Учиртай тоонууд: 1.5 сая төгрөгийн торгууль, 15 сая төгрөгийн шагнал, 14.3 хувийн хангалтггүй үзүүлэлт
***
ХАДАН ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА ХӨӨРХИЙ гэх ардын дууны үгийг эрхгүй сануулах үйл явц цахимаар өрнөж буй харагдана. Дууны энэ үгний агуулга ТАТВАРЫН АЛБАНД өрнөж буй сүүлийн үеийн сошиал дахь мэдээ мэдээллээр тайлбарлагдахаар болжээ.
Би Татварын албанд олон жил ажилласан. Миний бодол, сэтгэлд энэ алба сайнтай муутайгаа хамт бий. Сайнтай муутай сав дүүрдэг нь ертөнцийн жам гэдэгчлэн сүүлийн үед энэ албатай холбоотой өрнөж буй асуудлыг өөрийн өнцгөөс хэрхэн дүгнэж буй бодлоо хуваалцая.
Би одоо татвар төлөгч. Бизнес эрхлэгч олон хүнд зөвлөгөө өгч ажиллаж байна. Өнөөдөр үүсэн бий болсон асуудал нь дараа жилээс татварын орчинд хэрхэн нөлөөлөх талаар таамаглаж, зөвлөгөө, анхааруулга болгон хүргэхээр шийдлээ. Шүүн, тунгааж уншаарай.
ШАГНАЛ буюу ШАЛТГААН
Хэд хоногийн өмнө Нэгүүн гэх сайтаар татварын алба олон жил ажилласан албан хаагчиддаа 15 сая төгрөгийг урамшуулал болгон хуваан өгчээ гэсэн мэдээлэл түгж, нэр усыг нь дурдсан мэдээ явж байсныг анхаарч үзсэн хүн бий биз ээ.
Одоогоос 8 жилийн өмнө хэвлэл мэдээллээр татварын албаныханы авсан үр дүнгийн шагналын тоон мэдээлэл хөвөрч, Де факто Жаргалсайхан “Улайрсан татварынхан” гэх нийтлэл бичиж, тэдний “үр дүнгийн урамшуулал” гэх цалингийн нэмэгдэл үгүй болж байсан.
Аливаа шуугиан, ийм ярианы гол хохирогч нь хэн байдаг вэ гэвэл ажлаа хийж яваа энгийн албан хаагчид. Харин нийгмийг шуугиулж бусдынхаа боломжийг хаан, өндөр шагнал урамшуулал авсан хүмүүс дараагийн сонгуулиар өөрчлөгддөг ДАРГА болон дарга дагасан бүлэглэл хувааж хүртсэн байх нь олон.
Татварын албаны цалингийн системийг ярих, хөндөх шаардлага тулгараад байгаа ч дотор нь ажиллаж буй хэн ч энэ асуудлаар үг дуугардаггүй. Цаанаа учир бий.
Удирдлагын академи Төрийн албаны үйл ажиллагаа, үр дүн, хүний нөөцийн бодлого, цалин хөлс, урамшууллын талаар нэлээдгүй их судалгаа хийдэг. Харин энэ бүтээлүүдийн үр дүнг төр засаг нь ч, Төрийн албаны зөвлөл нь ч авч ашигладаг эсэх нь тодорхойгүй. Харин хэн илүү эрх мэдэлтэй байна тэр хэсэг нь л цалин хөлсөө нэмэгдүүлэх тогтоол тусдаа гаргадаг болжээ. Өөрөөр хэлбэл “хэнд, ямар боломж байна тэрийгээ ашиглаж, цалин хөлсөө нэмэгдүүл” гэсэн бодлого төрд яваад байгаа харагдах юм.
Төрийн албаны цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Анхандаа улс төрийн албан хаагч, захиргааны албан хаагч, тусгай албан хаагч гэсэн цөөн хэдэн ангиллаар баталдаг байсан бол одоо хаана ажилладаг эсэхээс нь хамаарч цалин нь өөр болсон. Тэгэхээр төрд ажиллаж буй хүний цалин бүгд бага биш, хаана ажиллаж байгаагаас хамаарч ялгаатай болсон гэдгийг мэдэх хэрэгтэй.
