Өгсүүр замаар алхаж, өндөр уул руу гарлаа. Гэтэл тэнд уул биш ус орших юм. Үлгэрт гардаг шиг гайхамшигт төсөөллүүд чухам энд л бодит биелэлээ олж. Солонгон өнгийн хоёр давхар байшин, модон гүүр, цагаан бас бор нугас аялуулсан нуур, зүг бүрт нахиалсан модод, үзэсгэлэнт сакура, урлаачдын өвөрмөц бүтээлүүд гээд л. Хүүхдийн цовоо сэргэлэн инээд хөөр, тэдний завиар сэлүүрдэх усны чимээ хадан хананд цуурайтан нарны тусгал усны мандалд гялалзан битэртэж үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн ажээ.
Хөг аялгуу, эгшиг хэмнэл, инээд хөөр гээд утга учир, үнэ цэнэтэй цаг хугацаа уулын нуурын хөвөөнд долгиолон жирэлзэж байна. Төсөөллийн туйл болсон энэхүү газрын үүх түүх гэвээс асар урт. Одоогоос 76 жилийн өмнө буюу 1946 онд олзны япон хүмүүс Улаанбаатар хотын төв талбай, хотын гол замуудын хайрга чулууг эндээс бэлтгэдэг байжээ. 1960 оны эхэн үед их устай болж хаягдаж, 2012 оны үед хуучин нуур цөөрөм нь ширгэж, ойр хавийн айлын хогоор дүүрчээ.
Харин 10-аад жилийн өмнөөс Содномсэнгийн Өлзийтогтох гэх нэгэн эрхэм энэ газрын хогийг хоёр гараараа түүж, тордож, тойголж янзалсаар уулын нуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан нь өдгөө олон хүүхдийг баярлуулж байна. Түүний амьдралын эгэл түүхээс энд хуваалцъя. Чухамхүү хөдөлмөрч, сэтгэлтэй байхад л хүн бодсоноо бодитоор биелүүлэх боломжтой гэдгийг түүний туулсан зам бүрээс харж болно.
Хөдөлмөр хүнийг хоосон орхидоггүй
Эрдэнэт хотын бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр илгээлтийн эзэд эх орноосоо томилолт авч байсан үе буюу 1975 он. Өлзийтогтохын аав архангай аймгийн уугуул Содномсэн нь барилгын мэргэжилтэй хүн. Харин ээж Батбаяр оёдолчин. Тиймээс Эрдэнэт хотыг зорьж, тэндээ ажиллаж амьдрахаар болов. Удалгүй 1976 оны өвөл гурав дах хүү болох Өлзийтогтох мэндэлжээ. Тэрбээр Эрдэнэтийн гэр хорооллын 8-н жилийн 3-р сургуульд 1985 онд элсэн оров. 1990 онд тавдугаар анги төгссөн жилийнхээ зун аянганд цохиулж, дөрөв хоног ухаангүй байгаад сэргэжээ. Ээж нь хүүгээ “Тэнгэрт ниргүүлсэн ч эргээд хүн боллоо” хэмээн баярлахдаа лам болгохоор шийдэн, сургуулиас нь гаргаж, шашны дунд сургуульд явуулав. Гэвч тавдугаар ангийн жаахан хүү гэр орноо санахын эрхэнд Улаанбаатарын ганданд нэг өвлийг арайхийн даван нутаг буцжээ. Эрдэнэтэд ирээд тухайн үедээ эрдэм номтойд тооцогдох Пүрэвдорж багшаар хоёр жилийн турш төвд ном заалгаж, шашны номоо үргэлжлүүлэв. Гэсэн хэдий ч түүний хүсэл сонирхол нь өөр байсан тул 1992 онд таеквондагийн клубт элсэн орж, 1995 оноос акробатаар давхар хичээллэж эхэлжээ. Түүний дараа буюу 1997 онд Эрдэнэтийн гал унтраах ангид нэг жил гал сөнөөгчөөр ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Харин жинхэнэ хобби нь шүлэг, кино зохиол бичих байжээ. 