– Business.MN сэтгүүлийн 2022 оны 08 сарын дугаар (№45) -т хэвлэгдсэн нийтлэл –
Баялгийн шударга хуваарилалт гэх монголчуудын сонсож дассан ч бодит утгаар хэрэгждэггүй нэг үг бий. Хэрэв хэн нэгэн ингэж яриад эхэлбэл ихэвчлэн уул уурхайн салбартай холбож ойлгох нь түгээмэл. Гэхдээ зөвхөн уул уурхайн салбараас хамаарахгүйгээр баялгийг шударгаар хуваарилж, улмаар дундаж давхаргыг тэлэх боломж бүрэн бий. Хэрэв хөрөнгийн зах зээлээ зөв голдирлоор хөгжүүлж, мэргэжлийн байлгаж чадвал энэ бүхэн “жам ёсны” дагуу өрнөнө. Эдийн засагт эргэлдэж буй баялгийг дахин хуваарилах замаар хөрөнгийг илүү хэсгээс хэрэгцээт хэсэг рүү зуучлахад хөрөнгийн зах зээлийн гол онцлог оршдог. Үүгээрээ ч эдийн засагт эергээр нөлөөлдгийг дэлхийд хөрөнгийн зах зээл үүсэж, хөгжиж ирсэн хэдэн зууны түүх гэрчилдэг.
Харин Монгол Улс чөлөөт эдийн засагт шилжиж, монголчууд хувьцаат компани гэх ойлголттой танилцаад 30 -аад оныг үдэж байна. Энэ хугацаанд банкны салбар илүү хөгжиж, санхүүгийн салбарын 90 гаруй хувийг эзлэх хэмжээнд хүрсэн бол хөрөнгийн зах зээлийн хөгжил эсрэгээрээ харьцангуй сул явж ирсэн. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах сэргэж, голлох тоон үзүүлэлтүүд нь түүхэн дээд хэмжээнд хүрч, өндөр өсөлт үзүүлж эхэлсэн билээ. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн өсөж, зах зээлийн үнэлгээ хэд дахин нэмэгдэж, өнгөрсөн оны эцсээр 5.9 их наяд төгрөгт хүрсэн нь манай улсын ДНБ -ий 15 хувьтай тэнцэж байв. Мөн Топ-20 индекс 130 гаруй хувиар өссөн нь олон улсын санхүүгийн зах зээлийн голлох мэдээллийн агентлаг Bloomberg -ээс манай хөрөнгийн захыг хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр онцлох гол хөшүүрэг болсныг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай тэмдэглэсэн.
Шинэ маягийн шилжих хөдөлгөөн
Хөрөнгийн зах зээл ингэж сэргэсэн гол шалтгаан нь банкны хадгаламжийн хүү. Тодруулбал, Монгол банкнаас бодлогын хүүг бууруулж, зургаан хувьд хүргэсэн нь хадгаламжийн хүү дагаж буурахад нөлөөлсөн бөгөөд ийм шалтгаанаар хүмүүс хөрөнгө оруулалтын илүү өгөөжтэй хувилбарыг эрэлхийлж эхэлсэн нь хөрөнгийн зах зээл идэвхжих гол хүчин зүйл болжээ. Нэг ёсондоо, банкны салбарт эргэлдэж буй мөнгө хөрөнгийн зах зээл рүү шилжих хөдөлгөөн эрчимжсэн гэж хэлж болно. Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар банкны системд 20 орчим их наяд төгрөгийн хадгаламж байсан бөгөөд хөрөнгийн зах зээлд шинэ, сонирхолтой бүтээгдэхүүн гарвал шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэх боломжтойг өнгөрсөн жилийн ‘койны идэвхжил’ зэрэг үйл явдал бидэнд хангалттай харуулсан. Нэг талаар, энэ бүхнээс хүмүүст хаа нэг тийш хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа ч мэдлэг, мэдээлэл төдийлөн хангалтгүйгээс үүдэн эрсдэлтэй алхам хийх, нөгөө талаар, зах зээлд санал болгож буй бүтээгдэхүүнүүд хангалттай төрөлжөөгүй зэргийг анзаарч болно. Хэрэв хөгжлийн сууриа зөв төлөвшүүлж чадвал Монголын хөрөнгийн зах зээлд цааш өргөжин тэлэх, хөгжих хангалттай орон зай бий. Гол нь бүх оролцогч тал нэгдэж, олон нийтийн санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэг, мэдээллийг сайжруулах ажлыг хамтран хийх шаардлагатай гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолдог.
