Олон арваны турш ад үзэгдсээр ирсэн кобальт нь өдгөө ногоон эдийн засгийн амин чухал түүхий эд болжээ. Сүүлийн үед асар их эрэлттэй болоод буй цахилгаан машин, лаптоп, гар утасны батерейны гол орц бол кобальт юм.
***
Бүгд Найрамдах Конго улсын зүүн өмнө зүгт орших Колвези хотын захын дүүрэг дэх барааны зах. Энд шуудайтай шороо үүрэн алхах тоос шороонд дарагдсан эрчүүдийг харахад Avon-ий нүүрний тос борлуулахын тулд үдэшлэг зохион байгуулдаг баян орны эмэгтэйчүүдтэй адил төстэй зүйл огт анзаарагдахгүй. Гэхдээ аль ч тохиолдлыг авч үзсэн илүү ихийг зарах тусам бонус нь нэмэгддэгээрээ адилхан. Барааны захын өгөршсөн дээвэр доор ашигт малтмалын хүдэр тус бүрийн үнийг гараар сарайлган бичсэн хуудаснууд эрийх аж. Тухайн сарын гарцаа биелүүлсэн ашигт малтмал олборлогчид уут дүүрэн эрдэнэшишийн хоол, ухаалаг гар утас, зурагт зэрэг шагнал авдаг. Олон арваны турш ад үзэгдсээр ирсэн кобальт нь өдгөө ногоон эдийн засгийн амин чухал түүхий эд болжээ. Сүүлийн үед асар их эрэлттэй болоод буй цахилгаан машин, лаптоп, гар утасны батерейны гол орц бол кобальт юм. Дэлхийн дулаарлыг бууруулахаар олон улс хүчин чармайлт гаргаж эхэлсэн учир кобальтын эрэлт 2050 он гэхэд одоогийнхоос зургаа дахин нэмэгдэх талаар өнгөрсөн жил хэвлэгдсэн Олон улсын валютын сангийн нэгэн судалгаанд дурджээ. Гэхдээ кобальтын нийлүүлэлт нь цэвэр эрчим хүч рүү шилжихэд саад тотгор болж магадгүйг тэд анхааруулсан.
Яагаад вэ гэдгийг ойлгохын тулд дэлхийн кобальтын гарцын 60-70 хувийн бүрдүүлдэг Конго улсын Зэсийн бүсийг судлах хэрэгтэй. Конгогийн кобальтын ихэнх хувь нь зэсийн үнэ нэмэгдэхгүй л бол гарцаа нэмэгдүүлэх чадамжгүй, эсвэл тэгэх сонирхолгүй зэсийн томоохон уурхайнуудын дагалдах бүтээгдэхүүн юм. Өөр нэг томоохон эх үүсвэр бол “бичил уурхайчид”. Цөөхүүлээ нэгдэн ажилладаг хууль бусаар ашигт малтмал олборлогчид нь Конго улсын кобальтын гарцын 15 хувийг гаргадаг. Энэ нь дэлхийн кобальтын хоёр дахь том үйлдвэрлэгч ОХУ-ын нийт гарцаас ч их хэмжээ билээ.
Бичил уурхайчид нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд асар чухал байр суурь эзэлдэг. Тэд механикжсан том уурхайтай харьцуулбал илүү өндөр чанартай хүдэр ухаж гаргадаг бөгөөд тухайн үеийн үнэ ханшаас нь шалтгаалж нэг бол кобальт, эсвэл зэс ухдаг “хос” уурхайчид юм. Гэхдээ Конгогийн бичил уурхайчид асар их саад бэрхшээлтэй тулгардаг учир хүссэн хэмжээгээрээ ухаж чаддаггүй төдийгүй, цэвэр эрчим хүчний хувьсгалын үр шимийг хүртэж чадахгүй хэвээр байна.
Жижиг уурхайнуудад ажиллахад аюултай бөгөөд байгаль орчин ихээр бохирдуулдаг нь гол асуудлын нэг юм. Хонгил нурахад, уурхайд гал гарахад амь үрэгдсэн уурхайчдын тухай аймшигтай, сэтгэл өвтгөм явдлын талаар олон улсын ТББ-ууд олонтаа мэдээлсээр ирсэн. Хамгийн харуусалтай нь долоон настай хүүхдүүдийг кобальт ухуулахаар уурхайд ажиллуулдаг нь юм. Бичил уурхайгаас шалтгаалж хүний амь нас хохирч буй талаарх Эмнести интернэйшнл байгууллагын 2016 оны судалгаа ихээхэн шуугиан дэгдээсний дараа өөрсдийн ашиглаж буй батерейнд бичил уурхайчдын олборлосон кобальт ашиглахгүй байхаар гар утас, автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд амлалт өгсөн. Түүнээс хойш зургаан жил өнгөрөхөд бараг юу ч өөрчлөгдсөнгүй.
