– Business.MN сэтгүүлийн 2022 оны 06 сарын дугаар (№43) -ын ковер нийтлэл –
Ирээдүйг угтсан нүүдэл
Ковид-19 цар тахал бүхнийг орвонгоор нь эргүүлж, халдварын хурдтай тархалт, ээлж дараалсан хөл хорио зэргээс үүдэн дэлхий даяар зайнаас ажиллах шаардлага үүссэн цаг саяхан. Хоосорсон гудамж талбай, эзгүйрсэн оффис, гэртээ “хоригдсон” хүмүүс, дэлгэцээс дэлгэцийн хооронд өрнөх ажил, амьдралын хэмнэл сая сая хүнд технологийн ач холбогдлыг тултал мэдрүүлсэн. Энэ хэрээр хүчтэй идэвхжсэн бизнесийн автоматжуулалт, дижитал шилжилтийн нөлөөгөөр үүлэн технологийн хэрэглээ огцом нэмэгдэж, технологийн салбар бүхэлдээ тэсрэлт хийж, рекорд өсөлтүүдийг үзүүлсэн билээ.
Монголд ч мөн үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, дасан зохицохоор дор дороо хичээж байх зуур “Могул Сервис” компани олон улсын стандартад нийцсэн, өндөр хүчин чадал бүхий дата төв барих төслийн ажлаа ид үргэлжлүүлж байв. Үйлчилгээнд суурилсан ертөнцөд амьдарч буйгаа бусдаас эрт анзаарч, мэдээлэл технологийн үйлчилгээнд үнэ цэн шингээх замаар салбарынхаа хоосон орон зайг нөхөх санаагаа тэд өнгөрсөн хугацаанд бизнесийн амжилт болгон хувиргаж чадсан юм. Хэн ч харсан ойлгомжтой байх үүднээс үйлчилгээ (service) гэх үгийг компанийнхаа нэрэнд шигтгэж өгсөн нь ч ийм учиртай.
Дата дахин анхаарлын төвд
“Бид гэр гэрээсээ, дэлгэцийнхээ ард сууж байгаад л дата төвөө барьсан” хэмээн “Могул Сервис” компанийн гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ хошигнон өгүүлж байна. Үнэхээр ч тус компанийнхан шаардлагатай гэвэл хэчнээн ч удаан хугацаагаар зайнаас ажиллаж чадах технологи, арга барил, соёлд суралцжээ. Гэхдээ бодит байдал С.Болор-Эрдэнийн хэлснээс арай өөр байв. Тодруулбал, 2020-2022 оны хооронд буюу Ковид-19 ид дэгдэх үеэр өрнөсөн их ажил, түүнийг тойрсон бэрхшээлүүд, гэнэтийн хөл хорио, хил хаагдсанаас үүдэлтэй барилгын материалын тасалдал зэрэг өч төчнөөн сорилтыг тэр багийн хамт даван туулсан өдрүүд бий. Үүлэн технологид суурилсан оффисын хэрэглээний программын багц үйлчилгээ болох Microsoft 365 -ийг бүрэн утгаар ашиглаж, дижитал орчинд ямар нэг технологийн саадгүйгээр, хэрхэн чөлөөтэй ажиллаж болохыг үлгэрлэн харуулсан төслийн хамт олон өөрсдийнх нь хэлснээр хөл хорионы дундуур элдэв саад бэрхшээлтэй “тувт байлджээ”.
“Технологийн компани олноор байгуулагдаж, үүнийг дагаад төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж буй өнөө цагт тэдгээрийн үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх гол суурь, дэд бүтэц нь хүчирхэг дата төвүүд байх юм”.
