ХААН Банк, “Содура консалтинг” ХХК хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрийг анх өнгөрсөн онд зохион байгуулж, энэ жил хоёр үе шаттайгаар шинэчлэн сайжруулсан байна. Эхний хөтөлбөрөөр оролцогчид бизнесийн стратеги, санхүү, үйл ажиллагаа, маркетинг, борлуулалт, хүний нөөц гэсэн таван үндсэн системээ ямар түвшинд буйгаа оношлох, салбарын судалгаа, шинжилгээ хийх, бизнесийн төлөвлөлт гаргах арга аргачлалд суралцсан бол дараагийн үе шатанд бизнесээ амжилттай удирдахад чиглэсэн удирдах ур чадвар, баг, хамт олонтойгоо тулж ажиллах, амжилттай гүйцэтгэх аргачлалд суралцсан байна. Онлайн, танхим хосолсон учраас уг хөтөлбөрт орон нутгаас оролцох боломжтой болсноороо онцлог байв. Тухайлбал Ховд, Дархан, Архангай, Эрдэнэт, Говь-Сүмбэр аймгуудаас оролцсон байна. Мөн суралцсан онолын мэдлэгээ бодит кейс дээр тулгуурлан баталгаажуулж, бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэн, бусдынхаа туршлагаас суралцах боломжийг бий болгохоос гадна оролцогчид хоорондоо түншлэлийн өргөн холбоо үүсгэсэн ньхөтөлбөрийн ач холбогдлыг нэмэгдүүлсэн юм.
Бизнес эрхлэгчид удирдах ур чадвараа цогц байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн өргөн агуулгатай хөтөлбөрийг банкны салбарт анхлан хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Ингээд “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр” –ийн хоёр шатны сургалтад хамрагдсан оролцогчдын сэтгэгдлээс хүргэе.
Ж.Ариунтуяа: Зөвлөх үйлчилгээний ачаар гацаад байсан асуудалдаа хариулт олсон
“Арцат Алтайн уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Дархан-Уул аймгаас оролцогч
Миний хувьд, Дархан-Уул аймгаас уг хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд, компанийн стратеги, засаглал, компаниа хэрхэн удирдах, аливаа асуудлыг хаанаас эхэлж шийдэх вэ гэх зэрэг маш үр өгөөжтэй хичээлүүд үзсэн. 2014 онд би махны жижиг дэлгүүр нээж, үйл ажиллагаагаа бага багаар тэлсээр түрээсийн байрнаасаа гарч, ХААН Банкны зээлээр үйлчилгээний талбай хүртэл авсан. Бизнес томрохын хэрээр ажилтнуудын тоо нэмэгдэж, үйлчлүүлэгчид ч олон боллоо. Бизнес маань тэлж эхлэх үед л удирдах арга барил, удирдахуйн тухай сонирхож эхэлсэн. Тухайн үед ХААН Банкны жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эхний хөтөлбөрийн сургалтад суусны ачаар гацаад байсан зарим асуудлынхаа учрыг олж, шийдэж чаддаг боллоо. Тиймээс үргэлжлүүлэн, “Содура консалтинг” компанитай холбогдож, зөвлөх үйлчилгээ авсан. Үүнээс гадна, хөтөлбөрийнхөө хоёр дахь сургалтад хамрагдсан. Хөтөлбөрийн агуулгад багтсан бүх хичээл амьдралд маш ойр байснаас гадна бидний хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, боловсруулсан нь үнэхээр сайхан байлаа. Хөтөлбөрийн хугацаанд бид нийт долоон багт хуваагдаж, хоорондоо өрсөлдөн, нэгнээсээ суралцаж байв. Нөгөө талаар, бид сайн хамтрагчид болж, бие биенийхээ үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж, маш сайн түншлэлийн харилцааг бий болгосон. Жишээлбэл, би олон шат дамжлагаар нэмүү өртөг шингээн авдаг бүтээгдэхүүнээ импортлогчоос нь шууд авдаг болж байна.
