– Business.MN сэтгүүлийн 2022 оны 07 сарын дугаар (№44) -ын ковер нийтлэл –
Өөрийн нэрийн OOGII Fashion брэнд, OOGII Edu сургалт зуучлалын агентлагаа амжилттай удирдахын зэрэгцээ Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч RackCorp корпорацийн PR захирлын албыг хашдаг Оогий ирэх есдүгээр сард Монголд Knight’s Australian Mongolian School (KAMS) -ийнхээ нээлтийг хийхээр зэхэж байна. Боловсролоор дамжуулан ирээдүйн сайн сайханд хувь нэмэр оруулахыг хүссэн учраас тэр өндөр өсгийт дээрээ дахин нэг удаа зоримог алхаж буй нь энэ.
Австралийн Сидней хотын төвөөс 15 минут явах зайд, Парраматта голын эрэгт орших хувийн сууцныхаа цэлгэр том цонхны дэргэд суух О.Оюунцэцэг “Монгол, Австрали улс бол хоёулаа л миний эх орон. Энэ хоёр улсыг сэтгэл зүрхэндээ ив ижилхэн тээж явдаг. Тиймдээ ч аль алинд нь хийх ажил асар их байна” хэмээн өгүүлж байна. Цонхоор нь голын мандал цэнхэртэж, усан онгоцнууд нааш цааш хөвж харагдана. Австралид өвлийн улирал болж, ялимгүй сэрүүссэн ч гадаа нэмэх хэмийг заасан хэвээр. Олон нийтэд Олонбаярын Оюунцэцэг гэхээс илүү Оогий нэрээрээ танигдсан тэрбээр энд ирээд яг 10 оныг үдэж буй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр нэг л өдөр Австралийг зорьсон Оогий энд л өөрийгөө дахин бүтээж, хүсэл мөрөөдлөө олж, карьераа босгож, бас гэр бүлээ цогцлоожээ.
Өдгөө өөрийн нэрийн OOGII Fashion брэнд, OOGII Edu сургалт зуучлалын агентлагаа амжилттай удирдахын зэрэгцээ Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч RackCorp корпорацийн PR захирлын албыг хашиж, Австрали Азийн Бизнес консулын ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсоноос гадна ирэх есдүгээр сард Монголд нээлтээ хийхээр зэхэж буй Knight’s Australian Mongolian School (KAMS) -ийг барьж байгуулах, дотоод үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг тэр өнгөрсөн хугацаанд алсаас удирджээ.
Сошиал медиа дахь 100 мянга давсан дагагчтай түүний хаягуудаар зочилбол долгионтой урт шаргал үс, загварлаг хувцаслалт, өндөр өсгийтөөр хэв маягаа тодотгосон залуу эмэгтэйн дүр төрх тодорно. Үнэхээр ч Оогийг өндөр өсгийтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уулзалтаас уулзалтын хооронд өнгөрөх ажлын өдрүүдийнхээ нэгэнд өмссөн өндөр өсгийт нь түүний хөлийг айхтар холгож орхисноос тэр бизнес санаагаа олжээ. “Загварлаг, чамин тансаг хэрнээ хөлд эвтэйхэн өндөр өсгийт яагаад урлаж болохгүй гэж? Энэ бол бүсгүйчүүдэд нийтлэг тулгардаг асуудал!”. Ингээд удаа ч үгүй маш загварлаг, чанартай, бас хамгийн гол нь хөлд тун эвтэйхэн өндөр өсгийтүүдийг OOGII Fashion нэрээр тэр зах зээлд танилцуулсан билээ.
2017 оны гуравдугаар сарын 11 -ний тэр өдрөөс эхлэн ердөө долоо хоногийн дотор 1000 ширхэг өндөр өсгийт борлуулсан нь түүний анх бодож, тооцоолсон жилийн дотор 500 хосыг худалдах төлөвлөгөөнөөс нь хэд дахин давсан үзүүлэлт байв. Гэхдээ энэ бүхэн гэнэтийн амжилт биш, харин удаан хугацаанд бүхнийг эхнээс нь сайтар төлөвлөж, судалсны үр дүн байсан юм. Фермийн аргаар өсгөсөн могойн арьсыг ашиглан байгалийн гаралтай будгаар гараар будан өнгө оруулж гутал, цүнх урлаж буй нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйн дээр эргээд байгаль, эх дэлхийдээ шингэх материал гэдгийг давхар бодолцжээ. Мөн арьсан бүтээгдэхүүн 10 -аас дээш жилийн эдэлгээтэй байдаг тул дэлхий даяар чанаргүй, олон удаагийн худалдан авалтаас зайлсхийх хандлага ноёлж буй өнөө цагт эко системд ээлтэй сонголт хэмээн тайлбарлаж байна.