Хэрэглэгчдээ илүү өргөн боломжоор хангах, өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлт хэрэгцээг угтсан дараагийн том нүүдэл нь тэдний хувьд өөрийн гэсэн дата төв байгуулах ажил байв. Цахим үйлчилгээний дэд бүтэц, суурь хөгжлийг илүү хүртээмжтэй, найдвартай болгох нь мэдээлэл технологийн салбарын хөгжлийг түргэсгэхээс гадна эдийн засгийн утгаараа ч алсын хараатай шийдвэр юм. Гэхдээ дата төв барих санаа “Могул Сервис” компанийн хувьд тийм ч шинэ биш. Энэ талаар 2008 оны орчмоос анх ярилцаж, тохиромжтой шийдлүүд судалсаар ирсэн ч цаг нь болоогүй, зах зээл хараахан бэлэн биш гэх шалтгаанаар хойшлуулсаар байж. Гэвч үүлэн технологи өргөн хэрэглээнд нэвтрэх нь нэгэнт тодорхой, зөвхөн цаг хугацааны асуудал л үлдсэнийг тэд сайн мэдэж байв. Тиймээс төлөвлөгөөгөө түр хойш тавьж, одоо цагтаа төвлөрч, өмнөх ажлаа илүү сайн гүйцэтгэж, төгөлдөржүүлэхэд анхаарсан нь зөв алхам байсныг өнгөрсөн он жилүүд дэх компанийн тогтмол өсөлт, үйл ажиллагаа, бүтцийн хувьд тэлж, томорсон зэргээс харж болно.
Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөл хориотой тэмцэлдэн, зугуухан хэрнээ тасралтгүй урагшилсан дата төв барьж байгуулах төслийн ажил амжилттай хэрэгжихэд хөрөнгө оруулагчид, ТУЗ тэргүүтэй удирдлагын багийн дэмжлэг асар их нөлөөлснийг онцолж байв. “Удирдлагын баг маань маш хурдтай шийдвэр гаргаж, шаардлагатай тохиолдолд мөн төдий хурдаар өөрчлөн шийдэж, аливаад тун уян хатан хандаж, хүн бүр санаа бодлоо уралдуулж, идэвхтэй ажилласан нь төслийн амжилтад чухал түлхэц болсон. Түүнээс ганцаараа зүтгээд энэ том ажлын ард гарна гэвэл амаргүй даваа” хэмээн С.Болор-Эрдэнэ хэлж байна. Аливааг хамтын хүчээр хийвэл үр дүн нь илүү цараатай, холч байж чадна гэж үздэг тэрбээр олон сараар үргэлжилсэн дата төв барьж байгуулах ажлаа ч энэ итгэл үнэмшлээрээ цаасан дээрх төслөөс бодит бүтээн байгуулалт болгон хувиргажээ.
Хан-Уул дүүргийн хүн амын суурьшлын бүсээс зайдуу хэсэгт буюу Нисэх орчимд хэд хэдэн блокоос бүрдэх, гурван давхар барилга бүхий шив шинэхэн дата төв албан ёсоор нээлтээ хийж, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн даруухан байрших аж. Нэгдүгээр давхарт хүлээн авах болон цахилгаан тэжээлийн өрөөнүүд байрлах бол, хоёрдугаар давхарт сервер, тоног төхөөрөмжөө байршуулах техникийн өрөөг шийдэж, гуравдугаар давхарт, инженер, техникийн ажилтнуудын оффисын орон зайг бүрдүүлжээ. Дэлхийд тэргүүлэгч Schneider Electric брэндийн хамгийн сүүлийн үеийн ухаалаг, ногоон технологид суурилсан тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон дата төв олон улсын Tier 3 стандартыг бүрэн хангасан бөгөөд цааш өргөтгөх, олон улсын байгууллагуудаар итгэмжлэгдэх зэрэг хугацаа шаардсан ажлууд үлдээд байгаа юм (Олон улсад дата төвийг Uptime институтын Tier 1-4 хүртэлх стандартаар эрэмбэлдэг).