Бизнес эрхэлж буй хэн ч татвар, гаалийнхантай холбогддог. Гэхдээ “өгмөөргүй байгаа” мөнгөө хуулийн “хүчээр” өгдөг учир сэтгэлзүйн хувьд асар сөрөг хандлага үзүүлдэг. Тиймдээ ч тэдний цалин хөдөлмөрийн хөлс, урамшууллын тухай “хэт их” тоо дуулдах нь татвар төлөгчдийн чихийг сортойлгох муу мэдээ болох нь аргагүй. Татварынхан шагнал, урамшуулал авах нь тэдний төлсөн татварыг “хуваагаад аваад” байгаа мэт хатуу сэтгэгдэл нийгэмд төрүүлдэг. Тиймээс тэдний цалинд ямар нэг “онцгойлсон” нэмэгдэл байхгүй, нийтдээ бага байсаар ирсэн.
Гаалийн байцаагчийн цалин татварын байцаагчийн цалингаас өндөр. Гаалийн байцаагч төрийн тусгай албан хаагч бол татварын байцаагч төрийн захиргааны албан хаагч байдаг.
Эмч, багш нарын цалин татварын байцаагчдынхаас өндөр болсон. Эмч, багш нарын хувьд үйлс нь гэгээн, амин чухал үйлчилгээ өгдөг учир тэдний цалин хөлсийг нэмэхсэн гэсэн бодол ямар ч иргэний толгойд шууд бууж, өгөөмөр сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс багш, эмч нарын цалин нэмэх, урамшуулал авахад хэн ч буруутгадаггүй.
Ямар нэг албан тушаалгүй татварын байцаагч шинэ залуу хүн 690 мянган төгрөг, удаан жил ажилласан бол 883 мянган төгрөгийн үндсэн цалин авна. Удаан жил ажилласан эсэхээс хамаарч бага зэргийн нэмэгдэл байдаг. Энэ цалингаасаа татвар, нийгмийн даатгалаа суутгуулаад гар дээрээ ямархуу төгрөг авдаг нь тодорхой болно.
Татварын албаны 80 гаруй хувь нь ийм цалинтай. Харин 10 гаруй хувь болох дарга, ахлах албан тушаалтнууд нь албан тушаалын ангилал зэрэглэлээс хамаарч цалин хөлс нь арай илүү байна.
Гэтэл хэнд 15 сая төгрөгийн шагнал өгөөд байна вэ?
Татварын алба 2000 гаруй албан хаагчтай, тэдний 10 гаруй хувь нь дарга нар. Нэгүүн сайтын сурвалжлагч залуу 15 сая төгрөг авсан хүмүүсийн нэрийг нэг бүрчлэн албан тушаалтай нь дурдаад байсан. Салбарт нь ажиллаж байсан болохоор хэн нь хэн бэ гэдгийг хэн нэг танилаасаа асуувал дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл өгнө л дөө. Ер нь бол “чи юм бичдэг хүн байна даа” гээд өгөөд л байгаа юм. Заримыг нь би ч бас өөрөө мэдээд л байна. Энэ мэдээлэл хов живийн чанартай мэт сэтгэгдэл төрүүлэх авч цаана нь том асуудал байгааг нийгэм олж хараасай гэх бодол төрнө. Өнөөдөр хэн авч, хэн үлдэв гэдэг нь энэ албаны дотор маргаан дэгдээж, бухимдал төрүүлж байгаа хэдий ч цаана нь ТӨРийн цалин хөлс, урамшууллын бодлогын алдааг тодорхой харуулж байна.
Одоо дурдагдаад буй энэ мэдээлэл ч тэр, өмнө нь гарч байсан мэдээлэл ч тэр бүгд дотроосоо дэлгэгддэг. Шилэн дансны буян нэг талдаа байдаг. Авсан нь баярлаж, аваагүй нь гомдол тээн үлддэг. Тэдэнд дараа авна гэх хүлээлт байдаггүй. Дотоод журмаараа зохицуулсан гэх авч тэр нь цөөн хүнд олддог дийлэнх нь хоосон хоцордог.
