– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т хэвлэгдсэн нийтлэл –
Бараа бүтээгдэхүүний хулгай, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, гадна объектоо халдлагаас хамгаалах зэрэг эрсдэлээс сэргийлэхийн тулд хаа нэгтээ камер байршуулах нь ердийн үзэгдэл болсон. Энэ зорилгоор аливаа барилга байгууламжийн гадна, дотор байршуулах камерын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Бизнесийн байгууллагуудын хувьд энэ нь бүр ч чухал. Гэвч камераар дамжуулан харж, хянах буюу аюулгүй байдлаа хангах түвшинд л хязгаарлагддаг уламжлалт арга барил нэгэнт үеэ өнгөрөөжээ. Өдгөө дэлхий дахинд клауд камерын үйлчилгээний тусламжтай дата цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж, өөрт ашигтай бизнес шийдвэрүүдийг гарган үйл ажиллагаагаа сайжруулж, өсөлт хөгжлийг авчирч буй компаниудын тоо нэмэгдсээр байна.
Аливаа байгууллагын салбарын тоо нэмэгдэх тусам тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах шаардлага үүсдэг. Тэгвэл салбар тус бүрт байршуулсан камеруудаа хэрхэн нэгдсэн байдлаар хянах вэ?
Тэгвэл “Могул Сервис” компани зах зээлийн энэхүү чиг хандлагыг бусдаас урьтан олж харж, MV хяналтын камерын цогц системийг хөгжүүлэн найман жилийн өмнө дотоодын зах зээлд нэвтрүүлснээрээ анхдагч болсон юм. Камераар бичиж буй дүрсийг дэлгэцээр харуулж, хадгалах, ухраах зэрэг үйлдлээс гадна маш олон төрлийн функцийг клауд технологид суурилсан энэхүү цогц үйлчилгээнд шингээжээ. Тиймээс ч MV буюу More than a vision гэсэн тодотгол дагалддаг. “Могул Сервис” компани харилцагчдадаа бизнес анализ хийх боломжийг бүрдүүлэхийн тулд тухайн камерыг удирдаж буй программ хангамжтай холбоотой хөгжүүлэлтүүдийг хийж, MV системийг бий болгожээ. Ингэхдээ монгол, англи хос хэлээр ашиглах боломжтойгоор бүтээсэн байна.
Нэгдсэн хяналт / Зардлаа хэмнэх боломж
Аливаа үйлчилгээний байгууллагын салбарын тоо нэмэгдэх тусам тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах шаардлага үүсдэг. Олон салбартай байгууллагууд салбар тус бүртээ байршуулсан камеруудаа хэрхэн нэгдсэн байдлаар хянах вэ? Үүний хариулт нь MV клауд камерын үйлчилгээ юм. Компаниуд энэ бүхнийг өөрсдөө зохицуулахаар оролддог ч камер, систем, лиценз, нэмэлт төхөөрөмжүүд худалдан авах, сүлжээний кабелийн холболт хийх зэрэг дэд бүтцийн ажилд асар өндөр зардал гаргах шаардлагатай болдог. Дээр нь эдгээр төхөөрөмж эвдэрч, гэмтэх, унтрах, мөн сүлжээ тасрах, доголдох тохиолдолд нэмэлт зардал гарахаас гадна цаг тухайд нь мэдээгүйгээс тодорхой хохирол, алдагдал учрах ч эрсдэлтэй. Мөн тасралтгүй ажиллагаа, удирдлагаар хангах нь өөрөө сорилт болдог. Харин энэ бүх зардлаа хэмнэхийн зэрэгцээ мэргэжлийн цогц үйлчилгээ авч, зөвхөн үндсэн ажилдаа төвлөрөх боломжийг MV клауд камерын үйлчилгээ олгож буй.
MV үйлчилгээг хямд өртгөөр бизнес процессдоо суулгаж, хэмнэсэн зардлаа бусад чухал зүйлдээ зарцуулах боломжтой гэдэг утгаараа ухаалаг хөрөнгө оруулалт юм.
MV нь анхны хөрөнгө оруулалтыг 40 хүртэлх хувиар хэмнэж, тухайн системийн арчилгаа, ашиглалтын зардлыг 42 хувиар бууруулдаг. Камерыг MV системтэй холбоход зөвхөн интернэт гарцтай байхад л хангалттай юм. Ингээд л болоо. Шаардлагатай тохиолдолд тохиргоог алсын зайнаас хийх боломжтой байдгаараа онцлог.
Цаашлаад үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг MV системээр хянах боломжтой. Мөн үйлчилгээний ажилтнуудын хувцаслалт, ажлын стандартыг алсын зайнаас хянах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, бүх камерыг нэг л дэлгэцээр хянах учраас ажлын стандартыг мөрдүүлэхийн тулд тусгай алба, хэлтэс байгуулж, хариуцсан ажилтан салбараас салбарын хооронд явах шаардлагагүй болох юм. Мөн харилцагчдаас гомдол, санал хүсэлт ирсэн тохиолдолд дуу, дүрсний өндөр чанартай хадгалагдсан бичлэгийг ухрааж, шүүж үзэх зэргээр асуудлыг элдэв чирэгдэлгүй, хурдан шуурхай шийдэх давуу талтай.
