“Өнгөрсөн 20 жилд 20 машин сольж унасан байна” хэмээн Youtube дэх Tuya Review сувгийн хөтлөгч Ш.Гантуяа гурван жилийн өмнө цацсан анхны видеоныхоо эхэнд хэлсэн нь бий. Автомашин сонирхдог, нэг машиныг хамгийн удаандаа хоёр жил орчим унаж, гол төлөв түүнээс богино хугацаанд сольдог Туяагийн 2020 онд бүрэн шинэчлэгдсэн Mercedes-Benz G-Class-ийн ревюг хийснээр эхэлсэн контент зөвхөн төмөр хүлгийн танилцуулгад төвлөрдөг бөгөөд найздаа машин ярьж өгч буй мэт энгийн хэв маягтай, мэдээлэл сайтай байдаг нь сошиал платформуудаар хүмүүст сайн хүрч, өдгөө нийт үзэлт нь хэдэн сая давжээ.
“Тэнгэр даатгал”-ын ТУЗ-ийн дарга, Мандал санхүүгийн нэгдлийн маркетинг хариуцсан захирал Ш.Гантуяа контент бүтээх ажлаа цэвэр сонирхлоороо эхлүүлсэн агаад ярилцах үеэрээ яг л видеон дээрх шигээ үргэлж инээмсэглэн байх аж. Олон машин сэлгэж, олон жил жолооны хүрд мушгисан тэрбээр танилцуулахаар сонгосон автомашинаа нэгбүрчлэн судалж, сайтар бэлтгэж байж хүмүүст хүргэдэг бөгөөд энэ процесстоо үнэхээр дуртай хэмээн хариулсан юм. Ингээд түүний дурладаг төмөр хүлгийн ертөнцөөр хэсэгхэн хугацаанд аялцгаая.

Анхны бүхэн мартагдашгүй…
Туяагийн анхны машин Lexus LS 430 байжээ. Энэ талаар ярихын тулд 20 жилийн өмнөх үе рүү буцах хэрэгтэй болно. Тухайн үеийн машинуудаас хаалга хаагдах технологи, массаж хийдэг суудал, бүх талдаа мэдрэгчтэй зэргээрээ уг загвар онцгойрч байв. “Манай ажлын газар цөөн машины зогсоолтой учраас орж гарахад их хэцүү байлаа. Нэг өдөр хамгаалагч ‘Манай ажилтнуудаас хамгийн уран жолоодогч нь чи шүү. Мундаг маневрлаад машинаа гаргачихдаг’ гэж хэлж байж билээ. Тэр нь би мундагтаа ч биш, зүгээр л машин маань бүх талдаа мэдрэгчтэй байсанд л учир нь бий. Тухайн үед мэдрэгчтэй машин тун ховор байлаа. Мөн арын суудал нь буйдан мэт тухтай, үл ялиг намсаж суугаад гулгаж явж буй мэт мэдрэмж төрүүлдэг, сэтгэлд үлдсэн машин” хэмээн тэр дурслаа.
Харин түүнээс хойш олон ч машин сольсон бөгөөд шинэ машин унах тоолонд шинэ мэдрэмж төрдгийг ч онцолж байв. Чухам энэ явцад л автомашиныг жинхэнэ утгаар нь сонирхож, хобби болох эхлэл тавигдсан аж.
Миний таашаадаг төмөр хүлэг
Mercedes-AMG G63. Энэ машиныг унаад явахад спорт машин мэт мэдрэмж төрүүлдэг атлаа SUV ангиллын жийп гэдгээрээ тун онцгой хэмээв. Монголын замд спорт машин намддаг учраас цохигдох, элэгдэх магадлал ихтэй, тохиромжгүй байдаг бол Mercedes-AMG G63-ийн хувьд хамгийн тохиромжтой гэдгийг тэрбээр онцолсон юм. Тиймээс ч спорт машинд дурлагсдад G-Class-ийн энэ загвар тун аятайхан сонголт болж чадах аж.
“Өөрөө контент бүтээх, сошиалын учрыг олно гэдэг хүнээр контент хийлгэхээс арай өөр. Тэгээд л эхэлсэн, амжилтад хүрсэн”.
