– Business.MN сэтгүүлийн 2022 оны 12 сарын дугаар (№49) -ын ковер нийтлэл –
“Амуулай” компанийн ерөнхий захирал, уулын спортын олон улсын хэмжээний мастер, зураач, мөн дөрвөн хүүхдийн ээж Ч.Ариунзулыг бид энэ удаагийн онцлох зочноор урилаа. Тэрбээр “Амьдралыг жүжгийн тайз гэж төсөөлбөл би дөрвөн өөр дүр бүтээж амьдарч байна” хэмээн хариулсан юм. Энэ жил 20 жилийн ойгоо угтаж буй “Амуулай” компанийн хамт олныг Монголын худалдаа үйлчилгээний зах зээлд танигдаж, өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчдийг бий болгосон Mild Cosmetics, Cose Cosmetics, Оёо гар урлал дэлгүүрүүдийн амжилттай үйл ажиллагаа тодорхойлдог билээ. Өнгөрсөн тавдугаар сард Гималайн нуруунд орших 8586 метр өндөр, дэлхийн гурав дахь ноён оргил Канченжунгад авирсан Ч.Ариунзул тогтолцоо, төлөвлөгөө, дадал зуршил зэрэг үгсийг яриандаа цөөнгүй дурдахын зэрэгцээ аливаа компанийн тогтолцоог Карибын тэнгисийн аялалтай зүйрлэсэн нь сонирхол татсан юм.
2021 оны арванхоёрдугаар сарын 31. Он солигдох мөчид Алтай таван богдод хасах 40 хэмийн хүйтэнд, өвч бүрхсэн цас мөсөн дунд гурван уулчин эмэгтэй майхандаа шинэ оныг угтав. Зориулж хийлгэсэн өвлийн өвгөний улаан малгайгаараа тэд ижилсчээ. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ч.Ариунзул, олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа. Өвлийн улиралд Алтай таван богд руу Б.Гангаамаагийн санаачилгаар хөдөлж, Цагаан голоор 30 гаруй км чаргатай алхаж, улмаар Хүйтний оргилд авирсан нь монгол эмэгтэйчүүдийн тэсвэр тэвчээрийг илэрхийлсэн түүхэн авиралт болон үлдсэн юм. “Бидэн шиг 31 -ний орой ингээд сууж байгаа хүн хаа ч байхгүй дээ” гэх яриа гурван бүсгүйн хооронд өрнөөд амжжээ. Тэдний нэг Ч.Ариунзул “Хүн амьдралдаа дурсамж үлдээж, харамсах зүйлгүй амьдрах ёстой. Дурсамж бүтээх тусам амьдрал тэр хэрээрээ баялаг, урт удаан болдог” гэж ярих дуртай. Тиймдээ ч гэр бүлийнхээ халуун дэмжлэгийн хүчээр зориглон шийдэж, идэр есийн хүйтэнд өндрийн бүсийг зорьсон нь энэ. Шинэ жилийн орой дөрвөн хүүхэд, нөхрийн хамт дулаан гэртээ гацуур модоо засаад баярын ширээний ард хундага тулган суухын оронд эрс тэс нөхцөлд өөрийгөө сорихыг тэр хүсчээ. Чаргандаа ачаагаа баглаж янзлахаар бээлийгээ тайлах зуур л Алтайн өндрийн тэсгим хүйтэн гар хөлдөөчих шахна. 16 цагт нар жаргаж, харанхуй нөмрөх бөгөөд эргэн тойронд чонын мөрнөөс өөр амьд амьтны ул мөр үгүй. Энэ бүхний ард гарч, яг 11 хоног үргэлжилсэн хүнд сорилтыг амжилттай давсан тэрбээр гэрийн зүг сэтгэл хангалуун буцсан юм. Их хотод их ажил түүнийг хүлээж байв.

