– Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т нийтлэгдсэн ярилцлага –
Өнгөрсөн зургадугаар сард “Могул дата центр”, аравдугаар сард Hyperworld төвийг ашиглалтад оруулж, дэлхий дахинд мэдээлэл технологийн салбарт бий болж буй өөрчлөлт, чиг хандлагыг дагасан цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж буй “Могул” группын ерөнхийлөгч Н.Баттулгатай ярилцлаа.
Энэ жил ITZone компанийн 25 жил, “Могул” групп үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд “Могул” групп болон өргөжиж, хэд хэдэн охин компани байгуулсан нь мэдээлэл технологийн салбарын хурдтай хөгжил, энэ чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ өссөнийг давхар харуулж байгаа болов уу?
Баярлалаа. Бид компаниа механикаар өргөжүүлээгүй. Компаниа анх байгуулж байх үед мэдээлэл технологийн салбарт анх компьютер л байсан, түүн дээр MS Word, MS Excel зэрэг энгийн хэрэглээний программ ашиглан ажлаа хийдэг байлаа. Харин түүнээс хойш энэ салбар дотроо олон томоохон салбар чиглэлүүдийг бий болголоо. Мэдээлэл технологийн салбарын өсөлттэй холбоотойгоор нэг компанийн дор олон үйл ажиллагааг зэрэг авч явах бололцоогүй болсон учраас бид зарим алба, хэлтсээ компани болгон өргөжүүлж, менежментийн хувьд бие даасан байдлаар ажиллуулж, тухайн чиглэлээр мэргэшүүлж эхэлсэн. Өдгөө компьютерын техник хангамжийн худалдаа, үйлчилгээ, барилга, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээлэл технологийн үйлчилгээ, ERP болон программ хангамж, ложистикийн чиглэлээр мэргэжлийн таван компани үүсгэн байгуулаад байна. Ингэж тус тусын үйл ажиллагаандаа илүү төвлөрснөөр чанар, бүтээмж сайжрах ач холбогдолтой. Тухайн хариуцсан салбарууд нь хурдтай өргөжиж, ач холбогдол, агуулга, бизнесийн цар хүрээний хувьд томорсон учраас бүтцийн тэлэлт хийх шаардлага үүссэн гэсэн үг. Энэ бол цэвэр органик өсөлт.
Дэлхий дахинд уламжлалт бизнесийн загвар, үйлчилгээний хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, бүх программ клауд технологид суурилсан байдлаар хөгжиж байна. Үүнд, дата төвүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тэгвэл амжилттай өргөжин тэлж буй “Могул” группын алсын хараа хааш чиглэж байгаа вэ?
Манай группын алсын хараа хэд хэдэн хүчин зүйлээс бүрддэг. Технологийн салбарт бий болж буй хөгжлийн чиг хандлага, шинэ инновацыг дагах, мөн зайлшгүй шаардлагатай байгаа үйлчилгээг улс эх орондоо урьтан хөгжүүлэх гэх мэт. Энэхүү цахим шилжилтийг дагаад хэрэглэгчийн зан төлөв ч хурдтай өөрчлөгдөж байна. Тиймээс уг эрэлт хэрэгцээг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хурдан шуурхай хангах нь ч гол хүчин зүйлсийн нэг мөн. Нөгөө талаар, бид 25 жилийн туршлагадаа үндэслэн үйл ажиллагаагаа аль зүгт төвлөрүүлэх, зах зээлээ хэрхэн тэлэх зэрэг боломжийг байнга эрэлхийлсээр ирсэн. Өнөөдөр манай групп дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бол алс хэтдээ Дундад Ази, Зүүн Өмнөд Азийн зарим улс орон руу өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх бодол бий. Гэхдээ энэ бол холын зорилго. Ойрын зорилгын тухайд хамгийн чухал нь шинэ тутам бий болж буй технологийг сайтар эзэмшиж, албан ёсны эрхтэйгээр цаг алдалгүй хэрэглэгчдэдээ шуурхай хүргэх юм.
