Ярилцсан М.Ариунзаяа
Шилжилт хөдөлгөөн гэдэг бол зүгээр нэг нүүж нутаг сэлгэх тухай асуудал биш юм. Энэ нь тухайн улс орны нийгэм, эдийн засгийн олон цогц асуудлын шалтгаан бас илрэл нь байдаг. Шилжилт хөдөлгөөнийг хэдий чинээ сайн ойлгоно, төдий чинээ төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ оновчтой болно. Энэ чиглэлд тун үр дүнтэй ажиллаж буй Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенкотой шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрийн зах зээл, боловсрол, бүтээмж зэрэг эдийн засгийн чухал сэдвээр дэлгэрэнгүй ярилцлаа.
Business.mn сэтгүүлийн уншигчдад та өөрийгөө товч танилцуулаач
Намайг Виктор Лутенко гэдэг. Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ) хөтөлбөрийн менежерээр ажилладаг.
Би Молдави улсад төрсөн, бүх л амьдралынхаа турш шилжилт хөдөлгөөний чиглэлээр ажиллаж байна. Анх Молдави дахь ОУШХБ-д ажилд орж, 2005 онд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцож, улмаар НҮБ-ын өөр нэг агентлаг болох НҮБ-ын Хүн амын санд очиж хүн ам зүйн бодлогын чиглэлээр ажиллах болсон юм. Дараа нь Молдавийн Ерөнхий сайдын Нийгэм, хөгжлийн бодлого хариуцсан төрийн ахлах зөвлөхөөр ажиллах урилга хүлээж авч ажилласан. Гэхдээ удалгүй Молдавийн Засгийн газарт “Нутгаа орхисон үндэсний цөөнхийн асуудал хариуцсан товчоо” нэртэй шинэ агентлагийг санаачилж, удирдах болсноор шилжилт хөдөлгөөн, хөгжлийн асуудалдаа эргээд орсон. Түүнээс гадна би Молдавийн нийслэл Кишенев хотын захиргаанд ажиллаж улс төрч байж үзсэн юм. Молдавийн Засгийн газарт ажиллаж байхдаа сурах зүйл маш их байгааг ойлгож, АНУ-ын Миннесота-д Хамфригийн тэтгэлгээр нэг жил суралцаж, дараа нь Бостон хотноо төрийн удирдлагын магистр хамгаалсан. Үнэндээ Монголд ажиллаж буй маань миний олон улсын байгууллагад ажиллаж байгаа анхны тохиолдол.
Монголын шилжин суурьшигчидтай холбон яриагаа үргэлжлүүлье. Өнөөдөр боловсролтой, ур чадвартай монгол залуучууд өндөр цалин авч, сайхан амьдрахын тулд гадаад орныг зорьж байна. Үнэ цэнтэй хүний нөөцөө гадагшаа алдаж байгаа энэ процессыг яаж сааруулах вэ?
Юуны түрүүнд, дэлхийн түвшний мэдлэг, туршлагатай болохын төлөө хилийн чанадыг зорих нь муу зүйл биш гэж бодож байна. Өөр улс оронд, өөр соёлын орчинд амьдрах нь монголчуудад, ялангуяа залуучуудад тустай бөгөөд эх орондоо хувь нэмэр оруулахад хэрэгтэй.
Ерөнхийдөө шилжилт хөдөлгөөн гэхээр хоёр асуудал яригддаг. Эхнийх нь таны хэлснээр чадварлаг хүний нөөцөө гадагш алдах буюу англиар “brain drain”. Илүү боловсролтой, гадаад хэлтэй, ажилдаа ур чадвартай хүмүүс эх орондоо мэдлэг, чадвараа ашиглан амьдрах бололцоо хязгаарлагдмал учраас олноороо гадаад руу шилжин суурьшихад явагддаг процесс. Хоёр дахь нь чадварлаг хүмүүс мэргэжлийн шаардлагаас доогуур ажил эрхэлж, ур чадвараа ашиглахгүйн улмаас ур чадвараа гээх буюу англиар “brain waste”. Жишээ нь, дээд боловсролтой олон монгол хүн өндөр цалин авахын тулд Өмнөд Солонгост хар ажил хийдэг. Ийм тохиолдолд заримдаа эзэмшсэн мэдлэг, чадвар нь түүнд зарцуулсан цаг хугацаа, мөнгө хөрөнгө, хүч хөдөлмөрийн хамт алга болдог.