Өндөрт тэмүүлсэн он жилүүд
“Амьдралыг жүжгийн тайз гэж төсөөлбөл би дөрвөн өөр дүр бүтээж амьдарч байна” хэмээн Ч.Ариунзул хэлж байна. Тэрбээр “Амуулай” компанийн ерөнхий захирал, уулын спортын олон улсын хэмжээний мастер, зураач, мөн дөрвөн хүүхдийн ээж билээ.
Энэ жил 20 жилийн ойгоо угтаж буй “Амуулай” компанийн хамт олныг Монголын худалдаа үйлчилгээний зах зээлд танигдаж, өөрийн үнэнч хэрэглэгчдийг бий болгосон Mild Cosmetics, Cose Cosmetics, Оёо гар урлал дэлгүүрүүдийн амжилттай үйл ажиллагаа тодорхойлдог билээ. Компаниа шинэ зууны босгон дээр нөхрийн хамт үүсгэн байгуулж, ууган охиныхоо нэрээр “Амуулай” хэмээн нэрлэжээ. Хэрэв Амуулай гэж бүтнээр нь дуудвал цахлай шувууны нэр болох бөгөөд үгийн үндсээр тунгааж үзвэл амуу тариа буюу үржин дэлгэрэхийн бэлгэдлийг агуулж буй.
“Амуулай” компанийн хамт олон өөрсдийн бий болгож, хөгжүүлсэн Mild Cosmetics сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан хэрэглэгчдэд хэдийнэ танигдаж, өдгөө Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэрт 46 салбар, 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн гоо сайхны зөвлөхийн тоо нь гэхэд л 150 -д хүрчээ. Тэд бол олон жилийн турш боловсруулсан сургалтын тогтолцооны дагуу мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн зөвлөхүүд юм. Тиймээс ч хэрэглэгчдэд аз жаргал, өөртөө итгэх итгэлийг түгээхээр зорин ажилладаг.
“Үндэсний хэмжээний гоо сайхны сүлжээ болтол нь компаниа хөгжүүлнэ гэдэг олон жилийн түүх, олон жилийн хүч хөдөлмөр. Бизнес хийсэн эхний 10 жилд надад амралтын өдөр гэж байгаагүй”.
Энэ онцлог нь хүмүүс эднийхийг л сонгож, дахин дахин үйлчлүүлэх шалтгаан болдог аж. “Үндэсний хэмжээний гоо сайхны сүлжээ болтол нь компаниа хөгжүүлнэ гэдэг олон жилийн түүх, олон жилийн хүч хөдөлмөр. Бизнес хийсэн эхний 10 жилд надад амралтын өдөр гэж байгаагүй” хэмээн Ч.Ариунзул товчхон хариулж байна.

Mild Cosmetics гоо сайхны сүлжээ дэлгүүрт ажиллаж буй дийлэнх менежер гоо сайхны зөвлөхөөс ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Тэдний нэг, 46 салбар дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг, борлуулалтын албаны захирал П.Баярмаа гэхэд л “Амуулай” компанийн нэг хэсэг болоод 12 жилийг үдэж буй. Компани ажилтан бүрдээ ойлгомжтой, ил тод, эрх тэгш байх бодлогыг баримтлан ажилладаг. Үүний үр дүнд, карьер хөгжлийн төлөвлөгөөг тодорхой болгож, хувь хүн өөрөө үр дүнтэй ажиллаж чадвал хаана хүрэх, ямар шатлалаар цалин урамшуулал, карьераа өсгөх боломжууд нь нээлттэй байдаг. Энэ зарчмаар тогтвортой ажиллаж, гоо сайхны зөвлөхөөс ахлах менежер, цаашлаад Mild Cosmetics дэлгүүрийг франчайзинг хэлбэрээр эзэмшиж, өөрийн дэлгүүрээ нээн ажиллуулж буй ажилтан 10 орчим болжээ. “Амуулай” компанийн баримталдаг гол зарчим нь ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлж, эзний сэтгэлгээгээр ажиллуулахад оршдог.