Бичил уурхайчдын ажиллах орчин яагаад сайжрахгүй байгаа олон шалтгааны нэг нь тэднийг тус салбараас шахан гаргаж буй явдал мөн. Конго улсад бичил уурхайг зөвхөн тусгайлан зааж өгсөн газарт эрхлэх ёстой. Гэвч бодит байдал дээр Колвези дахь асар том уурхайнуудын зарим хэсэгт л тэд ажиллах боломжтой. Хэдий зарим уурхайг олон арван жилийн турш ашигласаар ирсэн ч бичил уурхайчдын ажил, амьдрал тийм амар биш. “China Molybdenum” компанийн эзэмшлийн Tenke Fungurume уурхайгаас 2019 онд армийнхан 5000-8000 уурхайчныг хөөж байв. Гэсэн ч Колвезигээс 100 орчим км зайд орших тус уурхай руу хүмүүс эргэж ирсээр байна. “Хамгаалалтынхан биднийг хөөж, зодож, нүхийг маань эвдэлж байсан” гэж өнчирч хоцорсон ач зээ нараа тэжээхийн тулд шороо ухдаг Женеросе Яндава өгүүлэв. “Ач нараа сургуульд л явуулмаар байна. Гэвч мөнгө байхгүй. Энд уурхайд ажиллахаас өөр ажлын байр байдаггүй” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Зэсийн бүсэд 140-200 мянган бичил уурхайчин ажилладаг. Ихэнх нь өдөрт 10 хүрэхгүй ам.долларын орлоготой ажилладаг гэж Германы Засгийн газрын харьяа Геологийн шинжлэх ухаан, байгалийн нөөцийн институт (BGR) тооцоолжээ. Иргэдийнх нь бараг 73 орчим хувь өдрийн 1.30 ам.долларын орлого олдог тус улсын хувьд энэ нь өндөр орлого билээ. Нийт уурхайн 25-30 хувьд хүүхдүүд ажилладаг гэж BGR болон баян улсуудаас голчлон бүрддэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын судалгаанд дурджээ. Фунгурумэ уурхайд ажилладаг Китенге Мами хэмээх охин “гуйлгачин болохыг хүсэхгүй байгаа учраас уурхайд ажилладаг” гэж өгүүлэв. Эдийн засгийн бусад салбарт ч уул уурхай нөлөөлдөг: мотоцикльтой таксичид шуудайтай уурхайчдыг зөөж, шороо хийхэд зориулагдсан “I heart DRC” бичигтэй торыг толгойгоо алчуураар боосон эмэгтэйчүүд шороо тоостой зах дээр зарж, наймаачид хөлбөмбөгийн пүүзийг ажлын гутлаар солино. Тус мужийн хүн амын 60 хувь нь бичил уурхайгаас амьдралаа залгуулдгийг нэгэн судалгаа харуулсан юм.
Хүдэр худалдаж авдаг худалдааны захыг заавал конго хүн эзэмших ёстой гэж хуульд заасан ч бодит байдал дээр ихэнхийг нь гадныхан, тэр дундаа хятадууд санхүүжүүлдэг.
Уурхайн ажил эрсдэл ихтэй. Бохирдол асар их. Хэрэв аав нь уурхайчин бол хүүхэд нь гажигтай төрөх нь элбэг. Гучин метрээс гүн уурхай ажиллуулахыг хорьдог ч бараг хэрэгждэггүй. Хүний амийг авч одсон нуралт элбэг тохиолддог. “Албан ёсны статистик байхгүй ч маш олон хүн энд үхэж байна” гэж Колвези дэх хүний эрхийн хуульч Донат Камбола Ленге хэлсэн бол нэр ус нь тодорхойгүй олон уурхайчны оршуулгад оролцсон Жорж Нгоме ламтан “Бусад мужаас ирсэн хүмүүсийн ар гэрийнхэн чухам юу болж өнгөрснийг мэдэх боломжгүй” гэв.
