Учиртай тоонууд: НӨАТ-ийн 10%, үйл ажиллагаа түр зогсоосон 50%
***
Сүүлийн 30 жилийн бизнесийн хөгжлөөс харахад хэрвээ зээл авах шаардлагагүй, төртэй ямар нэг ажил хамтарч хийдэггүй, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ байнга нийлүүлдэггүй бол хувь иргэнээрээ бизнес эрхлэх нь бүртгэлд өртөхгүй, татвар төлөхгүй байх хуулийн боломж болсоор ирсэн.
Манайд НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэн цагаас түүнийг ашигласан, завшсан олон үйлдэл гарч байсан. Одоо ч байна. Магадгүй цаашдаа арга нь нарийссаар байх болов уу. Буруу зүйлийг өөгшүүлэхгүй дарж авах аргад нийтээрээ суралцмаар байна. “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг дээ. Гэхдээ зөвхөн ганц нэгээрээ биш нийтээрээ суралцаж, хэрэгжүүлж байж бидний амьдрал нэг шат ахиж, хулгай хийх боломж хаагдана.
Төлбөрийн баримтыг авахаас, өгөхөөс дургүйцэх нь ихсэх болжээ. Бизнес эрхлэгчид иргэдийг төлбөрийн баримт авахаар шаардах үйлдлийг эвтэйхэн булзааруулж үнийн дүнгээ 10 хувиар буулгах эсвэл нэмэх зэргээр олон арга ашиглаж байна. ПОС төхөөрөмжийн компаниуд нь QR кодтой төлбөрийн баримт хэвлэдэг боловч тэр гүйлгээг системд явуулдаггүй, сугалаагүй баримт гаргах гэх мэт тохируулга хийж арга нь нарийсаж байна. Иргэдийн зүгээс “за төвөг” гэсэн хандлага улам л нэмэгдэж байна. “Хоёрхон хувийг буцаан авч байхаар бүгдийг нь авдаг байсан бол ч яах вэ”, “НӨАТ бол татвар биш далд эдийн засгийг илрүүлэх бүртгэл” гэх мэтээр иргэдийн сэтгэлзүйд ухуулах дайралт хийгдсээр байна. Гэхдээ л төлбөрийн баримт өгөхгүй байна гэдэг чинь “ХУЛГАЙ” л юм. Яагаад хулгай гэж томьёолж байгаагаа тайлбарлая.
Бид банкны ПОС-ыг амьдралдаа асар хурдан оруулсан. Одоо бэлэн мөнгөтэй явах хүн ховордсон. Түүн шиг төлбөрийн баримтын системийг санхүүгийн баталгаа болгон ашиглаж эхлэх цаг удахгүй ирнэ. Банкууд зээл өгөхөд ямар амар болсон билээ дээ. Гэхдээ тус тусдаа зээлийн болон үйлчилгээний хүрээтэй. Тиймээс удахгүй төлбөрийн баримтын систем таны болон танай байгууллага, компанийн санхүүгийн баталгаа болох цаг ирэх төлөвтэй. Олж буй орлогоо бүртгэнэ. Гарч буй зарлагыг нөгөө тал бүртгэчихнэ. Систем нь санхүүгийн тайлан тооцооллыг хийгээд өгчихнө. Шинээр бизнес эхлүүлэх, аль эсвэл томоохон зүйл худалдан авах, “зээл хөөцөлдөх” хэрэгтэй болоход миний санхүүгийн гүйлгээг систем нотлоно. Харин банк зээлийн материл судалсан гэх 1 хувийн шимтгэл авах эрхзүйн боломжгүй болно. Ингэж л төсөөлж байна. Санхүүгийн том боломж, шударга байдлын хэмжүүр.
Төлбөрийн баримтын системийг санхүүгийн баталгаа болгон ашиглаж эхлэх цаг удахгүй ирнэ.
Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид, ялангуяа иргэд төлбөрийн баримтаа аль болох өгөхгүйг хичээсээр, барааг нь худалдан авч буй иргэд дэмжсээр байгаа нь харин харамсалтай.