Түүнчлэн тун саяхнаас тусгай зориулалтын мөөгнөөс арьстай төстэй ч, эдэлгээний хувьд арай богино материалыг гарган авсан Индонез улсын эрдэмтэдтэй хамтран туршилтын загварууд дээр ажиллаж байгаа тухайгаа уламжлав. Эхний ээлжинд тэд түрүүвч болон кэт хийж байгаа бөгөөд гол зорилго нь OOGII Fashion брэндийн тансаг зэрэглэлийн үндсэн бүтээгдэхүүнээс арай хямд үнэтэй хэрнээ чанартай загваруудыг илүү олон хүнд хүргэх аж. OOGII Fashion -ийн бүтээгдэхүүнүүд Австрали болон Монголд биет дэлгүүрээр борлогдохын зэрэгцээ онлайнаар захиалсан үйлчлүүлэгчдэд зориулан “нисэж”, дэлхийн өнцөг булан бүрт хүрч амжжээ.
Нэг бүтээгдэхүүн худалдан аваад түүнийгээ олон жил гамтай, хайрлаж өмсье гэсэн хүмүүс манай бүтээгдэхүүнийг сонгодог.
Бүтээгдэхүүнүүд нь Оогийгийн олон мянган дагагчтай сошиал хаягууд болон брэндийн вэбсайт, онлайн хуудсуудаар дамжин амжилттай борлогдож, эрэлт ихтэй байдгийг тэрбээр “Онлайнаар бүтээгдэхүүнээ худалдаална гэдэг цахим орчин дахь их хөлийн газар байршиж байна л гэсэн үг” хэмээн тайлбарлав. Хэдий эрэлттэйд тооцогдож, бүсгүйчүүдийн хүслийн жагсаалтад багтдаг ч гэлээ OOGII Fashion -ий бүтээгдэхүүн цөөн тоогоор хийгддэг учраас томоохон онлайн платформуудад байршуулах шаардлагагүй байдгийг ч тэр тодотгосон. Тиймээс ч яаралгүй, бага багаар зах зээлээ тэлэхдээ улс орнуудын гол хотуудад Монголд нээсэн шиг VIP room (өрөө) нээх замаар бүтээгдэхүүнээ бодит байдлаар хүргэх нь тохиромжтой шийдэл гэж үзэж байна. Тус брэндийн урын санд цайвар, хул шаргал, хар зэрэг энгийн, өдөр тутмын сонголтоос гадна цэнхэр, ногоон, улаан, алтлаг, саатай гээд илүү хурц тод өнгө асаасан зоримог шийдэл бүхий өндөр өсгийтүүд бий.
Өдгөө OOGII Fashion брэнд өргөжиж эмэгтэй гутал, цүнхнээс гадна сникерс, түрийтэй гутал, аксессуарууд, мөн эрэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнээр цуглуулгаа баяжуулж, хэдийнэ өөрийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болжээ. Тухайлбал, OOGII Fashion -ийн эрэгтэй загварыг Японы сумочид, Английн хөнгөн атлетикийн тамирчид, Австралийн рагби болон усан спортын тамирчид сонгон өмсөж байна. Мөн Австралийн эмэгтэй тамирчдаас гадна Криста Биллич тэргүүтэй алдартнууд ч OOGII Fashion -ээр гоёдог. Энэ талаар Оогий “Бид тоонд бус чанарт анхаарсаар ирсэн. Яг л анх хүссэн шигээ нүүр бардам байж чадахуйц чанартай бүтээгдэхүүнийг бүтээж чадсан. Тиймээс нэг бүтээгдэхүүн худалдан аваад түүнийгээ олон жил гамтай, хайрлаж өмсье гэсэн хүмүүс манай бүтээгдэхүүнийг сонгодог” хэмээн онцоллоо.
