Монголд сайн эмч нар олон, гэхдээ сайн үйлчилгээтэй эмнэлэг цөөхөн. Учир нь эмнэлэг гэдэг зөвхөн эмч, тоног төхөөрөмж, барилга биш юм.
Эмнэлэг бол юун түрүүнд маш нарийн зохион байгуулалт бүхий хүмүүнлэгийн үйлчилгээ байдаг. Ийм үйлчилгээг хүргэхийн тулд чадварлаг менежмент хэрэгтэй байгаа нь манай улсын эрүүл мэндийн тогтолцооны нэг том сул тал.
Монгол Улсдаа эрүүл мэндийн цогц үйлчилгээг салбартаа жишиг болохуйц стандартаар хүргэхээр зорьж яваа, Монголын хамгийн том хувийн эмнэлэг болох Дөрөвдүгээр эмнэлгийн захирал Б.Золжаргалтай дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрээр өөрөө эмч биш ч, эрүүл мэндийн салбарын “менежментийн ужиг өвчнийг” эмчилж чадахуйц чадварлаг менежер юм.
-Сүүлийн үед юун дээр илүү төвлөрч байна вэ?
-Дотоод зохион байгуулалт, сувилахуй дээр илүүтэй төвлөрч байна. Сувилахуйн менежментийн олон улсын стандарт нэвтрүүлэхээр Тайваны Юнь Ран эмнэлэгтэй хамтарч байна.
-Танайх одоо хэдэн ажилтантай болсон бэ?
-Аутсорсингоор үйлчилгээ нийлүүлдэг хүмүүсээ багтаавал одоогоор (2022.08.23) 250 орчим хүнтэй болоод байна.
-Баг томрох тусам процесс илүү ээдрээтэй болж байна уу?
-Богино хугацаанд том баг бүрдүүлэх гэж байгаа болохоор амаргүй юм. Манай салбарт хүний нөөцийн хомсдол бий. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд дутагдалтай байгаа болохоор бэрхшээлүүдтэй тулгарч байна. Өмнө нь өрсөлдөөний орчинд олон жил ажилласан туршлагатай учраас эл асуудлыг даваад гарна даа л гэж бодож байна.
-Дөрөвдүгээр эмнэлэг хэзээнээс бүрэн хүчин чадлаараа ажиллах вэ?
-Одоогоор төслийн гүйцэтгэл 70 орчим хувьтай явж байна. Гэхдээ хагалгааны хэсэг, компьютерын томограф, MRI зэрэг чухал хэсэг үлдсэн. Хагалгааны хэсгээ Польшийн Засгийн газрын батлан даалтаар, Европын санхүүжилтээр босгох гэж буй. Ирэх 11 дүгээр сард угсарч дуусвал эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллана.
-Танайх монголдоо хувийн хэвшлийн хамгийн том эмнэлэг болж байна. Олон улсын стандартаар аль ангилалд орж байгаа вэ?
-Олон улсын нэршлээр Нэгдсэн эмнэлэг /General Hospital/ гэж явна. Анх I корпусыг эмнэлгийн зориулалтаар тоноглож, гадаадын эмчилгээний арга барилыг ашиглан, хавдрын эмчилгээг дотооддоо хийх зорилготой байлаа. Бид хавдрын чиглэлээр тусгай зөвшөөрлөө авахаар бэлдэж байсан. Гэхдээ хоёр болон түүнээс дээш шатлалтай бүх эмнэлэг хавдрыг эмчилдэг болсон байсныг судалж мэдсэн. Зөвхөн хавдраар дагнасан эмнэлэг гэсэн ойлголт олон улсад байхгүй. Учир нь нэг эрхтэн тогтолцооны хавдрын өвчлөл нөгөөхдөө зайлшгүй нөлөөлж, бүх насныхан өвчилдөг. Монголд ажиллаж буй Хавдар судлалын төвийн хүний нөөц, тоног төхөөрөмж, мэдлэгээ салбартаа түгээх ажил сайн явагдахгүй байна. Олон улсад хавдар судлалын төвүүд илүү судалгааны байгууллага маягаар ажилладаг. Эмнэлзүйн шинэ арга барил боловсруулах, шинэ технологи нэвтрүүлэх гэх мэт. Урт хугацаанд тогтвортой сууриа тавихын тулд нэгдсэн эмнэлгийн ангиллаар тусгай зөвшөөрлөө авсан.
-Төслийн санаа бий болсон түүхээс хуваалцвал?