G63-ийн мотор гараар угсрагддаг, мөн 577 морины хүчтэйгээрээ G500-аас эрс ялгардаг. V8 хос турбо мотортой, 100 км/ц-ийн хурдыг ердөө 4.5 секундэд авдаг. Нэг үгээр, хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлэг. Үүнийг Туяа маш товчхоноор “G63 гэхээр илүү хүчирхэг, илүү спорт, илүү загварлаг гэж шууд ойлгогддог” хэмээн тайлбарлаж байна.



“Та ямар машин унадаг вэ?”
Түүнд хүмүүсээс хамгийн их ирдэг асуулт энэ асуултыг би ч мөн асуусан юм. Хариулт нь Range Rover. Туяагийн Range Rover Autobiography нь цагаан өнгөтэй, улаан салонтой. “Унаад явахад их эвтэйхэн, явдал нь маш зөөлөн, хөнгөн машин” хэмээв. “Мэдрэмж нь тэс өөр, их гоё” гэх үгийг ч мөн онцолсон юм. Ер нь түүний ярианаас машин унаад явахад төрүүлж буй тав тух, мэдрэмжийг ихээхэн онцолдгийг, мэдрэмж гэх үгийг цөөнгүй давтамжтай хэлдгийг нь анзаарч болно. Ихэнх цагаа дотор нь сууж өнгөрөөх учраас машин худалдан авахдаа тэрбээр салоны цэвэр цэмцгэр байдал, өнгө, тав тухыг илүү анхаарч сонголтоо хийдэг аж.
Эрсдэлийг заавал тооц!
“Хотоос гараад дуртай хөгжмөө сонсонгоо, хурдлан давхих дуртай. Гэхдээ хурдны хязгаарыг хэзээ ч хэтрүүлдэггүй. Машиндаа анхнаас нь хурдны хязгаарын тохиргоо хийдэг. Учир нь хурд хэтрүүлнэ гэдэг маш том эрсдэл. Сүүлийн үеийн машинууд бүгд хурдны тохиргоотой болсон. Манай даатгалын компанид хурд хэтрүүлснээс болж осолд орсон хүмүүсийн тохиолдол өдөр бүр бүртгэгддэг. Үнэхээр аймшигтай ослууд гардгийг нүдээрээ харж байна. Хүмүүс тэр бүрийг харахгүй, мэдэхгүй байгаа учраас төдийлөн тоодоггүй. Тухайн газраа хэдхэн минутын өмнө очихын тулд амь насаа эрсдэлд оруулна гэдэг утгагүй. Үүнээс болж олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Тиймээс жолооч бүр машиндаа хурдны хязгаар тавьж явж байгаарай л гэж зөвлөе”.
Tuya Review -ийн эхлэл, амжилт, шүүмжлэл
“Би бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч анхнаасаа л маркетингаар ажиллаад явчихсан. Эхлээд Улаанбаатар зочид буудлын маркетингийг хариуцан ажиллаж байгаад улмаар “Монгол ньюс” группийн маркетингийн захирлын албыг хашсан. Харин түүнээс хойш Мандал санхүүгийн нэгдлийн маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байна. Нэгэнт маркетингаар ажилладаг хүний хувьд өөрөө сошиал контент хийж үзэх нь чухал байсан. Өөрөө контент бүтээх, сошиалын учрыг олно гэдэг хүнээр контент хийлгэхээс арай өөр. Тэгээд л эхэлсэн, амжилтад хүрсэн. Гэхдээ анхнаасаа ингэж амжилттай явна гэж бодоогүй. Гэтэл эхний контентоос эхлээд л маш өндөр хандалт авсан. Tuya Review сувгийнхаа анхны бичлэгийг нийтлэх гэтэл интернэт удаад байсан тул тэр чигт нь орхиод зуслан руугаа явчихсан. Удаа ч үгүй, ердөө 30 орчим минутын дараа шалгатал хэдэн арван мянган хүн үзчихсэн, ахиад цагийн дараа гэхэд 60, 70 мянга болж үзэлт нь нэмэгдсэн. Эхэндээ итгэхгүй байсан ч маш олон коммент бичигдсэн зэргээс үзэхэд бодит хандалт гэдэг нь тодорхой байлаа. Контентын чанар, эрэлт хэрэгцээтэй байдал гэх мэт олон зүйл хүмүүст хүрэхэд нөлөөлсөн байх.
Дэлхийд автомашины ревю хийдэг хүмүүсийг харахад бүгд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор хүргэдэг. Заавал 100 хувь тайлбарлах албагүй. Харин түүнийг сошиал контент болгож олон хүнд хүргэх нь л чухал.
