Байгууллагууд бүх ажилтнаа өөрийн бүхий л ур чадвар, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн дайчлан ажиллаж, байгууллагадаа ижил тэгш хувь нэмэр оруулаасай гэж хүсдэг. Гэхдээ судалгаагаар байгууллагын урт хугацааны амжилтыг цөөн тооны HiPos /High Potential Employees/ буюу өндөр потенциалтай ажилтнууд удирдаж, тогтвортой байлгадаг болохыг харуулжээ. HiPos буюу өндөр потенциалтай ажилтнууд нь бусад ажилтныг бодвол 2-6 дахин өндөр бүтээмжийг байгууллагад авчирдаг байна. Тиймээс HiPos-ийг тодорхойлох нь байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ байгууллагуудад төсөв болон цаг хугацаа хязгаарлагдмал байдаг учраас өөрсдийн авьяаслаг ажилтнуудаа хайж олохын тулд тодорхой, найдвартай арга барил ашиглах хэрэгтэй.
Өндөр потенциалтай ажилтнуудаа тодорхойлох арга замууд:
HiPo ажилтнуудаа тодорхойл
HiPos нь байгууллагадаа тууштайгаар чухал хувь нэмэр оруулдаг, аливаа ажил үүргийг дээд түвшинд гүйцэтгэдэг, компанийн соёл, үнэт зүйлстэй нийцсэн зан төлөвтэй, бизнесийн нийт гүйцэтгэлийг удирдан чиглүүлдэг өндөр потенциалтай ажилтнууд юм. Эдгээр нь өөрөө HiPos-ийн хэзээ ч өөрчлөгдөшгүй үндсэн шинж чанар. Гэхдээ бидэнд тулгарч болох хамгийн том сорилт нь бусдаас ялгарч буй эдгээр ажилтныг хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудал юм. Энэ сорилтыг даван туулахад тань тус болох дараах зөвлөмжийг хүргэе.
HiPos буюу Өндөр потенциалтай ажилтнуудад зайлшгүй шаардлагатай 3 шинж чанарыг хайж олоорой:
- Суралцах чадвар
HiPo ажилтан нь ажлын байранд шаардагдах шинэ ур чадварыг тогтмол эзэмшин, тэдгээр ур чадвараа ашиглан ажлын байрны үүрэг, түүнтэй холбоотой даалгавруудыг маш сайн гүйцэтгэдэг. Сурах чадвар нь танин мэдэхүйн чадвар (IQ), болон хувь хүний зан төлөв талаас дасан зохицох, аливааг бэлтгэлтэй хийх болон цөхөршгүй оролдлого хийх чадваруудаас бүрддэг. Зөн совин алсын хараа, манлайлах хүсэл эрмэлзэл, бусдыг урамшуулах, хөгжүүлэх гэх мэт зан төлөвтэй холбоотой ерөнхий ур чадварууд нь HiPos-уудад манлайлах үүрэг өндөр шаардсан удирдах албан тушаалд ажиллахад шаардлагатай байдаг.
- Сэтгэл хөдлөлийг удирдах чадамж
HiPo-д өөр нэг шаардлагатай чухал зүйл бол сэтгэл хөдлөлийн чадамж (EI) бөгөөд бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр хүлээн авч, тохиромжтой зөв хариу үйлдэл үзүүлэх чадвар нь хүмүүсийн хоорондын үр дүнтэй найрсаг харилцааг бий болгож, хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа өөдрөг үзэл, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, тэсвэр хатуужил, уян хатан байдал гэх мэт Emotional intelligence-ийн чадварууд нь бүх түвшний ажлын гүйцэтгэлд шаардагддаг. Баг удирдан, багийн гишүүдэд нөлөөлж, багийн үзэл бодлыг нэгтгэн ажилладаг компанийн удирдагчдад болон менежерүүдэд бусдыг ойлгох, ухаалаг эв дүйтэй харилцах, эвлэрүүлэн зуучлах, ялгаатай байдалд зохицох гэх мэт EI чадварууд маш сайн хөгжсөн байх шаардлагатай.
- Хүсэл эрмэлзэл
HiPo ажилтнууд хүсэл эрмэлзэл, шаргуу хөдөлмөрлөх хандлага, ажил хэрэгч байдал гэх мэт шинж чанартай байдаг. Тэд илүү их хариуцлага хүлээх, бэрхшээлтэй тулгарах, сэтгэлзүйн болон бие махбодын таагүй байдлыг даах сэтгэл зүйн хаттай байх шаардлагатай ажил үүргүүдийг авах дуртай .
Товчхондоо дүгнэхэд HiPo ажилтнуудыг амжилттай тодорхойлохын тулд тэдэнд дээрх зан төлөв, сэтгэл зүйн онцлог чадамжууд байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Хүний нөөцийн сэтгэл зүйн үнэлгээ нь HiPos-ийн зан байдал, хувийн шинж чанарыг амжилттай нээн илрүүлэх найдвартай хэрэгсэл болж чадна. Үнэлгээ нь зөвхөн шинжлэх ухааны аргаар тухайн ажилтны чадамж чадварыг найдвартайгаар тодорхойлохоос гадна түүний тухай өрөөсгөл ойлголтыг арилгадаг. Ажилтнууд дундаас өндөр потенциалтай ажилтнаа эрт таньж хөгжүүлэх нь бизнесийн өндөр гүйцэтгэл, ирээдүйн бэлэн байдлыг хангахын тулд компанидаа хийж буй үр өгөөжтэй хөрөнгө оруулалт юм.
Central test blog: https://www.centraltest.com/blog
Маш аятайхан санаануудыг өгсөнд баярлалаа.