Монгол төдийгүй дэлхийн чиг хандлагаас харахад хүн аргагүйн эрхэнд шилжин нүүхийн хэрээр амьдрал нь улам баталгаагүй болж байна.
Үүнийг яаж шийдэх вэ гэвэл: Миний эхний санал болгох зүйл жаахан этгээд сонсогдож магадгүй. Гэхдээ гадаад явахад нь хүмүүст туслах хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөн гэдэг бол гэрлэх, хувийн өмчтэй байхтай нэгэн адил хувь хүний язгуур эрх. Төрөөс хэрэгжүүлэх эхний алхам бол хүмүүс дотоодод болон гадагшаа өөрийн хүслээр шилжилт хөдөлгөөн хийдэг орчныг бүрдүүлэх. Монгол төдийгүй дэлхийн чиг хандлагаас харахад хүн аргагүйн эрхэнд шилжин нүүхийн хэрээр амьдрал нь улам баталгаагүй болж байна. Аргагүйдсэн шилжилт хөдөлгөөн гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө зэрэг гаднын хүчин зүйлсээс улбаатай шилжилт хөдөлгөөн юм. Харин хүн өөрийн хүслээр шилжиж байгаа тохиолдолд шилжилт хөдөлгөөн нь шилжиж буй хүн, түүний эх орон болон очсон газарт нь сайнаар нөлөөлдөг. Шилжилт хөдөлгөөнд оролцогчид дэлхийн хүн амын гуравхан хувийг бүрдүүлдэг хэр нээ дэлхийн ДНБ-ий 10 хувийг бүтээдэг нь эерэг шилжилт хөдөлгөөний тод жишээ юм.
Товчхондоо, шилжилт хөдөлгөөн нь хувь хүний хүсэл, сонголтоор өрнөж буй бол эдийн засгийн өсөлтийг тэтгэдэг. Тиймээс төрийн зүгээс шилжилт хөдөлгөөнд түлхэх эсвэл хязгаарлах биш, харин хүсэл, мөрөөдлөө даган гадаад орныг зорьж байгаа хүмүүс шилжин суурьшсанаараа сайхан амьдрах эрх зүйн боломжууд, хүнд сурталгүй системийг бий болгох хэрэгтэй. Ингэвэл шилжилт хөдөлгөөний зорилго биелж, улмаар эх орондоо хурдан эргэж ирэхэд нь, эсвэл тэндээ амьдрах бол байгаа газраасаа Монголынхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь тусална.
Монголдоо эргэж ирэх эсвэл эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах сэдлийг төрүүлэх дээр та дэлгэрүүлж яриач?
Хариулт энгийн бөгөөд тодорхой: Хэдий чинээ тэдэнд тусална, төдий чинээ тэд Монголтой холбоотой байх хүсэлтэй байна. Монголын ГХЯ, элчин сайдын яамд, консулууд, гадаад дахь монголчуудын зөвлөлүүдтэй хамтран ажилласнаар олон оронд амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ холбогдох, харилцаа үүсгэх, өв уламжлал, төрөлх хэлээ хадгалахад нь тэдэнд туслах боломжтой. Үүний зэрэгцээ шилжин очсон орноосоо дэмжлэг авах, орлогоо нэмэх, мэдлэг, туршлага хуримтлуулахад нь туслах ёстой. Энэ мэт бололцоог нээж, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж, дэмжих ёстой. Ингэж байж л тэд Монголдоо мэдлэг, туршлагаа хуваалцах, цаашлаад хөрөнгө оруулах талаар ярьж болно.
