Эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй, хүчээр барьснаар эцсийн дүндээ дулаан, цахилгаангүй болох хэрэглэгч л хохирно.
***
Аливаа систем үр ашигтай ажиллаж, хүнд ач тус өгөхийн тулд ядаж өөрийг нь бүтээж буй өртгөө нөхөж чаддаг байх ёстой. Яг л эхийнхээ сүүгээр бойжсон төл мал удалгүй биеэ даадагтай адил. Харин Монгол Улсын эрчим хүчний систем одоо болтол өөрийгөө авч явах чадал суугаагүй, зуданд туйлдсан малтай адил өргүүлж, дэмнүүлж амь зогоосоор. Гол шалтгаан нь энэ салбарт “булчин шөрмөс” суулгах уураг болсон бодит үнэ байхгүй.
Дэлхийн олонх оронд тогтсон жишгээр бол эрчим хүчний хэрэглэгчдэд буух эцсийн үнэ бий болоход эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах дэд бүтцийн өртгийг тооцдог. Үүнд, эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний зардал, дамжуулах, түгээх зардал, нийт дэд бүтцийн техник, технологийн үр ашигтай байдал голлон нөлөөлдөг. Олон улсад эрчим хүчний үнэ өөрийн өртгөөсөө ядаж яльгүй дээгүүр байх ёстой гэж үздэг.
Гэтэл Монгол Улсад цахилгаан эрчим хүчийг өртгөөс нь дунджаар 22 хувиар, дулааныг өртгөөс нь 2-3 дахин доогуур үнээр нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл, 100 орчим төгрөгөөр үйлдвэрлээд дөч орчим төгрөгөөр борлуулж байгаа гэсэн үг. Энэхүү 10 төгрөгийн өртөгт хамгийн түрүүнд манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох нүүрс багтана. Өртгөөсөө бага тарифаас болж төвийн бүсийн дулааны цахилгаан станциудад нүүрс нийлүүлдэг уурхайнууд 2021 оны эцсийн байдлаар 109 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-д мэдээлэл хийхдээ ярив.
Эрчим хүчний салбар бодит үнэ, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоогүйгээр хөгжих боломжгүй.
Цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс бага байдгаас болж нүүрсний уурхай, төмөр зам, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагчдын хооронд өр, авлагын сүлжээ үүсчээ.
Хөрөнгийн дутагдлаас болж эрчим хүчний системийн нийт дэд бүтэц үр ашиггүй, маш хүнд байдалд, аваар ослын горимд ажилласаар байна. Засвар үйлчилгээ хийхгүй, тоног төхөөрөмж шинэчлэгдэхгүй байгаагаас болж эцсийн дүндээ дулаан, цахилгаангүй болох хэрэглэгч л хохирно. Мөн хуучирсан тоноглол, чанаргүй багаж хэрэглэж буй учраас уурхайчид хөдөлмөрийн аюулгүй орчинд ажиллах эрх нь зөрчигдөж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна.
Сүүлийн жилүүдэд тарифт өөрчлөлт ороогүйн улмаас эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум, 2022 онд 170 шахуу тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Гэтэл нөгөө талаас эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өссөөр байна. Холбогдох яамны тоо баримтаар сүүлийн 30 жилд манай улсын цахилгааны хэрэглээ 2.2 дахин өсөж, түүний дотор импортоор авдаг эрчим хүчний хэмжээ 11.5 дахин өссөн байна. Энэ нь хөгжлийн гол суурь нөхцөл болсон эрчим хүчийг улам хараат, өрсөлдөх чадваргүй болгосоор байна.
Манай улсын эрчим хүчний сүлжээ таван бүсээс бүрддэгээс хамгийн том нь Төвийн эрчим хүчний сүлжээ.2022-2023 оны сүлжээний оргил ачаалал 1440 МВт–ыг давж өмнөх оны ачааллаас 100 МВт орчим өсжээ. Оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан хүчин чадлаараа, нөөц тоноглолгүй ажиллаж, нэмээд ОХУ-аас 270 мегаватт буюу 23 орчим хувийг авч байж давж байна.
Энэ байдлаас гарах ганц гарц нь үнийг чөлөөлөх гэдэгтэй бүх хүн санал нэгддэг боловч үүнийг хийх улс төрийн зориг дутаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ нь голдуу цахилгаан, дулааны станц, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэхэд чиглэдэг. Тухайлбал, Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадлыг 1750 орчим МВт-аар нэмэх зорилт тавьсан. Үүнд, ТЭЦ-4 -ийг 46 МВт -аар, ТЭЦ-3-ийг 300 МВт -аар өргөтгөх гэх мэт ажил орж байгаа.
Гэвч харамсалтай нь, одоо байгаа болон өргөтгөх хүчин чадлаа хэрхэн үр ашигтай ажиллуулах талаар огт авч хэлэлцэхгүй байгаа нь стратегийн ач холбогдолтой энэ салбарыг улам эмзэг болгож байна.
Ливан Улсад Цахилгааны үнийг хэт доогуур барьснаас, хөрөнгөгүй болж, хүчин чадлаа нэмж чадахгүй явсаар станциуд нь түлшгүй болж, хот тэр чигээрээ цахилгаангүй болжээ.
Нийт эрчим хүчний системийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг дулааны цахилгаан станциуд нэг кВтц эрчим хүчийг 2.5-хан цент буюу дэлхийн дунджаас ОХУ-тай харьцуулахад дөрөв дахин бага, Европын холбооны дундажтай харьцуулахад бараг 10 дахин бага үнээр нийлүүлж байна. Ийм үнээр эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн ойлголт байхгүй.
Нөгөө талаар, төрөөс байнга татаас өгөөд явах боломжгүй, төсвийн мөнгө хязгаартай. Тэгэхээр хувийн хэвшлийг дэмжье гэвэл үнийг чөлөөлөхөөс өөр сонголт байхгүй. Үнэ чөлөөлсөн цагт хөрөнгө оруулах сонирхол төрж, зах зээлд шинэ тоглогчид бий болж, тэр нь эрчим хүчний аль болох олон эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр эрчим хүчний тогтолцоог өрсөлдөх чадвартай, зах зээлийн зарчмаар ажилладаг, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг баталгаатай хангах чадамжтай болно. Ингэхэд юуны түрүүнд нүүрсний уурхай, цахилгаан станцуудын үйл ажиллагааг ашгаар нь хэмжих, үнийг зардлаа хасаад наад зах нь 10 хувийн ашигтай байхаар тооцох шаардлагатай гэж зарим судлаач үзэж байна. Учир нь ашигтай байсан цагт хувийн хэвшлийн оролцоо бий болно. Хамгийн чухал нь эрчим хүч хүртээмжтэй болж, тэр хэрээр хэрэглэгчид очих үйлчилгээ чанаржина.