Яагаад төлбөрийн баримт өгөхгүй байна вэ гэж асуувал энэ “новш”-ийн нийгэмд татвар төлмөөргүй байна ш дээ гэсэн хариулт магадгүй хамгийн шударга сонсогдож байж болно.
Гэтэл төлбөрийн баримт гаргахгүй, татвар төлөхгүй гэж тэмцэх нь зөв гарц мөн үү гэж бодоод үзэх хэрэгтэй. Ийм байдлаар тэмцэж, бусдыг уриалж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж эхлэбэл УЛС ГҮРЭН гэж “тунхаглах”, МОНГОЛ ХҮН гэж “омогших” хэрэггүй, шаардлагагүй болно. Ер нь татвар төлөхгүй байх нь эх орноосоо урвасан гэмт хэрэг, ирээдүйгээсээ хулгайлж буй “том хулгай” юм даа. Улс гүрнээ нураах сэдэл бий болгож байна гэж ухамсарлах хэрэгтэй.
Харин биднээс авч буй татвар тэгш, шударга байж чадахгүй байна гэж тэмцвэл энэ харин илүү эх оронч үйлдэл болно. Тэгш, шударга байхыг яаж шаардах ёстой юм бэ гэсэн асуултанд хариулах гэж хичээе ээ.
Надаас зөвлөгөө авахаар олон асуулт ирдэг. Бас худалдан авалтын баримтаа өгөхгүйгээс тэгш бус байдал бий болоод байна гэсэн гомдол ч ирдэг. Гомдлыг сонсоод өнгөрөөлгүй, тайвшруулахаас өөр үйлдэл хийх хэрэгтэй болоод байгаа учир энэ нийтлэлийг бичихээр эхлүүлсэн юм.
Төлбөрийн баримт өгөхгүй байна гэсэн гомдол татварын албанд асар их ирдэг. Сүүлдээ ч шийдвэрлэх процессоо дийлэхгүй цахимжуулах арга руу орох болов уу. Татварын албаны ганц өгч буй зөвлөгөө нь хуулийн дагуу төлбөрийн баримтаа шаардаж ав л гэдэг. Тэд төлбөрийн баримт гаргуулах бүх боломжийг системдээ хийсээр л байна. Төлбөрийн баримтаа авах гэж шаардах нэг нь бий ч шаардаж чадахгүй нэгэн бас бий. Систем ашиглаж мэдэх нь бий, мэдэхгүй нь бас байнаа. Тиймээс шаардуулахгүй өгдөг тэр чиг хандлага руу бизнес эрхлэгчдээ төлөвшүүлэх асуудал хамгийн чухал болоод байна.
Татварын алба ковидын хуулийн үйлчлэл дуусахаар төлбөрийн баримтаа гаргаж өгөөгүй бизнес эрхлэгчдийг компани, хувь хүн гэлтгүй Зөрчлийн хуулиар торгох ажил өрнүүлөх шинжтэй. Сүүлийн 2 жил ковидын хууль торгууль тавихгүй байх үндэслэл болж байв. “Торгоод ирэхээр та нар яах юм бэ” гэсэн татварын байцаагчдын ширүүн үйлдэл ихсээд ирвэл нөгөө авилгал гээч юм шуурга мэт дэгдэх болно. Татварын албанд хүн ажилладаг учраас олон хүн дунд олон янзын ашиг сонирхол агуулагдаж байдаг гэдгийг мартамгүй.
Далд эдийн засаг юунаас болж үүсэх вэ? Бүртгэлгүй орлогоос үүснэ. Бүртгэлгүй орлого юунаас үүсч байна вэ? Хэт чанга хууль дүрэм, эсвэл тэгш, шудрага бус татварын хуулийн хэрэгжилтээс үүсээд байна.
Бизнес эрхлэгчдийн төлбөрийн баримт өгөөгүй шалтгаанууд янз бүр байх боллоо. Төлбөрийн баримт өгөөгүй л бол тэдний буруу гэж торгож шийтгэх нь бас өрөөсгөл байдал бий болгох төлөвтэй. Тэр шалтгаан дээр тоглолт хийх “ухаантнууд” бас гарч ирж л байна.
