“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “ЭН СИ ДИ ПРЕКОН ХХК”-ийн ахлах инженер Б. Лхагва-Очиртой ярилцлаа.
– “ЭН СИ ДИ ПРЕКОН ХХК” нь барилгын хийц, эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2020 онд байгуулагдсан билээ..Үйл ажиллагааныхаа зорилго, чиглэлийн талаар яривал?
Манай компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Улаанбаатар хотын өнгө төрхийг чимж байгаа, томоохон бүтээн байгуулалтууд болох орон сууцны цогцолбор хотхоны төслүүдэд ариун цэврийн өрөөг үйлдвэрийн нөхцөлд урьдчилан үйлдвэрлэж, мөн өрөө хоорондын тусгаарлах ханын төдийгүй амины орон сууц барих зориулалттай хөнгөн ган каркасыг нийлүүлж байна. Цаашид цайрдсан, хөнгөн ган хийцлэл болон төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж, үйлдвэрийн аргаар чанартай баталгаат барилгын хийц, эдлэлийг захиалагч, барилгын компаниудын хэрэгжүүлж буй төслүүдэд дизайн зураг, стандарт нормын дагуу бэлтгэн нийлүүлдэг болох зорилготой.
– Хийж хэрэгжүүлсэн төсөл болон онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Дээр өгүүлсэнчлэн орон сууцны ариун цэврийн өрөөг зөөврийн хэлбэрээр үйлдвэрлэж Гарден Сити, Ривер Плаза, Вега Сити төслүүдэд нийлүүлээд байна. Технологийн хувьд барилгын талбай дээр гүйцэтгэхэд төвөгшилтэй, цаг их зарцуулдаг, хяналт тавихад хүндрэлтэй байдаг ажил бол ариун цэврийн өрөөний дотор ажил юм. Эдгээр хүндрэлүүдийг шийдэхэд дөхөм болгох зорилгоор “Зөөврийн ариун цэврийн өрөө” төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан нь барилгын салбарт дэвшилтэт алхам болсон гэж боддог. Үүнийг хэрэгжүүлж буй хамт олноороо бахархаж байна .
– Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан хүндхэн хугацаа өнгөрлөө. Энэ цаг үед албан байгууллага бүрд хэрэглэгчдээ татах оновчтой бодлого чухал билээ. Танай компанийн хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
Цар тахлын хүнд нөхцөлд бид Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу бүхий л арга хэмжээг авч, нэлээдгүй хугацааг алсын зайнаас буюу гэртээ оффислон ажиллаж өнгөрүүлсэн. Үйлдвэрийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн онцлог нь үйлдвэрлэлийн өмнөх зураг төсөл, төлөвлөлт байдаг тул хорио цээр суларч ажиллах хэвийн нөхцөл бүрдтэл бүхий л бэлтгэл ажлуудаа базаасан. Тэдгээрээс онцгойлон нэгийг дурдвал “Термо хана” төслийн баримт бичгийг боловсруулсны үр дүнд бид Монгол улсад анх удаа MNS 6947:2022 буюу “Хүйтнээр цувьж хэлбэржүүлсэн (профиль), цайрдсан ган каркаст бүрээсэн угсармал хана. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг 2022 оны 1-р сард амжилттай батлуулж нэвтрүүлээд байна.
Ирээдүйн хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн, үйлчилгээг гардаж үйлдвэрлэдэг хүний нөөцөө тогтвортой байлгах нь байгууллагын хувьд чухал асуудал байлаа. Энэ тал дээр нэлээд анхаарч ажилласан.
– Бүтээн байгуулалт 2022 олон улсын үзэсгэлэнд оролцож байгаа гэж сонссон. Үзэсгэлэнгийн үеэр танилцуулах онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ бий юу?
Барилгын төслүүдэд үйлдвэрт урьдчилан бэлтгэгдсэн бүтээц, эдлэл ашигласнаар тухайн төслийн үргэлжлэх цаг хугацааг хэмнэх, талбайн зохион байгуулалт, хяналтыг хялбарчлах, хог хаягдлыг бууруулах гээд менежментийн олон давуу талтай.
Бүтээн байгуулалт 2022 үзэсгэлэнд бид “Термо хана” төслөө танилцуулахаар оролцож байна. Финланд, ОХУ зэрэг улсуудад аль хэдийн нутагшсан цайрдсан ган рамтай, дулаалгын үе бүхий ханын хавтанг төмөр бетон төдийгүй металл каркасан барилгуудад хашлага бүтээцээр ашиглаж, фасадны бүх төрлийн материалаар бүрж өнгөлөх боломжтой. Ингэснээр өндөр барилгуудад өрөгт бүтээц ашиглах шаардлагагүй болно. Мөн термо хана, түүний үндсэн бэлдэц болсон термопрофилийг ашиглан өвөл, зуны амины орон сууц барих боломжтой. Зэврэлтээс хамгаалсан цайрын бүрхүүл түрхлэгтэй, даацын “С” профильд шатарчилсан цоолбор гаргаснаар “С” профилийн нимгэн ханаар дамжих дулааны урсгал буюу дулааны алдагдлыг бууруулсан онцлогтой шийдэл юм.
– Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль, аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна. Тэгвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Бүтээн байгуулалт 2022” үзэсгэлэнд оролцсоноор үүсэх давуу тал, боломжуудыг хэрхэн харж байна?
“Бүтээн байгуулалт 2022” үзэсгэлэнд ирж буй зочдод төдийгүй, бусад байгууллага компаниудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах зорилготойгоор оролцож байна. Барилга, уул уурхай болон бусад салбарынханд өөрийн бүтээгдэхүүн түүний технологийн онцлогийг танилцсанаар мөн бусдын хийж хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцаж хамтран ажиллах боломжийг судалж цаашдын үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.