“Япон маягийн менежмент гэж Карибын тэнгисийн аялалтай төстэй ойлголт. Нэгт, хүрэх цэг маш тодорхой байх ёстой. Хоёрт, зорилго тодорхой байх ёстой”.
Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан амжилттай туршлагадаа тулгуурлан тэд мэргэжил сургалтын төв байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд бусад гоо сайхны компанийн зөвлөхүүдийг давхар бэлтгэж эхлэхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд зорилгоо “Үндэсний хэмжээний мэргэжлийн зөвлөх үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэнэ” хэмээн товч, тодорхой томъёолжээ. Мөн Японы сургалтын төвийн тогтолцоо, нөү-хауг нэвтрүүлэхээр зэхээд буй. Гэхдээ энэ бүхэн “Амуулай” компанийн япончуудтай хамтарч буй анхны ажил биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэд Японы 100 гаруй жилийн түүхтэй 40 гаруй гоо сайхны брэндийн 4000 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэдээ албан ёсны эрхтэй хүргэхийн зэрэгцээ япон маягийн менежментийн арга барилыг компанидаа давхар нутагшуулахад суралцаж байна.

Ерөнхий захирал Ч.Ариунзулын хувьд 2009 онд анх Монгол-Японы төвийн бизнес удирдлагын сургалтад хамрагдсанаар арлын орны менежментийн тогтолцоог судалж, өөриймшүүлэн нэвтрүүлэх их ажил эхэлжээ. “Компанийнхаа үйл ажиллагааны сул талыг олж харж, сайжруулах шаардлагатайг ухаарсан учраас сургалтад хамрагдаж, өөрийгөө ч, ажилтнуудаа ч давхар хөгжүүлэх болсон” хэмээн тэрбээр хуваалцсан юм.
Түүний ажлын ширээн дээр “Монголын Каизэн Холбоо” -ны тусгай сургалтын хүрээнд хэвлүүлсэн “Монгол хүний бүтээмж ба монгол удирдагчийн манлайлал” хэмээх гарын авлага харагдах аж. Уг гарын авлагыг тэрбээр ширээний ном гэж нэрлэж болохуйц хэмжээнд ахин дахин уншиж, танилцаж судалж дуусахгүй байгаагаа учирлалаа. Ахиулаад харвал ажлын өрөөнийх нь ханыг Япон менежменттэй холбогдолтой ном, товхимол, гарын авлагууд дүүргэсэн байв.
“Амуулай” компанид тогтвортой ажиллаж, гоо сайхны зөвлөхөөс ахлах менежер, цаашлаад Mild Cosmetics дэлгүүрийг франчайзинг хэлбэрээр эзэмшиж, өөрийн дэлгүүрээ нээн ажиллуулж буй 10 орчим ажилтан бий.
“Япон маягийн менежмент гэж нэг ёсондоо, Карибын тэнгисийн аялалтай төстэй ойлголт. Нэгт, хүрэх цэг маш тодорхой байх ёстой. Хэрэв хүрэх цэгээ мэдэхгүй бол далайн шуурганд төөрөх болно. Хоёрт, зорилго тодорхой байх ёстой. Завинд суусан баг буюу хүний нөөц хоорондоо таарч тохирохгүй байх, эсвэл олсон ашгаа булаацалдвал яах вэ? Ингэхгүйн тулд нэг зүгт харж, нэгэн сэтгэлээр сэлүүрдэх ёстой. Мөн удирдагч завиа зөв залах нь чухал. Үүний тулд далайд хэнтэй удтал аялж, шуургыг хамт сөрөх вэ гэдгээ оновчтой шийдэх хэрэгтэй болно. Энэ бүхэн хүний нөөцийн тогтолцоог бүрдүүлдэг” хэмээн Ч.Ариунзул онцолж байна. Өдгөө “Амуулай” компани өөрийн гэсэн тогтолцоог нэгэнт төлөвшүүлсэн учраас ажилтнуудаа зөвхөн ажлын найман цагтаа ажиллаж, үлдсэн цагаа сонирхдог зүйл, гэр бүлдээ зарцуулахыг тэр зөвлөдөг. Тиймээс орой сууж ажиллахыг эрс хориглодог аж. Учир нь дуртай зүйлээ хийж, хоббигоо хөгжүүлж байгаа хүн ажилдаа үр дүн гаргадгийг өөрөөсөө ч, бусдаас ч олж харжээ.