Өнөөдөр хүмүүс нэртэй брэндийн лого, шошгонд ач холбогдол өгөх нь илт багасч, жижиг брэндийн давтагдашгүй, содон бүтээгдэхүүнийг илүүтэй таашаах болсныг тэр анзаарчээ. Үнэхээр ч олон тоогоор үйлдвэрлэгдээгүй, цөөхөн, чанартай, гар ажиллагаа шингэсэн үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг сонгох хандлага хүмүүсийн дунд эргэн ирж буй.
Заримдаа үйлдвэрийн алдаатай бүтээгдэхүүн байж болно. Тийм тохиолдолд хариуцлагаа 100 хувь хүлээж “Уучлаарай, алдаа гарсан байна” гэж хэлж чаддаг байх ёстой”.
Алдаа гаргасан ч суралцаад л явдаг нь Оогийгийн хэв маяг. Өнгөрсөн хугацаанд бэрхшээлийг боломж болгон хувиргасан үе түүний амьдралд цөөнгүй тохиожээ. “Бэрхшээлийг давж гарсныхаа дараа л бэрхшээл гэж би хэлдэг. Торох зүйлгүй, бэрхшээлгүй амьдрал гэж үгүй. Мэдээж унаж босох үе байна” хэмээн тэр хуваалцсан юм. OOGII Fashion брэндийн алдартай бүтээгдэхүүний нэг үл ялиг ногоон туяатай, гялалзсан, тод цэнхэр өнгийн Mermaid (Лусын дагина) загвар худалдаанд гараад удаагүй байхдаа олны шүүмжлэлийг хүртээд авчээ. Chanel брэндийн өмнө ашиглаж байсан технологийн тусламжтай Mermaid загварыг гарган авсан бөгөөд энэ нь үхрийн арьс, пластикийг нийлүүлэн халуун хэвээр дарж нэг төрлийн материал бий болгох арга юм. Гэтэл бороонд өмсөх, норгох, халуун орчинд хадгалах зэргээс шалтгаалан материал хатаж жижгэрэх, пластик хугарах зэрэг асуудал үүссэн байна. Тухайн үйлчлүүлэгчээс уучлал хүсэж, шинэ бүтээгдэхүүн олгосон ч сошиал медиагаар хүчтэй шүүмжлэлд өртжээ.
Хүмүүсээс уучлал хүсэж, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, дахин ийм алдаа гаргахгүйн төлөө хичээж ажиллана гэдгээ OOGII Fashion брэндийн зүгээс мэдэгдэв. “Үүний дараа бидэнд маш олон хүн итгэл хүлээлгэж, урьд өмнөхөөсөө ч олуулаа дагаж, дэмжиж, сошиал орчин маань илүү тэлсэн. Хоёрт, алдаагаа засаж, улам сайжруулах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн өндөр чанартай OOGII Mermaid загвар ингэж л бий болсон” хэмээн Оогий хэлээд үргэлжлүүлэн “Хүмүүс ямар нэг бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвхөн тухайн бүтээгдэхүүнийг биш үйлчилгээг хамтад нь авдаг. Худалдан авалтын дараа хэрэглэгч ахин холбогдож зөвлөгөө авч болно. Тэр үед бид бэлэн байх ёстой. Энэ бол худалдан авалтын дараах үйлчилгээ. Заримдаа үйлдвэрээс алдаатай бүтээгдэхүүн гарсан байж болно. Тийм тохиолдолд хариуцлагаа 100 хувь хүлээж “Уучлаарай, алдаа гарсан байна” гэж хэлж чаддаг байх ёстой” гэлээ.
OOGII Fashion брэндийн урын санд цайвар, хул шаргал, хар зэрэг энгийн, өдөр тутмын сонголтоос гадна цэнхэр, ногоон, улаан, алтлаг, саатай гээд илүү хурц тод өнгө асаасан зоримог шийдэл бүхий өндөр өсгийтүүд бий.
Тун удахгүй OOGII Fashion брэнд Сиднейн бизнесийн төв дүүргийн зүрхэнд байрлах, 127 жилийн настай Queen Victory Building (QVB) худалдааны төвд нэрийн дэлгүүрээ нээхээр зэхэж байна. Асар өндөр шаардлага, нарийн стандарттай энэ худалдааны төвд дэлгүүрээ нээж, улмаар дараагийн шатанд гарах цаг хугацаа нь болсон гэж тэд үзжээ. Дэлгүүртээ өөрийн брэндийн бүтээгдэхүүнээс гадна монгол дизайнеруудын урласан бүтээлүүдийг ч борлуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ нь дотоодын дизайнеруудад олон улсын тавцанд гарах гүүр, гадаад ертөнцөд танигдах нэг шат болж чадна гэсэн хүсэл тэмүүллээс үүджээ.
