Компани: “Мобифинанс ББСБ” ХХК
Чиглэл: Финтек (Төлбөрийн цогц шийдэл)
Гүйцэтгэх захирал: Б.Үнэнбат
Цагаан сорочка, жинсэн өмд, цагаан пүүз өмсөн тайзнаа гарч ирсэн Тацуяа Хамадагийн арын дэлгэц дээр “hi” гэсэн улаан бичиг тодрон харагдана. Үргэлж албан хослол өмсөж, өө сэвгүй, цэмцгэр харагддаг тэрбээр энэ удаа энгийн, чөлөөт байдлаар хувцаслан олон нийттэй мэндчилэхээр гарч ирсэн нь содон байв. “Мобиком” корпорацийн хувьд түүхийн нэг хуудас хаагдаж, дараагийн бүлэг рүүгээ ороход бэлэн боллоо. Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын түүхийг 25 жилийн турш амжилттай бичилцэж ирсний хувьд бид шинэ технологи, шинэ бизнесээр дамжуулан цаашид ч хүмүүсийн амьдралыг илүү энгийн, хялбар болгохыг зорьж байна” хэмээн тус корпорацийн ерөнхий захирал асан (Тацуяа Хамада корпорацийнхаа ТУЗ -ийн даргаар саяхан томилогдсон) тэрбээр хэлсэн нь 2021 оны есдүгээр сарын 10 буюу “Мобиком” түүхэндээ анх удаа рибрэндинг хийж, шинэ лого, үзэл санаа, өнгө төрхөө олон нийтэд танилцуулсан өдөр байв.
Үүнтэй зэрэгцэн сошиал ертөнцөөр уг рибрэндингийн талаар хэдэн өдрийн турш хүчтэй “хэлэлцүүлэг” өрнөж, эерэг, сөрөг сэтгэгдлүүд тасралтгүй хөвөрч байсан ч энэ бүхэн төд удалгүй мартагдсан бол “Мобиком” -ынхон төлөвлөсөн ёсоороо дижитал хувьсалд тулгуурласан MonPay, VOO зэрэг үйлчилгээнийхээ хамрах хүрээг тэлж, зах зээлд баттай байршуулах алхмуудыг идэвхтэй өрнүүлж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, “Мобиком” корпораци үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, харилцаа холбооны салбараас санхүүгийн бизнес, финтек чиглэлд хүч үзэхээр шийджээ.
Гэхдээ энэ бүхэн хүмүүсийн ой тойнд сайтар хоногшсон Candу цахим мөнгөний үйлчилгээндээ рибрэндинг хийж, MonPay нэрээр цоо шинэ концепцтойгоор зах зээлд ахин танилцуулсан 2020 оноос хэдийнэ эхэлсэн байв. Өнөөдрийн байдлаар MonPay аппыг 1.2 сая хүн утсандаа татаж, идэвхтэй ашигладгаас 20 хувь нь бусад үүрэн холбооны компани (“Мобиком” -ын бус) -ийн хэрэглэгчид юм. Тэд үндэсний төлбөрийн шийдэл хэмээх тодотголтойгоо яв цав нийцсэн үйл ажиллагаа явуулдаг нь зөвхөн Улаанбаатарт төвлөрөх бус 21 аймгийн хэрэглэгчдэд хүрч, хамгийн өргөн сүлжээг хамарч чадсанаас тодорхой харагддаг.
Энэ жилийн 4 дүгээр сарын байдлаар MonPay -ийн харилцагчдадаа олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 дахин нэмэгджээ. Энэ хурдаа хэвээр хадгалбал хөрөнгийн зах зээлд дахин шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлага ч үүсэж магадгүйг тэд хэлж байна.