Сүүлийн жилүүдэд та бүхэн хэд хэдэн томоохон ажлын ард гарлаа. Эдгээр төслийн гол зорилго, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
Мэдээлэл технологийн салбарт бий болж буй томоохон өөрчлөлтүүдийг угтаж, тэдгээрийг өөрийн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор хоёр том төслийг өнгөрсөн хугацаанд бид хэрэгжүүллээ. Тухайлбал, сүүлийн 20 -иод жилд компьютерын программ хангамж, серверүүд CPU буюу тооцоолон бодох төв процессорт суурилсан байдлаар ажилладаг байсан бол ойрын жилүүдэд энэ бүхэн өөрчлөгдөж, GPU технологи руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, тооцоолон бодох процесс хиймэл оюун, график технологи, видеонд суурилсан байдлаар илүү хөгжих болсон. Нэг үгээр, тооцоолон бодох үйл ажиллагаа GPU суурьтай болж байна. Тиймээс энэ чиглэлээр ажиллах зорилгоор “Могул” групп маань и-спортын мэргэжлийн тамирчид, сонирхогчид болон график дизайнерууд, энэ төрлийн мэргэжилтнүүдэд зориулсан баталгаатай, найдвартай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэх Монголын анхны төрөлжсөн төв Hyperworld -ийг нээгээд байна. Маш өргөн сонголттой бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрийн үнээр, хурдан шуурхай хэрэглэгчдэд хүргэхээрээ онцлог. И-спорт, креатив салбарынхан, тэр дундаа, график дизайнерууд, видео, реклам, анимэйшн бүтээгчид, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж ашигладаг хүмүүс энэ төвөөр зочилбол хэрэгтэй төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээ бодитоор туршиж үзэн, хүссэн үзүүлэлтээрээ угсрах зэрэг нэмэлт үйлчилгээг хүртэж, худалдан авах боломжтой. Мөн энэ чиглэлээр сургалт, анхан шатны хичээлүүд орж, залуучуудад боловсрол олгоход ч хувь нэмэр оруулахаар зорьж байна.
Харин хоёр дахь том төсөл маань мэдээлэл технологийн салбарт бий болж буй томоохон инновац болох клауд технологитой холбогдож буй. Дэлхий дахинд клауд технологийн хөгжил 2020-2025 онд эрчимтэй өрнөж, эхний үеэ давна гэж үзэж байсан бол эл хугацаа наашилж, энэ онд таамаглаж байсан үр дүндээ хүрсэн. Маш хурдтай хөгжиж байна гэсэн үг. Үүний үр дүнд, аливаа программ хангамжийг худалдан авч, компьютер, тоног төхөөрөмжид суулгаж ашигладаг уламжлалт бизнесийн загвар, үйлчилгээний хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж байна. Оронд нь, өндөр хурдтай сүлжээнд холбогдож, хүссэн программ хангамжаа өөрийн хэрэглээнд нийцүүлэн харьцангуй хямд төлбөрөөр ашиглах боломж бүрдсэн. Программ хангамж үйлдвэрлэгч томоохон компаниуд бүгд клауд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж байгаа нь энэ бүхний тод илрэл. Тухайлбал, Microsoft корпорацийн хөгжүүлсэн цогц клауд шийдэл болох Office 365 систем байна. Ковид-19 цар тахлаас үүдэн клауд технологийн ач холбогдлыг хүмүүс бүр ч сайн ойлгож эхэллээ. “Могул” группын хувьд Монголын зах зээлд клауд технологийг нутагшуулах чиглэлээр хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын эхлэл нь “Могул дата центр”. Өнгөрсөн зургадугаар сард энэхүү дата төвийг бид амжилттай ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Бидний дараагийн алхам бол үүнд суурилсан клауд үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх. Энэ хүрээнд Сингапурын тэргүүлэгч компанитай гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхлээд байна.
Тухайлбал, клауд технологид суурилсан ямар шинэлэг үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр төлөвлөсөн бэ?
Компьютерт суулгадаг программууд үндсэндээ өөрчлөгдсөн гэж түрүүн хэлсэн. Дэлхийн зах зээлд клауд үйлчилгээ ханган нийлүүлж буй Amazon, Microsoft, Google, Oracle зэрэг томоохон компани байна. Ирээдүйд бид нэг бол Монголын дата төвүүдэд суурилсан үйлчилгээ авах (private дата төв), эсвэл дэлхийн томоохон компаниудын дата төвүүдэд суурилсан үйлчилгээг ашиглана (public дата төв). Энэ утгаараа программ хангамж шинээр бүтээж буй газрууд анхнаасаа клауд байдлаар хөгжүүлж, дата төвд нэвтрүүлж байна. Харин хэрэглэгчдийн тухайд интернэтэд холбогдсон байхад л эдгээр үйлчилгээг авах боломжтой болсон. Тэгэхээр хуучны арга барилаасаа салах хэрэгтэй гэсэн үг. Энэ бүхнийг бид Монголд хийхээр зорьж буй нь нэгт, газар нутгийн хувьд гол дэд бүтцээс хол байдгаас шалтгаалж, тодорхой хэмжээнд холболтын хоцрогдол (latency) үүсэх, алдаа гарах, удаашрах зэрэг асуудал тулгардагтай холбоотой. Тиймээс бид программ хангамжийн үйлчилгээг илүү ойртуулж, эх орондоо, MIX буюу Монголын интернэтийн харилцан холболтын сүлжээнд холбогдсон байдлаар программуудаа хэрэглэх боломжийг бүрдүүлснээр үйлчилгээний хурд, чанар өндөр болох юм. Үүн дээр нэмээд тун саяхан манай групп олон төрлийн клауд үйлчилгээг Сингапурын программ хангамж үйлдвэрлэгч томоохон компанитай хамтран дотоодын зах зээлд нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Бид саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстой. Тэрхүү сав бол дата төв.
