– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т хэвлэгдсэн нийтлэл –
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 6 бүлэг 22 заалттайгаар 2012 онд батлагдсан юм.
Энэ хууль батлагдаад 10 жил болжээ. Энэ хуультай холбоотой ажиллаж ирсэн бид хуулийн хэрэгжилт, үр дүнг ярих хугацаа яах аргагүй болсон санагдана. Хуулийн хэрэгжилтийг заалт бүрээр нь ярьж болох ч энэ удаадаа зөвхөн энэ хууль та бидний амьдралд ашиг тусаа өгсөн чухал хууль байж чадсан уу гэдэг асуултад өөрийн хариултыг өгье. Та бүхэн ч бас нэгийг бодож санаа оноогоо хуваалцаарай.
Монгол улсад 830 хууль батлагдан хэрэгжиж байгааг эрхзүйн мэдээллийн сан Legalinfo.mn сайтаас харах боломжтой. Хуулиа дагаад дүрэм журам гээд маш олон зохицуулалт гарна. Гурван сая гаруй иргэнтэй улсад ийм олон хуулийн хэрэгжилт ямар байдаг бол? Бидний амьдралд үүсэх олон асуудлыг үнэхээр сайн шийдэж өгч чадаж байна уу аль эсвэл хэсэг бүлэг этгээд мөнгө олох эх үүсвэр болгож байна уу. Батлагдсан мөрдөгдөж буй хуулийг эсэргүүцэх, муулах, мушгин гуйвуулахаас гадна хэрэгжилтийн байдал, үр дүнд бодитой дүн шинжилгээ хийж үзсэн үү.
Миний хувьд энэ хуульд сэтгэл дундуур явдаг. Гэхдээ бусад хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг бол?
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022.05.24-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Удахгүй хэлэлцэж эхлэх байх. Анхнаасаа л “татварын мэргэшсэн зөвлөх” гэж хэнийг хэлэх нь тодорхойгүй хууль байсан нь энэхүү нэмэлт өөрчлөлтөөр засах санаатай бололтой. Засах гэж буй байдлаас нь харахад мөнгө хийх бааз сууриа л өргөтгөж байна уу даа гэсэн хардах сэтгэл эрхгүй төрлөө.
Мэргэшсэн зөвлөх гэж мэргэжил бүрд байдаг. Тухайн мэргэжлээр суралцаж төгсөөд, мэргэжлийнхээ чиглэлээр судалгааны бүтээл хийсэн эсвэл олон жилийн туршлага хуримтлуулж бусдад зөвлөх боломжтой болсон нэгэндээ мэргэжлийн байгууллагаас нь олгодог цол гэж ойлгож болох юм. Тэгвэл татварын мэргэшсэн зөвлөх гэдэг нь татварын байцаагч нар ажил мэргэжилдээ мэргэшсэн гэж олгох юм уу, нягтлан бодогч нарт татварын асуудлаар мэргэшсэн гэж олгох уу, эсвэл хуульч нарт олгох ёстой юм уу? Нэрээс нь эхлээд энэ хуулийг өөчлөх олон шалтгаан байна. Мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчин, мэргэшсэн инженер, мэргэшсэн жолооч гэх мэт мэргэжлүүдээр мэргэшдэг дээ уг нь. Харин татвараар мэргэшсэн зөвлөх гэхээр хэн байх вэ?
Нягтлан бодогчдын институт төрийн бус байгууллага мэргэшсэн нягтлан бодогч олныг төрүүлсэн. Түүнээс гадна өөр ийм чиглэлээр ажилладаг ТББ олон бий. Тэгвэл яагаад нягтлан бодогчдыг заавал дахиад зөвхөн татвараар нь сургалтад суулгаж “татварын мэргэшсэн зөвлөх цол”-ыг олгох ёстой вэ? Давхардал явагдаад байна бус уу? Эсвэл төрийн бус байгууллагын өрсөлдөөн үү?
Энэ хууль зөвхөн энэ төрийн бус байгууллагыг л санхүүжүүлэх зорилготой байна гэж шууд хэлэхэд буруудахгүй.
