Улс орны ч гэлтгүй, өрхийн төсөв, хувь хүний орлого багасаж, хаа сайгүй эдийн засгийн тамир тэнхээ тасарч буй. Энэ цаг үед эдийн засгийн тооцоогүй үйлдлүүдээ танах шаардлага тулгарч байна.
Өндөрт үнэтэй гар утас лизингээр худалдан авах нь эдийн засгийн хувьд тийм ч сайн сонголт биш. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд дундаж ажилтны цалин 1,4 сая гэж Үндэсний статистикийн хорооны нэгдүгээр сарын тоо баримтад дурджээ. Үүнээсээ нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар зэргийг хасаад гар дээр нэг сая орчим төгрөг ирнэ.
Гэтэл Солонгос, Хятад, Америкаас импортолж буй сүүлийн үеийн трэнд болсон гар утаснууд 2-4 сая төгрөгийн хооронд борлуулагдаж буй. Ухаалаг утас нь монголчуудын үндсэн хэрэглээний томоохон хэсэг болсон. Гэхдээ иргэд хэрэглээний зээлийн хэлбэрээр гар утасны худалдан авалт хийх нь нийтлэг. ББСБ-ын энэ оны нэгдүгээр улиралд нийт олгосон зээлийн 53.8 хувь, төлөгдсөн зээлийн 56.9 хувийг хэрэглээний зориулалттай зээл бүрдүүлж байна. Нэг зээлдэгч дунджаар 1.6 сая төгрөгийн зээл авсан гэх судалгааг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны нэгдүгээр улирлын салбарын тоймд дурьдсан нь бий.
Сүүлийн үед гар утас, телевизор, хөргөгч, угаалгын машин гэх мэт өргөн хэрэглээний электрон барааны дистрибьютер компаниуд дэргэдээ ББСБ-тай болж, түүгээрээ дамжуулан хэрэглээний зээл олгон борлуулалт хийдэг болсон нь ББСБ-аас олгох зээлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ. СЗХ-ноос гаргадаг тайланд бичсэнээр 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар ББСБ-уудын нийт актив сүүлийн дөрвөн жилд бараг гурав дахин өсөж 3.1 их наяд төгрөг болсон бол зээлийн үлдэгдэл нь бараг тав дахин өсөж 2.3 их наяд болжээ.
Импортын бүтээгдэхүүн голлосон монголчуудын хэрэглээ илүү лизингийн хэлбэртэй болж буйг харуулж байна. Монголбанкнаас хэрэглээний зээл дээр өрхийн өр, орлогын харьцааг 60/40 болгон хязгаарласан ч ББСБ-аас олгож буй хэрэглээний зээл дээр ийм хязгаарлалт байхгүй.
Монголчуудын дунд хөгжингүй орнуудын ажлын бүтээмжийг нь бус хэрэглээг нь дуурайх байдал түгээмэл ажиглагддаг. Тиймээс үнэтэй утас авах нь манайх шиг цалингийн нөхцөлтэй орнуудад өрхийн төсвийн хувьд тийм ч ухаалаг худалдан авалт байж чаддаггүй. Тиймээс “Үнэхээр утсаа солих шаардлага байна уу?” гэдгийг өөрөөсөө асуухад илүүдэхгүй.