“Шувууны дүрсээр хурд, хүчийг бэлгэдсэн. Монгол гэрийн хэлбэрээр компанийн тогтолцоог, харин эмэгтэй хүний дүрсээр үнэ цэнийг илэрхийлсэн. Энэ бүгдийг нэгэн дугуй дүрсэд минимал байдлаар шингээсэн нь ‘Оюунлаг тогтолцоогоор дэлхийд манлайлж, монгол брэндийг дэлхийд таниулна’ гэх алсын харааг маань бэлгэддэг”. Оффисынх нь үүдээр ормогц нүдэнд туссан компанийнхаа логог ерөнхий захирал Ч.Ариунзул ийнхүү тайлбарлаж байна.

“Гоё лого тавьж, дэлгүүр нээн ажиллуулж болох ч удаан хугацаанд оршин тогтнох уу гэдэг л гол асуудал. Санхүү, маркетинг, дэд бүтэц, ложистик, автоматжуулалт, ERP систем нэвтрүүлэх, хүний нөөцөө бэлтгэж сургах зэрэг байгууллагын бүхий л үйл ажиллагаа томоохон тогтолцоотой байхыг шаарддаг. Том хөдөлгүүр ажиллаж байгаа учраас компани маань өнөөдрийн түвшинд хүрсэн” хэмээн тэр итгэлтэй өгүүллээ.
Харин өдгөө үндэсний нөү-хауг бий болгож, үндэсний гэх тодотголтой брэндийг дэлхийд таниулах зорилгын хүрээнд “Оёо” брэндийг үүсгэн байгуулаад байна. Энэ зорилгоор эхний ээлжинд гар урлалыг өндөр түвшинд хөгжүүлж, монголчуудыг илүү бүтээлч ард түмэн болгох хүсэл тэдэнд бий. Үндэсний онцлогийг шингээсэн, бие даасан сургалтын тогтолцоог цогцлоож, багшаас шавьд ур чадвар, арга барилаа өвлүүлэн үлдээдэг уламжлалыг сэргээж, хүүхдүүдийг аль болох багаас нь сургаж, хүсэл сонирхлыг нь нээж, хөгжүүлж ажиллахыг зорьж буй. Энэ хүрээнд монгол хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн дахин ашиглах боломжгүй утсыг авч, өөрсдийн Оёо гар урлалын дэргэдэх боловсруулах үйлдвэрийн ээрэх машинаар дахин боловсруулж, хүн бүр өөрсдийн хэрэгтэй ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийх боломжтой эрчмэл утсыг бий болгон худалдаалж байна. Хог хаягдлыг дахин ашиглаж, үнэ цэн, сэтгэлээ шингээн хийж буй энэхүү бүтээлч ажил нь тэдний нэг бахархал.
Өдгөө “Амуулай” компани үндэсний нөү-хауг бий болгож, үндэсний гэх тодотголтой брэндийг дэлхийд таниулах зорилгын хүрээнд “Оёо” брэндийг үүсгэн байгуулаад байна. Энэ зорилгоор эхний ээлжинд гар урлалыг өндөр түвшинд хөгжүүлж, монголчуудыг илүү бүтээлч ард түмэн болгох хүсэл тэдэнд бий.