Оргилд хөтлөх гүүр
Загварын салбарт амжилт олж эхэлмэгцээ Оогий дараагийн төлөвлөгөөндөө шилжсэн нь 2018 онд үүсгэн байгуулсан OOGII Edu сургалт зуучлалтын агентлаг байв. Австрали руу сургалт, зуучлалын үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд хүмүүсийг ихээхэн хохироож буйг тэр анзаарсан учраас Монголоос тус улсад сургах мэргэжлийн түвшний агентлаг байгуулахаар шийджээ. Өдгөө OOGII Edu Австрали руу сургуульд зуучлахаас гадна бүх төрлийн визний үйлчилгээг үзүүлж, англи хэлний болон бусад сургалт, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тэр дундаа, сурагч ментор болон Оогий ментор хөтөлбөр нь хүмүүст сайн танигджээ. Сурагч ментор хөтөлбөрийн тухайд сурагчдын насанд тохирсон глобал түвшний ур чадварыг олгож, мэргэжлээ зөв сонгох, тэтгэлэгт бэлтгэх гэсэн үндсэн гурван чиглэлээр 10-13, 14-18 насны бүлэгт хуваан ажилладаг. Жилд 100 орчим хүүхэд OOGII Edu -ээр дамжин Австралид суралцдагаас цөөнгүй хувь нь тус улсын их сургуулиудаас тэтгэлэг хүртэж чаджээ. Харин 2019 оноос тэд өөрийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Австралийн 100 жилийн түүхтэй боловсролын байгууллага болох Wentworth Institute of Higher Education (WIN) -тэй хамтран бакалаврын түвшинд суралцах 100 хувийн тэтгэлгийг олгож эхлэхээр болоод буй. Энэ нь Австралийн Засгийн газраас олгодог тэтгэлгээс гадна цорын ганц бакалаврын сургалтын төлбөрийг бүрэн дааж буй тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлог. Цаашлаад залуучууд дэлхийн шилдэг их сургуулиудад элсэн суралцах гүүр болох нь уг ментор хөтөлбөрийн гол зорилго.
“Дараа үеийн залуусын мэргэжлээрээ ажиллах гүүр болно”.
Оогий ментор хөтөлбөрийн тухайд насанд хүрэгчдэд зориулсан бөгөөд мэргэжлээрээ олон улсад ажиллах сонирхолтой, өндөр боловсролтой, чадварлаг залуучуудын хүсэл зорилгодоо хүрэх гүүр болох зорилготой. Оогий Австралид анх хөл тавиад удаагүй байхдаа л дараа үеийн залуусын мэргэжлээрээ ажиллах гүүр болно гэсэн амбицыг дотроо тээжээ. Харин өнөөдөр Австралид мэргэжлээрээ ажиллаж буй залуучуудын 20-30 хувьтай тулж ажилласан нь өөрөө өөртөө өгсөн амлалтаа ажил хэрэг болгож чадсаныг илтгэнэ. “Залуус ийм үр дүнд хүрч, олон улсын байгууллагад ажиллаж буй нь зөвхөн надаас, манай агентлагаас гэхээс илүүтэй тэдний өөрсдийн хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалсан. Тэдэнд боломж олгож, гүүр болохыг л зорьсон. Миний хувьд өөрөө мундаг биш ч, мундаг, чадалтай, боловсролтой залуучуудыг хүсэж буй оргилдоо хүрэхэд нь тусалж дэмнэдэг гүүр болж чадах юм байна гэдгээ ойлгосон” хэмээн Оогий хэлж байна.
“Миний баримталдаг зарчим бол бусдын хөдөлмөрийг мөлжсөн, хохироосон бизнес хийхгүй байх. Эсрэгээрээ бусдын төлөө, тэдний сайн сайханд үйлчлэх бизнес эрхлэх явдал.
