Одоогоос хоёр жилийн өмнө нарлаг Калифорни мужийн Лос-Анжелос хотноо Монголын нэгэн компани салбараа нээж, Японы алдарт DAIKIN брэндтэй хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж эхэлсэн нь гадаад зах зээлд хүч үзэх хэтийн төлөвлөгөөнийх нь зөвхөн нэг хэсэг байв. Air Comfort Experts нэрээр Америкийн өрсөлдөөн ихтэй, өндөр стандарттай зах зээлд зориглон хөл тавьсан Сэрүүн групп бол Монголын халаалт, хөргөлт, агааржуулалт, агаар сэлгэлт (HVAC) -ийн зах зээлийн дийлэнх хувийг дангаар эзэлдэг хүчирхэг тоглогч юм. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, монгол инженерүүдийн ур ухаан, мэргэжлийн ур чадварыг олон улсад экспортлох ёстой гэж үзсэн учраас тэд зах зээлээ тэлэх энэхүү шийдвэрт хүрчээ.
Тоног төхөөрөмж, материал сэлбэгийн олдоц муутай тэртээ 1991 онд “Сэрүүн хоршоо” нэртэйгээр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлан үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус групп өдгөө халаалт, хөргөлт, агааржуулалт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, ашиглалтын дараах үйлчилгээ, хөөсөнцөр, хавтангийн үйлдвэрлэл, агааржуулалтын гөлмөн төмрөн хоолойн үйлдвэрлэлийн зах зээлд таван охин компанитай томоохон аж ахуйн нэгж болон өргөжөөд байна.
“Бид улирлын чанартайгаар машиныхаа тос, тосолгоог сэлбэж, дугуйг солиулдагтай яг адил агааржуулалтын системдээ ч анхаарал хандуулах шаардлагатай”.
Нэг үгээр, Монголын агаар сэлгэлт, хөргөлтийн зах зээлийг “Сэрүүн” -гүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Улаанбаатар хотод шил шилээ даран сүндэрлэх томоохон бүтээн байгуулалтын дийлэнх төсөлд тэд гар бие оролцож, хамтран ажилласан зэргээс энэ бүхэн тодорхой харагддаг. Тухайлбал, Shangri-La Ulaanbaatar, Central тауэр, ICC тауэр, Zaisan Square, Zaisan Hill, Novotel зочид буудал, Шинэ нисэх онгоцны буудал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Интермэд эмнэлэг, Мобиком корпорацийн Дата төв, Өргөө кино театр, Encanto town орон сууцны цогцолбор болон уул уурхайн томоохон төслүүд зэрэг төрөл бүрийн зориулалттай барилгын агааржуулалтын системийг бүрэн хариуцан ажиллаж, тухай бүртээ эрэл хайгуул хийж, шинэ шийдэл, туршлагыг нэвтрүүлсээр иржээ.
Олон улсын стандартын дагуу баригдсан, салбартаа тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг Интермэд гэхэд л тусгай тоног төхөөрөмжүүдийн хөргөлт, тусгай зориулалтын лабораториудын агааржуулалт, гал эсэргүүцэх систем, хагалгааны өрөөний агааржуулалтын систем зэрэг нарийн технологийн шийдлүүдээ “Сэрүүн” -д бүрэн даатгаад буй. Эндээс Монголын агаар сэлгэлт, хөргөлтийн зах зээл дэлхийн түвшинд хөгжиж, олон тооны шийдэл нэвтрүүлж буй ч хүмүүсийн анхааралд тэр бүр өртдөггүй “чимээгүй” салбар байсаар ирснийг ч анзаарч болно.
Агааржуулалтын системээ цогц байдлаар шийдсэн компаниудад ашиглалтын зардал буурах, ажлын бүтээмж нэмэгдэх, эрчим хүч хэмнэх, гэнэтийн эрсдэлээс сэргийлэх зэрэг давуу тал үүсдэг.
Гэвч тухайн орчны агаар хүний эрүүл мэнд, бүтээмж, тав тух зэрэгт шууд нөлөөлдөг гэдэг утгаараа анхаарал хандуулахаас өөр аргагүй сэдэв юм. Дээр нь хүмүүс өдрийн дийлэнх цагаа орон сууц, оффис, үйлчилгээний газар буюу ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдгийг ч дурдах хэрэгтэй. Энэ талаар “Сэрүүн Сервис” компанийн гүйцэтгэх захирал Э.Гэрэл “Хэт халуун, бүгчим, эсвэл хүйтэн, сэрүүн орчинд хүн хэвийн ажиллаж чаддаггүй. Зарим барилга, өрөө тасалгаа руу ормогц агааржуулалтаа шийдээгүй, эсвэл хэвийн ажиллахгүй байгаа нь шууд мэдрэгддэг. Гэтэл бид улирлын чанартайгаар машиныхаа тос, тосолгоог сэлбэж, дугуйг солиулдагтай яг адил агааржуулалтын системдээ ч анхаарал хандуулах шаардлагатай” хэмээн онцолж байна. Түүний удирддаг компани агаар сэлгэлт, халаалт, хөргөлтийн тоног төхөөрөмж угсралт, ашиглалтын дараах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг бөгөөд “Сэрүүн” группийн охин компаниудын нэг юм.
