Сүүлийн үеийн чухал сэдэв. Энэ сэдэв сүүлийн үед бодолд уяатай яваад байгаа юм. Харин яаж бичвэл нийтэд илүү ойлгомжтой байх вэ гэсэн шийдлээ олохгүй явж байна. Хүмүүсийн бичсэн зүйлүүдийг ч хайж уншиж үзэв.
Хэн нэгэн танд “Койн аваач маш хурдан ашиг өгнө. Банканд хадгалуулж байснаас тодорхой хувийг нь койнд хий. Хэрвээ өмнө нь хийсэн бол өнөөдөр тэд дахин өссөн байна” гэж зөвлөсөн, ярьсан л болов уу. Магадгүй та ч энэ бизнест тодорхой хөрөнгөө оруулчихсан ашиг шимийг нь хүртчихсэн явж байж магадгүй. Эсвэл ханшийн зөрүүнээс оруулсан мөнгөнөөсөө ч бага дүнтэй болгочихсон, өсөхийг нь хүлээж суугаа ч байж мэднэ.
Миний найзууд дотор ч ингэж зөвлөж, ашиг шимийг нь хүртчихсэн явж буй хүмүүс байна. Гэтэл бас “тэнэг л биш бол ийм баталгаагүй бизнест мөнгөө оруулж алдах нь чиний л дурын хэрэг” гэж уурлах нэгэн бас байна аа.
Санхүүгийн ийм асуудлыг төрөөс зохицуулах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо(СЗХ) нийтэд ямар мэдээлэл өгөв?
Зах зээлд нэвтэрч буй “шинэ зүйл” учир СЗХ анхааруулах мэдээллийг өгч байсан. Харин 2021 оны 12 дугаар сард Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсанаар энэ бизнес хуулийн дагуу зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болсон.
Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмууд болох “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасах журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-уудыг баталсан тухайгаа цахим хуудсаараа мэдээлсэн байна.
Хуулиар хориглоогүй л бол ашиг олох зорилготой үйл ажиллагаа бүхэн татвар төлөх ёстой. Тиймээс энэ харилцаанд оролцогч бүр олж буй ашгаасаа татвар төлсөн байх ёстой.
Хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа учир татвар төлөх асуудал гарч ирнэ. Хуулиар хориглоогүй л бол ашиг олох зорилготой үйл ажиллагаа бүхэн татвар төлөх ёстой. Тиймээс энэ харилцаанд оролцогч бүр олж буй ашгаасаа татвар төлсөн байх ёстой. Оролцогч гэдэг нь койн гаргаж буй хуулийн этгээд, түүнийг авч ашиг хүртэж буй иргэдэд ч хамаатай. Хамгийн анх л энэ зах зээлд ажиллаж эхэлсэн Ард Санхүүгийн Нэгдэлийн олон нийтэд нээлттэй тавьсан санхүүгийн тайлангаас Ардкойны арилжаанаас татвар төлж буй эсэхийг сонирхох хэрэгтэй юм. https://ardholdings.com/mn/earnings2021/
Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй этгээд, мөн ашиг шимийг нь хүртэн хөрөнгөө өсгөж буй иргэд ямар татварыг, яаж төлөх талаарх мэдээллийг Татварын Ерөнхий Газар (ТЕГ) олон нийтэд цацсан уу?
Саяхан “Улаан бал” нэвтрүүлгээр энэ бизнесээр амжилт олж олон нийтэд танигдсан О.Мөнхжин “Татвар төлсөн үү” гэх асуултад өгсөн хариулт нь гайхаш төрүүлж орхилоо. Мэдээж түүнд энэ ойлголтыг хэн нэгэн өгсөн байх. Түүний ярьснаар “Анх босгосон 30 тэрбум төгрөгөөс бүтээгдэхүүн үйлчилгээ зарсан мэт үзээд 25 хувийн татвар авна. Дээрээс нь НӨАТ-ийн 10 хувийн татвар авна” гэж хариулсан. Түүнд татварын зөвлөх хэрэгтэй бололтой. Ийм бизнес хийж буй хүн татварын ийм мэдлэгтэй байгааг хараад харамсав. Эсвэл албаар ийм зүйл ярив уу? Энэ мэдээллийг сонссон иргэд юу гэж ойлгох вэ? Хамгийн амжилттай яваа залуу нь ийм тайлбар өгч байна шүү дээ. Эндээс юу харагдав гэхээр ТЕГ санхүүгийн үйл ажиллагаанд татвар ногдуулах асуудлаар нийтэд ойлгомжтой мэдээлэл хүргэж чадаагүй байна гэж л дүгнэлээ.