Гадаадыг зорьсон хүмүүс эх орондоо хувь нэмэр оруулах хэлбэр нь Монголдоо буцаж ирэх гэж бид боддог ч энэ тийм биш. Өнөөдөр бид газар зүй, орон зайгаар хязгаарлагдахгүй дэлхийд амьдарч байна. Хэд хэдэн оронд нэгэн зэрэг амьдарч, сурч, ажиллаж болж байна. Бодлого боловсруулагчид үүнийг хүлээн зөвшөөрч, цаг үетэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай. Үнэндээ гадаадад амьдарч буй хүмүүс буцаж ирснээс ч илүү зүйлийг зайнаас хийж өгч чадна. Тиймээс тэднийг буцаж ир хэмээн шахахын оронд өөр өөрийнхөөрөө Монголдоо хувь нэмэр оруулах сэдлийг өгөх ёстой болов уу. Гадаадад байгаа олон монгол хүн Засгийн газар, орон нутгийн удирдлагуудад зөвлөхөөр ажиллах, компани байгуулах, хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг учраас энэ мэтээр хувь нэмэр оруулах нөхцөл бололцоо, коридорыг үүсгэх шаардлагатай. Тэдний нөөц, мэдлэг, чадамжийг яагаад дайчилж болохгүй гэж? Олон хүн ингэж хувь нэмрээ оруулахыг хүсдэг ч яаж гэдгээ мэдэхгүй байдаг гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Үнэндээ гадаадад амьдарч буй хүмүүс буцаж ирснээс ч илүү зүйлийг зайнаас хийж өгч чадна.
2021 оны байдлаар Монголд 5600 орчим гадаадын иргэн Монголд ажиллаж, амьдарч байна. Монголд ажиллахаар шилжин ирэгсэд голдуу Хятад, Орос, Вьетнам, Хойд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ эсвэл Азийн орнуудаас ирдэг. Европ болон Америк тивийн орнуудаас шилжин ирэгсдийг татахын тулд яах ёстой вэ?
Монгол Улс аль нэг үндэстний төлөөллийг гэхээс илүү ур чадварыг нь харгалзаж хүмүүсийг татах хэрэгтэй гэдгийг эхлээд онцолъё. Энэ бол монгол иргэдийг бусад орон үндэс угсаагаар нь ялгаварлаж болохгүй гэдэгтэй агаар нэг. Тиймээс шилжилт хөдөлгөөний бодлого нь хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй ур чадваруудад төвлөрсөн, суурилсан байх шаардлагатай.
Хоёрдугаарт, гадаад орнуудаас мэргэжилтнүүд урихаас гадна тэднээс суралцаж, ур чадварыг нь эзэмшихийг хичээх хэрэгтэй. Гадаадын мэргэжилтнүүдээс бага хамаардаг болох ёстой. Хэрэв уул уурхайн инженер дутагдалтай бол хөдөлмөрийн хүчээ бэлдэхийн тулд энэ салбарын багш нар, сургалтын байгууллагуудад хөрөнгө оруулах шаардлагатай. Ингэж байж урт хугацаандаа үндэсний мэргэжилтнүүдтэй болно. Түүнчлэн, боловсролын систем хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцэж байх хэрэгтэй. Аль нэг салбарт ажилтан дутагдаж байна гэдэг хөдөлмөрийн зах зээл болон боловсролын системд өөрчлөлт хэрэгтэй гэдгийн дохио.
Гадаадад амьдарч буй монголчууд тухайн орныхоо ОУШХБ-аас туслалцаа хүсэх боломжтой юу? ОУШХБ гадаадын монголчуудад ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
Мэдээж боломжтой. Европын орнууд дахь манай ихэнх төлөөлөгчийн газар болон “Assisted Voluntary Return and Reintegration” (AVRR) хөтөлбөр эх орондоо буцах хүсэлтэй монголчуудад туслах зорилготой. Уг хөтөлбөр нь хэдийгээр урт хугацаанд хэрэгжихгүй ч Монгол руу буцах төлөвлөгөө боловсруулах болон ирснийхээ дараа нийгэмдээ уусан нэгдэхэд нь дэмжлэг болдог.