Нэг хүнд 15 саяыг өгч байхаар 15 хүнд тус бүр нэг саяыг өгч болно доо гэх гомдогч байхад, нэг хүний амьдралд хэрэг болохуйц ахиухан өгөх нь зөв боловч яагаад заавал томилогдоод удаагүй, ажил нь дотоод үнэлгээгээр тийм ч сайн биш дарга нарт ямар шалгуураар өгөв гэж маргах хүн бас гарна.
Олон хүн ажилладаг газарт урамшуулалтай холбоотой тоймгүй их маргаан өрнөдөг. Төрийн албаны хаана ч иймэрхүү маргаан гарсаар л байгаа. Хэн нэгэндээ элдэв нэр хоч өгч, удирдлагадаа хошуу хүргэж, мэдээ дамжуулж, нэгнээ унагааж, нөгөөхөө АТГ-аар шалгуулж, хов базаж, хор хутгах олон үйл явц өрнөсөөр л байдаг. Тиймээс л шагнах хүнээ олох нь дарга нарын эрх хэмжээнд байдаг учраас өөрийн талд илүүтэй дэмжлэг үзүүлсэн хүнээ шагнах нь зүй ёсны мэт болж хэвшсэн. Эндээс л сайн, муу аль ч талаараа нэгдсэн “дарга дагасан бүлэглэл” бий болж гагнагддаг.
Яагаад энэ бүхнийг системчилж зохицуулж чадахгүй байна вэ?
Төрийн албан хаагч нэмэгдсээр ирсэн боловч цалин хөлс нь инфляциа ч гүйцэхгүй уруудсаар байна. Чадварлаг цөөн төрийн албан хаагчтай болж тэднийгээ өндөр цалингаар ажиллуулахсан гэсэн бодол хэний ч толгойд төрөх авч улс төрийн зорилгоор томилсон дарга нарын хүрээллээ бий болгох хүсэл, шаардлага нь энэ боломжийг үгүй хийсээр л байна.
Татварын албаны урамшуулал яагаад татвар төлөгч бидэнд ШИЙТГЭЛ болон ирэх вэ?
ШИЙТГЭЛ буюу ҮҮРЭГ
Татварын алба дотооддоо хатуу дэг барихыг эрмэлздэг. Тиймээс ч даргатай сөргөөлцөх нь хэнд ч ашиггүй, бүр хортой. Дарга нар ч энэ аргаар албан хаагчдаа ангилж, ялгаатай хандах нь бий. Одоо харин татвар төлөгчдөөр дамжуулан нийтээр нь буруутгах ажил эхлүүлжээ.
Урамшуулалтай холбоотой тоон мэдээлэл гадагшаа задарч, маргаан нь бусад сайтаар мэдээ болон түгж эхлэхтэй зэрэгцэн ТЕГ-аас нийт албаддаа “ажил сайжруулах” албан бичиг 2022 оны 10 сарын 28-нд баталгаажуулан хүргүүлжээ.
“Татварын албаны хэмжээнд 2022 оны гуравдугаар улирлын байдлаар тайлан хүлээн авсан судалгаанаас үзэхэд татвар төлөгчид татварын тайланг хуульд заасан хугацаанаас хоцроосон үзүүлэлт өндөр байхад…” хариуцлага тооцож торгууль хүлээлгэсэн нь 14.3 хувь буюу хангалтгүй байна гэж ажлаа дүгнээд, торгууль оногдуулж ажлаа сайжруулахыг шаардсан байна. Хэрвээ хуулийг ялгамжтай байдлаар хэрэгжүүлсэн тохиолдолд АВЛИГА гэж үзэх тухай төгсгөлд нь дурджээ. Энэ албан бичгийг уншаад би ийм ойлголт авсан. Харин та ямар ойлголт авав? Байгууллагын дотоод ажил шүү дээ гэж бодож байвал энэ нь хэнд хариуцлага хүлээлгэх гээд байгаа тухай бодож үзэхэд гэмгүй.