Нягтлан бодогч нар аль салбарт ажиллаж байгаагаас хамаарч бүртгэлийн чиглэлээр өөрсдийн мэргэжлийн дагуу ТББ-аараа дамжуулж суралцаж буйг хүлээн зөвшөөрч болно. Татварын тооцоолол хийх нь энэ мэргэжлийн бас нэг ажил учир үүнийгээ ч тэндээ сурч болно. Гэтэл яагаад заавал татварыг нь салгаж тусад нь мэргэшүүлэх ёстой вэ? Ашиг тус нь юунд байгаа юм бэ? Сургалт нь тусдаа байж болох ч энэ олон ТББ-уудаас “мэргэшсэн” цол аваад ашиг тус нь хэр байна? Цугларалт хийж, тэмцээнд оролцож, гишүүний хандив өгснөөр хамаг цаг, мөнгө нь олон нийтийн ажилд урсаж байна уу?
Төрийн бус байгууллага гишүүдийн хандиваар санхүүждэг учраас олон гишүүнтэй байх нь чухал л даа. Тиймээс ч тэднийг идэвхжүүлэх олон ажил санаачилдаг биз. Гэхдээ өргөн цар хүрээгээр хараад үзэхэд ийм эрх авснаараа нийгэмдээ илүү ямар нөлөө үзүүлж чадав гэж бодоод үзэхэд гэмгүй байх. Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахад л яах аргагүй хэрэг болно. Энэ тусгай зөвшөөрлийн нэр хүнд нь зах зээл дээр хэр байна вэ? Хананд өлгөхөд чимэг болох нэг цаас уу аль эсвэл орлогын томоохон эх үүсвэр болж чадаж байна уу? Нийгэмд өгөөжөө өгч байна уу?
Төрийн бус байгууллага ХУУЛИЙН НЭР барьж “МЭРГЭШСЭН” гэх эрх олгож, тэр нь ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ авах шалтгаан болдог нь бусад бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэсэн, шахалт үзүүлсэн мөнгө олох хэрэгсэл болсон өнгөлөн далдлалтын нэг хэлбэр болжээ.
Төр хэт их тусгай зөвшөөрөл олгох гэж мэрийж түүнд зориулан хууль батлах нь нийгэмд илүү дараа болоод байна уу гэж бодох цаг иржээ.
Хуулийг нь сайн ухаж үзвэл төрд ажиллаж буй татварын байцаагч нар энэ хуулиар зөвлөгөө өгч үйлчлэх эрх нь хязгаарлагдах ёстой болно. Дийлэнх аж ахуйн нэгж байгууллагууд татварын тайлан тооцооллоо хийхдээ харьяалагдах татварын албанаасаа очиж үнэгүй зөвлөгөө авдаг. Татварын алба ч хуулиараа зөвлөгөө өгөх үүрэг хүлээсэн байдаг.
Татварын ерөнхий газар татварын албанд анх орж буй ажилтнуудаа сургаж, шалгалт авч “татварын байцаагч”-аар ажиллах эрх олгодог. Цаашлаад жил бүр сургалтад хамруулж, салбартаа олон жил ажилласан, судалгаа, бүтээлтэй ажилтнуудаа шагнаж “Татварын зөвлөх“ бас “итгэмжит зөвлөх” гэсэн цол олгодог. Энэ нь гэхдээ зүгээр л нэг энгэрийн тэмдэг болсон ач холбогдол муутай. Ач холбогдолгүй болсон гол шалтгаан нь энэхүү хууль.
Татварын байгууллагад ажиллаж байхдаа иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байсан хүн төрөөс гарвал заавал ТББ-ын сургалтад хамрагдаж мөнгө төлж байж “татварын мэргэшсэн зөвлөх” цол авч зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болдог. Төрд ажиллахдаа зөвлөгөө өгөх эрхгүй байсан гэсэн үг ээ дээ. Энэ нь дээрх хуулийн өрөөсгөл тал юм. Гэхдээ энэ нь цаанаа далд агуулгатай. Тэд ийм цол өгөхийн тулд сургалтаа үнэлж үнэтэй зардаг. Татварын албанд хэчнээн сургалтад сууж энэ чиглэлээр мэргэшсэн байх нь ямар ч ач холбогдолгүй. Нэг талаас нь харахад Татварын байгууллагын өрсөлдөгч нь ТББ байна гэсэн үг. Татварын байгууллага ажилтнаа сургаж олгосон эрхийг үнэгүйдүүлж байгаа нэг хэлбэр нь мөнгө олох боломжгүй байгаад л учир нь байдаг болов уу.