Өөрөөр хэлбэл, дата төвийн гол суурь болох эрчим хүч, сүлжээний тасралтгүй байдал, хөргөлтийн болон галын системийг цогц утгаар шийдэж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаснаараа бизнесийн байгууллагуудын эрэлхийлдэг найдвартай, тогтвортой ажиллагааг тэд бий болгожээ. “Энгийнээр тайлбарлавал дата төв гэдэг компьютерын процессор гэсэн үг” хэмээн С.Болор-Эрдэнэ товч тодорхойлов. Мэдээж хэрэг, мэдээллийг боловсруулж, эрэмбэлэх, хадгалах үүргийг нь бодолцож тэр ингэж хэлсэн боловч дата төвийн гол цөм болох рак буюу сервер байршуулах зориулалттай төмөр хайрцгуудыг зэрвэс харахад үнэхээр л компьютерын процессорын томруулсан хувилбар мэт харагдах аж. “Могул Сервис” компанийн барьж байгуулсан дата төвд ийм рак 24 ширхэг бий. Харин цаашид үйл ажиллагаа тэлэхийн хэрээр энэ тоог өсгөж 48 хүртэл өргөтгөх боломжтойгоор шийдсэн бөгөөд үүнд зориулж хангалттай ачаалал даах хүчин чадалтай эрчим хүчний дэд бүтцийг ч шийджээ. Эдгээр ракт харилцагч өөрийн тоног төхөөрөмж, серверээ байршуулснаар эрчим хүч, сүлжээний тасралтгүй, найдвартай орчноор хангагдах үйлчилгээг “Могул Сервис” -ийнхэн эхний шатанд нэвтрүүлээд байгаа бол яваандаа виртуал сервер түрээслэх, энэ төрлийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, мөн үүлэн технологийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг төрөлжүүлэн хүргэхээр зэхэж байна.
Үүлэн дундах ирээдүй
“Могул дата төвд датагаа хадгалуулбал хэзээд сэтгэл тайван, бас бүтэн нойртой хонож чадна” гэж тэд итгэлтэй мэдэгдсэн юм. Энэ үг өнөөгийн дижиталчлагдсан эринд дата гэдэг хэчнээн чухал зүйл болохыг илтгэнэ. Минут, секунд тутамд бий болж буй мэдээллийн тасралтгүй урсгал өгөгдлийн асар том давлагааг үүсгэж буй ч хэн их мэдээлэл цуглуулсан нь бус харин түүнийг хэрхэн ухаалгаар ашигласан нь илүү үнэ цэн бүтээж, өрсөлдөөнд илүүрхэнэ. Сүүлийн арванд энэ энгийн дүрмийн дагуу технологийн ертөнц өөрчлөгдөн хувьсаж буй. Тиймээс датаг хэрхэн цогц байдлаар хадгалж, хамгаалж, боловсруулж, ашиглах вэ гэдэг ямар ч байгууллагын хувьд шийдэх ёстой гол асуудал болон хувирчээ. Датаг цуглуулахаас эхлээд боловсруулах хүртэлх бүх үйл явцыг дамжиж, улмаар түүнийг ашиглан оновчтой шийдвэр гаргах нь компаниудын ирээдүйн өсөлтөд чухал үүрэгтэй. Энэ утгаараа датаг шинэ газрын тос хэмээн нэрлэх нь ч бий. Харин Монголд мэдээллийг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр учир дутагдалтай байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Технологийн компани олноор байгуулагдаж, үүнийг дагаад төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж буй өнөө цагт тэдгээрийн үйл ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх гол суурь, дэд бүтэц нь хүчирхэг дата төвүүд байх юм.
Энэ бүхэнд үүлэн технологийн шийдлүүд, дата төв хариулт болж чадна. Мөн технологийн компани олноор байгуулагдаж, үүнийг дагаад төрөл бүрийн аппликэйшн, программ, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж буй өнөө цагт тэдгээрийн үйл ажиллагаагаа саадгүй үргэлжлүүлэх гол суурь, дэд бүтэц нь хүчирхэг дата төвүүд байх юм. Өнгөрсөн жилүүдэд анхаарлын төвд байнга орох болсон AR (Augmented Reality), VR (Virtual Reality), метаверс зэрэг технологийн ойлголтууд цааш хөгжиж, амьдралд нэвтрэх, цар хүрээгээ тэлэхэд ч дэд бүтэц маш чухал. Өөрөөр хэлбэл, технологийн компаниудын арын албыг найдвартай хариуцах үүрэг дата төвүүдийн нуруун дээр бууж буй.