1993 оноос хойш хэсэг хугацаанд цаас ноороглож явсан цаг хугацаа ч түүнд бий. 1998 оноос Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт туслах ажилчнаар орж, мэргэжлийн хүмүүсийн дэргэд хоёр жил хэртэй ажилласан байна. “2000 оны хавар дуусаж, зун эхэлж байх үед юм уу даа. ЭЕШ-ын үеэр төгсөх ангийн хоёр охин замын осолд орсон юм. Яг л миний нүдний өмнө болсон үйл явдал. Харин жолооны ард мөн л сургуулийн насны согтуу хөвгүүд байж билээ. Тэр дүр зургийг үнэхээр төсөөлөх аргагүй. Надад сэтгэл зүйн маш хүнд цохилт болсон. Түүнээс хойш л Эрдэнэтэд баймааргүй. Нутаг орноосоо явмаар санагдаад эхэлсэн дээ” гэж Өлзийтогтох хэллээ. Түүний хөдөөнөөс хот руу орж ирсэн шалтгаан энэ. Тэр жилийнхээ зуны дунд сард Улаанбаатарт ирж, ахынхаа эхлүүлсэн компьютер үйлчилгээний газрыг дахин нээж ажилуулахаар болов. Анх удаа компьютер харсан хөдөөний хүү канон, принтер ажиллуулах гэж нэг хэсэгтээ л учраа олохгүй зүдэрсэн аж. Харин хичээлийн жил эхлэх үеэр ажилдаа дасаж, тогонд залгасан юм шиг хурдан болжээ. Хоёр жил орчим ажиллаж хураасан мөнгөөрөө кино зохиолоо амьдруулж, бодит болгохоор зориглосон байна. Ингээд 2002 оны тавдугаар сараас наймдугаар сарыг хүртэл кино зурагт гарч, хүүхэд залуучууд, спортын сэдэвтэй “Гэгээ” киног бүтээжээ. Гэвч камерууд дээрх дүрсний өнгө нь зөрж, кино нь хар цагаан өнгөтэй болов. Мөн тухайн үед кино театр ховор, проектор олдоход төвөгтэй хүндрэлтэй байсан учраас киногоо төдийлөн гаргаж чадсангүй. Есөн жилийн турш нойр хоолгүй сууж бичсэн зохиол. Хоёр жил хагас ханын материалаас Барилгачдын талбайн урд байрлах каноны газар ирээд, шөнийн 11, 12 хүртэл ажилладаг байсан цаг хугацаа. Түүний хичээл зүтгэл, урам зориг нь салхинд хийсжээ. Учир нь кино гараад, төсөөлж байсан үр дүнд хүрсэнгүй. Гэвч хөдөлмөр хүнийг хоосон үлдээдэггүйн адилаар Өлзийтогтох ур чадварын хувьд тодорхой хэмжээнд өссөн байлаа. Тэрбээр “2004 онд хувийн камертай болоод, олон төрлийн бичлэг хийж, түүнийгээ эвлүүлж сурсан юм. Тухайн үед UBS телевизийн “Загасан нүд” сонирхогч уран бүтээлчдийн олон улсын уралдаанд “Найрамдлын хот Эрдэнэт” гэсэн бүтээлээрээ олон улсын шагнал авсан аж. Дараа 2005 оны үед мөн л тус тэмцээнд үндэсний ялагч болж байв. “Хэдий кино хийгээд бүтэлгүйтсэн ч гэлээ тэндээс үлдсэн хүсэл сонирхол ур чадвар маань намайг оргүй хоосон үлдээгээгүй юм” хэмээн дурссан юм.
Өлзийтогтох 2005 оны есөн сард БНСУ-руу ажил хийхээр явжээ. Тэнд очоод гурван жилийн хугацаанд төмрийн үйлдвэрт маш хүнд хөдөлмөр эрхлэв. Хоёр хүний хийх ажлыг ганц хүн өглөөнөөс орой болтол хийж, хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээтэй дүйцэхүйц цалинг авав. Хураасан мөнгөө ээж рүүгээ явуулан, хотод хашаа газар худалдан авч, тэндээ нийтийн байр бариулав. Солонгосоос 2008 онд ирээд, дахин ажил хийх тэнхэлгүй болтлоо ядарсан гэнэ. Нэгэн өдөр Дэнжийн 1000-д гэрийнхээ хажууханд байдаг уулын орой дээр гараад хотыг харж байтал, хүүхдээ дагуулсан эмэгтэй тэр уулан дээр гарч