-Скайпро группийг үүсгэн байгуулаад 10 гаруй жил бизнес эрхлэхдээ ковид гэх хямралтай нүүр туллаа. Аливаа асуудлыг шийдэх гэсэн сэдлээр л бизнес хийж ирсэн. н.Билэгт гуайтай санамсаргүй тааралдсан юм. “Энд нэг ийм том объект байна. Та бүхэн түрээсэлж аваад менежментийг нь хариуцах уу” гэх санал ирсэн. Бидний үндсэн бизнес барилга байгууламжийн арчилгаа /facility management/. Олон газар цэвэрлэгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ гэх мэт барилгын арчилгааны менежментийг зөв хийж чаддаггүй. Энэ бол мэргэжлийн үйлчилгээ. Үл хөдлөхийн менежментийг зөв хийж чадвал урт хугацаандаа үнэ цэнээ хадгалж чаддаг. Үүнийг сүүлийн үед компаниуд нэлээн ойлгож байна. Үүнд л бид бизнесээ бэлдэж байсан юм. Бидний хувьд, анхнаасаа үйлчилгээний төв нь хүн өөрөө гэдгийг сайн ойлгодог байсан. Тиймээс эмнэлгийн барилгын менежмент хийгээч гэсэн санал надад маш сонирхолтой санагдсан.
2019 онд НЭМГ-аас хийсэн судалгаанд бичсэнээр монголчууд 67 сая ам.долларыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гадагшаа өгсөн байсан. Энэ мөнгийг зарцуулсан хүмүүсийн 60 орчим хувь нь тав тух, түргэн шуурхай үйлчилгээ хүсэж гадагшаа явсан байдаг.
Хувийн эмнэлгүүдийн хувьд үүсгэн байгуулсан эмчээ дагаад олон үйлчлүүлэгчтэй болчихсон, ор нэмээд хэвтэн эмчилгээгээ хиймээр байвч эмнэлгийн байгууламж барихаар хэмжээний хөрөнгө оруулалт байдаггүй нийтлэг нэг бэрхшээл байдаг. Тиймээс бид нэгэнт барилгын менежментийг нь хийх гэж байгаа юм чинь дээрх шиг үүдэн эмнэлгүүдийг уриад хэвтэн эмчлүүлэх менежментийг нь хийгээд өгье гэсэн санаатай байлаа. Ингээд судалгаа хийж байтал хариуцлагын асуудал тулгарсан. Олон янзын эмнэлэг ороод ирэхээр хэн, яаж хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Зөвхөн сайн эмч байснаар эмнэлэг сайн болохгүй. Хоол үйлдвэрлэл, хоол үйлчилгээ, сувилахуй, асаргаа, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэл, эм ханган нийлүүлэлт гээд маш олон юмыг менежмент хийх шаардлагатай болсон. Тэгээд энэ санаагаа орхиж, нэгдсэн эмнэлэг байгуулахаар шийдсэн. Сайн эмч нар дамжиж гүйхээс илүү нэгдсэн эмнэлэгт бүх шинжилгээ, оношилгоо, эмчилгээгээ хийлгэх хэрэгцээ өндөр байдаг. Олон газарт хийлгэсэн оношилгоонуудыг нэгтгээд, “Миний бие ямар байна” гэдгийг үйлчлүүлэгч өөрөө мэдэхэд хэцүү. Тиймээс монголчууд гадагшаа явж нэгдсэн үйлчилгээ авах дуртай байдаг.
Бидний хамгийн том давуу тал бэлэн барилгатай байсан. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, менежмент хийх шаардлагатай болсон. Түүнээс гадна манай үндсэн бизнес ковидын хямралд өртсөн учраас бизнесээ төрөлжүүлж, өөр өөр сагсанд хуваарилах шаардлагатай байсан учраас хямралд өртөх нь бага, үргэлжийн хэрэгцээтэй байдаг гэдэг утгаараа эмнэлгийн бизнест орохоор шийдсэн юм. Ер нь эрүүл мэнд, хүнс гэсэн хоёр салбарт хямралын үед ч хэрэгцээ байдаг. Энэ үед н.Билэгт гуайтай таарсан нь цаг хугацааны тохироо бүрдэж, зориглоод хийхээр шийдсэн юм.
-Дөрөвдүгээр эмнэлэг гээд ярихаар хүмүүсийн толгойд “улсын эмнэлэг юм байна” гэсэн бодол төрж магадгүй. Энэ нэртэй холбоотой ямар түүх байна?