Харин бид дотооддоо ийм дата төвтэй болсноор хууль, эрх зүйн орчны зохицуулалтаас шалтгаалан зөвхөн хилийн зурвас дотор датагаа хадгалах шаардлагатай болдог байсан төрийн байгууллага, агентлаг, зарим тусгай эрх үүрэг бүхий байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулах, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, датагаа аюулгүй, найдвартай орчинд хадгалах боломж давхар бий болно. Нэг ёсондоо, байгууллагууд үүлэн технологид шилжиж, дижитал аялалд гарахад туслах бэлтгэл ажил бүхий л талаар хангагдаад байна гэж ойлгож болно. Мөн хилийн чанад дахь үүлэн технологийн системд серверээ байршуулдаг дотоодын компаниудын хувьд тулгамддаг хамгийн том хүндрэл бол сүлжээний хурд. Тэгвэл Монгол дахь дата төвд серверээ байршуулснаар сүлжээний хурдаа сайжруулж, хамгийн бага милсекундын хоцрогдолтойгоор өгөгдөлтэй холбогдоно (Хилийн чанадад, байршлын хувьд хамгийн ойр серверийг ашиглахад багадаа 0.60 милсекундын хоцрогдолтой байдаг бол дотоодын дата төв рүү серверээ шилжүүлснээр 0.1-0.2 милсекундын хоцрогдолтой болж хурд сайжирна гэж тэд тооцоолжээ).
Үүнээс гадна компаниуд өөрсдөө бие даан мэдээлэл технологийн дэд бүтэц бий болгоход тоног төхөөрөмж, хүний нөөц, бусад урсгал зардлаас эхлээд өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддаг бол эдгээрийг үйлчилгээ хэлбэрээр авснаар зөвхөн үндсэн үйл ажиллагаандаа анхаарах боломж бүрдэнэ. Яг энэ хэлбэрээр буюу бүхнийг өөрсдөө хийхээс илүү, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрч, бусдыг нь үйлчилгээ байдлаар авахыг компаниуд илүүд үзэх болсон бөгөөд “Могул Сервис” компанийн зорилго ч энэ юм. Мөн дата сервер эвдрэх, унтрах, гацах, дата алдагдах зэрэг эрсдэлийг хаахад ч дата төвийн гүйцэтгэх үүрэг өндөр.
Могул хэмээх их сургууль
“Могул Сервис” -ийн дата төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл нийт бизнесийнх нь 90 хувийг ч дангаар эзлэх бололцоо бийг С.Болор-Эрдэнэ онцолж байв. Төсөл хэрэгжиж эхлэх үед ерөнхий инженер байсан тэрбээр богино хугацаанд карьераа ахиулж, дата төв хариуцсан захирал, мөн компанийнхаа дэд захирал болсон бол төд удалгүй гүйцэтгэх захирлаар томилогджээ. Түүний карьерын түүхийг харвал нэг л компанийн нэр бичигдсэн байдаг нь өдгөө захирлаар ажиллах болсон “Могул Сервис”. Ийнхүү инженерээс гүйцэтгэх удирдлагын албанд томилогдохдоо бизнесийн нарийн ширийнийг сайн мэдэхгүй гэж өөрийгөө дүгнэн эмээж байж. Гэвч тодорхой хугацаа өнгөрсний дараа оюутан ахуй цагаасаа ажилласан компанийнхаа үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт гээд шаардлагатай бүхнийг нэгд нэгэнгүй мэдэж буйгаа анзаарчээ. Товчхондоо, тэр гүйцэтгэх захирлын ажил үүргийг хурдан өөриймшүүлсэн юм. Гэсэн ч санхүү, бизнесийн чиглэлийн сургалтуудад хамрагдаж өөрийгөө цэнэглэхээ мартсангүй. Ийнхүү албан тушаал сэлгэж, дата төв босгох ажлаа удирдан чиглүүлэх зуураа “Могул дата центр төслийн барилга, байгууламж барих” сэдвээр Монгол Улсын мэдээлэл технологийн салбарын зөвлөх инженерийн цолыг мөн амжилттай хамгаалж амжжээ.