Төрд ажиллаж байхдаа зөвлөгөө өгч байсан атал төрөөс гарахад нь зөвлөгөө өгөх эрхгүй МӨНГӨ ТӨЛЖ сургалт авч “МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ” болно гэхээр ийм эрх олгож буй төрийн бус байгууллага ХУУЛИЙГ МӨНГӨ олох нэг ХЭРЭГСЭЛ болгосон дараагийн нэг хэлбэр гэж үзэхээр байна.
Хууль хэн нэгнийг санхүүжүүлэх эх үүсвэр байж болох уу?
Сангийн яам яагаад ийм хуулийг хүлээн зөвшөөрч байгааг ойлгоход хүндрэлтэй. Төрийн албан хаагчийг цөөрүүлье, төсвөө хэмнэе гэж байгаа бол олон жил ажиллаж ирсэн туршлагатай нэгэндээ хувиараа ажиллах боломжийг олгох хэрэгтэй. Ядаж л төрд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ажилтнууд тэтгэвэр бага гэж сэтгэлээр унахгүй нэмэлт орлого олоод байх боломжоор хангагдана. Томоохон компаниуд татварын зөвлөх гэсэн ажлын байр бий болгоод удсан.
Санхүүгийн тайлангийн ирцийг харахад хүртэл төрийн бус байгууллага ажиллаад 10 жил болоход тайлангийн ирцэд нөлөөлөх нөлөөлөл ямар байгааг харж дүгнэж болно.
Энэ хууль зөвхөн энэ төрийн бус байгууллагыг л санхүүжүүлэх зорилготой байна гэж шууд хэлэхэд буруудахгүй. Хуулийн зорилт нь ч дараах гурван асуудлын хүрээнд томьёологдсон байдаг.
- татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоох,
- татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавих шаардлага, үйл ажиллагааны зарчим, эрх, үүргийг тодорхойлох,
- тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Энэ зорилтоос “татварын мэргэшсэн зөвлөх” гэх цолыг олгоход л энэ хууль чиглэх нь тодорхой харагддаг.
Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд татварын зөвлөх үйлчилгээний эрхийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог байсан бол одоо иргэдэд олгохоор болж байгаа юм байна. Тэгэхээр татварын мэргэшсэн зөвлөх эрх олгож буй ТББ орлого олох хүрээгээ өргөтгөж байна гэсэн үг биз дээ? Яагаад заавал “татварын мэргэшсэн зөвлөх” цол авах ёстой гэж вэ? Энэ цолыг олгосноороо ямар үүрэг хүлээж, хариуцлага үүрдэг юм бэ? Мэргэшсэн зөвлөх гэсэн цолтой байж л татварын зөвлөгөө өгөх тусгай зөвшөөрөл олгох нь юунаас иргэд, аж ахуйн нэгжийг хамгаалж байгаа вэ?
Хуулийн зохицуулалт дотроо маш том агуулга хөндөж байдаг. Тэр нь олон талын зөрчил маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй.
Татварын зөвлөгөөг буруу өгч болох уу? Хэрвээ буруу өгвөл хэн хохирох вэ?
Буруу өгнө гэдэг нь төлөх татварыг нь бууруулах чиглэлээр зөвлөгөө өгсөн гэж үзье л дээ. Ийм зөвлөгөө авсан аж ахуйн нэгж татварын шалгалтаар татвараа нөхөн төлөөд дээрээс нь торгууль алданги нэмүүлээд хохирно. Харин зөвлөгөө өгсөн “мэргэшсэн зөвлөх” хариуцлага хүлээдэг билүү? Хугацаа нэлээн өнгөрсөн хойно ийм процесс болно. Тэр үед ийм зөвлөхөд хариуцлага хэн яаж хүлээлгэх нь тодорхойгүй. Үйлчилгээний хөлс төлөөд дээр нь торгууль алданги төлөөд үлдэж буй. Цаана нь зөндөө асуудал байгаа ч тэрийг төр зохицуулж чаддаг билүү?
Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэг одоогоор 1587 хүнд “татварын мэргэшсэн зөвлөх” цол олгожээ. Гэтэл нягтлан бодогч, хуульч гэх мэт мэргэжлээр төгссөн олон мянган залуус, иргэд бий. Тэднийг сургалтдаа хамруулж гишүүн болгох том зорилго энэ байгууллагад байгаа. Орлогын бааз сууриа өргөтгөх гэсэн хүсэл тэмүүлэл хуулийн төсөлд шургасан яваа юм биш биз. Харин тэдний олгосон “мэргэшсэн зөвлөх” цолтнууд яаж ажиллах нь ТББ-д төдийлөн хүртээлгүй. Татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээд 38 байхад тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 35 хуулийн этгээд байгааг харахад ийм дүгнэлт хийж болох юм. Хүчингүй болсон нь хугацаагаа сунгуулаагүй л гэсэн шалтгаантай. Хугацаа сунгуулахын тулд сургалт авч мөнгө төлөх ёстой л доо.
Бид бие биеийнхээ үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой хууль батлавч цаана нь хэсэг бүлэг этгээд мөнгө хийх бизнес бий болгож байгааг ажиглаж байх шаардлага тулгарч байна.
Улсын бүртгэлд эдийн засгийн ангиллаар “Бүртгэл, нягтлан бодох бүртгэл болон аудитын үйл ажиллагаа; татварын асуудлаар зөвлөгөө өгөх” үйл ажиллах эрхлэхээр 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 762 хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 427 нь үйл ажиллагаа явуулж байна.
Тэгэхээр 427 үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн хуулийн этгээдээс 38 нь тусгай зөвшөөрөлтэй гэхээр бусад нь тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг биз дээ? Бараг 10 хүрэхгүй хувь нь л тусгай зөвшөөрөл авсан байна. Ийм ач холбогдолгүй тусгай зөвшөөрөл хэрэг байна уу?
Хуулийн төсөл өргөн барихдаа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Одоогийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд бий. Түүнчлэн энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй этгээд (2018 оны судалгаагаар 700-аад хуулийн этгээд, бас хувь хүн) үзүүлж буй нь далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлж, хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэлээ” гэжээ. Тусгай зөвшөөрөл авснаараа ямар ач холбогдолтой байгааг гаргаж ирэх байх л даа. Харин тусгай зөвшөөрөлгүй этгээд энэ үйлчилгээг үзүүлж байгаа нь “далд эдийн засгийг тэлэхэд нөлөөлж, хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгааг” яаж тогтоов гэдэг нь тун сонирхолтой.
Төр хэт их тусгай зөвшөөрөл олгох гэж мэрийж түүнд зориулан хууль батлах нь нийгэмд илүү дараа болоод байна уу гэж бодох цаг иржээ. Татварын хуулийн зохицуулалт зөв байвал тэр хуулиар зөвлөгөө өгч үйлчлэх үйл ажиллагаа яагаад заавал тусгай зөвшөөрөлтэй байна гэж вэ? Энэ харин бизнес эрхлэгчдэд нэг том тээг болдог хэрэгцээгүй хууль юм биш биз? Яагаад энэ хуулийг хэсэг бүлэг этгээд орлого олох эх үүсвэрээ болгож эзэн суув?
Батлагдсан хуулиудын үр нөлөөг тал талаас нь тооцож үзээд нийт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа хуулийг хүчингүй болгосноор, хэн нэг гишүүн хууль батлуулсан хэмээн төсвөөс мөнгө авах хүсэл эрмэлзлийг хаах, тэрхүү хуулийг батлуулахаар лобби хийсэн хэсэг бүлэг нөхөд хуулиар түрүү барьж орлого олох эх үүсвэрээ болгож буйг хааж чаддаг байвал бизнес хийхэд илүү хялбар болж улс орноо ядуурлаас гарахад хувь нэмэр болох юм биш биз. Хэрэгцээгүй хууль батлуулсан, өргөн барьсан гишүүдэд ч бас хариуцлага тооцож байвал “ХЭТ ИХ ХУУЛЬСАГ” орон болох аюулаас бид аврагдах юм шиг санагдах боллоо.
Бид бие биеийнхээ үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой хууль батлавч цаана нь хэсэг бүлэг этгээд мөнгө хийх бизнес бий болгож байгааг ажиглаж байх шаардлага тулгарч байна. Хууль батлаад л байдаг нэг их олон хуультай улс байвч хэрэгжиж байгаа нь огт мэдрэгдэхгүй, харин ч ажил хийж орлого олох гэсэн нэгнээ гох дэгээ болсон хууль, журам, дүрмээр айлган суугаа нь бидний ядууралд 30 жил болсны шалтгаан юм биш биз дээ?
Татварын зөвлөх Ч.Батчимэг
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т хэвлэгдсэн нийтлэл –
Good