“Банкны IPO нь зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд биш нийт зах зээлийн хувьд том тэлэлт мөн. Олон улсын стандартын түвшинд очиж чадсан, суурь дэд бүтцийн байгууллага гэдэг утгаараа банк бол Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн амттай, чанартай, эрсдэл багатай бүтээгдэхүүн гэсэн үг”.
Хөрөнгийн зах зээл нь хангалттай хөгжсөн улс орнуудад хувьцааны хөрвөх чадвар өндөр, мэдээллийн хүртээмж ил тод байдал сайн хангагдсаны зэрэгцээ компаниуд санхүүжилт татах боломж илүү өндөр, засаглалын хувьд ч төлөвшсөн байдаг. Ийм түвшинд хүртэл хөгжихөд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үүрэг оролцоо их. Өнгөрсөн оны есдүгээр сард манай улсад биржийн бус зах зээлийн арилжаа албан ёсоор эхэлж, анхны бүтээгдэхүүнээ танилцуулсан нь хөрөнгийн захын хөгжлийг урагшлуулах нэг алхам болсон юм. Олон улсад хөрөнгийн зах зээл биржийн болон биржийн бус зах зээл гэсэн үндсэн хоёр баганаас бүрддэг. Тэгвэл манай улсын хөрөнгийн зах зээл ийнхүү хос баганатай болсноор салбарын хөгжлийн хурд нэмэгдэж, өргөжин тэлэх сайн талтай. Наймдугаар сарын 15-ны байдлаар биржийн бус зах зээлээр дамжуулан 65 үнэт цаас гаргагчийн 1.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэснээс нийт 602 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Биржийн бус захын гол онцлог нь зөвхөн мэргэжлийн тоглогчид арилжаанд оролцдог тул хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний бүртгэлийг богино хугацаанд шийддэг, үүнийгээ дагаад цаг хугацаа хэмнэдэг зэрэг хэд хэдэн давуу талтайг “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” -ноос онцолж байсан юм. Энэ нь манайд харьцангуй шинэ тутам хөгжиж буй мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, зах зээлээ тэлэхэд эерэг нөлөөтэй.
Мөн өнгөрсөн оны эхээр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу системийн нөлөө бүхий таван банкийг олон нийтэд хувьцаагаа гаргаж, нээлттэй компани болох, жижиг банкнуудыг хаалттай хувьцаат компани болох тухай шийдвэрийг УИХ -аас гаргасан. Энэ хүрээнд нийт 600 тэрбум гаруй төгрөг босох төлөвтэй байв. Үүнийг дагаад ойрын жилүүдэд бий болох их хэмжээний энэ нийлүүлэлтийг дэмжих эрэлт, худалдан авагч тал, зах зээлийн багтаамж бий юү гэсэн “хэлэлцүүлэг” нийгэмд өрнөсөн. Ингээд ярихаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын тухай сэдэв рүү дахин шилжих хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд гол эрэлтийг бий болгож, нэмэгдүүлж байдаг буюу зах зээлд өндөр дүнтэй санал болгож буй шинэ бүтээгдэхүүн, IPO -г худалдан авах томоохон тоглогчид нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид байдаг гэсэн үг. Өмнө нь манай улсад байхгүй шахам, орхигдсон байсан энэ хэсэг идэвхжих дүр зураг ажиглагдаж буйг “Мандал ассет менежмент” ХОМК (Хөрөнгө оруулалтын менежментийн компани) -ийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг хэлж байна (“Мандал санхүүгийн нэгдэл”-ийн охин компани бөгөөд “Мандал ирээдүйн өсөлт” хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж буй). Тэрбээр “Банкны IPO нь зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд биш нийт зах зээлийн хувьд том тэлэлт мөн. Олон улсын стандартын түвшинд очиж чадсан, суурь дэд бүтцийн байгууллага гэдэг утгаараа банк бол Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн амттай, чанартай, эрсдэл багатай бүтээгдэхүүн гэсэн үг. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд том боломж, мөн том өөрчлөлт” хэмээн тодотгосон юм.