Таван хүүхдийн аав, өнөр бүлийн тэргүүн тэрбээр физик, электроникийн мэргэжил эзэмшсэн ч мэдээлэл технологийн чиглэлээр буюу сүлжээ, серверийн өрөө, дата төвийн өрөөний техник, технологийн асуудлыг голдуу хариуцаж, компанидаа тасралтгүй 17 жил ажилласан нэгэн. Энэ он жилүүдээ “Ажилдаа дурлаж, өдөр бүр шинийг суралцаж, цаг үргэлж хөгжиж ирсэн нь компанидаа тогтвортой ажиллахад нөлөөлсөн байх. Яг л нэг төрлийн их сургуульд шинээр элсэн суралцаж байгаа мэт санагддаг” хэмээн тайлбарласан юм. Үргэлж ёс зүйтэй, шударга байхыг хичээж ирсэн хэмээн ярих түүнийг хамтран зүтгэгчид нь харин “Аливаад нухацтай, ул суурьтай ханддаг. Бас зарчимч” хэмээн тодорхойлж байв.
Түүний удирдан чиглүүлж буй “Могул Сервис” компани Microsoft корпорацийн Монгол дахь хамгийн том нийлүүлэгчээр ажиллаж, Microsoft 365 программ, Microsoft Azure үүлэн технологийн цогц үйлчилгээнээс гадна MV клауд камерын үйлчилгээ, мэдээлэл технологийн төрөл бүрийн аутсорсинг үйлчилгээ, оффисын хэвлэлтийн ухаалаг менежментийн систем зэрэг үйлчилгээг хүргэж буй. Харин үүлэн технологид суурилсан дэвшилтэт үйлчилгээнүүдийг бүрэн ашиглах, багтаамжийг тэлэх, нэмэлт функцуудын үр ашгийг хүртэх боломжийг тус компанийн шинэхэн дата төв хэрэглэгчдэд олгох юм.
“Ажилдаа дурлаж, өдөр бүр шинийг суралцаж, цаг үргэлж хөгжиж ирсэн нь компанидаа тогтвортой ажиллахад нөлөөлсөн байх. Яг л нэг төрлийн их сургуульд шинээр элсэн суралцаж байгаа мэт санагддаг”.
Үүлэн технологи бол өрсөлдөөнд илүүрхэх боломж гэдгийг эрт олж харж, хөрөнгө, хүчээ харамгүй хаяж, хөгжүүлж, улмаар зах зээлд тэргүүлэгч болж чадсан Microsoft, Amazon, Google тэргүүтэй томоохон тоглогчдын бий болгосон инновац, дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг дата төвөөрөө дамжуулан хүргэж, өөрөө өөртөө үйлчлэх боломжтой, нэгдсэн платформ үүсгэхийн төлөөх хүчин чармайлт нь “Могул Сервис” –ийн ойрын жилүүдийг зорилгыг мөн тодорхойлно.
Энэ хүрээнд тэд үүлэн технологийн ач холбогдлыг олон нийтэд таниулахад түлхүү анхаарахаар төлөвлөж байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн хамт олон зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулах бус хэрэглэгчдээ давхар сургах, хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, шинэ хэв маягт хялбар, үр дүнтэй шилжих, илүү хүртээмжтэй байхад анхаарч, тулж ажилласаар ирсэн юм. 2019 болон 2021 онд Microsoft Partner of the Year шагнал хүртсэн нь ч үүнтэй холбоотой. Уг шагналыг хэрэглэгчдийн дижитал аялал, үүлэн технологид шилжих үйл явцыг хэрхэн дэмжиж ажилласан, хөгжүүлэлтийг хэр амжилттай хийсэн, хэр хэмжээний үнэ цэнтэй үйлчилгээ үзүүлсэн зэргийг харгалзан Microsoft корпорациас олгодог. Цаашид ч энэ эрчээ хадгалж, уг шагналыг дахин хүртэж, үйлчилгээний чанар, стандартаа бататгахын тулд хичээнэ гэдгээ тэд хэлж байв.