Орон нутагт бизнес эрхлэгч захирлуудын хувьд хөгжих боломж төдийлэн хангалттай биш. Улаанбаатарт байнга ирэх боломж байдаггүй. Харин “Бизнесийн менежментийн цогц хөтөлбөр” –ийн сургалтууд онлайн, танхим хослуулсан байсан нь хамгийн том давуу тал болсон. Мөн сая гаруй хүнтэй хотод бизнес хийх, 100 мянган хүнтэй аймагт бизнес хийж байгаа хүмүүс хоорондоо мэдээж өөр. Энэ утгаараа бусад оролцогчоос их зүйл сурлаа. “Үүн дээр л алдаад байжээ” гэсэн зүйлээ сургалтаас олж харсан. Тухайлбал, би мэргэжлийн бус хүнийг нягтлангаар ажиллуулдаг, сайн худалдагч байсан хүнийг борлуулагч болгож гадуур “гүйлгэх” гэх мэтээр ажил үүргийн хуваарилалтыг буруу хийдэг байсан юм билээ. Үүнийг ойлгож авсны үндсэн дээр ажил үүргийг зөв хуваарилан ажиллаж байна. Төгсгөлд нь хэлэхэд, ХААН Банк харилцагчаа маш сайн судалж, бидний хэрэгцээнд яг тохирсон сургалтыг зохион байгуулж, чухал хувь нэмэр оруулсанд үнэхээр баярлаж байна.
Ч.Болормаа: Менежерүүдтэйгээ ярилцаж, тэднийг илүү сайн сонсох болсон
“Гэзэгт” ЗБН үүсгэн байгуулагч, Говьсүмбэр аймгаас оролцогч
Бизнесээ системтэйгээр удирдахын тулд гүйцэтгэх захирал ямар байх хэрэгтэй вэ гэх агуулгыг хөтөлбөрийн хүрээнд олгосон. Би 23 жил бизнес эрхэлж байна. Үүнээс сүүлийн таван жилийн хугацаа хамгийн хүнд хэцүү өнгөрсөн. Өмнө нь тав, 10-хан хүнтэй жижиг компани байсан болохоор бүх зүйлээ өөрөө л хийгээд явчихдаг байв. Гэтэл төлөвлөлтгүйгээр ажилчдын тоог нэмснээс шалтгаалан бусадтай харилцах, тухайн хүний онцлогийг танин мэдэж, улмаар тохирох удирдлагын арга зүйгээр хангах асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Ажилтныг өндөр бүтээмжтэй ажиллуулна гэдэг тун авьяас шаардах зүйл. Ажил хийх хүн олдохгүйдээ биш, харин зөв хүнийг зөв газарт тавьж, өндөр бүтээмжийг бий болгох ур чадварт суралцах ёстойг ойлголоо. Манайх 70 -аад ажилтантай. Менежментийн багийн тухайд 10 орчим гишүүнтэй. Өмнө нь менежерүүд болон удирдлагын багийн хооронд үл ойлголцол их үүсдэг байсан. Учир нь өнөөдрийг хүртэл компаниа зөвхөн өөрийнхөө толгойгоор удирддаг байж. Цаасан дээр буулгасан зорилго, зорилт юу ч байхгүй. Маргааш яах нь тодорхойгүй байдал ажилтнуудын хувьд ч мөн тодорхойгүй, ойлгомжгүй байдал үүсгэсэн. Тиймээс уг сургалтад сууж эхэлмэгцээ менежерүүдтэйгээ ярилцаж, тэднийг илүү сайн сонсох болсон. Үүний үр дүнд, бид компанийнхаа гурван жилийн стратегийг хамтран боловсруулж чадсан. Тэгтэл менежерүүд маань “Одоо л бүх зүйл тодорхой боллоо. Гурван жилийн дараа хүрэх тэр цэгийг хармаар байна” гэж хэлсэн. Энэ бол сургалтад сууснаар гарсан хамгийн том үр дүн. Мөн нөгөө талаар, 100 гаруй захирал эмэгтэйчүүдтэй танилцаж, танилын хүрээгээ тэллээ. Энэ дундаас маш олон хамтрагчид бий болж, нэгнийхээ бизнесийг дэмжиж, харилцан суралцаж чадсан.
М.Болорчимэг: “Би ямар удирдагч вэ” гэдгээ мэдэж авлаа
“Гурван мөнх хаан” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Компаниа удирдаад гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд хамгийн бэрхшээлтэй байсан зүйл нь ажилтнаа таних, тэдний авьяасыг нээн илрүүлэх, зөв хүнийг тохирох ажилд нь хуваарилах байв. Тиймээс байгууллагынхаа хүний нөөцийг оношилж эхэлсэн. Мөн ажилтнаасаа ямар үр дүн хүсээд байгаа вэ гэдгээ системтэйгээр хэлж, ойлгуулж мэддэггүй байлаа. Харин энэхүү сургалтад хамрагдсанаар ажилтнуудтайгаа ойлголцож чаддаг болсон. Чадварлаг хүнийг олж ажиллуулахад удирдах ур чадвар сайн байх ёстой юм билээ. Тэр ч утгаараа “Би ямар удирдагч вэ” гэдгээ мэдэж авлаа. Аливаа мэдлэгийг чадвартай хүмүүсээс системтэйгээр олж авах нь их үр дүнтэй юм байна.