“MonPay хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэггүй гэдгээрээ л банкнаас ялгаатай. Харин хэрэглэгчийн тоогоор авч үзвэл бид системийн таван банкны дараа эрэмбэлэгддэг” хэмээн “Мобифинанс” компани (Мобиком корпорацийн охин компани, MonPay үйлчилгээг хөгжүүлэгч) -ийн гүйцэтгэх захирал Б.Үнэнбат онцолж байна. 2019 онд MonPay апп Монголбанкны ACH (Automated Clearing House) системд холбогдсоноор төлбөр тооцооны гүйлгээг бүх арилжааны банктай секундийн зөрүүгүй хийх боломж бүрджээ. Хэрэглэгч MonPay -ээр дамжуулан 100 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд олон улсын стандартад нийцсэн кредит скоринг системийн тусламжтай гүйлгээний давтамж, төлбөр төлөлт, ашиглаж буй багц зэрэг датад суурилан эрсдэлийг үнэлсний үндсэн дээр хэрэглэгчид тохирсон зээлийн хэмжээг санал болгодог. Энэхүү барьцаагүй, шуурхай бичил зээлийн үйлчилгээ нь хамгийн бага хүүтэй гэдгээрээ бусад үйлчилгээнээс ялгардаг.
“MonPay бол зах зээл дэх хамгийн хялбар бүтээгдэхүүн гэдгийг бардам хэлнэ. Апп руугаа орж сонгосон зээлээ дарлаа, авлаа, орлоо. Ийм л хэдхэн алхамтай. Ер нь алсдаа хүмүүс хамгийн хялбар төлбөрийн шийдлийг л сонгоно. Ирээдүйд бид хэрэглэгчдэд өргөн сонголт бий болгох үүднээс аппд суурилсан виртуал карт гаргахаар төлөвлөсөн. Нэг ёсондоо, хүн бодит карттай байхыг хүсэж болно, эсвэл 16 оронтой дижитал карттай байх сонирхолтой ч байж болно, үгүй гэвэл зүгээр л MonPay аппаа ашиглаад явсан ч болно” хэмээн “Мобифинанс” -ын гүйцэтгэх захирал ярьж байна. Харин яг одоо тэд MonPay -ийг найман настнаас наян настан хүртэлх бүх хүн хэрэглэхэд энгийн, ойлгомжтой байхад анхаарч ажиллаж байгаа юм. Энэ бүхэн “Мобиком” -ын шинэхэн уриа үг “Энгийнийг ухаалгаар” хэмээх агуулгатай ч дүйж буй.
Саяхныг хүртэл хөгжим, радио сонсох, зурагт үзэхийн тулд хүмүүс тус тусын зориулалт бүхий төхөөрөмжийг ашигладаг байсан бол одоо энэ бүгдийг ухаалаг утасны тусламжтай нэг дороос амжуулах боломжтой болсон. Ингээд зогсохгүй, технологийн хөгжил цааш улам гүнзгийрч, ухаалаг утсан дээрх төрөл бүрийн аппликэйшнүүд рүү чиглэсэн билээ. Эндээс аяндаа ялгарал үүсэж, супер апп буюу хүний өдөр тутам тогтмол ашигладаг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс аль болох олныг нэг дор төвлөрүүлсэн аппууд эрэлттэй болж ирсэн.
Өөрөөр хэлбэл, олон апп ашиглаж, тэр тоолонд бүртгэл үүсгэж тухайн үйлчилгээг авахаас илүүтэй нэг аппаас бүгдийг хүртэх нь хэнд ч тэр хялбар шийдэл байсан хэрэг. MonPay -ийн зорилго ч өөрөө энэ учраас дотроо өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн мини аппын цуглуулгатайгаас гадна MonPay маркет хэсэгт дотоодын стартап, жижиг дунд бизнесүүдийг мөн төвлөрүүлжээ. Хоол, хүнс захиалах, төрөл бүрийн тоглолт, эвентийн тасалбар худалдан авах, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, олон тооны урамшуулал, купон авах боломжоор дүүрэн байдгаараа MonPay томоохон худалдаа, үйлчилгээний төвд виртуалаар зорчиж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Эдгээр нь мэдээж хэрэг дэлхийн супер аппуудын жишгээр төлбөрийн шийдэлд суурилж буйг дурдах хэрэгтэй.