Энэ албан бичиг нь татварын байцаагч нарт ҮҮРЭГ болон ирж, харин татвар төлөгчдөд ШИЙТГЭЛ болон очно. Яагаад ажлаа сайжруулах гэсэн удирдах дээд байгууллагын үүрэг даалгаврыг өнгөц дүгнэж, урамшуулалтай холбон маргааныг дарах хэрэгсэл болгон татвар төлөгчдөд шийтгэл болгож байна гэж тайлбарлаад байгаа юм бэ гэж надаас асуух байх аа. Нухацтай тайлбар өгье.
Зөрчлийн хуулийн амьдралд хэрэгжүүлэхэд төвөгтэй заалт хэнд ашигтай байгааг эндээс та бүхэн харж мэдэрч эхэлнэ. Зөрчлийн хууль олон зөрчилтэй. Ялангуяа татварын хариуцлагын заалт нь шударга, тэгш бус гэж хэлж болно.
Татварын онолын ойлголттой хүн байтугай, татвар төлж буй хэнбугай ч татвар ШУДАРГА байх зарчимтай гэж мэднэ. Энэ зарчим нь хэрхэн алдагдаж байгааг татварын албаны анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчид биеэр мэдэрдэг. Татвар төлөгчдийн гомдол, уур бухимдлыг өдөр бүр, байнга сонсох нь хэцүү. Харин одоо бүх шийтгэл цахимаар очих учир албан хаагч нарт төдийлөн хамааралгүй, хэнд илгээх эсэхээ шийдээд, товч дарахад хангалттай болсон.
Тайлан хоцроосон торгууль аж ахуйн нэгжийн хувьд 1.5 сая төгрөг.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн бараг 70 хувь нь бичил, жижиг аж ахуйн нэгж байдаг. Бусад нь дунд, том гэсэн үг. Том, дунд аж ахуйн нэгжийн хувьд 1.5 сая төгрөг бол том тоо биш. Тэдний хувьд тайлангаа хоцроох эрсдэл барагтай үүсэхгүй. Харин энэ эрсдэл жижиг, бичил аж ахуйн нэгжид түгээмэл гардаг. Тэдэнд 1.5 сая төгрөгийн торгууль бол том тоо. Ялангуяа үйл ажиллагаа явуулаагүй бол энэ нь бүр ч том өрийн дарамт болно. Гэтэл аж ахуйн нэгжийн хуулиар 300 сая хүртэл төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж 1 хувийн татвар төлөхөөр хууль баталснаа том дэмжлэг боллоо гэж засаг маань сурталчлаад байгаа шүү дээ.
Татварын шударга зарчим энд алдагдаад байгаа хэрэг. Татварыг төлөх чадварт нь нийцүүлж тогтоохыг “шударга зарчим” гэж Адам Смит аль 1776 оны бүтээлдээ бичиж түүнийг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн байхад манай хууль айлган дарамтлах бодлогоор л хууль батлан мөрдүүлэх гэж шахаж байна.
Яагаад ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ татвар төлөх чадварт нь нийцүүлсэн торгуулийн дүнг тооцон судалж хуульчилдаггүй юм бэ? УИХ гишүүдэд өгч буй ойлголт нь “үүргээ биелүүлээгүй бол авах арга хэмжээ өндөр байх хэрэгтэй” гэсэн гол тайлбар өгдөг биз. Гэтэл энэ нь ШУДАРГА байх зарчим мөн үү.
Хууль өөрөө шударга байж чаддаггүй учир хууль хэрэгжүүлэхээр анхан шатны нэгж дээр ажиллаж буй татварын байцаагч торгууль тавих гэж “улайрдаггүй”. Яагаад гэвэл тайлан хоцроох олон шалтгаан бичил, жижгүүдэд байдаг. Тэднээр төлүүлж чадахгүй гэдгээ мэднэ. Хоосон хүнээс хоёр чихийг нь авах юм уу гэдэг асуулттай хоцорно.