Гэхдээ энэ бүхэн программ хангамжийн үйлчилгээг зөвхөн клауд технологиор дамжуулан хүргэх ажил биш. Өмнө нь компаниуд өндөр зардал гаргаж, компьютер, тоног төхөөрөмж, сервер худалдан авдаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Хэрэглэх шаардлагатай программ хангамждаа нийцүүлэн манайхаас тоног төхөөрөмж, сервер түрээсэлж, мэдээллийн технологи болон сүлжээний аюулгүй байдлаа ч давхар даатгаж, бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа бүрэн төвлөрөх бололцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл, томоохон хөрөнгө оруулалтуудыг өөрийн хүссэн хэлбэрээр бага зардлаар ашиглах боломжтой гэдэг утгаараа эдийн засгийн хувьд, хэрэглэгчдэд маш том давуу тал бий болж байна гэсэн үг.
Дата төв байгуулахаар ажиллах явцдаа танай групп, тэр дундаа дата төвийг хариуцан ажиллаж буй “Могул Сервис” компанийн хамт олон клауд үйлчилгээний ач холбогдлыг жинхэнэ утгаар нь ашиглаж чадсан байдаг. Тухайн үед энэхүү төслийн ажил саадгүй үргэлжлэхэд таны гаргасан хурдтай, оновчтой шийдвэрүүд чухал нөлөө үзүүлсэн талаар багийн гишүүд ярьж байсан?
Дата төв байгуулах төслийн санааг манай компани нэлээд эртнээс ярьж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд “Хөрөнгө оруулагч хэрхэн олох вэ?”, “Клауд технологийг Монголд нэвтрүүлэхэд зах зээл бэлэн үү?” гэх зэрэг асуултад хариулахаас эхлээд томоохон ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллахад тулгарах бэрхшээл, дата төв байгуулахад бизнесийн үр ашиг талаасаа зах зээл бэлэн биш гэх мэт асуудалд бодитоор хандахыг хичээж, судалгаа хийж ирсэн. Маш товчоор хэлбэл, дата төв үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь, дата төвийн физик орчин буюу стандартад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, удаах нь, клауд сервер.
“Могул” групп и-спортын мэргэжлийн тамирчид, сонирхогчид болон график дизайнерууд, энэ төрлийн мэргэжилтнүүдэд зориулсан баталгаатай, найдвартай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр хүргэх Монголын анхны төрөлжсөн төв Hyperworld -ийг нээгээд байна.
Өмнө нь дата төвийг зөвхөн байшин барилга талаас харж, талбай түрээслэх хэлбэрээр ажиллуулах ойлголт түгээмэл байсан. Ингэж ажиллуулахад эдийн засгийн үр ашиг бий болгоход хүндрэлтэй. Харин өнөөдрийн тухайд клауд үйлчилгээ нэвтрүүлэх замаар энэ хоёр ойлголтыг хамтатгаж, хослуулж байж, эдийн засгийн үр ашиг гаргана. Энэ утгаараа бид тохиромжтой цаг үеийг хүлээж байсан. Ингээд цаг нь ирсэн гэж үзсэн учраас “Могул” групп хоёр жилийн өмнө удаан хугацаанд төлөвлөсөн төслөө хэрэгжүүлэхээр зориглосон. Дээр нь клауд үйлчилгээ, түүний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд асар хурдтайгаар өсөж байгаа нь ч нөлөөлсөн. Гэтэл төсөл эхлүүлсэн цаг хугацаа маань Ковид-19 цар тахал дэгдэхтэй яг зэрэгцэж таарсан. Цар тахлаас шалтгаалан зарим талаар хожих, зарим талаар алдах тал ч байлаа. Тухайлбал, хөл хорио, хил хаах, тээвэр ложистикийн удаашралаас өмнө дийлэнх худалдан авалтаа хийснээр зардлаа хэмнэж чадсан. Мөн “Могул дата центр” -ийн эрчим хүч, хөргөлтийн системийн гол ханган нийлүүлэгчээр дэлхийд тэргүүлэгч Schneider Electric компани хамтран ажилласнаараа онцлог. “Могул” групп тус компанийн Монгол дахь партнераар ажилладаг. Төслийн сүүлчийн шатанд цар тахалтай холбоотой асуудлууд үүссэн ч манай залуучууд маш амжилттай даван туулж, тэр бүхнийг шийдэж явсаар дата төвөө ашиглалтад оруулж, шинэ хэрэглэгчдээ хүлээн авч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Хэрэв бид яаравчлан хөдлөөгүй бол өнөөдөр нэлээд өндөр өртгөөр дата төвөө босгох байсан.