Мөн “Амуулай” компанийн удирдлага дижитал эриний онцлогийг мэдэрч, үйл ажиллагаагаа технологижуулж, дижитал шилжилт хийхийг чухалчилж буй. Юуны түрүүнд, хиймэл оюунд суурилсан ложистик, автомат агуулахын системийг нэвтрүүлж, онлайн худалдааг хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Сумъяабазар “Өнөөдөр таамаглалд тулгуурласан итгэлцэл үүссэний үндсэн дээр аливаа борлуулалт хийгдэж байна. Харин ирээдүйд энэ бүхэн өөрчлөгдөж, худалдан авагчийн зан төлөв, сонирхлыг хиймэл оюун тодорхойлно. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун тухайн хэрэглэгчийн онцлогт нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгож, юу хэрэглэх эсэхийг нь шийднэ гэсэн үг. Манайх шиг худалдааны байгууллага бол дамжуулах үүрэгтэй, үйлдвэрлэгч хэрэглэгчийн хооронд итгэлийн гүүр болж ажилладаг хүмүүс. Хэрэглэгчдэд маш олон сонголт бий. Тэрхүү сонголтыг зөв болгон чиглүүлэх нь бидний үндсэн үүрэг. Аливаа бүтээгдэхүүнийг аль болох шинээр нь эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх нь хамгийн чухал ажил. Тиймээс ложистик, дэд бүтэцдээ анхаарч, Тосонцэнгэл, Ханбогд, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг томоохон сумдад хүрч ажиллахаар төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

Харин ерөнхий захирал Ч.Ариунзул “Хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсэг дижитал болчихлоо. Тэгэхээр бизнес маань хүссэн хүсээгүй ийшээ орж байна. Гол нь цаг алдалгүй орох хэрэгтэй. 20 жилийн өмнө бүх зүйл бодитоор өрнөж, бид мөнгөө тоолж, банканд тушаадаг байлаа. Зар сурталчилгаа ч биет буюу хэвлэмэл хэлбэртэй байсан бол өнөөдөр интернэт, сошиал медиа хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Ирээдүйд ямар карьерын дагуу хүмүүсийн дижитал амьдрал хөгжих нь хүртэл тодорхойлогдож эхэлнэ. Ямар ч ажил мэргэжилтэй хүн байсан дататай ажиллаж, дата анализ хийж чаддаггүй бол гологдох болно. Хөгжлөөс хоцрохгүйн тулд удирдагч хүн үүнийг бусдаас түрүүлж олж харж, өөрийн чадвараа сайжруулах ёстой. Өөрөө чадахгүй юм гэхэд чаддаг хүнийг нь ажиллуулах хэрэгтэй. Дижитал шилжилт хийхийг хүсдэггүй, өөрчлөгдөх бодолгүй хүмүүс зах зээлээс арчигдана” хэмээн тодотгосон юм.