Ийнхүү банкны IPO -той холбоотойгоор оролцогч талууд дор бүртээ бэлтгэлээ базааж, өнгөрсөн 12 дугаар сард “Богд” банк IPO хийн салбарын реформын хүрээнд хувьцаат компани болсон анхны банк болж амжив. Гэвч өнгөрсөн тавдугаар сард Олон улсын валютын сангийн зөвлөснөөр банкнууд нийтэд хувьцаагаа санал болгохоос өмнө активын чанарын үнэлгээ хийх шаардлагатай болж, холбогдох хууль батлагдсанаар банкнуудын IPO хийх хугацаа ирэх жилийн зургадугаар сарын 30 болж бүтэн нэг жилээр хойшилсон. Банкны IPO хийгдэж, тодорхой хувь нь олон нийтийн эзэмшилд шилжсэнээр цаашид олон тэрбумын ногдол ашиг тараагдана гэдэг утгаараа баялаг хуваарилагдаж, хөрөнгийн зах зээлийн оролцогчид нэмэгдэж, улмаар дундаж давхарга тэлэх таатай орчин бүрдэнэ гэдгийг салбарынхан хэлж, энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байв. Нөгөө талаар, зөвхөн арилжааны банкнууд гэлтгүй томоохон компаниуд хөрөнгийн зах зээлийн тоглогч болох нь цаг хугацааны асуудал гэдгийг ч онцолж байсан билээ.
Хөрөнгийн зах зээл хамгийн өндөр хөгжсөн Америкт 82 хувь, дэлхийн хэмжээнд нийт хөрөнгө оруулалтын 30 хувь нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдаар дамждаг гэсэн тоо бий. Өөрөөр хэлбэл, хувь иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтыг шууд хийхээс илүү мэргэжлийн компаниудаар дамжуулан хөрөнгөө удирдуулж, бусад хөрөнгө оруулагчтай эрсдэлээ хуваадаг гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын сангийн үндсэн үйл ажиллагаа олон тооны хөрөнгө оруулагчдаас мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, мэргэжлийн судалгаа, шинжилгээнд тулгуурласны үндсэн дээр хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, тухайн сангийн нэгж эрх эзэмшигч (хөрөнгө оруулагч) -дэд өгөөж хүртэх боломжийг олгоход чиглэдэг.
1774 онд Англид анхны хөрөнгө оруулалтын сан байгуулагдаж байсан бол Монголд энэ төрлийн сан бий болоод ердөө хэдхэн жилийг үдэж буй. “Бид маш олон жилээр хоцорч яваа учраас хөгжлийг хурдлуулж, зоригтой шийдэл гаргаж, урагш чиглэсэн алхмууд хийх шаардлагатай. Түүнээс биш өөрсдийгөө шууд харьцуулж, голох нь учир дутагдалтай” хэмээн CFA (Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч), HSBC ассет менежмент компанийн Люксембург дэх салбарт хөрөнгө оруулалтын ахлах менежерээр ажиллаж байсан Б.Хулан хэлж байна. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсад Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 35 ХОМК байснаас цөөн хувь нь л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нийгэмд үйл ажиллагаа нь хүрч байдаг. 2021 онд гэхэд л Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны дөрвөн хувь буюу 56.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа эзэлсэн байна.
Хөгжилд хөтлөх мэргэжлийн тоглогч
Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг давхар хамгаалж чаддаг. Тухайлбал, эрх ашиг нь хамгийн их зөрчигддөг жижиг хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авч, оролцогч болсноор дуу хоолой, санал, шаардлагаа сангаар дамжуулан илүү тод хүргэх, хувьцаа эзэмшигч компанийнхаа ТУЗ -д багтан эрх ашгаа бодитоор хамгаалах боломж бүрддэг. Мөн хөрөнгийн зах зээлийг судалж, ашигтай хөрөнгө оруулалт хийхийн тулд тухайн хүнээс асар их цаг, мэдлэг, туршлага шаарддаг тул иргэд, хувь хүмүүс тэр бүр бие даан судалж, шинжлэн суух боломжгүй байдаг. Хөрөнгө орууллаа ч эрсдэлтэй алхам хийж, алдагдал хүлээх магадлал өндөр. Харин энэ үүрэг хариуцлагыг мэргэжлийн удирдлагатай хөрөнгө оруулалтын сангуудад даатгах нь хавьгүй ач холбогдолтой. Энэ талаар Г.Ганзориг “Хөрөнгө оруулалтын сангийн ард олон тооны мэргэжилтэн бүхий баг ажиллаж, өндөр түвшний судалгааны үндсэн дээр стратегийн, урт хугацааны хөрөнгө оруулалтууд хийж, багц бүрдүүлдэг. Үүгээрээ богино хугацаанд өндөр ашиг олох сонирхолтой жижиг хөрөнгө оруулагчид буюу ритейлерүүдээс ялгардаг.
Банкны IPO хийгдэж, тодорхой хувь нь олон нийтийн эзэмшилд шилжсэнээр цаашид олон тэрбумын ногдол ашиг тараагдана гэдэг утгаараа баялаг хуваарилагдаж, хөрөнгийн зах зээлийн оролцогчид нэмэгдэж, улмаар дундаж давхарга тэлэх таатай орчин бүрдэнэ гэж салбарынхан үзэж байна.