-Бид монгол нэр байх ёстой гэж бодсон. Учир нь дотоодын эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн том брэнд болох учиртай. Хэрэглэгч талаас нь аваад үзэхэд, хөдөө орон нутгаас хүмүүс ирж эмнэлгээр үйлчлүүлэх нь олон. Тэр хүмүүст олон хоногийн оочер дараалал хүлээхгүйгээр түргэн шуурхай үйлчлүүлээд гэртээ харих нь чухал байдаг. Тиймээс хувийн эмнэлгээр үйлчлүүлэх сонирхолтой. Гэхдээ хэт гадаадын гэмээр гял цал орчин, тэр дундаа нэрийг нь сонсоод хүртэл эмээх, их үнэтэй гэж бодох, зайлсхийх явдал бий. Өөрөөр хэлбэл, орж үзэхээсээ өмнө шийдвэрээ өөрчилдөг тал бий. Тиймээс монгол нэр сонгох дээр хоёр сар ажилласан. Бүх юм цогц, найдвартай гэдэг мессэжийг яаж нэрээрээ дамжуулах вэ гэдэг дээр хэлэлцэж байгаад, “Дөрөвдүгээр эмнэлэг” гэдэг нэрийг сонгосон. Түүнчлэн шинэчилсэн хуулиар эмнэлгүүд улсын, хувийн гэлтгүй үйлчилгээнийхээ чанараар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг тогтолцоонд шилжсэн учир ийм нэр өгөх нь оновчтой гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлэг ч гэсэн Нэгдүгээр эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, Гуравдугаар эмнэлэг шиг цогц үйлчилгээг өгч чадах газар гэдэг ойлголт төрүүлэхийг хүссэн. II корпус баригдаад дуусчихвал 35000 м/кв талбайтай болж, хүчин чадлын хувьд Нэгдүгээр эмнэлгээс бараг илүү болчхож байгаа юм. Улсын гэж төөрөгдөх магадлалтайг мэдсэн ч сайн үйлчилж чадсан нь өрсөлдөөнд ялгарч чадах учраас тийм их санаа зовоогүй.
-Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ямар вэ?
-Одоогоор I корпус дээр 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөснөөс 60 гаруй хувийн хэрэгжилттэй байна. Үлдсэн 10 орчим тэрбум төгрөгийг хаалттай хэлбэрээр хувьцаа санал болгох замаар босгоно. 25 тэрбум гэдэгт барилга орохгүй.
-Бизнесийнхээ алсын харааг хэрхэн томьёолсон бэ?
-Бид алсын хараагаа “Хүний эрүүл бие, саруул ухаан, эерэг амьдралын хэв маягийн төлөө…” гэж нэлээд томоор харж томьёолсон. Зөвхөн өвдсөн хойноо ирснийг нь эмчилдэг биш, өвдөхөөс нь өмнө эрүүл байлгах нөлөөллийн бодлого хэрэгжүүлнэ. Хувийн эмнэлэг гэхээр “Хүний өвчин дээр дөрөөлж мөнгө хийдэг” гэсэн ташаа ойлголт түгээмэл. Тиймээс бидний алсын хараа бол өвчнийг эмчлэхээс гадна өвчлөл үүсгээд буй асуудлыг шийдвэрлэхэд манлайлж ажиллана гэсэн үг.
-Монголын эрүүл мэндийн тогтолцоо нь үнэ төлбөргүй гэдгээрээ том давуу талтай. Гэхдээ менежмент, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд сул. Таны харж буйгаар Монголын эрүүл мэндийн салбарын номер нэг, хоёр, гуравдугаар тулгамдсан асуудлыг эрэмбэлбэл. Хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Энэ салбарын хувьд би саяхныг хүртэл хөндлөнгийн хүн байлаа. Ийм их ээдрээтэй, олон төрлийн зохицуулалт дунд ажилладаг систем бүхий эмнэлгийн байгууллагуудыг удирдаж ажиллах чадварлаг менежерүүд, манлайлагчид хамгийн их хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт орчин үеийн ур чадвар, мэдлэг бүхий менежерүүдийн нөөц байхгүй. Гэтэл “өөрсдөө учраа ол” гээд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлж, өрсөлдөөний талбар руу шидчихэж байгаа нь учир дутагдалтай гэж боддог.
Ийм их ээдрээтэй, олон төрлийн зохицуулалт дунд ажилладаг систем бүхий эмнэлгийн байгууллагуудыг удирдаж ажиллах чадварлаг менежерүүд, манлайлагчид хамгийн их хэрэгтэй байна.