Төлбөрийн баримт гаргаагүй гэх үйлдэл нь орлого бүртгэхгүй байх ганц зорилготой. Энэ нь гэхдээ санаатай, санамсаргүй байдлаар гарч ирж байна. Санаатай үйлдлийг хааж, санамсаргүй үйлдлийг бууруулах нь төрийн хүлээх үүрэг.
Харин аль нь ч байлаа гэсэн бүртгэлгүй орлого улс орны хэмжээнд далд эдийн засаг нэмэгдүүлнэ.
- Далд эдийн засаг юунаас болж үүсэх вэ? Бүртгэлгүй орлогоос үүснэ.
- Бүртгэлгүй орлого юунаас үүсч байна вэ? Хэт чанга хууль дүрэм, эсвэл тэгш, шудрага бус татварын хуулийн хэрэгжилтээс үүсээд байна.
Хувиараа ямар нэг зүйл хийж, үйлдвэрлэж буй иргэдээ аль болох аж ахуйн нэгж, хуулийн этгээд хэлбэрээр ажиллуулж эдийн засаг, татварын харилцаанд оруулахаар сүүлийн 30 жил санхүү, татварын бодлого чиглэж ирсэн.
Үүний үр дүнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 230 608 хуулийн этгээд бүртгэлтэй байна. Гэтэл 50 орчим хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон гэсэн шалтгаантай. Тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь 35 хувь. Харамсалтай тоо биш үү.
Хуулийн этгээдийн 50 орчим хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон шалтгаан нь юу вэ?
Манай иргэд тамга тэмдэг бүхий хуулийн этгээд байгуулсан ч хувь иргэнээрээ үйл ажиллагаа явуулах нь их болсон юм биш үү гэсэн таамаглал эндээс үүсдэг. Тамга тэмдэг нь хэрэг болсон үед ашиглагддаг “цүнхний” компани ихтэй байна гэсэн тайлбар өгч болно. Сүүлийн 30 жилийн бизнесийн хөгжлөөс харахад хэрвээ зээл авах шаардлагагүй, төртэй ямар нэг ажил хамтарч хийдэггүй, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүнээ байнга нийлүүлдэггүй бол хувь иргэнээрээ бизнес эрхлэх нь бүртгэлд өртөхгүй, татвар төлөхгүй байх хуулийн боломж болсоор ирсэн. Ийм зөвлөгөөг “мэргэшсэн” зөвлөхүүд өгөх нь элбэг.
Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 94 хувь нь Монгол улсын иргэний өмчлөлтэй, төрийн болон орон нутгийн өмчийн, гадаадын иргэний байгуулсан аж ахуйн нэгж нийлээд 5 хувь, гадаадтай хамтарсан нь ердөө л 1 хувь байна. Монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд нь дийлэнх нь ганц хүний өмчлөлд байдаг гэсэн тоо мэдээ бас байдаг. Ганц хүний эсвэл гэр бүлийн аж ахуйн нэгж байх нь ногдол ашиг хуваарилах асуудалд маргаан үүсгэдэггүй. Ашиг хуваах гэдэг ойлголт нь аж ахуйн нэгжүүдийн толгойн өвчин, хэрүүлийн алим болдог учраас хамтарч эхлүүлсэн бизнес салан тусгаарлах нь элбэг. Эсвэл нэг малгайтай ч дотроо хувь хувиараа орлогоо олж, аж ахуйн бүртгэл тайландаа хүндрэл үүсгэнэ. Тиймээс ч дангаараа иргэнээрээ үйл ажиллагаа хөтлөн явуулах нь элбэгшиж ирсэн.
Чинээлэг иргэн гэж хэнийг хэлэх юм бэ? Татвар сайн төлдөг бизнесмэнүүд л байх болов уу.