“Хөгжлөөс хоцрохгүйн тулд удирдагч хүн үүнийг бусдаас түрүүлж олж харж, өөрийн чадвараа сайжруулах ёстой. Өөрөө чадахгүй юм гэхэд чаддаг хүнийг нь ажиллуулах хэрэгтэй. Дижитал шилжилт хийхийг хүсдэггүй, өөрчлөгдөх бодолгүй хүмүүс зах зээлээс арчигдана”
Түүнийг 16 настай байхад тухайн үед худалдаанд дөнгөж гараад байсан Дейл Карнегийн гурван цувралыг аав нь гэртээ авчирчээ. Эдгээр номыг нулимстай уншиж, өөрийгөө хөгжүүлж, бусдыг хайрлах ухааны талаар тунгаах болсон нь цагаа зөв зарцуулж, 24 цагийн менежментийг ухаалаг зохион байгуулах дадал зуршлын үндэс болжээ. “Өөрийгөө өнгөрсөн болон ирээдүйгээс тусгаарлаж, зөвхөн өнөөдрөөрөө амьдар. Өнөөдөр юу хийхээр төлөвлөсөн түүнийгээ л хий”. Энэ бол хүүхэд байхаасаа л өөртөө суулгасан түүний төлөвшил. Дөрвөн хүүхдэдээ ч ингэж захидаг. “Амуулай” компанийн эмх цэгцтэй, нарийн төлөвлөгөөтэй ажилладгийн нууц түүний энэ л төлөвшилтэй холбоотой. Тиймээс ч жил жилийн арваннэгдүгээр сар тэдний хувьд ирэх жилийн төлөвлөгөөгөө сар, өдрөөр нь тооцож, нарийн зохион байгуулж, төлөвлөх өдөр хоногууд байдаг. Ууланд авирах, зураг зурах зэрэг онцгой хоббигоо хөгжүүлэх цаг өөртөө гаргахын тулд ч тэр бүхнийг урьдчилан төлөвлөж, зохицуулсаар иржээ. Энэ арга барилд ажилтнуудаа ч сургахыг зорьж, 2023 оны борлуулалтын төлөвлөгөөгөө гаргахдаа ийм зорилтод хүрнэ, хамт олноороо ингэж аялна гэх мэтээр зорилготойгоо уялдуулж ажиллахыг зөвлөж, урам зориг өгөхийг хичээдэг бөгөөд компанийн 20 жилийн ойн хүрээнд 20 хүнтэй аяллын баг Япон руу саяхан аялаад ирсэн юм. Гэр бүлийн нэгэн найзынхаа олон жилийн өмнө зөвлөснөөр хуримтлал үүсгэж эхэлсэн нь ажил хэргээ ч ийн хөтлөн явуулахад хүргэж, компанидаа эрсдэлийн сан байгуулж, ажилтнуудаа ч ийм дадалд сургах зорилгоор тэмдэглэлт баяруудаар шагнаж урамшуулахдаа хуримтлалын дэвтэр нээж өгдөг талаараа ч тэр дурдаж байв.

Үүлнээс дээгүүр мөрөөднө
“Нетфликс” стримингд нэмэгдсэн даруйдаа дэлхий нийтийг шуугиулаад авсан “14 оргил: Боломжгүй зүйл гэж үгүй” (14 Peaks: Nothing Is Impossible) баримтат киног Ч.Ариунзул бараг 20 удаа үзжээ. Киноны гол дүр Нирмал Пуржа буюу Нимсдай зургаан өдрийн дотор дэлхийн 8000 метрээс өндөрт орших 14 оргилд гарсан бөгөөд түүний дундрашгүй эрч хүч, боломжгүйг боломж болгон хувиргаж буй өөдрөг сэтгэлийн хүч Ч.Ариунзулд асар их урам зориг өгч, “Би чадна” гэх итгэлийг хайрлажээ. Эндээс сэтгэлийн тэнхээтэй байж, бэлтгэлээ сайн хангаж, биеэ бэлдэх ёстойг ойлгосон байна. Учир нь тэр Непал, Энэтхэгийн хил дээр орших 8586 метр өндөр, дэлхийн гурав дахь өндөр ноён оргил хэмээгдэх, уулчдын тэр бүр зорьж авирдаггүй Канченжунгад гарахаар төлөвлөн бэлтгэж эхлээд байв. Энэ оны тавдугаар сард Ч.Ариунзул энэхүү зорилгодоо хүрч, дэлхийн 8000 метрээс дээш өндөрт орших 14 оргилын нэг Канченжунгад авирч, монгол хүний мөрийг анх удаа гаргажээ.