Түүнчлэн эмнэлгийг ганц сайн лидер авч явахгүй. Сувилахуй, эмнэл зүй, хүний нөөц, санхүү хариуцсан гээд том бүрэлдэхүүнтэй менежмент шаардлагатай. Хоёрдугаарт, хүний нөөц. Энэ бол зөвхөн эмч биш. Уламжлал ёсоор анагаахын сургуулиудад академик мэдлэгээр голдуу нүдээд байхаас харилцааны төрөл бүрийн ур чадварыг /soft skills/ төлөвшүүлж чадахгүй байна. Эмч хүн нэгдүгээрт ХҮН БАЙХ ёстой. Хүнийг хайрладаг, энэрдэг байх ёстой. Эмнэлгийн үйлчилгээ бол хүмүүнлэгийн үйлчилгээ. Сургалтуудаас анзаарахад, хүнтэй шууд харьцаж, анхан шатанд үйлчилдэг туслах сувилагч, сувилагч, асрагч нарт энэ талаар ярихаар анх удаа сонсож байна гэж их ярьдаг. Хандлага дээр суурилсан эрүүл мэндийн боловсрол дутагдаж байна. Оросуудын бүтээж өгсөн эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, хүний нөөцийн чадамж, хандлага, ер нь социализмаас үлдсэн тэр тогтолцоо цаг үеийнхээ шаардлагад хэдийн нийцэхээ больсон. Өрсөлдөөний ямар ч хөшүүрэггүй, төсвөөс санхүүжилт бэлэн өгдөг тэр байдалд дадчихсан, шинэ юм турших сэдэлгүй болчихсон байна. Энэ нь олон тохиолдолд эцэг эхээс хүүхдүүдэд, багшаас шавьд гэх мэтчилэн үе дамжсан байдалтай.
-Улсын том эмнэлгүүдийг энэ салбарт удирдах ажил хийж туршлагажсан багуудад менежментийн гэрээгээр хариуцуулаад явуулчхаж болдоггүй юу?
-Шинэчилсэн хуулиудаар эмнэлгийн байгууллагын менежмент, санхүүжилт энэ чигт явж байгаа. Гэхдээ шинэчлэл тэр даруйдаа хийгддэггүй. Магадгүй урт хугацаанд шилжилт хийе гэхээр дундаа сарничих гээд байсан учраас нэг амьсгаагаар хийхээр шийдсэн болов уу. Энэ нь нэг хэсэг учраа олохгүй бужигнах ч хэсэг хугацааны дараа зүгширнэ гэсэн логик юм. Энэ дунд иргэд л хохирч болохгүй.
-Таны өгсөн ярилцлагаас харахад эмнэлгийн байгууллагууд дундаа хэд хэдэн инновац, нөү хау төлөвлөж байгааг ойлгосон. Технологи, менежмент талаасаа ямар шинэ зүйлс нэвтрүүлэх вэ?
-Эмнэл зүйн хувьд хавдрын нэг, хоёрдугаар үе дээр хэрэглэж байгаа технологи ашигласан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр зорьж байна. Жишээ нь, элэгний хавдрын нэг, хоёрдугаар үе дээр тусгай тоног төхөөрөмж ашиглаж хийдэг абляц буюу түлэх арга хэрэглэдэг эмчилгээний сургалтын бааз төлөвлөж байна. Урьдчилан сэргийлэх эмчилгээ, оношилгоо сайн байвал 3, 4 дүгээр үе рүү орохоос өмнө нь хагалгааны бус аргаар хавдрыг эмчлэх аргуудыг нэвтрүүлэхээр гадаадын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна.
Гол нь оношилгоо маш чанартай байх ёстой. Сайн оношилж чадвал дотооддоо эмчлэх боломжтойг нь эмчилж, боломжгүйг нь цаг алдахгүйгээр гадаадын хамтрагч эмнэлгүүд рүү шилжүүлж болно. Бид Тайваний хоёр эмнэлэг, Солонгосын эмнэлгүүдтэй гэрээтэй ажиллаж байна. Удахгүй Тайландын эмнэлэгтэй хамтарч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ хамгийн туршлагатай гадны эмнэлгүүдтэй хамтрахыг зорьж байна. Саяхан л гэхэд ОХУ-ын тархины хортой, хоргүй хавдрын дүрс оношилгоо болон туяа эмчилгээн дээр мундаг туршлагатай, Оросдоо 70 гаруй салбартай том эмнэлэг биднээс өвчтэй авах сонирхолтойгоо илэрхийлсэн. Тэд энэ эмчилгээг Өмнөд Солонгост хийдгээс 3-4 дахин хямдхан хийх боломжтойгоо хэлж байна. Учир нь энэ эмнэлэг эдийн засгийн хоригоос болоод Европын хэрэглэгчдээ алдаж эхэлсэн болохоор Азийн зах зээл рүү хандаж байна. Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд гаднаас аль болох сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологи авчрахыг хичээнэ.