Бас нэг анхаарал татсан яриа нь “Санхүүгийн тайлан гаргах нь зөв юм байна. Бид старт ап компани учраас замбараагүй явсан зүйл байсан”. Энэ яриа нь түүнийг санхүүгийн тайлангаа гаргаагүй юм биш үү гэж асуухад хүргэж байна. Түүний яриаг анзаарахад мэдлэгтэй хүнд бол өрөвдмөөр, мэдлэггүй залууст бол сайхан сонсогдсон байх.
Өрөвдөх шалтгаан бас байна. Залуус шинэ зүйлийг маш хурдан сурч үр шимийг нь хүртэх хүсэлтэй байдаг. Түүнийгээ бусдадаа уриалж олон нийтийг дагуулснаар бизнес нь амжилттай байх боломж олддог. Тэд өмнө нь нэгэнт бий болсон хуулийн дагуу харилцааг төдийлөн анхаарч үздэггүй нь тэднийг “зальжин” этгээд болгон хувиргадаг. Нөгөө талаасаа иргэд нь бас энэ талын мэдлэггүй. Нийт иргэддээ мэдээллийг ойлгомжтой хүргэх нь тухайн асуудлыг хариуцсан төрийн байгууллагын үүрэг. Гэтэл нийтээрээ шуурч буй энэ үйл ажиллагаа татварын харилцаанд яаж орох талаар хэн ч дуугарахгүй таг байна. Төрийн байгууллага нь мэдээлэх үүргээ биелүүлэхгүй бол дунд нь зөвлөн ажиллаж буй “мэргэшсэн зөвлөх”-үүд мөнгө төлсөн нэгэнд л зориулж зөвлөнө. Гэхдээ хуулийн гаргалгааг өөр өөрийн ур чадварын хүрээнд гаргаж байдаг. Энэ талаар нэгдсэн ойлголттой болох үүднээс “мэргэшсэн зөвлөхүүд” хоорондоо хуралдаж нэг шийдэл олж түүнийгээ төрийн байгууллагаараа баталгаажуулж авах тохиолдол ч байдаг. Төрийн байгууллага нь өөрөө зохицуулж “мэдэхгүй” байгаа учраас л төрийн бус байгууллага нь өмнөөс нь оролцож гишүүн байгууллагууддаа ашигтай байх нөхцөлөөр баталгаажуулж авдаг байдал бий болсон.
Шинээр үүсэж буй нөхцөл байдалд татварын асуудлыг хэрхэн зохицуулах талаар төрийн байгууллага мэдээллээ түргэн шуурхай, мэдрэмжтэй нийтэлж, түгээж чадахгүй байгаа нь иргэдээ “зальтан эсвэл хохирогч” болгох нөхцөлийг бүрдүүлээд байна.
Хамгийн гол зүйл нь энэ шинэ бизнес татвар яаж төлөх вэ? Энэ асуултад хоёр өнцгөөс хариулах ёстой.
- Үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн татвар ногдуулалт ямар байх вэ?
- Үйлчилгээ авч буй иргэд, аж ахуйн нэгж яаж татвар төлөх вэ?
- Үйлчилгээ үзүүлэгч компаниуд татвар ногдуулалт ямар байх вэ гэсэн асуултад хариулъя.
-
- О.Мөнхжингийн хэлсэн шиг НӨАТ-ын 10 хувийн татвар төлөх үү?
Виртуал хөрөнгийн хууль батлагдахаас өмнө татвар ногдуулах асуудал хуулийн хүрээнд тодорхойгүй байсан. Түүний хэлснээр гаргасан койныг “бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлсэн” гэж үзэх үндэслэл ч тодорхойгүй байсан. Хуулиар тодорхойгүй байгаа зүйлийг “бусад” гэсэн ангилалд оруулж татвар төлүүлэх гэж оролддог нь манай татварын байцаагчдын хэрэглэж ирсэн арга. Тиймээс л ТЕГ шинэ асуудлыг хэрхэн шийдэх талаар нэгдсэн зөвлөгөө мэдээлэл өгч байх ёстой. Санхүүгийн үйлчилгээ гэдэг утгаар нь авч үзэхэд чөлөөлөгдөх үйлчилгээ гэдэг нь тодорхой юм.