“Уулын оргилд гараад баярлаж хөөрөх гэхээсээ илүү доош бууж эхэлсэн цэгтээ ирэх нь хамгийн чухал. Отогтоо амьд ирсэндээ баярлаж, нулимс дуслуулсан” хэмээн баярт мөчөө тэр зураглав. Уулын оргил руу давшилт хийхийн өмнө хоёрдугаар кэмпт байрлах зуураа тэрбээр хэчнээн ядарч байсан ч уулчдын өндөрт биеэ дасгах дасгалыг хэд хэдэн удаа хийж, бие сэтгэлээ давхар бэлтгээд амжжээ. Канченжунга оргил өөд мацаж, олон цагаар мөсөн ханан дээр зогсож байхдаа гарын хүч нь хөлийнхөөс сул байгааг мэдэрсэн тул гарын хүчээ сайжруулахаар кроссфитээр хичээллэж эхэлсэн нь бэлтгэлийнх нь нэгээхэн хэсэг юм. Үүнийгээ “Хүн өөрийн мэдэхгүй, чадахгүй, сул байгаа чадваруудаа анзаарч, сайжруулахын төлөө явах хэрэгтэй. Нэг ёсондоо, өөртөө шинжилгээ хийж, тасралтгүй суралцан зөв дадал зуршлыг бий болгох нь чухал” хэмээн тайлбарлаж байна.

Өмнө нь тэрбээр Монголын 4000 метрээс өндөр оргилуудад авирч, улмаар амжилтаа ахиулан хилийн дээс даван давших болсныг Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 метр), Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895 метр), Хойд Америкийн ноён оргил Денали (6190 метр) -д авирсан зэргээс харж болно. Эдгээрээс Аляскад орших Денали дэлхийн хамгийн хүйтэн оргил гэдгээгээ онцгойрдог бол Африкийн Килиманжарод Ч.Ариунзул нөхрийн хамт авирч, гэрлэлтийнхээ 20 жилийн ойг мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүлж байв.
Ч.Ариунзул Монголын 4000 метрээс өндөр оргилуудад авирч, улмаар амжилтаа ахиулан хилийн дээс даван давших болсныг Европ тивийн ноён оргил Эльбрус (5642 метр), Африк тивийн ноён оргил Килиманжаро (5895 метр), Хойд Америкийн ноён оргил Денали (6190 метр) -д авирсан зэргээс харж болно.
Сүүлийн жилүүдэд ууланд авирах бүртээ зургийн хэрэгслээ авч гаран өндрийн бүсээс байгалийн үзэсгэлэнг усан будгаар дүрслэн харуулах болсон нь түүний бас нэгэн хүсэл сонирхол. “Уулчин хүнд тулгардаг бэрхшээл, хатуу хөтүүг урлагаар дамжуулан илэрхийлэхийг хичээдэг. Зураачид уул зурахдаа миний харж байгаа өнцгөөс зурдаггүй. Тэд уулыг доороос хардаг бол би дээрээс нь тольддог. Тиймээс өндөр дээрээс байгаль ямархан үзэсгэлэнтэй харагддагийг, тэр л өнгө, нюанс, агшныг зурж, хүмүүсийн хараагүй өнцгийг үзүүлэхийг эрмэлздэг. Хүн бүр өндөр уулын эрсдэлд гарч чадахгүй шүү дээ. Өндөрт аймшигтай хүйт даасан эрсдэл үүсдэгийг урлагаар илэрхийлэх өөрөө их гоё” хэмээн тэр хариулж байна.