Хүмүүсийн түгээмэл асуудаг “Яагаад MonPay -ийг сонгох ёстой вэ?” гэсэн асуултад “Тогтвортой үйл ажиллагаа явуулж, тогтвортой өсөлтөд тэмүүлдэг учраас” гэж маш товчоор хариулдаг.
Өнгөрсөн онд хөрөнгийн захад хоёр ч бүтээгдэхүүн, тухайлбал, нээлттэй, хаалттай бонд гаргасан Мобиком корпорацийн хувьд анх удаа олон нийттэй үр ашгаа хуваалцах нээлттэй алхам хийсэн нь хэд хэдэн онцлогтой байв. Тухайлбал, арваннэгдүгээр сард “Мобифинанс” компани MonPay бондын захиалгаа эхлүүлснээс ердөө 35 минутын дараа зорьсон үнийн дүн болох нэг тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлсэн юм. Монголын анхны дижитал бонд гэдэг утгаараа MonPay бонд “Сэндбокс зохицуулалтын орчны журам” -ын дагуу нэвтрүүлсэн анхны бүтээгдэхүүн болсон зэргийг ч онцолж болно. Энэ утгаараа хэрэглэгчид үнэт цаасны данс нээх, мөнгө байршуулах, бондын захиалга өгөх, хүүгийн өгөөж хүртэх зэрэг бүх үйлдлийг MonPay аппликэйшнээр дамжуулан дижитал орчинд хийх боломжтой болсон нь захиалга хурдан шуурхай биелэхэд эерэгээр нөлөөлжээ.
Харин үүнээс хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн зургадугаар сард хаалттай бонд гаргасан нь мөн л амжилттай хэрэгжсэн төслийн тоонд багтаж буй. “Мобиком”-ын хувьд төдийлэн өндөр дүнтэй биш эдгээр бондоор дамжуулан хөрөнгийн зах зээлийн хандлагыг мэдрэх, дараагийн алхмаа тодорхойлох, мэдээлэл технологийн суурь нөөцөө магадлах, зээлийн үйлчилгээний санхүүжилтээ нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зорилготой байв. Гол нь эдгээр төслийн үр дүнд энэ жилийн дөрөвдүгээр сарын байдлаар MonPay -ийн харилцагчдадаа олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрөв дахин нэмэгджээ. Энэ хурдаа хэвээр хадгалбал хөрөнгийн зах зээлд дахин шинэ бүтээгдэхүүн гаргах шаардлага ч үүсэж магадгүйг Б.Үнэнбат хэлж байв. Хүмүүсийн түгээмэл асуудаг “Яагаад MonPay -ийг сонгох ёстой вэ?” гэсэн асуултад тэрбээр “Тогтвортой үйл ажиллагаа явуулж, тогтвортой өсөлтөд тэмүүлдэг учраас” гэж маш товчоор хариулдаг. Үнэхээр ч MonPay -ийн ард олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Мобиком корпораци байгаа нь өөрөө томоохон давуу тал.
“Бид бол мөс хагалагчид. Тиймдээ ч манай хамт олны эрэл хайгуул, алдаа оноо энэ салбарт хөл тавих дараа дараагийн компаниудад ажиллах суурь орчныг нь бүрдүүлж өгч байгаа”.