Харин шинэ хууль батлагдсанаар НӨАТ-ын хуульд 2021 оны 12 дугаар сарын 17-нд виртуал хөрөнгийн үйлчилгээ (13.5.20) чөлөөлөгдөхөөр нэмэлт өөрчлөлт оржээ.
-
- Үйлчилгээ үзүүлэгч компаниуд орлогын татвар яаж татвар төлөх вэ? О.Мөнхжингийн хэлснээр 25 хувийн татвар төлдөг үү?
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын хуульд татвар ногдуулах орлого гэсэн ойлголт байдаг. Виртуал хөрөнгийн орлогыг хууль батлагдахаас өмнө ямар орлого гэж үзэх вэ гэдэг асуулт тавигдаж байсан биз. Тиймээс ч О.Мөнхжин “бүтээгдэхүүн үйлчилгээ гэж үзэх” тухай ярьсан болов уу. Хуулийн нэр нь “Виртуал хөрөнгийн үйлчилгээ” гэсэн нэртэй батлагдсанаас үзэхэд энэ орлого “хөрөнгийн орлого” буюу ААНОАТ тухай хуулийн “10.1.3. – хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого; 10.1.4. – энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т зааснаас бусад биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого” гэсэн заалтын “санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого эсвэл бусад биет бус хөрөнгө”-д хамаарахаар байна. Татварын бусад мэргэжилтнүүд, эсвэл Татварын алба юу гэж үзсэн тухай тайлбар хайгаад олдсонгүй. Миний ойлголтоор энэ ангилалд авч үзэж татвар ногдуулахаар байна.
Ямар орлого вэ гэдгийг тодорхойлсны дараа яаж ногдуулах вэ гэдэг асуудлаа тодорхойлдог.
ААНОАТ-ын тухай хуулийн 18 дугаар заалт нь энэ асуудлыг заасан байдаг. Хэрвээ:
- Санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого гэж үзэх тохиолдолд “18.3. – Хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсэн үнээс уг хувьцаа, үнэт цаасыг худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн дүнг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”.
- Бусад биет бус хөрөнгө гэж үзсэн тохиолдолд “18.5. – Энэ хуулийн 10.1.4-т заасан биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг уг хөрөнгийн борлуулсан, шилжүүлсэн орлогоос хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасаж тодорхойлно”.
Виртуал хөрөнгө гэдэгт олон ойлголт багтаж буй учраас ямар үйлчилгээг санхүүгийн бусад хэрэгсэл гэж үзэх вэ, ямрыг нь бусад биет бус хөрөнгө гэж үзэх вэ гэдэг нь цааш задарч тодорхойлогдох юм. Тиймээс энэ хоёр ойлголтыг хамааруулж татварын ногдлыг тодорхойлохоор авч үзлээ. Татварын байгууллага Виртуал хөрөнгийн хуульд заасан үйлчилгээнүүд ААНОАТ-ын хуулийн аль орлогод хамааруулах талаар ойлголтыг удахгүй олон нийтэд тайлбарлах биз ээ.
Татвар ногдуулах орлогоо тодорхойлсны дараа ямар хувь хэмжээгээр татвар төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. О.Мөнхжингийн ярьснаар нээрээ 25 хувийн татвар төлөх үү гэдэг асуултад хариулах гэж байна.
ААНОАТ-ын тухай хуулийн 20 дугаар зүйл энэ асуултад хариулт өгдөг.
“Санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого эсвэл бусад биет бус хөрөнгө”-д хамаарч татвар ногдуулах орлогоос худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн дүн, хөрөнгийн үлдэгдэл өртгийг хасаж татвар ногдуулах орлогоо тодорхойлсон бол шатлалтай хувь хэмжээгээр татвар ногдоно.