Түүнчлэн хувь хүн, иргэд тэр бүр ашигладаггүй хөрөнгө оруулалтын сонирхолтой стратегиудыг хэрэгжүүлж, үр дүнд нь өндөр ашигтай ажиллах боломжийг бий болгодог. Үүний зэрэгцээ хувьцаа, бонд гаргаж буй компаниудад шаардлага тавьж, хөрөнгө оруулалтын сонголтыг илүү оновчтой хийснээр зах зээлд зөвхөн чанартай бүтээгдэхүүнүүд шалгарч үлддэг” хэмээн тайлбарлаж байна. Нэг үгээр, энэ бүхэн андеррайтер компаниуд илүү сайн бүтээгдэхүүн гаргахын тулд улам бүр чадавхжих шалтгаан болж, дагаад бүтээгдэхүүний чанар ч сайжирдаг гэсэн үг. Нөгөө талаар, мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болсноор жижиглэн хөрөнгө оруулагчдын хувьд чигийг заагч алтан гадас болдгийг “Өлзий & Ко Капитал” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр онцолж байсан юм.
Гэвч хөрөнгө оруулалтыг зөвхөн эдийн засаг, санхүүгийн салбарынхан, эсвэл өндөр орлоготой, чинээлэг хүмүүс л хийдэг гэсэн ойлголт нийгэмд давамгайлдаг. Энэ талаар Б.Хулан “Хөрөнгө оруулалт гэдэг алс холын зүйл биш, харин ч хүн бүрийн амьдралд ойр, утас, интернэт хэрэглэдэг шиг л энгийн зүйл. Энэ утгаараа хөрөнгө оруулна гэдэг бол нэг төрлийн соёл” хэмээн тодотгож байна. Үүнээс гадна хүмүүс заавал өндөр дүнгээр хөрөнгө оруулах ёстой гэсэн ойлголттой байдгаас ямар нэг алхам хийлгүй хойшлуулах хандлагатай байдаг. Гэтэл тав, 10 мянган төгрөгөөс эхлэн бага гэлтгүй хөрөнгө оруулж, гол нь ямар нэг алхмыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг салбарынхан иргэдэд зөвлөдөг. Яг энд хөрөнгө оруулалтын сангийн давуу тал харагддаг. Хэрэв таны хөрөнгийн хүрэлцээ дутмаг гэж үзэж байгаа бол тодорхой сангийн оролцогч болж, хөрөнгө оруулалтын багц буюу олон төрлийн санхүүгийн хэрэгслээс бүрдсэн бүтээгдэхүүнд олон тооны хөрөнгө оруулагчтай хамтран мөнгөн хөрөнгө төвлөрүүлж, улмаар өгөөж хүртэх боломж бий. Ингэснээр хөрөнгө оруулалтын төвлөрлөөс үүдэх эрсдэлийг хязгаарлаж чадна.
Хөгжлийн сууриа зөв төлөвшүүлж чадвал Монголын хөрөнгийн зах зээлд цааш өргөжин тэлэх, хөгжих хангалттай орон зай бий.
Хөрөнгийн зах зээл хөгжиж, хүн бүр хөрөнгө оруулагч болсноор Монголд орон зай нь улам бүр хумигдаж буй дундаж давхарга өргөжин тэлэх нөхцөл бүрдэнэ. Чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээ нь тухайн улс орны хөгжлийн түвшинтэй шууд хамааралтай байдгийг ч олон улсын туршлага хэлдэг. Эдийн засгийг хөдөлгөгч томоохон компаниудын хувьцааг эзэмших замаар орлогоо өсгөж, баялгаас тэгш хүртэх буюу цалингаас цалингийн хооронд амьдрах биш орлогын олон эх үүсвэртэй болох нь урт хугацааны санхүүгийн эрүүл мэндэд ч тустай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Хөгжилтэй улс орнуудын жишгээр хөрөнгө оруулах соёлыг амьдралдаа хэвшүүлж, үрэлгэн хэрэглээгээ “тэвчиж”, орлогынхоо тодорхой хувийг хөрөнгө оруулалтад зориулснаар санхүүгийн эрх чөлөөнд ч хүрэх бололцоотойг тэд онцолдог. Харин санхүүгийн эрх чөлөөгүй хүний хувьд бусад эрх чөлөө ч хумигддаг. Цаашлаад, хувь хүн, айл өрх, улс орны хувьд ч эдийн засгийн баталгаа хангагдаж байж, дараагийн шатны боломжийн тухай яригдаж эхэлдэг билээ.