Багаасаа зураг зурах дуртай байсан Ч.Ариунзул ахлах ангиасаа загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байжээ. Гэвч тохиол бүрдээгүй тул тухайн үеийн Улсын багшийн их сургуулийн урлал дизайны ангид элсэж, төгссөнийхөө дараа сургуульдаа нэг жил багшилж, улмаар Шанхайд хувцасны зураач чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Харин эргэж ирмэгцээ бизнесээ эхлүүлснээр компаниа хөл дээр нь босгох, өргөжүүлэх их ажил ундарч, одоогоос долоон жилийн өмнөөс л дахин зургаа зурахаар барьж авчээ. Өнгөрсөн хугацаанд оффисынхоо хоёр давхарт төвхнүүлсэн урландаа цайны цагаар, эсвэл өглөө эрт зургаа зурж, их ажлын хажуугаар яаж ийгээд цаг гаргасаар ирсэн аж. “Дадал зуршлыг өөртөө суулгасан учраас өнөөгийн түвшинд хүрсэн. Өдөр бүр нэг зураг зурахад ур чадвар сайжрахын зэрэгцээ цагаа ч үр дүнтэй зарцуулж байгаа юм. Орчлон ертөнцөөс тасарч, төвлөрдөг гэдэг утгаараа зураг зурах өөрөө бясалгал. Ямар нэгэн зүйлд төвлөрнө гэдэг өөрөө бясалгал. Усан будгаар удаан зурдаггүй, яг тухайн үеийн сэтгэл хөдлөл, эмоц, агшныг маш хурдан зурж дуусгадаг учраас их хүнд техник. Түүгээрээ ч илүү амттай. Уулын спорт маш их хүч тэнхээ, эрэмгий байдал шаарддаг бол зураг зурах үед өөрийгөө эмэгтэйлэг, нюанстай болсноор мэдэрдэг”.
“Уулчин хүнд тулгардаг бэрхшээл, хатуу хөтүүг урлагаар дамжуулан илэрхийлэхийг хичээдэг. Өндөр дээрээс байгаль ямархан үзэсгэлэнтэй харагддагийг, тэр л өнгө, нюанс, агшныг зурж, хүмүүсийн хараагүй өнцгийг үзүүлэхийг эрмэлздэг”.
Ийн хүүрнэсэн Ч.Ариунзул 2019 онд “Өөдөө урсах өнгө” нэртэйгээр анхны үзэсгэлэнгээ толилуулж байсан бол ирэх жил уг үзэсгэлэнгийнхээ хоёр дахь хувилбарыг дэлгэхээр цуврал зургууд дээрээ ид ажиллаж буй. Канченжунга оргил руу давших явцдаа 6000 метрийн өндөрт зурсан усан будгийн бүтээл нь ч энэ удаагийн үзэсгэлэнд багтжээ. Бүтээлүүдэд нь реалист хэв маяг зонхилох боловч тун саяхнаас контемпорари зураг зурж эхэлснээ тэр сонирхуулсан юм. Бүхэлдээ улаан өнгөөр будагдсан оргил сүрдэм бөгөөд асар сурреалист харагдах аж. Хэнд ч дэлгээгүй энэ зургаараа тэрбээр өндрийн бүс дэх уулс бол нэг талаар олон уулчны амь насыг авч оддог, байгалийн сүр хүчин ноёлсон, алхам тутамд эрсдэлээр дүүрэн онцгой орон зай гэдгийг илэрхийлэхийг зорьжээ. Энэ ч үүднээс “Өөдөө урсах өнгө -2” үзэсгэлэн уур амьсгалын хувьд арай өөр байх болно хэмээн онцолсон юм.
Багадаа үргэлж гүйж харайж явдаг, хөдөлгөөнтэй, спортлог охин байсан Ч.Ариунзулын гэр бүлийнхэн дулааны улиралд Яргайтын богино дахь зуслангийн байшиндаа голдуу гарна. Бага насны он жилүүдээ дурсахад гэр бүлээрээ жимсэнд явж, мөөг, гишүү түүж, ууланд алхаж, байгальд үргэлж ойр амьдарч ирсэн өдөр хоногууд санаанд нь тодорно. Хожим уулын спортоор хичээллэж эхлэхэд ч энэ бүхэн их нөлөөлсөн талаар тэр хуваалцсан юм. Өнгөрсөн он жилүүдэд улам бүр асаж дүрэлзсээр ирсэн оргилд тэмүүлэх түүний хүсэл эрмэлзэл өнөөдөр ч огт өөрчлөгдөөгүй нь мэдрэгдсээр байлаа.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 12 сарын дугаар (№49) -ын ковер нийтлэл –
Amjilt