-
0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар,
-
6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
О.Мөнхжингийн хувьд 30 тэрбум төгрөгийн орлого олсон тул орлого олохтой холбогдсон зардлаа зөв тооцож хасаад үлдсэн орлого нь 6 тэрбумаас давж байгаа учраас давсан орлогоосоо 25 хувиар татвар төлөх юм. Зөв тооцож хасах гэдэг нь хуульд хасагдах зардалд тавигдах шаардлагууд байдаг, түүнийг хангасан байх ёстой. Тэрнээс шууд 30 тэрбум төгрөгийн орлогоос 25 хувиар татвар төлөхгүй. Нийтийн анхаарлыг татсан ийм ярилцлагууд магадгүй ярих хугацаа бага байдгаас нарийн учир шалтгааныг хэлдэггүй, тиймээс иргэд олон нийт татварын асуудлаар ойлголт нь бүрхэг үлддэг.
Ерөнхий татвар ногдуулах процесс ийм юм. Гэхдээ миний бичсэн дээрх бүх үе шатанд үүсэх маргаантай асуудлууд байх боломжтой. Шинэ зүйлд шинэ асуудлууд үүсэх нь дамжиггүй. Ганц нэг асуудал гарах төлөв харагдаж байгаа боловч энэ нийтлэлд бичих боломжгүй байна. Дараачийн удаа гэж хойшлуулахаас өөр арга алга. Олон асуудлыг зэрэг бичихээр ойлгомжгүй байдалд хүргэдэг.
- Үйлчилгээ авч буй иргэд, аж ахуйн нэгж яаж татвар төлөх вэ?
Энэ асуудал харин тун бүрхэг байна. Хэрхэн хянах нь ч тодорхойгүй. Татварын алба ч ашиг олж буй иргэддээ итгэсэн байдалтай байгаа болов уу. Нөгөө асар их орлого олоод түүгээрээ үнэтэй ганган машин, хаус авсан О.Мөнхжин маань хувь иргэн гэдэг талаас нь харвал түүний энэ орлого нь татвар төлөгдсөн орлого байх ёстой. Хэрвээ ийм ярилцлага хийж буй Ч.Лодойсамбуу сэтгүүлч энэ талаар мэдлэгтэй байсан бол асуултыг тун гоё тавьж болохоор л байлаа.
Ихбит гэдэг компанийн татварын асуудлыг иргэн О.Мөнхжингийн татварын асуудлаас ялгаж гаргаж өгөх ёстой юм.
О.Мөнхжин шинийг хийхээр зорьж буй ухаалаг залуу санагдсан. Яриа нь үнэнтэй боловч мэдлэг нь харин одоогийн залуусын мэдлэгтэй адилхан явна. Сайн зөвлөхтэй, сайн санхүүгийн багтай болчихвол магадгүй илүү сайжрах биз ээ. Тиймээс ч түүнд болон түүн шиг орчин үеэсээ нэг алхам түрүүлж хийх хүслээр жигүүрлэсэн шинэ үеийн залууст туслах зорилго энэ нийтлэлд минь агуулагдаж байгаа юм.
О.Мөнхжингийн худалдан авсан хөрөнгийг авсан мөнгө нь татвар төлөгдсөн байх ёстой. Харин түүний харуулж буй дансны хуулганаас харахад гаднын биржийн худалдаанаас олсон орлого аж.
Тэгвэл иргэнээрээ татвар яаж төлөгдсөн байх вэ. Энэ асуултад хариулахад дараах ойлголтыг тодруулах хэрэгтэй.
- Түүний ажиллаж буй крипто бирж аль улсад хамаарагдах вэ гэдгээс асуудал эхэлнэ.
- Тэр улсдаа татвар төлсөн үү гэдэг асуудал гарч ирнэ.
- Дараа нь манайхтай давхар татварын гэрээтэй эсэх асуудал бас орж ирнэ.
- Тэгээд Монгол улсын иргэний хувьд энэ олсон орлогоосоо татвар төлсөн үү гэдэг асуудал яригдах юм.
Яагаад энэ асуудлууд хөндөгдөж байна вэ гэхээр энэ асуудал олон улсын шинж чанартай бөгөөд үүнд хар жагсаалт, олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт бидний танил болсон ойлголт дотор нь агуулагдаж буй. СЗХ-ноос гаргадаг “Хүртээмжтэй санхүү” товхимлын 2022 оны 5 дугаар сарын дугаарт “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлага” гэсэн нийтлэлд “блокчэйн технологи нь төвлөрсөн бус зах зээлд дундын зуучлалгүй, нэрийн нууцлалтай гүйлгээ хийх боломж бий болгосон нь аливаа төрлийн гэмт хэргийн мөнгө дамжих эрсдэлтэй тул дэлхий дахинд виртуал хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, зохицуулалтыг тодорхойлох шаардлага үүссэн. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргасан олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд манай хууль батлагдан гарсан нь эрх зүйн орчноо бүрдүүлсэн 58 орны нэг болгосон ажээ.