Зарим уурхайчин сайн дураар нэгдэн ажилладаг ч хуулийн дагуу тэд ямар нэг нөхөрлөлд харьяалагдах ёстой. Энэ нь олон хүнийг хамарсан нөхөрлөл байх боломжтой ч үнэндээ дийлэнх нь нэр нөлөөтэй хүмүүсийн хяналтад байдаг ажилчдын бүлэглэл төдий юм. Ийм нөхөрлөлийн дарга нар нь ихэвчлэн улс төрчид, тэдний гэр бүлийнхэн, зохицуулагч агентлагуудын томоохон албан тушаалтнууд байдаг гэж OECD мэдээлжээ. Энэ оны эхээр тус мужийн засаг захиргаа уул уурхайн салбар хариуцсан даргаараа хамгийн том нэгэн нөхөрлөлийн тэргүүнийг томилжээ.
Хүдэр худалдаж авдаг худалдааны захыг заавал конго хүн эзэмших ёстой гэж хуульд заасан ч бодит байдал дээр ихэнхийг нь гадныхан, тэр дундаа хятадууд санхүүжүүлдэг. Бүх захыг ард иргэд нь “La Maison Chinoise” (Хятад байшин) гэж нэрлэдэг байна.
Ихэнх уурхайчин хөдөлмөрөө завшуулах нь элбэг. Наймаачдын ашигладаг жин, спектрометр (кобальтын концентрацыг хэмждэг) худлаа заадаг гэж уурхайчид буруушаадаг. Тэд мөн хятад наймаачдын заль мэх, худалдан авах чадвараас шалтгаалж зах зээлд өөрийн гэсэн эрх мэдэлгүй байгаадаа уурсдаг. Түүнчлэн зарим төрийн байгууллага, дарга, цагдаа, хамгаалалтынхны тогтоосон албан бус “татвар”-ын (тэд заримдаа нэг шөнө 250 ам.долларын авлига авдаг) талаар гомдоллох нь бий. BGR-ийн судалгаанд хамрагдсан 116 уурхайн 90-д нь тагнуулын албаныхан уурхайгаас гарч буй ачааны машинуудаас төлбөр авч байжээ. “Манай улсад хууль бий ч хуулийг хэн ч хүндэлдэггүй. Засгийн газар авлигадаа идэгдсэн” гэж Ленге өгүүлэв.
Бичил уурхайчдаас худалдаж авсан кобальтыг захаас ачааны машинаар тээвэрлэн баяжуулах үйлдвэрт аваачиж, том уурхайгаас ирсэн хүдэртэй хольдог. “Томоохон, техникжсэн уурхай болон бичил уурхай нь хоорондоо эрс тэс ялгаатай гэдгийг харуулахыг зарим компани хичээдэг ч үнэндээ энэ хоёрт зааг ялгаа гэж бараг үгүй” хэмээн Нью-йоркт төвтэй Байгалийн нөөцийн засаглалын институт мэдээлсэн юм.
Ашиглаж буй кобальтын гарал үүслийг тодорхойлохын тулд Tesla, Volvo компаниуд блокчэйнд тулгуурласан систем ашиглаж эхэлжээ.
Бичил уурхайтай холбоотой асуудлыг шийдэхийн тулд кобальтыг худалдаж, баяжуулж, ашигладаг олон улсын компаниуд гурван арга ашиглажээ. Нэгдүгээрт, тэд нийлүүлэлтийн сүлжээнд нь чухам юу болдгийг мэдэхийг хичээв. Жишээлбэл, Apple компани кобальт баяжуулж нийлүүлдэг бүх компанийн жагсаалтыг гаргасан. Баяжуулалтын их олон компани RCS Global судалгааны фирмийг хөлслөн Зэсийн бүс дэх 10 уурхайд аудитын үйл ажиллагаа хийлгэдэг байна. Ашиглаж буй кобальтын гарал үүслийг тодорхойлохын тулд Tesla, Volvo компаниуд блокчэйнд тулгуурласан систем ашиглаж эхэлжээ.
Хоёрдугаарт, тэд Конго улсаас, тэр дундаа бичил уурхайчдаас авах кобальтын хэмжээг багасгахыг хичээж байна. BMW компани л гэхэд кобальтыг зөвхөн Австрали, Марокко улсаас худалдаж авдаг гэж мэдэгдсэн. Илон Маскийн компани кобальт бага хэрэглэдэг батерей үйлдвэрлэж байгаа бол кобальт баяжуулдаг дэлхийн хамгийн том компанийн нэг “Huayou Cobalt” бичил уурхайгаас олборлосон кобальт худалдаж авахаа зогсооно гэж 2020 онд мэдэгдсэн. Гэхдээ үүнийг нотлох зорилгоор тус компанитай холбогдсон ч хариу өгөөгүй юм.