Үйл ажиллагаа явуулж буй 81 533 аж ахуйн нэгжийн дийлэнх нь буюу 47 гаруй хувь нь бөөний болон жижиглэн худалдаа (29 672), үйлчилгээ (8 545) эрхэлж байна. Төлбөрийн баримт зайлшгүй гаргах ёстой бизнесүүд юм. Харин тэдний дийлэнх нь төлбөрийн баримт гаргахаас цааргалж байна. Шалтгаан олон бий, гэхдээ бидний хэлж заншснаар “гаальтай машин”, карго үйлчилгээ ашиглан хил гаалиар нэвтрүүлсэн, тухайн бизнес эрхлэгчийн нэрээр татвар төлөөгүй зэрэг эх үүсвэр нь “тодорхойгүй” бараанууд, эзэмшсэн мэдлэг ур чадвараараа үзүүлж буй үйлчилгээ хамгийн хүнд байдлыг үүсгэдэг. Төлбөрийн баримтгүй барааг худалдан борлуулж буй бөөний болон жижиглэн худалдаа, үйлчилгээний бизнесийг “баримт өг” гэж шаардаж “хүч хаях уу” эсвэл татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хуулиар олгож иргэдээ хямд бараа авч хэрэглэх боломжоор хангах уу гэдэг асуудал гарч байна.
Нарантуул, Хүчит шонхор, BOZZOLLO гэдэг зах худалдааны төв байх хэрэгтэй юу, хэрэгтэй бол тэнд худалдаа эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих үү эсвэл хориглох уу.
Иргэдийн наад захын хэрэгцээг хангах, хямд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, ахуйн бараагаар хангах бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ. Ямар ч улс оронд хар зах байдаг бөгөөд иргэдийн гар дээрх худалдааг хүлээн зөвшөөрдөг. Харин тэнд эргэлдэх орлогыг бүртгэлжүүлэх үүднээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн зөв бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг бодлогын түвшинд авч үзвэл хөгжлийн ялгаа ажиглагддаг. Татварын бодлого барьж буй төрийн байгууллага хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг илт сайжруулсаар ирсэн. Энэ нь нэг талаасаа уг хуулийг өдөр тутамдаа ашиглаж асуудлыг нь гаргаж ирж, хэл ам хийж явдаг компаниуд, тэдний хуульч, татварын зөвлөх, нягтлан бодогчдын хөдөлмөрийн үр дүн. Харин хувь хүний орлогын албан татварын хууль аж ахуйн нэгжтэй холбогдох заалтаараа л сайжирч байснаас хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд нөлөөлөх заалтууд нь бараг л хаягдсан гэж хэлэхэд болохоор байдаг. Яагаад гэвэл энэ заалтыг ашиглаж татвар төлөх иргэд маш бага, бараг байхгүй учраас хэрэгжүүлэх явцад зөрчил үүсэх тохиолдол бага. Тиймээс татварын байгууллага хэрэглээ багатай заалтад өөрчлөлт оруулах санал гаргах шаардлага үүсдэггүй.
Амьжиргааны түвшин муу үзүүлэлттэй байхад бүх орлогоос татвар төлүүлэх ТАТВАРЫН БОДЛОГО баримталж, түүнийгээ хуульчилж ирсэн нь хууль тогтоогчдын АЛДАА юм.
Гэхдээ татварын бодлого боловсруулж буй төрийн байгууллага цаг үеэ мэдэрч хуулиа боловсронгуй болгохыг хичээхгүй бол иргэд дассан байдлаасаа гарахгүй, татвар төлөгч болж тайлангаа өгөх гэж хичээхгүй. Иргэддээ байнга “ташуурын арга” хэрэглэж хууль хэрэгжүүлэхийг шаардах нь зохисгүй. Иргэд үйл ажиллагааг нь шалгаж ирсэн байцаагчийг аргална, авлига өгнө, аль эсвэл өөр тийш нүүн зугтан одно.