Гэхдээ хүний нөөц, санхүү хязгаартай. Зарим эмчилгээг гаднын чаддаг эмнэлэгтэй нь хамтарч хийхээс аргагүй. Олон тоног төхөөрөмж маш үнэтэй. Гамма хутга, кибер хутга гэх тоног төхөөрөмж тус бүрдээ 6-7 сая ам.долларын үнэтэй. Ганцхан төхөөрөмж дангаараа хангалтгүй. Энэ төрлийн хоёр төхөөрөмж нийлж байж туяа эмчилгээг хийнэ. Өөрөөр хэлбэл, 15 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Худалдаад авчирлаа гэж бодоход Монголын хүн амын тоог бодоход эргүүлээд өртгөө нөхөхөд бэрхшээлтэй. Миний амбиц бол мөнгө олно гэхээс илүүтэй олон улсын төсөл хөтөлбөрүүдэд оролцоод, хүмүүнлэгийн зорилгоор Монголд байхгүй тоног төхөөрөмжүүд оруулж ирнэ гэсэн бодолтой төрөл бүрийн уулзалтууд хийж байна.
-Сувилахуйн менежмент дээр гаднын шалгарсан стандартууд хэрэгжүүлнэ гэж та ярьсан. Үүний маань гол түлхүүр үзүүлэлтүүд нь юу байх вэ?
-Сувилагчийн гардан үйлдлүүдийн стандарт гэж бий. Олон улсад JCI стандарт гэж нэрлэдэг. Энэ стандартаар өвчтөн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хамгийн өндөрт тавьж, түүний төлөө сувилагчийн бүх үйлдэл чиглэдэг. Тариа хийхээс эхлээд бүх үйлдэл нарийн зааварчилгаатай байдаг. Үүнд бид суралцаж нэвтрүүлэхийг зорьж байна.
-Дөрөвдүгээр эмнэлгээс цогц үйлчилгээ авлаа гэхэд тухайн хүн эрүүл мэндийнхээ талаар бүрэн мэдээлэлтэй болоод гарч чадах уу?
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн чиглэлд “Эрүүл мэндийг дэмжих” гэсэн нэгж манай дээр ажилладаг. Энд илүү ерөнхий чиглэлийн эмч нар ажиллаж, эрүүл мэндийн бүх талын зөвлөгөө өгчихдөг. Өмнө нь урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж туршлагажсан хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлж байна.
Ажилтны эрүүл мэндийн асуудал нь байгууллагын бүтээмж, хүний нөөцөд нь шууд нөлөөлдөг. Тиймээс манайх ажил дээр нь очоод сорьцыг авч шинжлэх байдлаар шуурхай ажиллая гэсэн үйлчилгээ санал болгож байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гол хөшүүрэг нь энэ үйлчилгээг байгууллагаар нь дамжуулж өгөх гэж хараад байгаа. Учир нь ажилтны эрүүл мэндийн асуудал нь байгууллагын бүтээмж, хүний нөөцөд нь шууд нөлөөлдөг. Холбогдох хуулиуд ч гэсэн ажилтны эрүүл мэндэд илүү нухацтай хандахыг шаардаж байна. Тиймээс манайх ажил дээр нь очоод сорьцыг авч шинжлэх байдлаар шуурхай ажиллая гэсэн үйлчилгээ санал болгож байна. Байгууллагууд дуртай байгаа. Нэгэнт оношилсон учраас тухайн хүний эрүүл мэндийн байдлын талаар тодорхой дататай болчихдог. Дататай байна гэдэг чинь тухайн хүн дараагийн удаа эрүүл мэндийн ямар үйлчилгээг, хэдий хугацааны дараа авах ёстойг өөрт зөвлөж, сануулдаг систем нэвтрүүлэхийг төлөвлөж байна. Амьдралын түргэн хэмнэлд хүн тэр болгон эрүүл мэнддээ анхаарч, шаардлагатай үед эмнэлэгт очиж чадахгүй байгаа учир эмнэлгээс дуудаад, одоо энийгээ үзүүлэх хэрэгтэй гээд сануулах нь тэр хүнд илүү найдвартай үйлчилж, эрүүл байлгах нэг том хөшүүрэг болно гэж бодож байна.
Хамгийн сүүлд гэхэд 1500 ажилтантай “Мобиком” корпорац энэ үйлчилгээг авсан. Хэд хэдэн уурхай бас хамрагдсан.
-Хүмүүс тэр болгон оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжгүй. Дундаас доош орлоготой хүмүүст хүртээмжтэй үйлчлэхийн тулд яаж ажиллах вэ?
-“Эрүүл мэндийн даатгалын зөвлөл”-ийн баталсан 4 дүгээр тогтоолын тарифыг харахад, зөвхөн материалын буюу эм, тариа зэргийн зардлыг шингээсэн болохоос бусад зардлыг шингээгээгүй тооцоо байна. Яг энэ тарифаар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд хангалттай цалинтай сайн эмч, сайн асаргаа, сувилгаа хэрэгтэй.
