УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын зүгээс өргөн бариад буй ирэх оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагддаг Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг эхлүүллээ. Төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа энэ оны төсвийн зарцуулалт цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэсэн бол ирэх 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад зориулагдсан болохыг тэмдэглэсэн юм. Энэ оны төсөв ДНБ-ий 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, алдагдлыг 833.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Төсвийн төсөлд тусгасан зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжих боломж, нөхцлийг үндэслэлтэй судалж, ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн, үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй байгааг анхааруулж байлаа.
Цар тахлаас эхлэлтэй, геополитикийн асуудлаар үргэлжилсэн дэлхий дахинаа эдийн засгийн хүндрэл манай улсын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлж байна. Үүнтэй холбогдуулан ирэх онд Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн зарим зохицуулалтыг хийхээр Сангийн яамнаас төлөвлөсөн. Энэхүү зохицуулалтын хүрээнд анхаарал татсан зарим заалтуудыг та бүхэнд хүргэе.
Гарааны бизнесийг дэмжих зорилгоор:
– Үйл ажиллагаагаа шинээр эхлүүлж буй компанийг Орлогын албан татвараас гурван жилийн хугацаанд бүрэн чөлөөлж байсныг таван жил болгон уртасгах,
– Программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлсэн орлогод ногдуулах аж ахуйн албан татвар 20% байсныг 5% болгон бууруулах,
– Дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд 90%-иар, дараагийн гурван жилд 50%-иар татварын хөнгөлөлт үзүүлэх,
– Нийслэл хотоос орон нутагт үйлдвэр агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинэ үл хөдлөх хөрөнгө бий болгосон болон орон нутагт ажлын байр шинээр бий болгосон ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлэх зэрэг заалтуудыг тусгажээ.
Харин хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор:
– Үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй хувьцааны ногдол ашгаас суутган авах татварын хэмжээг гадаадын зах зээлээс бол 20%, дотоодын зах зээлээс бол 10% байсныг ижл 5% болгон бууруулах,
– Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг орлогын албан татвараас чөлөөлөх,
– Шинээр болон нэмэлт хувьцаа гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20%-иар нэмэгдүүлж, орлогын албан татвараас хасаж тооцохоор тусгасан байна.
Зарим хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжих боломж, нөхцлийг үндэслэлтэй судалж, ангилах, эрэмбэлэх ажиллагааг дутуу хийснээс ирээдүйд бий болох үр дагавар нь зардлыг улам нэмэгдүүлсэн, үр ашиг, үр дүнгүй болох эрсдэлтэй.
Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй үеийг туулж байгаа хэдий ч монголын хөрөнгийн биржээр дамжуулан хэд хэдэн компани өөрсдийн хувьцаагаа гаргаж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд эерэгээр нөлөөлөх хандлагатай байна. Мөн үнэт цаасны зах зээлийн татварын хэмжээг бууруулснаар дан ганц хувьцааны зах зээл гэлтгүй бусад салбаруудад ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хамгийн сүүлд Sendly болон Төрийн банк амжилттай хөрөнгө оруулалт татаж чадсан бол “Нөмөр Кредит Ассет ТЗК” ХХК-ийн 10 тэрбум төгрөгийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалгаа авч эхэллээ.
Үүнээс гадна Монгол Улс “Татварын гэрээтэй холбоотой BEPS-ийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ийн 100 дахь гишүүнээр элсэн орсон байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх (BEPS)-ийн эсрэг байгууллагын 14 дэх чуулга уулзалтын үеэр тус байгууллагад элсчээ.
Уг конвенцод нэгдэн орсноор бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэгэн зэрэг татвараас зайлсхийхийн эсрэг орчин үеийн дүрмийг нэвтрүүлж давхар татварын гэрээний хийдлийг арилгах, харилцан тохиролцох үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг боломж бүрдэж дотоодын татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой юм.