Ирээдүй үүлэн технологи дунд өрнөх нь тодорхой болсон энэ цаг үед уламжлалт байдлаар байгуулсан дата төвөө тэд цаашид паблик клауд дата төв болгож, дэлхийн томоохон дата төвүүдтэй харилцан холбогдох зорилгыг давхар тээж байна. Хэрэв ингэж чадвал дэлхийн түвшинд гарахаар тэмүүлж буй дотоодын технологийн компаниуд дэд бүтцийн хувьд торох асуудалгүй, өндөр хурдаар олон улсын зах зээлд гарах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн үйлчилгээгээр дэлхийн түвшинд хүрч ажилладаг компани болоход тэд алсын хараагаа чиглүүлж байна. Энэ ч үүднээс мэргэшсэн инженерүүдийнхээ ур чадварт тулгуурлан дахин давтагдашгүй загвартай, бие даасан үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
“Могул Сервис” компанийн хамт олны дийлэнх хувийг бүрдүүлдэг инженер, техникийн ажилтнуудын хувьд Microsoft, HP, Dell, Oracle -ийн сертификаттай мэргэшсэн, туршлагатай боловсон хүчин гэдгээрээ онцлог. “Ихэнх байгууллага функциональ бүтцээр ажилладаг бол манайх матриц бүтцийн дагуу ажилладаг. Матриц бүтэц гэдэг нь функциональ бүтцийг хөндлөн чиглэлд бизнесийн тодорхой шугам (line) -уудад хувааж, шугам тус бүр ахлах инженер, үйлчилгээ хариуцсан менежер, бизнес хөгжлийн менежер, борлуулалтын менежер, маркетингийн менежертэй буюу компанийн нэг ёсны жижиг хувилбарыг бий болгож, өөрсдийн хариуцдаг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төвлөрөн ажиллана гэсэн үг” хэмээн гүйцэтгэх захирал С.Болор-Эрдэнэ тайлбарлаж байна. Тэрбээр илүү ойлгомжтой болгохын тулд компьютерынхоо дэлгэц дээр компанийнхаа энэ оны бүтцийг бүдүүвчилснээ гаргаж ирэв. Өнгөөр ялган тэмдэглэсэн нүднүүд компани ямар бизнес шугамуудад хуваагддагийг, тухайн шугамд ямар албан тушаалын ажилтнууд харъяалагдах, шугам тус бүрийг хэн ахлан ажиллах зэргийг ойлгомжтой харуулжээ.
Ирээдүй үүлэн технологи дунд өрнөх нь тодорхой болсон энэ цаг үед уламжлалт байдлаар байгуулсан дата төвөө тэд цаашид паблик клауд дата төв болгож, дэлхийн томоохон дата төвүүдтэй харилцан холбогдох зорилгыг давхар тээж байна.
“Ингэж уламжлалт алба хэлтсийг хөндлөн зүсэж, бизнес хөгжлийн менежерүүд нь тухайн багаа ахлан, CEO мэт ажиллах арга барил манай бизнес моделийн онцлогтой маш сайн зохицдог. Гэхдээ үүний хажуугаар байгууллагын уламжлалт бүтэц болох газар, хэлтэст хуваагдан ажиллах хэлбэр ч хэвээр үргэлжилж байгаа. Тухайлбал, инженерүүдийн газрын дарга бизнес шугамуудын инженерийн мэдлэг, ур чадвар зэрэгт дэмжлэг үзүүлж ажилладаг бол шугамын удирдлага буюу бизнес хөгжлийн менежерүүд үйл ажиллагаа, түүний хөгжлийг түлхүү хариуцдаг” хэмээн С.Болор-Эрдэнэ тодруулан тайлбарлалаа. Түүний албан өрөө тун энгийн. Ажилтнууд нь чөлөөтэй орж гарна. Заримдаа уулзалт хийхээр өрөөг нь “зээлдэнэ”. Тэр өөрөө ч энгийн нэгэн. Тиймдээ ч хамт олныхоо дунд ороод ажиллаад явахад дарга, цэргийн ялгаа үл анзаарагдана. Энэ л орчинд, энэ л арга барилаар “Могул Сервис” компанийн үйл ажиллагаа саадгүй урагшилж, төлөвлөсөн бүхнээ бодит ажил хэрэг болгож, алсын хараа сунгасан зүгтээ хүрэхээр дөтөлж явна.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 06 сарын дугаар (№43) -ын ковер нийтлэл –