“Хөрөнгө оруулалт гэдэг алс холын зүйл биш, харин ч хүн бүрийн амьдралд ойр, утас, интернэт хэрэглэдэг шиг л энгийн зүйл. Энэ утгаараа хөрөнгө оруулна гэдэг бол нэг төрлийн соёл”.
Салбарынхны хөнддөг, хүн бүрд хамаатай өөр нэг сэдэв бол тэтгэврийн шинэчлэл. Шинэчлэлийг аль болох хурдан хийх, Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай талаар өнгөрсөн жилүүдэд идэвхтэй ярьж буй. Энэ хүрээнд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн нэг төлөөлөл болох тэтгэврийн сан байгуулж, томоохон төслүүдэд хөрөнгө оруулах замаар иргэдээ хөрөнгөжүүлж, улмаар тэтгэвэрт гармагцаа нийгмийн эмзэг бүлэгт шилжих, орлого буурах, үр хүүхдүүдээсээ хараат байдалд орох зэрэг эрсдэлээс сэргийлэх боломжтойг ч онцолдог. Олон улсын жишиг ч ийм бөгөөд хүн бүр мэргэжлийн удирдлагатай хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийн оролцогч болж, баталгаатай ирээдүйг бүтээж байдаг тул олон жилийн дараа тэтгэвэрт гарлаа гэхэд санхүүгийн хүнд байдалд ордоггүй. Зарим улс орны томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн тэтгэврийн сантай байх нь ч бий.
Санхүүгийн эрх чөлөөгүй хүний хувьд бусад эрх чөлөө ч хумигддаг. Цаашлаад, хувь хүн, айл өрх, улс орны хувьд ч эдийн засгийн баталгаа хангагдаж байж, дараагийн шатны боломжийн тухай яригдаж эхэлдэг билээ.
Эндээс мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд хууль, эрх зүй, зохицуулалтын орчин чухал бөгөөд тухайлсан хуульд косметик засвар хийхээс илүү сууриар нь шинэчлэн өөрчлөх шаардлагатай нь харагддаг. Мөн татварын бодлогоор дэмжиж, тодорхой хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хэрэгтэйг салбарынхан хэлдэг. Өнөөдрийн байдлаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хууль, Иргэний хууль зэрэг хууль болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дотоод дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй. Харин өнгөрсөн зургадугаар сард хөрөнгө оруулалтын сангууд Монголын хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан бүртгэх үйлчилгээний хөлсийг 50-75 хувиар, жилийн үйлчилгээний хөлсийг 50 хувиар тус тус бууруулсан нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх бас нэгэн алхам болсон билээ.
Бараг бүхий л салбарт тулгардаг хүний нөөцийн бэрхшээл хөрөнгийн зах зээлийг ч мөн тойроогүйг салбарынхан хэлдэг. Энэ талаар Б.Хулан “Монголд банк санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн хүмүүс олон байдаг ч хөрөнгө оруулалтын санд ажиллахад бэлэн биш байгаа нь анзаарагддаг. Мэргэжлийн өндөр ёс зүйтэй, чадварлаг, гадаад хэлтэй, өөрийгөө бие даан хөгжүүлж, сорих чадамжтай хүний нөөц олонх болж, жин дарж байж л энэ салбарын хөгжил урагшилна” хэмээн онцоллоо.
Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч, компани зэрэг оролцогч талын аль аль нь хожиж, үр ашиг хүртдэг. Тэр дундаа хөрөнгө оруулагч болсон хүн хөрөнгөө удирдуулж буй гэдэг утгаараа илүү хянамгай болж, аливааг олон талаас харж харьцуулахын зэрэгцээ сүүлийн үеийн мэдээлэлд ойр байж, өсөж хөгжиж байдаг. Товчхондоо, зөвхөн хөрөнгөө өсгөх бус өөрөө ч давхар хөгжиж, дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрддэг. Эдийн засгийн утгаараа ч уул уурхай буюу шавхагдах нөөцтэй салбараас илүү хүний оюун ухаан, ур чадвар, технологид суурилсан шавхагдашгүй нөөцтэй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр Монгол Улс зөвхөн дотоодоос гэлтгүй гадаадаас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа тэтгэж, баялгийг шударга хуваарилах замаар дундаж давхаргаа бага багаар тэлэх учиртай.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 08 сарын дугаар (№45) -т хэвлэгдсэн нийтлэл –