Яг одоо “Сэрүүн Сервис” -ийн хамт олон хэд хэдэн уул уурхайн компанийн ажилчдын кэмп, “Шар доктор” үйлдвэрийн барилга, Belmonte Residence орон сууцны төсөл, Чингэлтэй дүүргийн спорт цогцолбор, хувийн мэс заслын эмнэлгийн агааржуулалт, хөргөлтийн цогц системийг хариуцан ажиллаж, дараа дараагийн төслүүд нь ар араасаа ундарсаар байна. Ингэж харилцагчдын урсгал тасрахгүй байгаа нь хариуцлагатай, найдвартай үйл ажиллагаанаас гадна дэлхийн шилдэг брэндүүд болох VTS, Carrier, Toshiba, Daikin, LG тэргүүтэй 15 брэндийн агааржуулалтын төхөөрөмж болон гэр ахуйн, системийн, техникийн зориулалттай эйр кондишнуудыг нийлүүлж, угсарч суурилуулдагтай ч холбоотой. Мөн харилцагчдадаа гурван жилийн ашиглалтын баталгаа олгож, өндөр хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмжүүдийн байнгын тасралтгүй ажиллагааг хангахын зэрэгцээ ашиглалтын хугацааг уртасгахад ч онцгой анхаардаг нь ч нөлөөлсөн болов уу. Товчоор, тэд олон улсын стандартыг Монголд нутагшуулах ажлыг гардаж буй.
Америк, Хятадад боловсрол эзэмшсэн Э.Гэрэл “Сэрүүн” группт няраваар ажилд орж, тооцооны нягтлан, гадаад харилцааны менежерээр шилжин ажиллах зуураа салбарын туршлагаа зузаатгажээ. Ингээд 2015 онд “Сэрүүн Сервис” компани байгуулагдахад гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр хийж буй ажлынхаа ач холбогдлыг хүмүүст, харилцагчдадаа сайтар ойлгуулахад анхаарахын зэрэгцээ туршлагатай, чадварлаг инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн нь биеллээ олж, салбартаа тэргүүлэгч боловсон хүчин бүхий компанийг бүтээн босгож чаджээ. Компанидаа тогтвор суурьшилтай ажиллаж буй эдгээр мэргэжилтэн бол “Сэрүүн Сервис” -ийн тулах хүч гэдгийг ч онцолж байсан юм.
“Салбар үл харгалзан бүтээн байгуулалт өрнөж, барилга баригдаж л байгаа бол агаар сэлгэлтийн системийг эн тэргүүнд шийдэх ёстой”.
“Сэрүүн Сервис” -ийн санал болгодог тоног төхөөрөмжийг суурилуулж, агааржуулалтын системээ цогц байдлаар шийдсэн компаниудад ашиглалтын зардал буурах, ажлын бүтээмж нэмэгдэх, эрчим хүч хэмнэх, гэнэтийн эрсдэлээс сэргийлэх зэрэг давуу тал үүсдэг байна. Мөн агааржуулалтаа стандартын дагуу, зөв шийдэж чадсанаар тухайн барилгын насжилт уртсах, тэр дундаа засал чимэглэлд чухал нөлөөтэй байдгийг тус компанийн ерөнхий инженер хэлж байв. Харин Э.Гэрэл “Бидний нийлүүлж буй тоног төхөөрөмжүүд ашиглалтын зардлыг хэмнэдэг. Урт хугацаандаа ч өөрийн хөрөнгө оруулалтыг нөхөхүйц хэмжээний хэмнэлтийг бий болгодог онцлогтой” хэмээн өгүүлсэн юм.
Ер нь тухайн барилгад ямар агаар сэлгэлтийн төхөөрөмж суурилуулснаас дотор орчны агаарын чанар шууд шалтгаалдаг. Үүгээр агааржуулалтын системээ хэрхэн шийдсэнийг тодорхойлох боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үздэг. Тиймээс орчин цагт эмнэлэг, орон сууц, үйлчилгээний байгууллага, спорт цогцолбор гээд салбар үл харгалзан бүтээн байгуулалт өрнөж, барилга баригдаж л байгаа бол агаар сэлгэлтийн системийг эн тэргүүнд шийдэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, улс орны хэмжээнд барилгажилт цаашид идэвхтэй өрнөхийн хэрээр агаар сэлгэлт, агааржуулалтын цогц шийдэл ч эрэлттэй хэвээр байх юм. Өнгөрсөн жилүүдэд борлуулалт нь тогтмол өсөж ирсэн “Сэрүүн сервис” -ийн амжилт ч үүгээр тодорхойлогдоно. Эрэлтэд мэдрэмжтэй хандаж, зах зээлийн орон зайг зөв онилохын зэрэгцээ зөвхөн тодорхой чиглэлд мэргэшин ажиллаж буй нь тэдний гол давуу тал. Энэхүү давуу тал нь ирээдүйг чиглэсэн зоримог алхмууд хийх стратегийн үндсэн хөшүүрэг болно гэдэгт эргэлзэх шаардлагагүй юм.