Бид эргэж ирж буй хүмүүсийг нийгмийн хамгаалал, ажил эрхлэлт, боловсрол зэрэг төрийн чухал үйлчилгээнд холбож өгөхийг зорьдог. Тэдний олонх нь олон жилийн дараа эргэж ирсэн учраас хууль эрх зүй, оюуны амьдралын хувьд Монголоос хөндийрсөн байдаг. Бид өөрсдийн дэмжлэгийг шилжин ирэгсдийн дасан зохицох хэрэгцээ, зорилгод нийцүүлэхийг хичээж байна. Нийгэмд идээшүүлэх дэмжлэгийн ажил тухайн орноос хамаардаг ч голдуу эрүүл мэнд, орон байр, бизнес эрхлэлт, мэргэжлийн бэлтгэл зэрэг асуудлыг хамаардаг. Мөн ОУШХБ-аас танхимын болон цахим хэлбэрээр суралцаж шинэ ур чадварт суралцах сонирхолтой хүмүүст туслах ажлууд хийдэг. Бас бид өөрсдийн сургалтын хөтөлбөрүүдээ улс орны боловсролын ерөнхий тогтолцоотой уяж өгөхийг хичээдэг. Энэ нь сонирхсон хүн бүр хаана амьдарч буйгаас үл хамаарч манай сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж болно гэсэн үг.
Хэчнээн хүн AVRR-т хамрагдсан бэ?
Энэ хөтөлбөр нь 2008 оноос буюу ОУШХБ-ын төлөөлөгчийн газар Монголд нээгдэхээс ч өмнө хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ОУШХБ нийт 9000 орчим хүнд тусалсан байна. Тэдний олонх нь манай байгууллагатай шууд гэрээтэй ажиллаж шилжин суурьшигчдыг дэмжих төсөл хэрэгжүүлдэг Европын Холбооны орнуудаас буцаж ирсэн байдаг. Энэ 9000 дотор цар тахлын үеэр амаргүй нөхцөлд орж туслалцаа авсан 1300 монгол иргэн ч багтана. Бид Монголын ГХЯ-тай хамтран эдгээр хүмүүст хүрч ажилласан.
ОУШХБ нь орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулах байдлаар Монголын Засгийн газарт буцах шилжилт хөдөлгөөнийг (хотоос хөдөө рүү) эрчимжүүлэхэд тусалж байгаа гэж дуулсан. Энэ талаар жаахан дэлгэрүүлбэл?
Хамгийн сайхан амьдрах газар бол төрсөн нутаг. Учир нь тэнд таны гэр бүл, найз нөхөд, таны хүрээлэл бий. Харамсалтай нь, олонх хүн төрсөн газраа өсөж, хөгжих бололцоо хязгаарлагдмал. Иргэд сумаас аймгийн төв рүү, нийслэл рүү эсвэл хилийн чанадад шилжин суурьшдагийн гол шалтгаан энэ. Тиймээс ОУШХБ нь хүмүүс төрсөн нутагтаа өсөж хөгжих бололцоог бүрдүүлэхэд Засгийн газартай хамтарч байна. Ноднин бид иргэдэд нийгэм, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 11 аймаг болон Улаанбаатарын ТББ-уудтай ажилласан. Хүмүүс голдуу эрүүл мэнд, боловсрол зэрэг энгийн хэр нээ амин чухал үйлчилгээг хүсдэг. Нийтдээ манайх шилжин суурьших магадлалтай ба шилжин суурьшиж буй 11 000 хүнд хүрч ажилласан. Энэ жил бид Улаанбаатар болон 10 аймгийн хүрээнд хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх хөшүүрэг бүрдүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэх дээр төвлөрч байна. Түүнээс гадна манай байгууллага шилжин суурьших, ажил олоход шаардлагатай мэдээллээр хангадаг. Бас зөвхөн нийгмийн халамжид найдах биш, ажил олж хийхэд хэрэгтэй сургалтууд ч бий.