Гэхдээ тариф цаашдаа сайжрах байх. Манай эмнэлэг хувийн байгууллага учраас өртөг дээр суурилсан тарифаар л үйлчилж байгаа. Гэхдээ бусад хувийн эмнэлгийн тарифын дундажаар байна. Сайн үйлчилгээ авмаар байгаа ч төлбөрийн чадвар султай хүмүүст үйлчлэх тал дээр гэвэл хуулийнхаа дагуу нэг жил ажилласны дараа магадлан итгэмжлэлээ авна. Ирэх 12 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын зөвлөлд материалаа өгч, сонгон шалгаруулалтад орно гэсэн үг. Шалгарахын тулд хүний нөөцөө, тоног төхөөрөмжөө бэлдэж байна. Улсын даатгалаар хийх үйлчилгээнүүдээ хэсэг хэсгээр нь авах байх.
Үүний хажуугаар хоёр том хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, хувийн эрүүл мэндийн даатгалын чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Улсын эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авахад оочер дарааллаас эхлээд хүндрэл багагүй байдаг учраас үүнээс залхаж байгаа хүн олон. Тиймээс зарим байгууллага ажилтнууддаа олгож буй хангамж хэлбэрээр цалингаас нь гадна багахан мөнгө хуваарилаад эрүүл мэндийн хувийн даатгалд хамруулж байна.
Зарим байгууллага ажилтнууддаа олгож буй хангамж хэлбэрээр цалингаас нь гадна багахан мөнгө хуваарилаад эрүүл мэндийн хувийн даатгалд хамруулж байна.
Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн санал болгож буй компаниудыг хараад байхад эмнэлгүүдээ сайн мэдэхгүй байгаа учраас бүтээгдэхүүн нь санаанд хүртэл хөгжихгүй байна. Тиймээс манай эмнэлэг тэдний даатгалаар хийх үйлчилгээгээр нь хангаад өгье гэсэн байдлаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хувийн эрүүл мэндийн даатгалыг хамтраад хөгжүүлье. Хувиа өндөр төлөх тусам бүх үйлчилгээг авах боломжтой гэдэг ч юм уу.
Хоёрдугаарт, арилжааны банктай хамтарч байна. Жишээлбэл, “Төрийн банк”-тай хамтраад эрүүл мэндийн хуримтлалыг хөгжүүлж байна. Тухайн хүн цалингаасаа сар бүр тодорхой мөнгөн дүн автоматаар татуулж хуримтлуулаад нэг жил болоход тэр цугларсан мөнгөөрөө шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ авна. Манайхаас 30 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Цаашдаа эрүүл мэндийн төрөл бүрийн үйлчилгээнүүд дээр өртөг, зардлын тооцоо, судалгаа, дата бүрдээд эхлэхээр улсаас тогтоодог тариф өсөж, илүү бодитой, үндэслэлтэй болох байх. Тариф өсвөл эмнэлгүүд оролцох сонирхол ихсэж, үйлчилгээгээрээ өрсөлдөж эхэлнэ.
-Эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэлт дээр ямар бодлого барих вэ?
-Манай эмнэлэг эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж нийлүүлэгч 80 орчим байгууллагатай ажиллаж байна. Манайх хажуудаа бас “Дөрөвдүгээр фарм” нэртэй эмийн компанитай. Энэ нь хавдрын эмчилгээнд зориулсан чанартай эмийг оруулж ирэх зорилготой. Гэхдээ бүх эмийг өөрсдөө оруулж ирэхгүй. “Цаашид ямар эмнүүд хэрэглэх вэ?” гэдэг дээр одоохондоо ажиглалт хийж байна. Дэлхий дээр чанартай буюу original, орцыг нь багасгасан generic буюу арай хямд гэсэн хоёр төрлийн эм бий. Generic эмийг төлбөрийн чадвар доогуур орнуудын хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэдэг. Сонголтын хувьд бид судалж буй. Улсаас тогтоодог тариф өсөөд, хүмүүсийн төлбөрийн чадвар сайжраад ирвэл original эм өгөхийг эрмэлзэнэ. Гэхдээ одоохондоо “Эрүүл мэндийн даатгал”-ын сангийн санхүүжилтээр original эмээр үйлчлэх боломжгүй.
-Эмнэлгийн хамгийн чухал үйлчилгээний нэг нь яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ сайн байх. Танайх энэ тал дээр яаж ажиллах вэ?
-II корпуст нисдэг тэрэг буухаар төлөвлөсөн. Одоогоор хөрөнгө оруулалт олох хэрэгтэй байна. Манай эмнэлэг уул уурхайн салбарыг илүү сегментчлээд байгаа. Учир нь эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй уул уурхайн салбарт өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах зорилготой холбоотой.
