтэй.
Олон улсад мэргэшсэн нягтлан бодогчийн ур чадварыг санхүүгийн тайлагнал, гүйцэтгэлийн удирдлага, татвар, бизнесийн шинжилгээ, хууль эрх зүй, мэргэжлийн ур чадвар, ёс зүй гэх мэт мэргэжлийн чадамжийн хүрээгээр тодорхойлсон байдаг. Үүнээс харахад мэргэшсэн нягтлан бодогч нь байгууллагын үйл ажиллагааны бүхий л шатыг хамарсан үнэлэмж өндөртэй зөвлөх, экперт байдаг. Манай Институт нягтлан бодогч, санхүүчдийг энэхүү түвшинд хүргэхийг зорин ажилладаг.
-Зах зээл дээр мэргэшсэн нягтлан бодогчийн хэрэгцээ шаардлага, эрэлт хэр их байна вэ?
-Эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна. Одоо цагт хамгийн гол нь ур чадвар сайтай, өөрийгөө маш сайн хөгжүүлсэн, тийм түвшний нягтлан бодогчдыг хайж байгаа, асууж байгаа байгууллага олон байна. Зах зээлд ч гэсэн сайн санхүүч, мэргэшсэн нягтлан бодогч ажилд авна гэсэн зарууд байнга явж байна. Хамгийн гол нь нягтлан бодогч өөрийгөө байгууллагад үнэ цэнээ оруулахуйц хэмжээнд хөгжүүлэх нь чухал.
-Мэргэжилтний ёс зүйн тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Нягтлан бодогч хүн өөрөө мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийг авахдаа мэргэжлийн ёс зүйн сургалтад хамрагдаж шалгалтаа өгч, цаашлаад мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөдөг. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм нь 2021 онд Олон улсын нягтлан бодогчдын холбоо (IFAC)-ноос гаргадаг Нягтлан бодогчийн ёс зүйн олон улсын дүрэмд нийцүүлэн шинэчлэгдсэн.
ММНБИ нь мэргэжлийн байгууллагын хувьд гишүүд болон олон нийт, оролцогч талуудад энэ талаар ойлголт өгөх үүрэгтэй. Энэ дүрмээр аудит, ёс зүй хариуцаж байгаа газар хэлтэс маань энэ жил тодорхой сургалтууд хийнэ.
Баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье
Баярлалаа.сайн сайан бүхнийг хүсье
Зөв хүнээр гүйцэтгэх захирлаа сонгосон байна. Боловсрол мэдлэг, ажлын туршлага, баг удирдах чадвартай, алсын хараатай бүсгүй. Амжилт хүсье.