ОУШХБ нь орон нутгаас нийслэл хот руу иргэж шилжин, нүүж ирж байгаа шалтгааныг илүү нарийвчлан судлахын тулд их хэмжээний тоон мэдээлэл цуглуулсан. Та судалгааны голлох үр дүнгээс хуваалцана уу?
-2021 оны 12 дугаар сард ОУШХБ-аас “Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” болон “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжин суугчдын эмзэг байдлын үнэлгээний судалгаа” гэсэн хоёр судалгааны дүнг танилцууллаа. Судалгаанаас үзэхэд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг үл харгалзан иргэд Улаанбаатар хот руу шилжин ирсээр байгаа нь шилжин суугчид нийслэлд шилжиж ирсэн ч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлээгүй гэдгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2017-2020 онд хэрэгжсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах бодлого нь хөдөө орон нутгаас орж ирэх бүртгэлтэй шилжилт хөдөлгөөний урсгалыг бууруулсан. Үр дүнд нь бүртгэлгүй шилжин суугчид эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах, орон сууц худалдан авах, ажил олох, хөрөнгө эзэмших нь хүндрэлтэй болсон. Иймээс шилжилт хөдөлгөөний хязгаарлалт нь үр дүнгүй, иргэдийг илүү эмзэг байдалд оруулсан гэдэг дүгнэлт гарсан.
Өөр нэг томоохон дүгнэлт бол Монгол улс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахын оронд үндэсний хэмжээнд шилжилт хөдөлгөөний удирдлага, интеграцчлалын агентлаг байгуулж, дотоодын шилжин суугчдыг уусган нэгтгэхэд хөрөнгө оруулах нь зүйтэй гэдэг нь харагдсан. Улаанбаатарт амьдарч байгаа олон иргэн өөрсдийгөө шилжин суурьшигч гэдгээ мартсан байна. Учир нь тэд маш сайн, маш хурдан уусан нэгдсэн. Хүмүүс нийгэмд хурдан нэгдэх тусам ажилтай болж, төдий чинээ хурдан татвар төлж, нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг.
Үүнээс гадна хөдөө орон нутаг, бүс нутгийг хөгжүүлэх нь шилжилт хөдөлгөөний урсгалыг урт хугацаанд тогтворжуулах арга гэдгийг судалгаанаас санал болгосон. Улаанбаатар хот руу шилжин ирэх урсгалын шалтгаан нь хот хөдөөгийн хөгжлийн асар их ялгаанаас үүдэлтэй. Тухайлбал, Монголын хоёр дахь том хот нь нийслэлээсээ 13 дахин жижиг байна. Иргэдийг хөдөө орон нутагт үлдэх сонирхолтой байлгах бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн бүс нутагт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Ийм учраас ОУШХБ засгийн газартай хамтран буцах шилжилт хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих, бэхжүүлэх зорилгоор бид Буцах шилжилт хөдөлгөөний хэлэлцүүлгийг 2022 оны зургаадугаар сарын 28-нд амжилттай зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагчид бус шилжин суугчид тайзан дээрээс туршлага, санал бодлоо хуваалцсан. Бид шилжин суугчдыг бодлого боловсруулагчидтай ярилцаж, буцах шилжилт хөдөлгөөнийг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж гаргахыг хүсэж байна. Буцах шилжилт хөдөлгөөнийг идэвхжүүлэхийн тулд бид тэдгээр хүмүүсийг дэмжих илүү боловсронгуй, цогц бодлоготой байх ёстой. Бид энэ чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллахыг хүсэж байна.