Тэрбээр Хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, улмаар West Sydney University -г дэлхийн хэвлэл мэдээллийн ажилтан, University of Technology Sydney -г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, хос мастерын зэрэг эзэмшсэн ч хүсэл сонирхлоо даган загварын салбарт зоригтой хөл тавьж, байр сууриа олоод байхдаа мөн л эрс өөр боловсролын салбарыг сонгон давхар ажиллах болсон нь олон хүний сонирхлыг татсан. Энэ шийдвэрийнхээ талаар тэр дараах байдлаар тайлбарласан юм. “Миний баримталдаг зарчим бол бусдын хөдөлмөрийг мөлжсөн, хохироосон бизнес хийхгүй байх. Эсрэгээрээ бусдын төлөө, тэдний сайн сайханд үйлчлэх бизнес эрхлэх явдал. Надад богино хугацаанд мөнгө олох, хүмүүст өгөөжтэй бус аргаар бизнес хийх бодол байгаагүй учраас боловсролын салбарыг сонгосон. Мэдээж хэрэг, тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байж тухайн бизнес оршин тогтноно, цаашид илүү сайжирна”.
Надад богино хугацаанд мөнгө олох, хүмүүст өгөөжтэй бус аргаар бизнес хийх бодол байгаагүй учраас боловсролын салбарыг сонгосон.
OOGII Edu сургалт зуучлалын агентлагийн саяхнаас хэрэгжүүлж эхлээд буй өөр нэг хөтөлбөр бол тодорхой шаардлага хангасан цөөн тооны залуусыг Австралийн холимог буюу хагас болон бүтэн автоматжсан фермүүдэд ажиллуулах. Хэдийгээр Зүүн өмнөд Азиас Австралийг зорих хямд ажиллах хүчний цуваа тасрахгүй байгаа ч Оогийгийн хувьд арай өөр бодолтой байна. “Яагаад бид австраличуудтай адил түвшинд үнэлүүлж, ижил хэмжээний цалин авч болохгүй гэж? Үүний тулд бусдаас юугаараа ялгарах ёстой вэ? гэдэгт анхаарч байна” гэлээ. Тэрбээр нас насны, ялгаатай бүлгүүдэд хүрч ажиллахаар зорьж буй нь энэ бөгөөд яваандаа зөвхөн тодорхой түвшний сургалт, хөтөлбөрөөр хязгаарлагдаж болохгүйг ухаарсан нь олон жилийн өмнөөс мөрөөдөж, төлөвлөж байсан сургууль байгуулах тухай бодолтой нь давхцаж, гэр бүлийн хүний хамт төслийн ажлыг эхлүүлжээ. Ингэж цаасан дээр буусан санаа өдгөө Нүхтэд, цэвэр агаарт, модон дунд биеллээ олж, барилга болон сүндэрлэж буй.
Ирэх есдүгээр сарын 1 -нд нээлтээ хийх Австрали Монголын шилдэг хөтөлбөрүүдийн хослол бүхий Knight’s Australian Mongolian School (KAMS) -ийн зорилгыг “дэлхийн хүн бүтээх” гэж товч тодорхойлж болно. Эхний ээлжинд 100 хүүхэд суралцах бага сургуулийг ийнхүү нээж байгаа бол 2025 онд ахлах сургуулиа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хүүхдийн хөгжил, төлөвшилд онцгойлон анхаарч, ёс зүй, хүмүүжил өв тэгш, олон улсад өрсөлдөх чадвартай дэлхийн иргэнийг бүтээхийн зэрэгцээ шилдэг сурагчдаа Австралийн сургуулиудтай хамтарсан сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах зэргээр гадаад харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх юм.
“Миний хувьд өөрөө мундаг биш ч, мундаг, чадалтай, боловсролтой залуучуудыг хүсэж буй оргилдоо хүрэхэд нь тусалж дэмнэдэг гүүр болж чадах юм байна гэдгээ ойлгосон”.
Энэ бүхнийг амжуулахын хажуугаар Оогий Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч RackCorp корпорацийн PR захирлаар ажилладаг. Магистрт суралцаж байхдаа Баруун Австралийн Television Sydney (TVS) хэмээх орон нутгийн жижиг телевизд дадлагажиж байх үеэрээ тэр RackCorp -ийн захирлаас ажлын санал хүлээн авчээ. Тухайн үед өөрийн ур чадварыг голж, чадах болов уу гэж эргэлзсэн учир саналыг хүлээж авсангүй. Энэ хугацаандаа Монголд ирж, Eagle телевизд хэсэг ажиллаж байгаад 2016 оны эхээр Австрали руу буцаж, шийдвэрээ өөрчлөн дээрх саналыг хүлээн авснаар RackCorp -д PR менежерээр ажиллах болжээ. Өөрт нь тавьсан саналын тухайд тэрбээр “Аливааг чин сэтгэлээсээ хийдэг, мөн ямар ч ажилд ажил хэрэгч байдлаар ханддаг чанар, харилцаа, хандлага, хүний итгэлийг алдахгүйг хичээдгийг маань анзаарсан байх” гэлээ.
