Монгол Улсын даатгалын салбарын энэ оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайлант хугацааны байдлаар Монгол Улсад ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 62, даатгалын хохирол үнэлэгч 25 компани тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн хоёрдугаар улиралд Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Дархан Шаркс” ХХК, “Блэк Бии” ХХК, “Ландон Жипи” ХХК-иудад даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авчээ. Мөн зургаан иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон бол нэг даатгалын төлөөлөгчийн зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Хоёрдугаар улиралд даатгалын зуучлагч компаниудын салбарын тоо өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн нь даатгалын бүтээгдэхүүний хүртээмжтэй байдал нэмэгдэх эерэг нөхцөлийг бүрдүүлжээ. Одоогоор даатгалын компаниуд нийслэлд 43 салбар, орон нутагт 203 салбараараа дамжуулан иргэд, даатгуулагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж байна.
Даатгалын компанийн өсөлтөд тэдний өөрийн хөрөнгө ихээхэн чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл даатгалын компаниудын нийт хөрөнгө 0.6 хувиар өсөж 431.4 тэрбум төгрөгт хүрсэн бол түүний 83.3 хувийг нь ердийн даатгалын компаниудын хөрөнгө бүрдүүлжээ. Үлдэгдлээс 2.3 хувийг нь урт хугацааны даатгагчийн хөрөнгө, 14.4 хувийг давхар даатгагчийн хөрөнгө эзэлж байгаа юм. Харин ердийн болон давхар даатгалын компаниудын 11.5 ба 4.3 хувийг өр төлбөр, 29.6 ба 2.6 хувийг орлогод тооцоогүй хураамжийн нөөц, 13.6 ба 42.3 хувийг нөхөн төлбөрийн нөөц сан, 45.3 ба 50.8 хувийг эздийн өмч бүрдүүлжээ. Харин урт хугацааны даатгалын компанийн хувьд өр төлбөр 0.7 хувь, нөөц сан 29.5 хувь, эздийн өмч 69.8 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс гадна өнгөрсөн улиралд даатгалын компаниуд нийт 124.2 тэрбум төгрөгийн хураамж бүрдүүлснээс 98.7 хувийг ердийн даатгалын компани, 1.3 хувийг нь урт хугацааны даатгалын компани авчээ. Ингэснээр ердийн даатгалын хураамж 11.3 хувиар, урт хугацааны даатгалын хураамж 66.0 хувиар тус тус өссөн үзүүлэлтийг харуулж байна.
Даатгуулагчид хугацаа алдах, хэт багаар үнэлэх зэргээс шалтгаалж нөхөн олговорт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл компаниуд буцаан олголтоор ердийн даатгалд 4.4 тэрбум төгрөг, давхар даатгалд 25.4 тэрбум төгрөгийг зарцуулж улмаар 92.8 тэрбум төгрөгийн даатгалын цэвэр хураамжийн орлоготой ажиллажээ. Сүүлийн таван жилийн хувьд даатгалын нийт хураамжийн дундаж өсөлт 8.6 хувьтай байсан бол хоёрдугаар улиралд 11.8%-ийн өсөлттэй гарчээ. Үүнээс гадна компаниуд нийт хураамжийн 32.6 хувийг давхар даатгалын хураамжийн зардалд зарцуулж байсан бол өнгөрөгч улиралд 20.5 хувийг зарцуулсан байна. Харин ердийн болон урт хугацааны даатгалын компаниудын нийт хураамжийн 26.6 хувь буюу 33.0 тэрбум төгрөгийг даатгалын төлөөлөгч, 13.1 хувь буюу 16.3 тэрбум төгрөгийг даатгалын зуучлагч банк, 9.3 хувь болох 11.5 тэрбум төгрөгийг даатгалын зуучлагч компани бүрдүүлжээ. Даатгалын нөхөн төлбөрт компаниуд 47.8 тэрбум төгрөгийг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67.2%-аар өссөн бол төлбөрийн 12.5 хувийг давхар даатгагч, 6.8 хувийг буруутай этгээд нөхөн төлсөн байна.
Ердийн даатгалын компаниудын нийт орлого 11.3 хувиар өсөж 110.1 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 7.7 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.8 хувиар буурчээ.
Харин урт хугацааны даатгагчийн ашигтай ажиллагаа нь тав дахин өссөн хэдий ч компаниудын хуримтлагдсан ашиг өмнөх оныхоос 46.1 хувиар буюу 7.9 тэрбум төгрөгөөр мөн адил буурсан үзүүлэлттэй гарчээ. Даатгалын компаниудаас “Монре даатгал” ХХК-ийн даатгалын хураамжийн нийт орлого хамгийн их буюу 89.0 хувиар өссөн бол “Монгол даатгал” ХК-ийн даатгалын хураамжийн нийт орлого 46.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн даатгалын компаниуд нөхөн төлбөрт нийтдээ 47.8 тэрбум төгрөгийг олгосон нь өмнөх оныхоос 70.6 хувиар өсжээ. Нөхөн төлбөрийг задалбал, 25.7 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 33.6 хувийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, 18.2 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал, 12.0 хувийг хөрөнгийн даатгал гэсэн үндсэн дөрвөн хэлбэр эзэлж нийт нөхөн төлбөрийн 89.5 хувийг эзэлжээ.
Одоогоор ердийн даатгалын 15 компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхэлж нийтдээ 22.7 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлсэн нь өмнөх оны хоёрдугаар улирлаас 22.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин энэхүү даатгалын гэрээгээр нийт 16.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь өмнөх оноос 133.5 хувиар өсжээ. Харин даатгалын хохирол үнэлэгч компаниуд өнгөрсөн улиралд 18,600 даатгалын хохиролд үнэлгээ хийж, улмаар 1,124.5 сая төгрөгийн орлоготой ажилласан байна.