Хувиараа хөдөлмөрлөгч иргэд нь татвар төлөх үүргээ лозунгийн түвшинд мэдэхээс амьдрал дээр татвар гэдэг ойлголт аминд тулж ирэх нь тун ховор. Тиймээс татварын хууль яаж боловсрогдож, батлагдах нь УИХ гишүүдэд л хамаатай, иргэдэд хамаагүй байсаар иржээ. Тэр боломжийг олж харсан “сэргэлэн” иргэд өөрийн бизнесийг хамгаалах, хөнгөлөх, чөлөөлүүлэх заалтыг хуульчлуулсаар байна. Энэ нь нийт иргэдэд өгөх өгөөж бага учир орлогын тэнцвэргүй байдлыг бий болгосон. Өндөр орлоготой иргэд асар ихэссэн. Түүнийг даган үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес ашигтай бизнесийн нэг төрөл болсныг зах зээл харуулж байна. Газар үнэд орж өндөр барилгуудыг иргэд бариулж, түрээслэх боллоо. Гэтэл тэд татварын ямар ч бүртгэлгүй, төлдөггүй. Хууль тэгш, шударга хэрэгжихгүй байна гэх гомдол эндээс эхлэлтэй.
Иргэдийг татвар яаж төлүүлж сургах вэ?
Иргэдийг татвар төлүүлж сургах гэж ярихаас өмнө иргэдийн амьжиргаа ямар байгаа вэ гэдгийг авч үзэх ёстой. Иргэд маань хангалуун чинээлэг амьдардаг бол татвар төлөх асуудлыг чухалчлан тавьж болно. Гэтэл дийлэнх иргэд нь хоёр идэхгүй хоосон хонохгүй, амьжиргааны түвшин муу үзүүлэлттэй байхад бүх орлогоос татвар төлүүлэх ТАТВАРЫН БОДЛОГО баримталж, түүнийгээ хуульчилж ирсэн нь хууль тогтоогчдын АЛДАА юм.
Бүх иргэдээ өндөр орлоготой иргэд мэт бодож болохгүй шиг бүх иргэдээ бага орлоготой гэж бодож татварын бодлого хэрэгжүүлж болохгүй. Бага орлоготой иргэд бага төлдөг, их орлоготой иргэд их төлдөг системд яаралтай шилжмээр байна.
Иргэдийн жилийн 100 сая хүртэлх төгрөгийн орлогыг НӨАТ болон ашгийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх бодлого хэрэгжүүлмээр байна. Иргэд энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд ядаж л татвар төлөгчөөр бүртгүүлж, төлбөрийн баримтаа олгож тайлан тушааж сурна. Ингэж сурснаараа хуулийн нарийн ойлголтыг хэрэглэх явцдаа мэдэрч хууль нь сайжирч ирнэ. ЧИНЭЭЛЭГ ИРГЭН БҮХИЙ улс болох зорилго тавиад байгаа биз дээ? Чинээлэг иргэн гэж хэнийг хэлэх юм бэ? Татвар сайн төлдөг бизнесмэнүүд л байх болов уу.
Хууль хэлэлцэх үед амбиц үүсгэн орлогоо НӨАТ-аас чөлөөлүүлж чадсан нотариачдын жишээг татаж болох юм. Хууль бол өөрчлөгдөшгүй зүйл биш. Урсгал ус мэт бохирыг угаан цааш урсахдаа тунгалагшин, цэвэршиж байх ёстой үйл явц.
Инфляциа бодсон ч жилийн 100 саяын орлого бол иргэд нь орон гэртэй болох, утаагүй түлш хэрэглэх, хогоо ангилж хаядаг байх, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдаж болох, залуус нь шинээр бизнесээ ямар нэг дарамтгүй эрхлүүлэх эхлэл болох тийм л орлогын хэмжээ. Татварын хөнгөлөлтийн бодлого бол цаанаа нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэж явдаг.
Хамгийн чухал нь иргэдийн маань олж буй орлого бүртгэлтэй байх хэрэгтэй. Төлбөрийн баримтаа өгөхөөс цааргалдаггүй байх ёстой. Бизнесийг нь хүндэтгэн худалдан авалт хийсэн иргэддээ төлбөрийн баримтаа алга дэлгэн хүндлэлтэй хандан өгдөг байхад улс оронд минь хөгжил дэвшил ирэх учиртай.
Орлого нь бүртгэгдээгүй бизнес эрхлэгч ихтэй байвал ирээдүйгээ хулгайлж, далд эдийн засаг хэмээх мангасын амнаас гарч чадахгүй, тамын тогоон дотроо буцалсаар л байх болно бус уу.