RackCorp корпораци нь дэлхийн 17 улсад 30 гаруй салбартай төдийгүй Австралийн хамгийн үнэ цэнтэй, ур чадварт бүхий мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлснээрээ онцлог. Үүлэн технологид суурилсан дэд бүтцийн цогц үйлчилгээг улс орнуудын Засгийн газар, үндэстэн дамнасан корпорациуд, нэр хүндтэй их сургуулиудад үзүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангадгаараа тэд нэрд гарчээ. Мөн үйлчилгээний дараах үйлчилгээ, дэмжлэг (support) -ийг маш сайн үзүүлдгээрээ алдартай. Байгуулагдаад 22 жил болж буй тус корпорацийн сүүлийн 17 жилийн турш үзүүлсэн дэмжлэгийн дундаж хугацаа 1.5 минут гэдгийг Оогий хуваалцсан юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид асуудал тулгарах, тодруулах зүйл гарлаа гэхэд тухайн компаниас хариу өгч, шийдвэрлэх хугацаа цаг, өдрөөр хэмжигддэг бол RackCorp -ийн хувьд ердөө л минут хагасын хугацаа хангалттай аж.
Өнгөрсөн жилүүдэд Оогий RackCorp -ийг төлөөлөн Япон, Индонези, Киргизстан, Казахстан зэрэг улсын Засгийн газар, Австралийн томоохон компаниуд, олон улсын корпорациудтай хамтран ажиллахад түлхүүр тоглогчийн үүрэг гүйцэтгэж, гэрээ хэлэлцээрийг амжилттай байгуулж иржээ. Уулзалтын өмнө судалгаа, бэлтгэлээ сайтар хангахын зэрэгцээ харилцагч талаа сайн сонсож, юу хүсэж байгааг нь ойлгох, мөн нүд рүү нь харж ярилцаж чаддаг байх хэрэгтэй хэмээн тэр товч байдлаар зөвлөж байна.
Сүүлийн 10 гаруй жил тэр ажил, амьдралаа амжилттай зохицуулж, тэнцвэртэй авч явж ирсэн нь олон хүнийг энэ талаар асуухад хүргэдэг байна. Харин түүний алтан дүрэм бол “Ажлын стрессийг гадаа орхи, гэрт болсон асуудлыг гадагшаа бүү авч гар”, хоёрт, цагийн менежмент, гуравт, багийн ажиллагаа”. Багийн гишүүдтэйгээ захирангуй өнгө аясаар бус харин хүндэтгэлтэй, эелдэг харилцахыг тэр эрхэмлэдэг. Бас ажлаа хэрхэн сайжруулах талаар тогтмол харилцан ярилцдаг нь үр дүнтэй байдаг аж. Энэ зуур “Миний ажлын нууц бол ерөөсөө л багаар ажиллах” хэмээн тэр онцолж байна. Мөн чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хүнд, чаддаг нэгэнд даатгах нь цаг хугацаа хэмнэх давуу талтайг хэлж байв.
“Сахилгагүй царайтай ч би маш зарчимч. Хувь, хувьсгалын бүх ажил төлөвлөгөөний дагуу өрнөдөг. Нэг үгээр, ажил, амьдралаа зааглаж чаддаг. Юу ч хийсэн бай тухайн цаг мөчдөө оршихыг хичээж, цагийн юмыг цагт нь хийдэг. Оюутан байхаасаа л ажил, хичээлээ хийхийн хажуугаар хүүгээ асрах гээд л олон зүйлийг давхар амжуулж ирсэн дадал маань өнөөдөр ч тусаа өгсөөр байна. Гэхдээ одоо тухайн үеийнх шиг тэгж их ачаалалтай байж чадахгүй л болов уу. Залууст нойроо аль болох бүтэн авч, найман цаг унтаарай, нойрноос эрч хүчээ авч байгаарай гэж захина. Ер нь миний хоббиг асуувал унтах гэж л хариулна даа” хэмээн тун саяхан хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан Оогий инээмсэглэн өгүүллээ.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 07 сарын дугаар (№44) -ын ковер нийтлэл –