Татварын “өршөөл”-ийн хууль яагаад ойр, ойрхон хоёр удаа батлагдаж байсан нь ТӨЛҮҮЛЖ ЧАДАХААРГҮЙ болсон татварын өрөө хуулиар хасуулж өршөөлгөж авсан нэг арга, ажлын үр дүн болсон.
Энэ албан бичгийг уншаад үзэхээр бидний туулж өнгөрүүлсэн татварын албаны өр хураан барагдуулах алдаатай түүх дахиад л давтагдахаар айсуй. Одоо бол хэн нэгэн байцаагчийг харааж зүхэх биш татварын цахим системийг харааж, зүхэх, халдах эрсдэл бий болгож болзошгүй.
Хуулиа сайжруулаагүй байж хариуцлагын арга хэмжээг толгой дараалан авахаар улайрвал сөрөг үр дүн үүснэ гэдгийг туулаад ирсэн бид мэдэж байгаа ч дөнгөж шинээр ирсэн залуу, шинэ дарга нар төдийлөн ойлгохгүй байна. Тэдний хийсэн ажлын үр дүн хэзээ хойно дараагийн удирдлагын үед л илрэх учир тоохгүй байх хандлага гардаг.
Дарга нарт албан хаагчдын дотор гарч буй гомдол, маргаан, шуугианыг хамгийн хэл амтай их ажлаар үүрэгжүүлж дарж байвал дараа нь ямар үр дүн авчрах нь төдийлөн хамаатай бус. Харин анхан шатны нэгж дээр өрөө барагдуулахаар ажиллаж байгаа байцаагч нарт нэлээн хүнд дарамт ирнэ. Цахим сүлжээ нь асуудал дагуулсаар байхад торгууль төлүүлэх нь бас л амаргүй ажил. Дээд удирдлагаас өгч буй ҮҮРЭГ, татвар төлөгчийн БУХИМДАЛ дунд анхан шатны нэгж дээр ажиллаж буй байцаагч хаданд хавчуулагдсан халиуны зулзага болдог.
Татварын ерөнхий хуулиар татварын байцаагч өр барагдуулахын тулд маш олон эрхтэй болсон. Тэр эрхийг хэрэгжүүлээд эхлэхэд л хүндрэл маргаан хууль шүүхийн байгууллагын ажлыг нэмэгдүүлэх болно.
Харин ашиг завшаан харсан зарим нэг нөхдөд авлига авах боломж бий болгоно. Тэгвэл хатуу чанга ХУУЛЬ, гарах гарцгүй ТОРГУУЛЬ хоёрын дунд татвар төлөгч бид бас л хаданд хавчуулагдсан халиуны зулзага болно.
Хатуу чанга хуультай байх нь иргэдийн амьдралд ямар үр дүн өгч байгааг бид 30 жилийн турш харж байна. Гэтэл авлига нь дасал болж, цөөн хэсэг нь өндөр орлого олж дийлэнх иргэд нь урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр л байна. Тэгсэн атал өндөр орлоготой иргэд нь бага орлоготой иргэдтэйгээ адилхан хувиар татвар төлж, адилхан торгууль төлж байна. Аж ахуйн нэгжийн хувьд шинэ хуулиар орлогын татвар ялгаатай болсон ч торгууль хариуцлагын хувьд адилхан.
Хадан завсар хавчуулагдсан халиуны зулзаганууд хоорондоо л бие биеэ мэрээд дээшээ ч гарахгүй доошоо ч унахгүй байна бус уу.
Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газар ХУУЛИЙН энэ мэт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэсээр ирсэн зөрчилтэй заалтыг судлан сайжруулах ажил хийж байх ёстой юм. Гэтэл батлагдсан хуулийг хатуу чанд хэрэгжүүлэх ҮҮРЭГ өгч, өөрсдийн ажлаа хялбарчилж суугаа нь удирдах дээд түвшний байгууллага маань нарийн мэргэшсэн мэргэжилтэнгүй болсныг харуулж байна уу гэх харамсах сэтгэл үлдээж байгаа юм.