Ухаалаг хөрөнгө оруулалт | Төлбөрийн уян хатан систем
Үндсэн үйлчилгээний хувьд бичлэг ухраах болон хадгалах функц нь хугацаанаасаа хамаарч дотроо хэд хэдэн багцаас бүрддэг. Тухайлбал, бичлэгээ хадгалах шаардлагагүй гэж үзвэл шууд онлайнаар харж хянах боломжтой хамгийн энгийн хувилбараас эхлээд хадгалах, ухраах боломжтой хувилбарууд буюу долоо, 14, 30, 60, 90 хоногийн хугацаатай сонголтууд ч бий. Харин банк, санхүү, хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд түүнээс дээш хугацаанд камерын бичлэгээ хадгалах, ухраах шаардлагатай байдаг тул онцлогт нь тохируулан нэмэлт өөрчлөлтийг хийж үйлчилдэг. Энэхүү үндсэн үйлчилгээнээс гадна нэмэлт модулиудаас сонгох боломжтой бөгөөд MV клауд камерын үйлчилгээний онцлог, давуу тал энд маш тод харагддаг.
MV үйлчилгээг хямд өртгөөр бизнес процессдоо суулгаж, хэмнэсэн зардлаа бусад чухал зүйлдээ хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэх боломжтой гэдэг утгаараа ухаалаг шийдвэр, ухаалаг хөрөнгө оруулалт юм. Мөн төлбөрөө шимтгэлгүйгээр 48 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөл бий. Нэг үгээр, харилцагчдадаа өөрийн хэрэглээнд тулгуурлан зардлаа илүү үр ашигтай төлөвлөх боломжийг олгодог, санхүүгийн дарамт багатай төлбөрийн системийг цогцлоосон гэсэн үг.
“Могул Сервис” компанийн MV клауд камерын үйлчилгээний дийлэнх харилцагчид сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станц, үл хөдлөх хөрөнгийн компани, харилцаа холбооны байгууллага, ресторан, хоолны газар, цэцэрлэг зэрэг үйлчилгээний байгууллага байдаг. Тэдгээрийн хамгийн том төлөөлөл нь Unitel компани. Тус компани улс орон даяар байрлах бүх салбартаа MV үйлчилгээг ашиглаж эхэлснээр үйлчилгээний стандарт нь 80 -аас 95 хувь болж дээшилжээ. Тодруулбал, ажилтнуудын хувцаслалт, харилцаа, үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээлэл, цаг ашиглалт, мөн харилцагчтай холбоотой үүссэн маргаантай асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх, салбаруудын ачаалал зэргийг нэгдсэн байдлаар хянах боломжтой болсон нь дээрх үр дүнд хүргэсэн байна.
Дүрсний нууцлал | Аюулгүй байдал | Үл тасалдал
MV систем клауд сервертээ дүрсийг encrypted хэлбэрээр хадгалдаг. Нэг үгээр, тухайн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр ямар ч этгээд гадна болон дотроос хандах боломжгүй. Камерт хандах эрхийг байршлаас хамааран ялгаатай байдлаар өгөх боломжтой. “Могул Сервис” -ийн зүгээс ч камерын бичлэгийг харах боломжгүй бөгөөд зөвхөн системд холбогдсон камернуудын төлөв буюу ассан, унтарсан эсэх, сүлжээнд хэвийн холбогдсон байгаа эсэхийг харж, хянаж байдгаараа онцлог. Товчхондоо, дүрсний нууцлалыг өндөр түвшинд хангахын зэрэгцээ аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг гэсэн үг.
Үүнээс гадна MV систем MIX (Mongolian Internet Exchange) сүлжээнд холбогдсон байдаг тул камерын бичлэг гацах, тасалдах зэрэг доголдол үүсэхгүй. Үүгээрээ хэрэглэгчдээс талархал хүлээдгээ “Могул Сервис” компанийн хамт олон онцолж байв. MIX буюу Монголын интернэтийн харилцан холболт нь дотоодын интернэт урсгалыг солилцуулах зорилгоор Монголын интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хооронд холбосон дэд бүтэц бүхий сүлжээний холболт бөгөөд энэхүү сүлжээнд холбогдсон байгууллагууд улс дотроо хурдны хязгаарлалтгүй, өндөр хурдаар өгөгдөл, мэдээлэл солилцох боломж бүрддэг.