суув. Өлзийтогтох түүнээс энэ доор байгаа хогийн цэг үүссэн газар ямар учиртай вэ гэж асуухад, -”Энэ хуучин чулуу бэлддэг газар байсан гэлцдэг. Доороо нууртай гэсэн” хэмээн хариулсан аж. Чухам эндээс л Уулын нуурыг анх байгуулах санаа Өлзийтогтоход төрж, бодлоо бодит болгохын тулд 2009 оноос нуурын хурсан хогийг цэвэрлэн, шарилж зулгааж цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг анх эхлүүлжээ. Харин азтай ч гэмээр юм уу даа. Амархан тохиолдлоор уулын нуурын газрын өөрийн нэр дээр авсан түүхтэй. 2009 оны Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт нөхөн сонгууль явагдах үеэр Өлзийтогтох “Хойно байгаа хогийн цэгийг хөрөнгө оруулалт хийгээд, олон нийтэд зориулсан ногоон байгууламж болгох гэсэн юм. Газрыг нь шийдээд өгөөч” гэсэн хүсэлт тавьжээ. Тэр нь тухайн үеийн дүүргийн засаг даргын чихэнд дуулдаж, төсөл бичиж өгсөний эцэст 2010 оны дөрөвдүгээр сард тус газрыг Өлзийтогтохын нэр дээр олгосон аж. Ингээд 2012 оноос орчны тохижилтыг хийж, зүйрлэшгүй үнэ цэнэ, утга учрыг агуулсан газар болжээ. Тухайлбал, гэр бүлийн хүмүүс, дурлалт хосууд, гадаадын жуулчид ирж модоо тарьж, уран бүтээлчид бүтээлээрээ чимсэн харагдана. Одоогоор 20 орчим төрлийн 1000 гаруй мод, 47 ширхэг үзэсгэлэнт сакура ургажээ. Нуурын хойд эрэг дээр байрлах хоёр давхар байшинд бага дунд насны хүүхдүүдэд зориулсан 3000 орчим номтой номын сан бий. Мөн морин хуур, төгөлдөр хуур, гитар, хийл гээд бүхий л төрлийн хөгжмийн зэвсгүүд өрөөстэй. Хэрвээ хөгжмийн багшийнхаа цалинг шийдэж чадвал хөгжмийн дугуйлан ажиллуулах юм байна. Мөн 1940-өөд оны түүхийг харуулсан 50 орчим фото зураг бүхий Сакура гэр музейг байгуулжээ. 2012 оноос хойш жил бүрийн өвөл тэшүүр тоглохоор давхардсан тоогоор 10 мянга орчим хүүхэд залуус, зун завь тоглох, амралт чөлөөт цагаараа хүүхдүүд ирдэг аж.
Хөдөлмөр хүнийг жинхэнэ хүн болгодог
Хүн бүр бодож, төсөөлж мөрөөддөг. Харин тууштай үнэнч сэтгэлтэй байж чадсан цөөн хэд нь төсөөлөл бүрээ бодит болгож чаддаг. Тэдний нэг бол Өлзийтогтох юм. Хэн ч хогийн цэгийг зундаа хүүхдүүд завиар тоголдог нуур, өвөлдөө тэшүүрээр гулгадаг талбай болно гэж төсөөлөөгүй. Үүнийг хийхэд түүнд баян гэр бүл, банкны хадгаламж, их сургуулийн диплом, их хурлын суудал хэрэг болоогүй. Хүүхэд байхаасаа л өнгөтөөр төсөөлж, түүнийгээ бодитоор биелүүлэхийн тулд хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон нь түүний амжилтын нууц байв. Энэ ч утгаараа тэрбээр ганц хүүгээ 10-р ангиас нь Гандигийн нэрэмжит коллежид тогоочийн мэргэжлээр суралцуулжээ. “Эртнээс л ажил хөдөлмөр хийгээд явах нь зөв. Хэрвээ коллежоо төгсөөд дэвшин суралцана гэвэл сургана. Гадаад руу явуулна. Харин эх орондоо заавал эргэж ирээд, өөрийн чаддаг зүйлээ хийгээд хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн хүүдээ хэлдэг байна. Түүний хүү Пүрэвмандах зундаа завиа ажилуулж аавынхаа ажилд тус болдог аж.
