Өнгөрөгч долоо хоногт СЗХ-ны ээлжит хуралдаанаар Төрийн банкнаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж тус банкийг олон нийтэд нээлттэй болгож үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэр гарснаар Төрийн банкны хувьд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжаалж буй хоёрдогч, системийн нөлөө бүхий таван банкныхаа анхдагч нь болж байгаа юм.
Анх “Зоос банк” хэмээн үйл ажиллагаа явуулж байсан тус банк хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хэмээн дүгнэж 2009 онд төр өөрийн мэдэлд авснаар “Төрийн банк” үүссэн түүхтэй. Мөн 2013 онд “Хадгаламж” банкийг тус банканд нэгтгэсэн билээ.
Өнөөгийн байдлаар Төрийн банк 495 салбар нэгж, 350 ATM, 4000 ажилтан, 2.3 сая харилцагчтай болж салбарын нөлөө бүхий банкны тоонд багтаж байна. Ийнхүү сэргэлт авч, хөл дээрээ гүйцэт зогсоход тухайн үеийн төрийн шийдвэрүүд ихээхэн нөлөөлсөн бөгөөд тэдний нийт харилцагчийн 99% нь иргэд бөгөөд олгосон нийт зээлийнх нь 70% орчмыг нь иргэдийн зээл эзэлдэг. Үүнээс гадна тэд хүүхдийн мөнгөний 90%, тэтгэврийн 55%, бүхий л төрлийн халамжийн 80%-ийг нь олгож байна.
Төрийн өмчлөл бүхий тус банк хоёр гол хувьцаа эзэмшигчтэй бөгөөд өнөөгийн байдлаар нийт хувьцааны 52.25%-ийг Сангийн яам, үлдсэн 47.75%-ийг Хадгаламж даатгалын корпораци эзэмшиж байгаа юм.
Төрийн өмчлөл бүхий тус банк хоёр гол хувьцаа эзэмшигчтэй бөгөөд өнөөгийн байдлаар нийт хувьцааны 52.25%-ийг Сангийн яам, үлдсэн 47.75%-ийг Хадгаламж даатгалын корпораци эзэмшиж байгаа юм. Хэдийгээр нөлөө бүхий таван банкны 20 хүртэлх хувийг хувьчлах шийдвэр гарсан хэдий ч банкны таван хувийг л хувьчлах шийдвэр гарсан нь чамлалттай. Энэхүү чамлалттай хувьчлал явагдсанаар яам 49.63%, корпораци 45.37%-ийг эзэмших бөгөөд олон нийтэд санал болгосон таван хувийн 70%-ийг нь стратегийн хөрөнгө оруулагч, үлдсэн 30%-ийг нь олон нийт эзэмших эрхтэй болж байгаа юм. Хэдийгээр гуравдагч хувьцаа эзэмшигч бий болж дотоод хяналт сайжрах хэдий ч тэдний эзэмших хувь дэндүү чамлалттай байна. Тэдний гаргаж буй 5% буюу 37,475,000 ширхэг хувьцаа нь 22.1 тэрбум төгрөгөөр буюу нэгж хувьцаа 590 төгрөгөөр үнэлэгджээ.
Тус банкны санхүүгийн нөхцөл байдлыг танилцуулахад, нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны эхний хагаст 3.9 их наяд төгрөг байсан бөгөөд энэ оны эхний хагаст энэ дүн төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Харин цэвэр зээлийн хэмжээ 11.8%-иар өсөж 2.3 их наяд төгрөгт хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 8.4% болж буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Улмаар банкны цэвэр ашиг энэ хугацаанд 125.2%-иар өсөж 69.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Төрийн банкны хувьд өөрийн хөрөнгийн өгөөж 2018 оноос эхлэн тогтмол өсөж улмаар энэ оны эхний хагасын байдлаар 475,000 тэрбум төгрөгт хүрчээ.
Хэрэв та тус банкны хувьцаа эзэмшигч болохыг хүсвэл брокер диллерийн компанид захиалгаа өгч баталгаажуулснаар хувьцаа эзэмших эрхтэй болох бөгөөд 2022.09.30-2022.10.06-ны өдрүүдэд захиалга авахаар товлогдсон байна. Хөрөнгө оруулагчдыг нэлээн хүлээлгэсэн системийн нөлөө бүхий таван банкны хувьчлал ийнхүү Төрийн банкаар эхэллээ.