О.Отгонжаргал: Өмнөд Солонгос, Малайз улс руу бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулаад байна
“Санжайн хишиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
Манай компани зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нэг найз минь чихрийн шижинтэй гэж оношлогдон хөлөө тайруулахад хүрээд байлаа. Тиймээс найздаа туслахын тулд судалгаа хийж явахдаа нэгэн малчныд очоод чихрийн шижинг эмгүйгээр эдгээсэн тухай түүхийг сонссон. Эндээс гүзээ, сархинагаар цай хийе гэсэн санаа төрсөн. Гүзээ, сархинагт уураг их агуулагддаг учраас эмчилгээний хүрээнд ашиглахад их сайн нөлөөтэй. Мөн бид элэгний, бөөрний, уушгины цай гэх зэрэг олон төрлийн цайг өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэсэн. Улмаар үйлдвэрлэлээ өргөжүүлж, “Увидас” брэндийг хөгжүүлж байна. ХААН Банкнаас зохион байгуулж буй энэхүү сургалт өгөөжтэй, үр дүн сайтай болдог гэж өмнө нь сонсож байсан. Тиймээс зар гарсныг хармагцаа шууд л бүртгүүлсэн. Эхний сургалтад хамрагдах явцдаа шилдэг оролцогч болж, улмаар ХААН Банкны зүгээс Хятадын онлайн худалдааны платформ “Алибаба”-д бүтээгдэхүүнээ гаргах хүртэл дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж, өргөмжлөлөөр шагнаж байв. Энэ дагуу манай компани “Алибаба” –д бүтээгдэхүүнээ байршуулахын тулд бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн судалгаа хийж, Өмнөд Солонгос, Малайз улс руу бүтээгдэхүүнийхээ дээжийг явуулаад байна. Ер нь уг сургалтаас маш их зүйлийг сурч мэдэж, компанидаа бодитоор хэрэгжүүлж байна. Энэ ташрамд, ХААН Банк, “Содура консалтинг” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлье.
Д.Амарбаясгалан: Тухайн компанийн лого бүхий хөргөгчний наалт үйлдвэрлэх захиалгад дарагдаад байна
“Тэрэм” брэндийн үүсгэн байгуулагч
Манай компани 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бизнесээ дөнгөж эхлүүлээд, амжилттай ажиллаж байтал “Ковид-19” цар тахал дэгдсэн. Тиймээс харилцагчдаасаа захиалга хүлээн авч, олон янзын бүтээгдэхүүн гэртээ хийж, туршиж үзсэн. Ингээд нэг л мэдэхэд 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байв. Гэсэн хэдий ч нөхөр бид хоёр цаашид тоглоом үйлдвэрлэх үү, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх үү гэх мэтээр санал зөрж, бизнесээ ямар чиглэлээр авч явах эсэх нь ч эргэлзээтэй болсон. Яг ингэж гацаад байх үед ХААН Банкны энэхүү сургалт зарлагдсан. Одоо бол үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг бид олж авсан. Бага багаар хэрэгжүүлээд явж байна. Эмэгтэй захирлууд маань хоорондоо бүхий л талаараа харилцан уялдаатай хамтарч ажилладаг болжээ. Тухайлбал, миний хувьд гэхэд л тухайн компанийн лого бүхий хөргөгчний наалт үйлдвэрлэх захиалгад дарагдаад байна. Сургалтын хүрээнд, онолын мэдлэгийг бататгах ажил хийгдэж, тулгарч буй хүндрэл бэрхшээлээ хамтдаа хуваалцан, шийдэл эрэлхийлж явсан болохоор маш үр дүнтэй байлаа. Бид өөрсдөө бол 10 жил туулж суралцах байсан ойлголтуудыг богино хугацаанд өгч, цаг хугацааг маань хэмнэж өглөө. Энэ ч утгаараа бизнесийн хурдасгуур болж чадсан.