Царай болон дугаар таних модуль
MV системийн царай таних модулийн тусламжтай олон давтамжтай үйлчлүүлдэг хэрэглэгчдийг бүртгэж, VIP үйлчлүүлэгч болгох, цаашлаад VIP үйлчлүүлэгчдээ урьдчилан таньж үйлчилгээний чанараа сайжруулах боломжтой. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх уг модуль хиймэл оюунд суурилсан технологиор ажилладаг бөгөөд “Могул Сервис” компани Ковид-19 -ийн үеэр нэмэлт хөгжүүлэлт хийж, маск зүүсэн үед ч царай таних боломжийг бүрдүүлжээ. Царай таних модулиар дамжуулан тухайн хүний нүүрний хувирал, нас, гарал үүсэл (Ази, Европ) -ийг тодорхойлж, ерөнхий мэдээллийг бүртгэх боломжтой. Ажилтнуудын тухайд цаг бүртгэлийн систем, нэвтрэх, орох, гарах эрхийн хяналтын системтэй холбож болно. Мөн царай таних системээр дамжуулан хулгайч, сэжигтэй этгээдийг таних боломж бий. Энэ тохиолдолд нэгдсэн системд сонордуулга ирнэ гэсэн үг. Үүгээрээ олон салбартай компаниудын хувьд толгойны өвчин болсон хулгайн асуудал давтагдахаас урьдчилан сэргийлэх боломжийг үүсгэдэг.
Харин дугаар таних модулийг шатахуун түгээх станцууд өргөн ашиглаж байна. Салбар бүртээ камер байршуулснаар өдөрт хэдэн машин үйлчлүүлж байгааг бүртгэх, шатахууны түгээлтийн хэмжээг хянах, орлого, зарлагаа нэгтгэн тайлагнах, үүнд тулгуурлан бизнес анализ хийх зэрэг боломж бүрддэг. Тэр дундаа, шатахуун бүрэн шахсан эсэхтэй холбоотой үйлчлүүлэгч хооронд тогтмол үүсдэг гомдол, маргааныг богино хугацаанд шийдвэрлэх болно. Мөн салбаруудын ачааллыг хянаж, зохицуулах ч боломжтой. Гол нь тухайн байгууллагын салбаруудад камераас өөр дэд бүтцийн төхөөрөмж байршихгүй гэдгээрээ маш хялбар шийдэл юм.
Кассын модуль
Үйлчилгээний байгууллагууд, тэр дундаа, дэлгүүрүүдэд зориулсан кассын модуль нь MV системийн бас нэг онцлог шийдэл. Энэхүү модулийн тусламжтай касс дээр ачаалал үүсэж буй эсэхийг хянах, улмаар зохицуулалт хийж, ачааллаа тэнцвэржүүлэх боломжтой. Зарим дэлгүүрт асар ачаалалтай, оочер ихтэй байх үед хүнгүй сул касс харагддаг нь системийн зохион байгуулалтгүйгээс болдгийг “Могул Сервис” компанийн Клауд дэд бүтцийн үйлчилгээний бизнес хөгжил хариуцсан менежер Г.Золбоо хэлж байна. Мөн MV клауд камерын үйлчилгээнд хүнийг ялган таньж тоолох чадамжтай тусгай модуль бий. Энэ модулийг ашиглаж буй тохиолдолд салбаруудаар өдөрт хэдэн хүн орж, гарч, үйлчлүүлж байгааг хянах боломж бүрдэнэ. Ижил төстэй системүүдээс ялгаатай нь овор ихтэй бараа бүтээгдэхүүнийг хүн гэж тооцон тоолох, эсвэл нэг үйлчлүүлэгч нааш цааш орж гарахад тэр тоолонд нэмж тоолох зэрэг давхцал үүсгэдэггүй.
Мөн онлайн broadcasting хийж, камерынхаа дүрсийг бүхий л төрлийн сувгаар стриминг байдлаар цацаж, үйлчилгээнийхээ чанар, стандартыг харуулах, сурталчлах гэх зэрэг олон төрлийн зорилгоор ашиглах боломжтой.
Бизнесийн тайлан | Оновчтой шийдвэр
MV систем бүх төрлийн бизнесийн тайлан гаргах чадамжтай. Хэрэв харилцагч хүсвэл Excel, Power BI зэрэг нэмэлт программ, платформтой холбон ашиглаж ч болно. “Могул Сервис” компанийн хувьд зөвхөн клауд камерын цогц үйлчилгээг хүргэх бус найман жилийн туршлагадаа үндэслэн зөвлөх үйлчилгээ үзүүлж, шийдэл санал болгодог. Өөрөөр хэлбэл, бизнесийн оновчтой шийдвэр гаргах зөвлөгч, туслагч, хамтрагч байж чаддаг гэсэн үг. Тэд жилээс жилд үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, сонголтоо баяжуулж, зах зээлийн хүрээгээ тэлсээр байгаа юм.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 10 сарын дугаар (№47) -т хэвлэгдсэн нийтлэл –