Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ирэх оны төсвийг УИХ-ын нэгдсэн чуулган өмнөх оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд баталсан байх учиртай. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.09.29) Монгол Улсын ирэх оны Төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ удаагийн Төсвийн тухай хуульд ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж, гадагш урсгалыг танах, зарим татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалтын шинэ төсөл эхлүүлэхгүй байх зэрэг анхаарал татсан заалтууд тусгагдсан байна.
Эдгээрээс хүн бүрд шууд хамааралтай Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ)-ын талаар хүргэе. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХХОАТ-ын тухай хуулийн дагуу иргэд орлогоос үл хамаарч бүгд ижил 10%-ийн татвар төлж буй. Хэдийгээр энэ нь нэг талаас иргэдийг ялгаварлахгүй эерэг харагдаж буй мэт болов чиг тэдний хоорондын санхүүгийн нөхцөл байдлын зөрүүг улам гүнзгийрүүлж байна. Тиймээс ч Сангийн яамны зүгээс авч буй цалинд нь тохирсон шатлалтай татварыг ногдуулах цаг ирсэн хэмээн үзэж уг шийдвэрт хүрчээ. Хэдийгээр энэхүү санал өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед өргөн баригдаж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч батлагдаж чадаагүй. Энэхүү шинэ хуульд татварын хэмжээг гурван шатлалтай өргөн барьж байгаа бөгөөд хууль батлагдаж чадсан ч иргэдийн хамрах хүрээний хувьд бага. Учир нь хоёр дахь шатлал болон түүнээс дээш цалинтай иргэд нийт иргэдийн дунд тун бага хувийг эзэлж байгаа юм. Сангийн яамнаас санал болгож буй татварын гурван шатлалыг харуулбал,
- 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувь,
- 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувь,
- 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлөх аж.
Шинэ татварын хууль батлагдаж гэмээ нь ирэх жилийн нэгдүгээр сараас хэрэгжих бөгөөд судалгааны дүнгээс харахад уул уурхайн компани, банк зэрэг “ТОП-100 ААН”-ийн удирдах түвшинд ажиллаж буй 1300 гаруй иргэн л 10 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний цалинтай байгаа юм. Гэхдээ энэхүү татварын хэмжээг шууд ногдож буй татвар хэмээн ойлгох нь буруу бөгөөд хэрэв та 15 сая төгрөгийн цалинтай бол эхний 10 сая төгрөгийн цалингаасаа 10 хувийн ХХОАТ-ыг төлж, үлдсэн 5 сая төгрөгийн цалингаас 20 хувийн татвар төлнө. Ингэснээр 15 сая төгрөгийн цалинтай бол та 15% буюу 2.25 сая төгрөг бус 2.5 сая төгрөгийн татвар төлнө гэсэн үг.
15 сая төгрөгийн цалинтай бол та 15% буюу 2.25 сая төгрөг бус 2.5 сая төгрөгийн татвар төлнө.
Гэтэл ҮСХ-ноос гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улсын иргэдийн сарын дундаж цалин өдгөө 1.5 сая төгрөг байгаа нь тэд хоёр дахь түвшний цалин орлоготой болоход нэлээн хугацаа шаардлагатай болохыг харуулж байна. Иймээс энэхүү шатлалдаа илүү олон иргэнийг хамрагдуулахыг хүсвэл босго дүнг багасгах шаардлагатай юм.
Эдийн засагт стагфляц болох эрсдэл өндөр байна
Ерөнхийдөө бол улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газрын зүгээс энэ чиглэлээр ирэх онд баримтлах бодлого хоёр салшгүй уялдаж байх учиртай. Гэтэл эрх баригчдын татварын шатлалд хамгийн олон хүн хамруулж буй уул уурхайн салбарын үйлдвэрлэлд урд хөршийн “Тэг-Covid-19” бодлогоос хамаарч уналт үргэлжлэх аястай байна.
Үүнээс гадна тэдний жилийн өмнө 2022 оны төсвийг хэлэлцүүлэхдээ эдийн засгийн өсөлт гарна гэх өөдрөг төсөөлөл нь бидэнтэй ойр үүссэн дайны нөхцөл байдлаас үүдэлтэйгээр саарч, инфляцын өсөлтийг дагасан стагфляц болж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар анхаарууллаа. Тиймээс ч оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан манай гадаад валютын нөөц өдгөө 2.4 тэрбум ам.доллар болтлоо буураад байна. Монгол Улсын хувьд энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувьтай гарсан бол инфляц одоогийн байдлаар 14.4 хувьд хүрээд байна. Иймээс экспортын хэмжээг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж чадахгүй бол валютын нөөц буурсаар үйлдвэрлэгч бус импортлогч улсын хувьд валютын нөөцийн хэмжээ тэг заахад удахааргүй хугацаа үлджээ.
Мөн сайд уг мэдэгдлийнхээ үеэр “Бидний тооцоогоор ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэв эдийн засгийнхаа тогтворжуулах бодлогыг бусад бодлоготой хамтад нь авч хэрэгжүүлбэл нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Инфляцын хамгийн том эрсдэл нь төгрөгийн ханшны уналт байгаа гэдгийг хэлье” хэмээн онцолсон юм.
Энэ удаагийн эдийн засгийн хямрал өмнөх хямралаас харьцангуй удаан хугацаанд үргэлжилж байна. Учир нь хямрал дан ганц цар тахал гэлтгүй дэлхийн геополитикийн асуудалтай холбоотойгоор цаашид үргэлжилж улмаар эмзэг эдийн засагтай манайх шиг улсуудын хувьд эдийн засгийн өсөлт саарч, инфляцийн хэмжээ өссөөр улмаар стагфляц болох хандлагатай байгааг дахин сануулъя. Иймээс эдийн засгийн стагфляцитай нүүр тулахгүйн тулд яаралтай эдийн засгийг тогтворжуулах шат дараалсан арга хэмжээг авч, өөрсдийн мөнгөний болон төсвийн бодлогоо чангаруулах шаардлагатай байна.