Эрхзүйн орчноо бүрдүүлсэн улсын иргэний хувьд татвар төлснөөр уг орлогыг зарцуулах хууль ёсны эрх үүсэх юм. Манай иргэд жил бүрийн хоёрдугаар сарын 15-наас өмнө “иргэний” татвараа тайлагнадаг. Хөнгөлөлт чөлөөлөлт авах иргэд энэ тайланг өгч заншаад байна. Харин томоохон орлого олж буй залуус, иргэд энэ мэдээллийг төдийлөн тоодоггүй, ач холбогдол өгдөггүй. Гэхдээ О.Мөнхжингийн “даяарчлагдсан нийгэмд татвараас зугтаад хаа холдох вэ дээ” гэдэг үг үнэн юм. Хөрөнгө авсан иргэд, орлогоо тайлагнаагүй нөхцөлд татварын байгууллага шалгах үндсэн мэдээлэл, үндэслэл болж ирдэг. Тиймээс татварын байгууллага шалгахаас өмнө хуулийн мэдлэгтэй байж тайлагнаж сурах хэрэгтэй байна. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг манай иргэд шалгалт орсны дараа л гэнэт ухаарч асуудал үүсгэж байгаа ажиглагддаг.
Иргэдийн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс олсон орлогоос татвар ногдуулах асуудал хуулийн хүрээнд тодорхой болсон юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулна.
- Албан татвар төлөгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтоос энэ асуултын хариулт эхлэнэ. Мөнхжин Монгол улсын иргэн, байнга оршин суугч, харин түүний олсон орлого гадаадын бирж дээр арилжаалснаас олсон криптовалют, доллар тэгэхээр О.Мөнхжин ХХОАТ-ын 6.1 заалтаар олсон орлогоосоо татвар төлнө.
- Дараагийн асуудал нь түүний гадаадын бирж дээр худалдан борлуулж олсон криптовалют, долларыг татвар ногдох ямар орлого гэж үзэх вэ гэдэг асуудал гарна. Энэ нь мөн л виртуал хөрөнгийн тухай хуулийн дагуу хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого гэж үзнэ. (ХХОАТ хуулийн 10.1.4. – хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого)
- Ямар орлого болохыг тогтоосны дараа албан татвар ногдуулах орлогоо тодорхойлно. Санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогоос худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээс (ХХОАТ-ын тухай хуулийн 17.1.3) татвар ногдуулна.
- Татвар ногдуулах орлого тодорхой болсны дараа хэдэн хувиар татвар төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. ХХОАТ-ын тухай хуульд олон янзын хувь хэмжээ байдаг. Харин дээрх хэлбэрээр тодорхойлсон орлогод 10 хувиар татвар ногдуулдаг.
- О.Мөнхжингийн хувьд дээрх хэлбэрээр татвараа ногдуулж төлөхөөр тайлагнаад 6 сая төгрөгийн хаус худалдан авсан хөнгөлөлт эдлэх боломжтой л юм.
Иргэдийн хувьд татварын харилцаанд ийм байдлаар орох ёстой. Гэвч тэд өөрсдөө л тайлагнахгүй бол тэднийг мэдээллээр шахаж тайлагнуулах боломж одоогоор татварын байгууллагад байхгүй байна. Гэхдээ удахгүй нэг юм бодоод олчих л болов уу.
Үргэлжлэл бий …
Хүнийг харлуулах гэсэн нийтлэл бичих юмаа. Татварын тухай бичих гэж байгаанмуу мөнхжингийн татвар төлсөн тухай бичих гэж байганмуу?
Гарчигаасаа жаахан хазайчихсан л юм шиг байх юм. Нэг хүн, нэг компаний л татварын асуудал яриад байдаг.
Талх Ганхуяг өдөр шөнөгүй ARD coinoo ав ав авдар авдарла гэж орилсоор байгаад маш олон хүний мэдлэг муутайг далимдуулж мөнгийг оруулж луйвардсан лалар, алдсан мөнгийг нь ард түмэнд аваад өгчих, тэгвэл татвараа төлий