Уул уурхайн менежментийн хамгийн чухал хэсэг нь ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл мэнд. Ажилтан эрүүл, аюулгүй байж бүтээмж гарна. Тиймээс эрүүл мэндийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын оролцоо маш чухал. Үүнийг олж хараад бид хүчин чадал хангалттай эмнэлгийн хувьд, уул уурхайн компаниудад бүх үйлчилгээг үзүүлнэ гэж харж байгаа. Үүнтэй холбоотой богино хугацаанд тээвэрлэх асуудал үүснэ. “Оюу Толгой” компанийн ажилчид л гэхэд 600 орчим км-ын зайд байна. Нисдэг тэргээр нэг сумлалтаар нисээд ирдэг байвал зүгээр. Эдгээр төсөл хөрөнгө оруулалттай болоод гаднынхан орж ирээд ажиллахад манай эмнэлэг үйлчлэхэд бэлэн байх ёстой. Жишээ нь, хийн хоолойн төсөл хэрэгжлээ гэхэд 3000 хүн ажиллахаас 1000 нь гадны экспатууд орж ирнэ. Гадаадын том компаниудын хамгийн түрүүнд хардаг нэг зүйл нь тэр олон мянган ажилтны эрүүл мэндийг хариуцаад явах газар байна уу үгүй юу гэдэг асуудал.
Энэ үйлчилгээ зөвхөн уул уурхайгаар хязгаарлагдахгүй. Монголд гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ байдаг ч яг даатгалын тохиолдол гарахад холын зайд эвакуаци хийх боломж бараг байхгүй. Энэ нь байхгүй учраас гадаадын аялал жуулчлалын томоохон бизнесүүд орж ирэхгүй байх жишээтэй.
– Business.mn-ээс захирлуудаас асуудаг блиц хэлбэрийн цөөн асуулт үлдлээ. Та ямар мэргэжилтэй вэ?
-Би маркетер мэргэжилтэй.
-Эрүүл мэндийн салбарын бизнес бол зүгээр нэг бизнес биш. Олон төрлийн зохицуулалттай, нийгмийн өндөр хариуцлага шаарддаг ажил. Энэ салбарт ажилласнаар та яаж өөрчлөгдөн хөгжиж байна вэ?
-Хувь хүний талаас бол маш том сорилт. Олон бэрхшээлтэй тулж байна. Маш их шандас сорьсон ажил байна. Энэ нь нэг талаас их амттай байгаа. Аалзны тор шиг ээдрээтэй бүтцийг байнгын зохион байгуулалттай авч явахын тулд байнгын толгой ажиллахаас өөр аргагүй. Байнга уншиж судалж байна. Монголын эрүүл мэндийн салбарыг бизнесмэн хүний нүдээр харвал маш том орон зай, боломжууд байна.
Миний арга барил бол дарга гэхээс илүү үнэхээр чадвартай, манлайлалтай хүмүүсээр хийлгэх. Орчин үеийн лидерийн чанар бол дарга гэдэг ойлголтоос тэс өөр болсон шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарт удирдах ажлыг мэргэжлийн хүн хийх ёстой гэсэн хандлага хүчтэй байдаг. Таны хувьд илүү “Эрүүл мэндийн хүн” болохын тулд ямар чармайлт гаргаж байгаа вэ?
-Эрүүл мэндийн менежмент ямар онцлогтой вэ гэдгийг л нарийвчлан судалж байна. Эрүүл мэндийн салбарын бүтэц олон улсдаа ямар байдаг, оролцогчид нь хэн байдаг, ямар нөлөөтэй байдаг, төр болон компаниуд нь яаж оролцдог, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь яаж ажилладаг, био технологийн компаниуд болон боловсролын байгууллага яаж оролцдог гэх мэт олон зүйлийг судалж байна. Эдгээрийг судлаад том зургаа ойлгоод авчихвал нарийвчилсан төлөвлөгөө хийхэд дөхөм болно. Саяхан Харвардын “Эрүүл мэндийн салбарын лидерүүд” гэсэн богино хугацааны хөтөлбөрт элсчихлээ. Ирэх 10 дугаар сард хичээл нь эхэлнэ. Маш их ажилтай байгаа учраас урт хугацаанд суралцах боломжгүй байна. II корпус дээр 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох том ажил хүлээж байна.
-Та менежментийн багаа хэрхэн бүрдүүлж, удирдаж байна?
-Орчин үеийн менежментийн баг бэлтгэхийг зорьж байна. Салбараа шүүмжилсэн сонсогдож магадгүй. Гэхдээ олон жил даргын ажил хийчихсэн хүмүүс “Би чадна” гэсэн байдлаар орж ирэх гээд байдаг. Миний арга барил бол дарга гэхээс илүү үнэхээр чадвартай, манлайлалтай хүмүүсээр хийлгэх. Орчин үеийн лидерийн чанар бол дарга гэдэг ойлголтоос тэс өөр болсон шүү дээ. Мэргэжлийн ур чадварууд дээр нь би нэг их юм ярьдаггүй. Гол нь зөөлөн ур чадварууд төлөвшсөн байх ёстой.