Олон жил муу байсаар ирсэн тоон мэдээллийг үндэслэн ажил сайжруулах үүрэг өгч байгаа нь бүтэшгүй зүйлийг бүтээх гэсэн оролдлого уу гэхээсээ маргаан дэгдэж, бухимдал үүсгэсэн удирдлагын шуугианыг намдаах тактик байна гэж ойлгогдоно. Харин үр дүнг нь та бидний жижиг, бичил татвар төлөгчид л үүрнэ.
Шинэчлэн батлагдсан татварын хуулиуд нэг талаас нь харахад сайхан заалт зөндөө оруулсан боловч нөгөө талаасаа хатуу чанга хууль болсныг татварын алба одоохондоо хэнд ч мэдрүүлээгүй байна.
Нэгэнт л батлагдсан хууль учраас тун удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Яагаад гэвэл бүх мэдээлэл цахимжсан гэдгийг мартаж болохгүй. Бидний бизнес нэгнийх нь орлого, нөгөө талын зардал болдог учиртай. Тэгэхээр яаж ч байсан мэдээлэл цугларна. Цугларахгүй бол адилтган авч үзэх боломжууд бас хуульд бий.
Хуулийн төсөл санаачилж, боловсруулж, батлуулсан нь төрийн байгууллага. Тиймээс авах арга хэмжээгээ сайжруулсаар ирсэн. Энэ нь татвар төлөгчдөд хатуу чанд хууль болсон гэсэн үг. Харин та өөрт хэрэгтэй цөөхөн заалт дээр санал өгсөн байж магадгүй. Тэр заалтаар та бага татвар төлж байгаагаа болж байна гэж бодож мэднэ. Гэтэл цогцоор нь бусад хуультай нь зэрэгцүүлж харвал арай өөр үр дүн үүснэ.
Татварын тайлан, тооцоог чинь хийж, үйлчилгээ үзүүлэхээр тусдаа хуулиар баталгаажуулж авсан “мэргэшсэн” зөвлөх компаниуд зөрчлийн хуулийн торгууль өндөр байхыг дэмждэг. Тэдний хүслээр энэ заалт баталгаажсан. Торгууль шийтгэл өндөр байвал тэдний орлого ч бас түүнээ дагаж өсдөг гэдгийг санаж байхад илүүдэхгүй юм даа.
Татварын байгууллагын удирдлагын АВСАН урамшууллыг дэлгээд эхэлбэл ХАТУУ ЧАНГА хууль нийтэд нь ШИЙТГЭЛ болон ирэх нь ээ дээ.
Тэгэхээр л төрийн албан хаагчийн цалин урамшууллын системийг оновчтой болгох зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг ЗАСГИЙН ГАЗАР маань ойлгоосой доо.
Тиймдээ, нөгөө талдаа ийм бага цалинтай татварын байцаагч нарт авилга авах үүд хаалга нээлттэй гэсэн үг. Буруутгах арга ч алга. Гэхдээ татварын байцаагч нар ихэнхдээ торгуулв тавьчих гээд улайраад байдаг нь харьцангуй багассан юм шиг санагдсан. Уг нь бол зөрчил байвал илрүүлээд засаж залруулах тал дээр хуулийн хүрээнд зөвлөгөө өгөөд явбал хаана хаанаа үр дүнтэй л дээ. Ийм байцаагч нар олон болох байхаа цаашдаа
Уншаад үзэхээр энэ чиглэл нь зөв байна ш дээ. Хууль тэгш л үйлчлэх ёстой ш дээ. Нэг нь цагтаа тайлангаа өгөөд байхад нөгөөх нь хоцроогоод яваад байх ёсгүй биз дээ. Хоцроосон бол бүгд л ялгаагүй торгуулиа хүлээх хэрэгтэй. Танайх мэргэжлийн байгууллага байж хууль зөрчихийг дэмжиж байгаа юм шиг агуулгаар мэдээлэл хүргэж болохгүй шүү.