-Сүүлийн жилүүдэд ОУШХБ нь Монгол Улсын хилийн удирдлагыг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Хилийн удирдлагын хувьд бид нисэх онгоцны буудал, хилийн боомтод зорчигчидтой шууд харьцдаг тэргүүн эгнээний ажилтнуудыг сургаж, чадавхжуулахад гол анхаарлаа хандуулж ирсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын эхээр Хил Хамгаалах Ерөнхий Газрын нийт алба хаагчдад сургалт зохион байгуулсан. 10 жилийн өмнөх сургалтаар сурсан зүйлээ санаж, тэр мэдлэгээрээ хоёр залуу эмэгтэйг хүний наймааны хохирогч болж болзошгүйг тогтоон, урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн талаараа нэгэн офицер дурдсаныг санаж байна. Ийм сургалтад хамрагдсанаар албан хаагчид хүн худалдаалах гэмт хэргийн гаралтыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ур чадвар, арга зүй эзэмшинэ. Ерөнхийдөө ОУШХБ нь агентлаг, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах тал дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилладаг. Учир нь урьдчилан сэргийлэх, хамгаалах, шүүх үйл ажиллагааг уялдуулж, сайн хамтран ажиллах шаардлагатай болдог. Мөн бид бусад орны ОУШХБ-ын төлөөлөгчийн газрууд болон Засгийн газрын агентлагуудтай хамтран ажилладаг.
Шилжилт хөдөлгөөний бодлого нь хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй ур чадваруудад төвлөрсөн, суурилсан байх шаардлагатай.
Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, динамик, эмзэг байдал, дасан зохицох түвшний талаар бидний хийсэн суурь үнэлгээ нь санхүүгийн чадавх хязгаарлагдмал, хөдөлмөр эрхлэх боломж хомс байгаа нь иргэд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулсан. Иймд бид техник, мэргэжлийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид хүн худалдаалах гэмт хэргийн тухай ярихдаа бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн тухай бас ярьдаг. Гэвч байцаагчдыг хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийг илрүүлэх, шалгахад сургах сургалт бас дутмаг байна. Цаашид ОУШХБ Монгол улсын дотоод болон гадаадын хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал хариуцсан орон нутгийн албан хаагч, байцаагчдыг чадавхжуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна.
-ОУШХБ саяхан MigApp-ыг монгол хэл дээр гаргасан. MigApp аппликэйшний зорилго юу вэ, энэ апп-ыг ашиглах нь ямар давуу талтай вэ?
-MigApp нь хүмүүсийг гадаад явахад үнэн зөв, иж бүрэн мэдээллээр хангах, ингэснээр тэднийг илүү мэдээлэл, бэлтгэлтэй байлгах зорилготой гар утасны аппликэйшн юм. Та хэдий чинээ бэлтгэлтэй, мэдээлэл сайтай байх тусам төдий чинээ гадаадад амжилттай байх магадлал өндөр болно. Энэ нь мөн шилжин суугчдыг аюулгүй байлгах чухал зорилготой. Тиймээс болзошгүй эрсдэл, хүний наймааны сэрэмжлүүлэг, хэрхэн аюулгүй байх талаар мэдээлэл өгдөг. Тийм ч учраас ОУШХБ энэ аппликейшнийг Өмнөд Солонгос, БНХАУ, Орос, Норвеги, Турк зэрэг монголчуудын олноор зорчдог улс орнуудад зориулан монгол хэл дээр гаргасан. Монголд байгаа хэрэглэгчдэд MigApp-ыг ихээхэн ашиг тустай байлгахаар бид уг аппликэйшнийг тохируулсан.
-Энэ зуны улиралд Монголд өөр ямар арга хэмжээ зохион байгуулагдах вэ?