-Танайх шиг том байгууллага ямар соёлтой байх ёстой гэж үзэж байна?
– Анхнаасаа байгууллагын соёлыг зөв бүрдүүлнэ гэж бодсон. Шударга үнэлгээ, тэгш байдал, хүний эрхийн мэдрэмж, хүнээ хөгжүүлэх гэсэн зарчмыг баримталж байна. Бүтээмж дээр суурилсан үнэлгээ үйлчилнэ. Бүх процесс ойлгомжтой, тодорхой байна. Яваандаа хувь хүнээс хамаарахгүй, өөрөө ажилладаг систем болно.
-Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн хэлбэрээр гадагшаа валют багагүй гардаг нь төлбөрийн балансад сөргөөр нөлөөлдөг. Энэ урсгалыг багасгахад танай эмнэлэг ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?
-2019 онд НЭМГ-аас хийсэн судалгаанд бичсэнээр монголчууд 67 сая ам.долларыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гадагшаа өгсөн байсан. Энэ мөнгийг зарцуулсан хүмүүсийн 60 орчим хувь нь тав тух, түргэн шуурхай үйлчилгээ хүсэж гадагшаа явсан байдаг. Чанартай үйлчлэх газрууд нь дотооддоо байвал тэд мөнгөө төлөхөд бэлэн гэсэн үг. Гэхдээ тэд нааш цаашаа явж цаг алдаж, өвчний эрсдэлийг хүндрүүлэхээс болгоомжилдог. Гэтэл гадаадын эмнэлгүүд эмчилгээг зочломтгой үйлчилгээгээр дамжуулж хийдэг. Гадагшаа явж эмчлүүлэхэд эмчилгээнээс гадна зорчих, буудаллах, хооллох, хамт яваа хүний зардал гээд том зардал гардаг. Тэгвэл тав тух хүсээд байгаа тэр хэсгийн хэрэгцээг нь яагаад хангаж болохгүй гэж? Монгол эмч нарын ур чадвар хаана ч гологдохооргүй болсон. Гэтэл эмнэлгийн үйлчилгээн дээр бид уначхаад байна. Тоног төхөөрөмж, сувилахуй, эмнэлгийн хэрэгсэл гэх мэт.
-Та өөрийн бүтээмж, цаг хуваарилалтаа яаж зохицуулж байна?
-Сүүлийн хоёр жилд энэ төсөл дээр ажиллаад өөртөө цаг зарцуулж чадсангүй. Үүнээсээ болоод жаахан жин нэмчихлээ. Тархи зогсоо зайгүй ажиллах үе цөөнгүй. Би ууланд авирах дуртай. Авиралт нэг ёсны бясалгал болдог.
-Таны ажлаараа бахархдаг тал юу вэ?
-Хувийн салбарын нэг гоё юм нь үр дүн нүдэн дээр гардаг. Сайн зохион байгуулж чадвал үр дүн хурдан гарна. Үүнээсээ урам авдаг. Жишээ нь, нэг жилийн өмнө мэс заслын эмч байсан нэг хүнд хариуцлагатай албан тушаал өгөөд, одоо чадвартай удирдагч болон хөгжиж буйг харахад сайхан байна.
-Таны ажилд тус болдог дадал зуршил юу вэ?
-Нэгэн зэрэг олон юм хийдэг. Богино хугацаанд олон зүйл амжуулдаг. Олон зүйлийг өмнөө дэлгэж тавиад зэрэг түлхдэг. Workaholic гэсэн үг.
-Таны хөгжилд тусалсан номууд?
-Менежмент гэж ийм байдаг гэсэн онолыг би сураагүй. Ажиллах явцдаа л өөрийн арга барилтай болсон. Олон улсын менежментийн том номнууд Монголын хөрсөнд бууж хэрэгжихэд тун хэцүү. Харин яаж хөрсөндөө буух вэ гэдгийг Ө.Ганзоригийн “Менежментийн психологи” илүү сайн гаргаж өгсөн санагддаг. Миний хувьд замбараагүй байсан ойлголтуудыг цэгцэлж өгсөн. Агуулга нь надад их ойр дотно, ойлгомжтой буусан.
Бас “Маёо эмнэлгийн менежментийн нууцаас суралцахуй” номыг уншиж байна. Энэ номонд эрүүл мэндийн байгууллагын соёл ямар байх ёстойг маш гоё бичсэн. Хүмүүнлэг байх талаар голдуу бичсэн.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Бизнес эрхлэгчийн хувьд олон улс дамнасан бизнес хийнэ гэж мөрөөддөг.