Өнгөрсөн хугацаанд MonPay мессенжэр ашиглан зурвас илгээх, мөнгө шилжүүлэх, бүтээгдэхүүн худалдан авах, зарах боломжийг нэвтрүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бол тун удахгүй дэд аккаунт үүсгэж, хүүхдэдээ бэлэн мөнгө өгч явуулахгүйгээр өдрийн хэрэглээнийх нь хязгаарыг тогтоож, төлбөр тооцоо, зарлагыг хянах үйлчилгээг нэмэхээр төлөвлөжээ. Ер нь MonPay хүний амьдралд байнга давтагдаж буй үйлдлийг хялбаршуулах зорилготой. Тиймээс бүтээгдэхүүн, үйлчилгээний уян хатан нөхцөл, шинэлэг байдал, нэвтрүүлсэн шийдэл зэргээрээ бусдаас ялгардаг ч хамгийн гол нь бүх оролцогч талд ашигтай экосистемийг үүсгэх хэмээн тайлбарладаг. Товчхондоо, бүх оролцогч тал буюу хэрэглэгч, мерчантууд, зохицуулагч байгууллагууд, хөрөнгө оруулагчдад ээлтэй экосистемийг бий болгосноор сул зардлыг технологи ашиглан бууруулах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал, жижиг дунд бизнесүүд MonPay -ээр дамжуулан өөрийн гэсэн урамшууллын системийг бий болгох боломж нээлттэй бий. Level Up урамшууллын хүрээнд тухайн мерчантын тодорхой борлуулалт тутамд тодорхой хувийн купоныг MonPay -ээс хэрэглэгчид олгодог нь шинэлэг шийдэл бөгөөд одоогоор 8000 орчим мерчанттай хамтран ажиллаж буй. Эдгээр мерчант урамшууллын боломжуудаа өөрт ашигтайгаар эргүүлэх бололцоо их бийг “Мобифинанс” -аас онцолж байв.
MonPay хүний амьдралд байнга давтагдаж буй үйлдлийг хялбаршуулах зорилготой. Ер нь алсдаа хүмүүс хамгийн хялбар төлбөрийн шийдлийг л сонгоно. Мөн бүх оролцогч талд ашигтай экосистемийг үүсгэх нь бидний алсын хараа.
MonPay -ийн мерчантууд дунд “Номин”, “И-март”, “Оргил”, “Миний дэлгүүр”, “Эфес”, “M Mарт” зэрэг томоохон сүлжээ дэлгүүр багтдаг нь нийт гүйлгээний 40 хувийг эзэлдэг аж. Худалдааны мерчантуудад байршуулсан QR кодыг уншуулахад хэдэн секунд л хангалттай учир аль аль талын цаг, зардлыг хэмнэх давуу талтай. Харин одоо тэд QR кодоос гадна ПОС төхөөрөмжид төлбөрийн системээ байршуулж эхэлснээр цар хүрээгээ улам тэлж буй.
Үүний зэрэгцээ гуравдагч банк бус санхүүгийн байгууллагуудыг MonPay аппт байршин бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх бололцоог тун удахгүй нэвтрүүлэх гэж буйгаа “Бүгд өөрийн апптай байх шаардлагагүй. Апп хөгжүүлэх зардлаа MonPay -д бүртгүүлэн байршсанаар бүрэн хэмнэх боломжтой. Бид зөвхөн аппын шимтгэл гэж маш бага хувийн төлбөр авах юм” хэмээн тайлбарлаж байна. Мөн төрийн бус байгууллага, холбоо, хувь иргэд гэх зэрэг нийгмийн тодорхой бүлгүүд MonPay -ийг ашиглан гүйлгээ бүрийнхээ тодорхой хувиас хандив цуглуулах, хуримтлал үүсгэх боломжтой гэдгээрээ Wechat, Alipay зэрэг томоохон апптай адил. Энэ мэтээр үргэлжлүүлбэл MonPay -ийн үүсгэж буй экосистемийг дагасан маш олон боломж бий. Цаашид ч шинэ боломжууд бүтээгдсээр байх нь эргэлзээгүй. Б.Үнэнбат “Бид бол мөс хагалагчид. Тиймдээ ч финтекийн салбарт, дижитал орчинд хэрхэн шинийг санаачилж, сонирхолтой бүтээгдэхүүн гаргах вэ гэдэгт ямагт анхаарч ажилладаг. Нөгөө талаар, бидний эрэл хайгуул, алдаа оноо энэ салбарт хөл тавих дараа дараагийн компаниудад ажиллах суурь орчныг нь бүрдүүлж өгч байгаа” хэмээн тэмдэглэж байна.