Tuya Review-ийн контент бүтэх үйл явц маш энгийн. Эхлээд машины судалгаагаа би өөрөө маш сайн хийнэ. Тэгээд зураглаачтайгаа ярилцаж бичлэгээ хийнэ. Дараа нь засаж янзлах, монтажлах ажлаа хамтарч хийдэг. Анхны бичлэгээ утсаараа хийгээд л эхлүүлсэн. Синематик, нүсэр хийнэ ч гэж төлөвлөөгүй. Харин аль болох энгийн, найздаа машинаа үзүүлж байгаа юм шиг, лайв хийж байгаа мэт бичвэл хүмүүст бодитой тусна гэж үзсэн. Эхнээсээ л төгс биш, зарим талаар алдаатай ч контент байж болно гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байсан. Тэр тусмаа л амьдралд илүү ойр. Тийм ч учраас хүмүүс их үзсэн байх. Хүмүүс их үзээд эхлэхээр микрофон, камераа аажмаар сайжруулсан.
Мэдээж хэрэг шүүмжлэл ирнэ гэдгийг эхнээсээ л хүлээн зөвшөөрсөн байсан. Бурхан байсан ч хүмүүс шүүмжилж л таарна. Гэхдээ төсөөлснөөс хавьгүй бага шүүмжлэл, сөрөг коммент хүлээн авсан шүү (Инээв). Дэлхийд автомашины ревю хийдэг хүмүүсийг харахад бүгд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор хүргэдэг. Заавал 100 хувь тайлбарлах албагүй. Харин түүнийг сошиал контент болгож олон хүнд хүргэх нь л чухал.
Мэдээж хэрэг шүүмжлэл ирнэ гэдгийг эхнээсээ л хүлээн зөвшөөрсөн байсан. Бурхан байсан ч хүмүүс шүүмжилж л таарна. Гэхдээ төсөөлснөөс хавьгүй бага шүүмжлэл, сөрөг коммент хүлээн авсан.
Танилцуулж буй машины тоо аажмаар буурна гэдгийг ч эхнээсээ тооцсон байсан. Учир нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд төлөвлөж байсан машинуудынхаа ревюг ерөнхийдөө хийчихсэн. Одоо бол хааяа нэг шинэ загварын машин Монголд орж ирэхэд, эсвэл автомашины үзэсгэлэн зэрэг арга хэмжээнд очиж контент бэлтгэж байна. Үүнээс гадна оны өмнөхөн эхлүүлсэн, олон жилийн туршлагатай мэргэжлийн хүмүүс, эмч нарыг зочноор урьж ярилцдаг eDoctor эрүүл мэндийн подкастаа тогтмол хөтлөн хүмүүст хүргэж байна.
БЛИЦ:
-Хэзээ машинаа солих вэ?
-Дараа жил ч юм уу. Удахгүй солино (инээв).
-Унаж үзэхийг хүсдэг машин?
-Удахгүй Монголд орж ирэх Nissan-ийн INFINITI QX-ийн шинэ загварыг танилцуулсан ревю хийнэ. Их гоё машин. Ер нь манайхан Монголд байдаг машинаа илүү сонирхдог юм билээ.
Миний цуглуулга?
Tuya Review сувагтаа зориулан контент хийж эхэлснээс хойш хүмүүс надад машины модель их бэлэглэх болсон. Одоогоор 30 орчим модель цуглаад байна.
Машин бол минийхээр…?
Өдөр тутмын хэрэглээ.
Түгжрэлд би…?
Подкаст сонсох нь үр дүнтэй. Ер нь түгжрэлээс шалтгаалан багагүй цагийг машин дотроо өнгөрүүлж байна. Ингэж олон цагаар бохир агаарт байх нь хүний эрүүл мэндэд маш муу. Монголд орж ирж буй бензиний чанар муу, хар тугалга их хэмжээгээр ялгаруулдаг. Тиймээс замын орчим дахь агаар хамгийн бохир байдаг. Энэ ч утгаараа машины өөрийн агаар шүүгчээс гадна давхар агаар шүүгч заавал ашиглаарай гэж зөвлөе. Ялангуяа хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөг бол бүр ч анхаарах учиртай. Миний хувьд ямар ч машин унасан давхар агаар шүүгч нэмэлтээр заавал ашигладаг.