-Бид 2022 оны наймдугаар сард хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон мэдээллийн аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэрэгжүүлж байгаа бидний ажлын нэг чухал чиглэл юм. Харамсалтай нь Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэг илгээгч, дамжин өнгөрөх, хүлээн авагч улс хэвээр байна. Тийм ч учраас ОУШХБ нь ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл, мэдлэгийн түвшнийг нэмэгдүүлэхэд байнга хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь зөвхөн олон улсын хүний наймаа төдийгүй Монгол улс дахь хүний наймааны талаар гэдгийг бид мэдэх ёстой. Үнэндээ 2021 оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн манай “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяны эхний үе шат удахгүй дуусах болно. Хоёр дахь үе шат нь өмнөх ажил дээр үндэслэн илүү сайн мэдлэг олгох зорилготойгоор энэ наймдугаар сараас эхэлнэ. Энэ ажлыг 2022 оны долоодугаар сарын 30-ны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн өдрөөр эхлэх гэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг бол бүтээмж юм. Монголын ажиллах хүчний бүтээмжийг дээшлүүлэх талаар та ямар бодолтой байна вэ?
-Монгол улсын засгийн газар ажилтнуудаа оролцуулаад бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа нь надад гайхалтай санагдаж байна. Бүтээмж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг болсон нь Засгийн газар бүтээмжийг хөгжлийн чухал элемент гэж үзэж байгааг харуулж байна. Бүх зүйл боловсролоос эхлэх ёстой гэж би боддог. Бид ажиллах хүчнийхээ бүтээмжийг нэмэгдүүлье гэвэл боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой.
Бүх зүйл боловсролоос эхлэх ёстой гэж би боддог. Бид ажиллах хүчнийхээ бүтээмжийг нэмэгдүүлье гэвэл боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой.
ОУШХБ-ын шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаар өрх толгойлсон эмэгтэйчүүд өрх толгойлсон эрэгтэйчүүдээс бага орлоготой гэдэг нь харагдсан. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл, эдийн засаг, хүйсийн тэгш бус байдал бий болдог. Бүтээмжийн хүчин чадавхын нэлээд хэсэг нь эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж байгаа учраас түгжигдсэн байдалтай байна. Илүү сайн боловсрол, ажил амьдралын тэнцвэрт байдалд хөрөнгө оруулахаас өмнө бид эцэг эхчүүд бүтээмжтэй байхад, цаг гаргахад хөрөнгө оруулах ёстой.
Эмэгтэйчүүдэд боломж олгохын тулд Засгийн газраас засаг захиргааны бүх түвшинд хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх ёстой. Ингэснээр эмэгтэйчүүдийн цагийг эдийн засгийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд зарцуулах боломжтой болно.
Төр илүү үүрэг гүйцэтгэж, гэрт ойр сургуультай болгох гэх мэтчилэн үйлчилгээг иргэдэд ойртуулах хэрэгтэй. Сургууль хүртэл хол зайтай нь Монголд хотын замын хөдөлгөөн их байдгийн нэг шалтгаан болсон. Цаашид энэ нь замын хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдгийг тогтоож, автобусны чиглэлийг оновчтой болгохын тулд иргэд хаана амьдарч, хаана сургуульд сурдаг талаар судалгаа хийхээр төлөвлөж байна.
Эмэгтэйчүүдийн цагийг чөлөөтэй болгож, боловсролд илүү их хөрөнгө оруулалт хийж, боловсролыг хөдөлмөрийн зах зээлд илүү нийцүүлэхээс бүтээмж эхэлнэ гэж би хэлмээр байна. Дээр нь бид хэвтээ, босоо чиглэлд их хөдөлгөөнтэй байх хүчин чадавх, боломжийг санал болгох ёстой. Энэ нь хүмүүст шинэ ур чадварыг маш хурдан сурах боломжийг олгох ур чадварын хөдөлгөөнийг бий болгоно гэсэн үг юм. Үүний зэрэгцээ хүмүүсийг газарзүйн хувьд хөдөлгөөнтэй байлгах боломжийг олгодог.