Өлзийтогтох уулын нууранд тоглохоор ирсэн хүүхдүүдтэй найз шиг нь дотно харьцдаг. “Хүүе чи наад хантаазаа өмсөж байж тоголно шүү”, “За болгоомжтой сэлүүрдээрэй” гэх мэтээр тоголж буй хүүхдүүдийг ажиглан үргэлж анхаарал хандуулна. “Хүмүүс намайг кофе, чихэр, печень гэх мэт төрөл бүрийн юм зараач гэдэг. Дэлгүүрт орохоор л “Монголд эрүүл хүнс гэж байна уу” гэж асуухаар хэмжээнд байна. “Гэтэл тоглохоор ирж байгаа учир мэдэхгүй жаахан хүүхдүүдэд хортой зүйл яаж зарах юм” гэж ярих нь хүүхдийн төлөөх түүний сэтгэлийг мэдрүүлж билээ. Мөн хамгийн хямд үнийг ханан дээр бичиж наажээ. “Хөрөнгө оруулья” гэсэн хүмүүсийн хүсэлтээс татгалздаг байна. Учир нь хөрөнгө оруулалт авчихбал, үнэ нэмэгдэж, хүүхдүүд тоголж чадахгүй болно гэж тэр боддог байна. Уулын нуурыг аялал зуучлалын нэг маршрут гэж Өлзийтогтох хардаг. Учир нь эндхийн өндөрлөг хэсгээс Улаанбаатар хотыг тольдож болохоор. “Хүмүүст туслах бодол эртнээс төрж, тэр зүгт ажилсаар ирсэн. Одоо 10 гаруй жилийг хүүхдийн сайн сайхны төлөө зориулж, уулын нуурын орчныг улам сайжруулахын төлөө зүтгэлээ. Өнгөрүүлсэн энэ л цаг хугацаандаа харамсахгүй байна. “Өөрийгөө бодсонгүй, тарчиг амьдарлаа” гэж шүүмжлэх хүмүүстэй цөөнгүй таарч билээ. Өнгөрснийг мартаагүй болохоор “Зүсэм талхны” үнэ цэнийг би мэднэ. Тэдний хэлж байгаа ч үнэн л дээ. Гэхдээ хад чулуун дундах хогийн цэг амьд байгаль болон дэлгэрч байгааг гадна, дотны хүмүүс хараад сэтгэл нь ихэд хөдөлдөг. Амьдралаас ирэх шаналалыг энэ ажлаараа хөнгөвчлөхийг хичээдэг. Миний зүүн гарт хүүхдийн дэврүүн мөрөөдөл, баруун гарт төсөөллөө бодит болгох ажил хэрэгтэй гэсэн хүсэл байгаа мэт санагддаг” хэмээн тэрбээр хуучилж байв.
Уулын нуурын түүхийг ойр орчмын оршин суугчид нь сайн мэддэг аж. Түүнээс гадна хамгийн сайн мэдэх хүний нэг нь тухайн үед олзны хүмүүсийн хянагчаар ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ахмад настан Г.Чогсомжав юм. Өдгөө 98 настай. Сакура гэр музейг нээлтээ хийх үеэр “Би 1944 онд Монгол ардын цэргийн ангид элссэнээр Зэвсэгт хүчний салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан. 1945 оны 11 дүгээр сараас эхлээд Японы олзлогдон ирсэн хүмүүсийн харгалзагчаар одоогийн Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ажиллаж байсан. Тэднийг барилга болон замын чулуу бэлтгүүлэн ажиллуулж байсан. Бэлтгэсэн чулуугаар Сүхбаатарын талбай, талбайн хоёр тал, Улсын драмын эрдмийн театрын барилга зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэн. Цэргийн албан хаагчид хамгаалах хорооны тусгай заавартай. Зааврын дагуу ажиллаж байсан. Олзлогдсон япон хүмүүс, хүний гарт хэцүү, хүнд хөдөлмөр эрхэлдэг байлаа. Арвин түүхтэй энэ газар өдгөө олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болтлоо хөгжсөнд үнэхээр баяртай байна” хэмээн хэлж байлаа.
Өнгөтөөр төсөөлснөө бодитоор биелүүлсэн Өлзийтогтох гэх нэгэн эрхэм Дэнжийн 1000-д байрлах Уулын нуурын цэцэрлэгт хүрээлэндээ амар жимэр сууна. Түүний бүтээсэн энэ орчинд олон мянган хүүхдүүд өсөж, хүмүүжиж байна. Өлзийтогтох гэдэг хүн мундаг эрдэм боловсролтой, их эд хөрөнгөтэй хүн биш. Энэ эрхэм морь зурах гэж байгаад илжиг зурчихдаг тийм л нэг энгийн хүн. Уулын нуурын цэцэрлэгт хүрээлэнг бүтээхэд түүнд гадаад хэл, их сургуулийн мэдлэг, эрх мэдэл, их мөнгө байсангүй. Зөвхөн болгоё, бүтээе гэсэн сэтгэл, өнгөт төсөөлөл, бодит мөрөөдөл, хөдөлмөрч зан л байсан аж.
“Миний зүүн гарт хүүхдийн дэврүүн мөрөөдөл, баруун гарт төсөөллөө бодит болгох ажил хэрэгтэй гэсэн хүсэл байгаа мэт санагддаг.” Өлзийтогтох
Үнэхээр гайхамшигийг бүтээж яваа хүн байна билээ