Энэ хугацаанд манай баг хамт олон бүх хурлаа Microsoft 365 платформын Office 365, Teams зэрэг программыг ашиглан цахимаар зохион байгуулж ажилласан. Эдгээр системийн тусламжтай төслийн ажлаа хэвийн нөхцөлд ажиллаж байгаа мэт огт тасалдалгүй үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байлаа. Цар тахлын хөл хорионы үеэр оффистоо суух шаардлагагүй, зайнаас бүрэн төвлөрч ажилласан. “Могул Сервис” компани маань Microsoft 365 платформыг Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр хүргэж ажиллаад удаж байна. Энэ утгаараа манай залуучууд холбогдох программуудыг сайтар эзэмшиж, ашиглаж дадсан учраас цахимаар хуралдаж, тулгарсан асуудлуудыг маневрлах чадвар маш өндөр байсан нь төсөл амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн.
“Могул дата центр” ашиглалтад орсон нь Монголын мэдээлэл технологийн салбарт ямар ач холбогдлыг бий болгож байгаа вэ?
Нэгт, клауд үйлчилгээнүүд нэвтрэх бололцоо бүрдэж байгаа. Хоёрт, мэдээллийн зуун гэж тодотгож буй энэ үед асар их мэдээлэл бий болж байна. Ирээдүйд улам л ихэснэ. Программ хангамж, гар утасны аппликэйшнүүд их ашиглах боллоо. Тэр хэрээр мэдээлэл, дата бий болж буйг ямар нэг газар хадгалж, хамгаалах шаардлагатай болно гэсэн үг. Бизнесийн байгууллагуудад гэхэд л санхүүгийн, хүний нөөцийн, үйлдвэрлэлийн гэх зэргээр багадаа л 5-20 программ хангамж ашиглаж байна. Гол нь энэ их датаг Монголдоо хадгалах шаардлагатай. Тэгэхээр бид саалиа бэлдэхээр саваа бэлдэх ёстой. Тэр сав нь дата төв гэсэн үг. Тиймээс бид түүнийг хийж, бэлдэх ёстой. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс Монголын мэдээлэл Монголдоо байх нь зохистой. Мөн бүх программ хангамжууд клауд үйлчилгээ рүү шилжиж байгаа энэ үед албан ёсоор хурдтай хүргэж ажиллах гол дэд бүтэц нь дата төв болсон. Гэхдээ мэдээлэл технологийн салбарт клауд үйлчилгээнээс давсан, цоо шинэ үйлчилгээ олноор бий болж байна. Жишээлбэл, тун удахгүй бидний Монголд нэвтрүүлэх edge computing үйлчилгээ болон IoT (Internet of Things), хиймэл оюунд суурилсан үйлчилгээнүүдийг нэрлэж болно. Эдгээр үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд дата төв, клауд үйлчилгээ эхлээд байх ёстой. Энэ ч үүднээс бидний хэрэгжүүлж буй төслүүд ач холбогдлын хувьд маш өргөн цар хүрээтэй бөгөөд хэрэгцээ шаардлагатай.
“Могул Сервис” компани маань ирэх жилийн нэгдүгээр улирал гэхэд клауд үйлчилгээнүүдээ зах зээлд нэвтрүүлнэ. Энэ нь программ хангамж, тоног төхөөрөмжийг хэрэглэгчдэд клауд хэлбэрээр хүргэхээс гадна өмнө хэлсэнчлэн цоо шинэ, сонирхолтой үйлчилгээнүүдийг олноор нэвтрүүлнэ. Үүнд, edge computing, 5G үйлчилгээтэй хосолсон виртуал бодит байдал (VR), графикт тулгуурласан хардвэйр, софтвэйрын түрээсийн үйлчилгээнүүд багтаж байгаа. Үр дүнд нь, Монголын хэрэглэгчид тун сонирхолтой, орчин үеийн технологийг хэрэглэх боломж бүрдэнэ. Энэ ажил “Могул Сервис” компани, “Могул дата центр” -ийн үйл ажиллагаагаар дамжин зах зээлд хүрнэ. Ирэх жилийн төлөвлөгөөгөө товчхон дурдвал ийм байна. “Могул” группын хувьд 2023 он хийх ажил ихтэй, шинэ технологиор амьсгалсан жил байх болно.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 11 сарын дугаар (№48) -т нийтлэгдсэн ярилцлага –