–Ажиллах хүчнээ хөдөлгөөнтэй болгохын тулд бид ямар ур чадварыг сургуульд заах ёстой вэ?
-Шүүмжлэлт сэтгэлгээ, харилцаа, илтгэх чадвар зэрэг зөөлөн ур чадварт илүү их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бодож байна. Мөн бид англи хэлний мэдлэгт хөрөнгө оруулах ёстой. Англиар ярих чадвар танд бусадтай харилцах боломжийг олгоод зогсохгүй маш их мэдээлэл, мэдлэгийг хязгааргүй хүртэх боломжийг олгодог. Дараа нь та дижитал болон компьютерын ур чадварт хөрөнгө оруулах хэрэгтэй. Монгол Улс E-Mongolia, төрийн цахим үйлчилгээгээр маш хурдацтай хөгжиж байна.
Гэсэн хэдий ч олон хүнд “дижитал” гэдэг нь Facebook гэх мэт нийгмийн сүлжээний платформыг ашиглахтай ижил түвшинд ойлгогдож байна. Энэ нь хангалтгүй. Дижитал гэдэг нь хэрхэн тоон гарын үсгийг ашиглах, интернетээр аялах, мэдээлэл олж авах, онлайнаар аюулгүй байдлаа хадгалах зэрэг олон зүйлийг хэлдэг. Дижитал хуваагдлыг арилгах, хүн бүр дижиталчлал, технологийн дэвшлийн үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс дижитал технологид холбогдсон, нэвтрэх боломжтой хүмүүст илүү давуу тал бий болж, үүний үр дүнд эмзэг бүлгийн хүн ам илүү эмзэг байдалд орох болно. Тиймээс хүн амын дийлэнх нь ашиглахад хэцүү гэж үзэж байгаа дижитал үйлчилгээ, аппликэйшнүүдийг хэрэглэгчдэд ээлтэй болгоход илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд бид хүн бүрийн ажлыг илүү үр дүнтэй болгож, илүү их үнэ цэнийг бий болгоход туслах хэрэглэгчдэд ээлтэй технологи, аппликэйшнээр хангахад анхаарах ёстой.
-Ярилцлагаа өндөрлөхөөс өмнө танд уншигчидтай хуваалцахыг хүсэж байгаа зүйл байна уу?
-Би Монголыг шилжилт хөдөлгөөний үзэлд соёлын хувьд их ойрхон улс гэж боддог. Гэхдээ нүүдэлчид шилжин суугчидтай адилгүй. Монголчууд шилжин суугч болоод нүүдэллэхээ больдог. Улаанбаатарт нүүж ирсэн хүмүүс яг ийм болсон. Шилжилт хөдөлгөөн нь орон нутгийн болон үндэсний хөгжилд нөлөө үзүүлэх байнгын нүүдэл учраас хэд хэдэн асуудал үүсгэдэг.
Сүүлийн 2-3 жилд хийсэн ажил маань энэ ялгааг харуулж, дотоодын шилжилт хөдөлгөөнийг тусдаа бодлогын асуудал болгож, бодлогын томоохон хэрэгслээр шийдвэрлэх ёстойг санал болгож байна. Эмзэг байдалд хүргэсэн шилжилт хөдөлгөөний тохиолдлууд байдаг бөгөөд тэдгээр шилжин суурьшигчдад засгийн газраас онцгой анхаарал, дэмжлэг хэрэгтэй байна. Энэ бол бидний Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд хандаж хэлэх үг юм. Хоёр дахь хэлэх зүйл бол шилжилт хөдөлгөөн нь өсөлт хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Шилжилт хөдөлгөөн дотоод болон гадаадын хөдөлмөрийн зах зээлийн бүтцийн дутагдлыг нөхдөг. Шилжилт хөдөлгөөнийг сайн удирдаж, сайтар бодож, сайн бэлтгэж чадвал шилжин суугчид болон дэлхийн улс орнуудад асар их ашиг тустай.