Гуравдугаарт, уурхайчдын аж амьдралыг сайжруулах санаачилгуудыг компаниуд ивээн тэтгэж эхлэв. Glencore, Tesla, Google зэрэг компанийг эгнээндээ нэгтгэсэн “The Fair Cobalt Alliance” бичил уурхайнууд дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад тусалж байна. Мөн хүүхдүүдийг нь уурхайд ажиллахаас сэргийлэх үүднээс сургуулийг нь засварлаж, шинэчилж өгдөг. Германы автомашин үйлдвэрлэгч компани, томоохон үйлдвэрүүд багтдаг “The Responsible Cobalt Initiative” холбоо нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явуулах санал дэвшүүлжээ.
Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал компаниуд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгаа нь энэ юм. Гэвч энэ бүхэн дэндүү хангалтгүй гэж шүүмжлэгчид үзэж байна. OECD байгууллагын Бенжамин Катц “Одоогийн нөхцөл байдал асар хэцүү байна. Хэдий албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч нийлүүлэлтийн сүлжээнд бичил уурхайгаас олборлосон кобальт орж ирсээр байна. Уурхайчдын ажиллах нөхцөлийг сайжруулахын тулд бараг юу ч хийхгүй байна” гэж хэлсэн бол нэгэн томоохон компанийн зөвлөх “Жил болгон аудитын тайлангаа гаргаж, буянтай юм шиг царайлдаг хэрнээ эргүүлээд гар утас, машин зардаг баяжуулах үйлдвэрүүд бий” гэж өгүүлжээ.
Бүгд найрамдах Конго улс баян боловч яагаад маш олон иргэн нь ядуу байна вэ?
Конго улсын Засгийн газар 2019 онд өөрийн гэсэн шийдлийг танилцуулав. Бичил уурхайчдын олборлосон кобальтыг худалдаж авах давуу эрхийг өөрийн охин компани Entreprise Générale du Cobalt (EGC)-д олгож буйгаа төрийн өмчит “Gecamines” компани зарласан юм. Тухайн үед “Gecamines”-ийн захирал байсан Альберт Юма “Бид хүүхдийн хөдөлмөрийг устгана. Өнөөдөр биш гэхэд маргааш Конго улс кобальт үйлдвэрлэлээр ОПЕК-ийн зэрэгт очно” гэж байлаа.
Энэхүү шийдлийн хүрээнд EGC-ийн худалдаж авсан кобальтыг дэлхийн зах зээл дээр таваар худалдан борлуулагч “Trafigura” компани экспортлох бөгөөд нийт есөн уурхайг илүү аюулгүй, илүү өндөр бүтээмжтэй болгоход зориулан санхүүжилт хийх ёстой байв. Уг төлөвлөгөөг 2018-2020 оны хооронд “Trafigura” болон АНУ-ын PACT ТББ хамтран хэрэгжүүлж, бүтээмж, ажиллах орчин нь ихээхэн сайжирсан нэгэн уурхайн туршилтад үндэслэн гаргасан юм. Гэвч ийм загварыг илүү том хүрээнд хэрэгжүүлэх боломжтой эсэхэд шүүмжлэгчид эргэлздэг.
Бичил уурхайг эрс шинэчлэх эдийн засгийн гэхээсээ ёс суртахууны хангалттай олон шалтгаан бий. PACT ТББ-ын Микаэль Даудин “Хос стандарт тогтчихоод байна” гэж шүүмжлэв. Мөн “Бид та нарт тусална, гэхдээ та нараас худалдаж авахыг хүсэхгүй байна” гэсэн хандлага бий болоод байна. Бичил уурхайн хууль эрхзүйн статусаа Конго улс тодорхой болгох, түүнчлэн кобальт, алмааз, гянт болд, алт зэрэг түүхий эдийн хувьд хариуцлагатай стандарт гэж юуг хэлэхийг баян улсуудын Засгийн газрууд тодорхой болгох ёстой гэж олон компани үзэж байгаа юм. Энэ мэт шийдэл, зохицуулалт үгүй бол Конго улс байгалийн баялгаа ашиглаж ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах боломжийг (дахин нэг удаа) алдах болно.
Колвези хотод Нгембе ламтан хиймэл дагуулын суваг үзэн сууна. Тэрбээр оройн наминчлалдаа зориулж урам зориг хайрлах зүйл хайх аж. Энэ оройн сэдэв нь олон жил дамжин яригдсан танил асуулт байлаа: Бүгд найрамдах Конго улс баян боловч яагаад маш олон иргэн нь ядуу байна вэ?
Эх сурвалж: The Economist