Индранил группийг хурдацтай тэлж буй хүчтэй өрсөлдөгч гэж хэлж болох ч тус компанийн алсын хараа нь өрсөлдөж хамгийн том болох биш, харин хамтын үнэ цэн бүтээхэд оршино. Тус компани таван жилийн ойгоороо менежментийн компани болох том зорилт тавьж, шүдний салбарт бусад эмнэлгүүдтэй хамтрах тун сонирхолтой, ирээдүйтэй хэлбэрийг хөгжүүлж байна.
***
Индранил шүдний төв эмнэлэг
Магадгүй хүний амьдралд хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг нь шөнө шүд өвдөх. Шүдний лугшиж өвдөх нь толгой, чих, нүд, шанаа руу дамжин байж суухад хэцүү болдог. Энэ асуудал нь Б.Жаргалмааг салбартаа тэс өөр зүйл эхлүүлэхэд хүргэжээ.
Анагаахын сургуульд орохоосоо л тэр үлгэр жишээ гэр бүлтэй болно гэж боддог байв. Тэгээд олон хүүхэдтэй болно, жижүүрт хонохгүй гэж төлөвлөөд шүдний эмчийн мэргэжил сонгожээ. Гэтэл эмнэлэг байгуулаад эсрэгээрээ шөнөжин ажилладаг хуваарьтай болчхов. 10 минут ч дуг хийчих завгүй ажиллах үе олон байлаа. Шинэ эмнэлэг учраас гэртээ сууж чадахгүй, дөнгөж сууж сурсан хүүхдээ ажил дээрээ монгол бүсээр уяад суулгачихдаг байв. Үүнээс болж мэргэжлийн хяналтаас шалгахаар ирж байсан удаа ч бий.
Гэхдээ энэ бол Б.Жаргалмаа, Т.Адъяатөмөр, мөн тэдний найз Ц.Үнэнтөгс нарын бизнесээ эхлэхдээ зориудаар сонгосон зам байсан юм. Индранил эмнэлэг байгуулагдсан 2017 онд Монголд 350 орчим шүдний эмнэлэг байсан бөгөөд тэд зүгээр л нэгэн энгийн 351 дэх эмнэлэг байгуулахыг хүссэнгүй. Тэдэнд “анхны” гэдэг тодотголтой шинэлэг шийдэл хэрэгтэй байв.
Ингээд Монголд анх удаа 24 цагаар ажилладаг шүдний эмнэлэг нээжээ. Шөнө шүдний эмнэлэг явдаг хүн байдаг юм уу гэж асуух хүн олон байсан ч энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй байлаа. Учир нь шүдний мэдрэлжилт нь тархи идэвхтэй ажилладаг өдрийн цагаар биш харин шөнө илүү хүчтэй болдог байна. Тиймээс шөнийн шүдний эмнэлэг гарч ирсэн нь шүдний зовлонтой олон мянган хүнд аврал нь болжээ.
Шинэлэг бүхэн эхэндээ утгагүй, этгээд санагддаг жишгээр шүдний салбарынхан тэднийг шүүмжилж, “Юугаа ч мэдэхгүй залуучууд шөнө үйлчилнэ гэж юугаа байхав, хэдхэн хоноод болино биз” хэмээн ярьцгааж байв. Гэвч Б.Жаргалмаагийн ажиглалт, үндэслэл зөв болж эмнэлэг нь шөнийн цагаар оочер дарааллаар дүүрчээ.
Индранил эмнэлэг ковидын хүнд үед ч хонож ажилладаг байв. Гэхдээ 2022 оны долоодугаар сараас эхлэн ажилчдынхаа дархлааг дэмжих үүднээс хонож ажиллахаа зогсоогоод байгаа аж.
Харин Б.Жаргалмаагийн гэр бүл шүд эмчлэхээс гадна шүдний салбараа шинэ шатанд гаргах хэмжээний бизнесийн тун өвөрмөц загварыг хөгжүүлж байна.
Индранил брэндийн хүч
Монголд шүдний чиглэлийн зах зээл нь эрүүл мэндийн бусад чиглэлтэйгээ харьцуулахад нэлээд өвөрмөц. Энэ салбарын 95 хувьд хувийн хэвшил ажилладаг. Нэг эмчид ногдох хүн амын тоо олон улсын жишгээс хоёр дахин их. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишгээр 4000 хүнд нэг шүдний эмч байхад хангалттай гэдэг бол Монголд 2000 хүнд нэг шүдний ногддог. Зарим тоо баримтаар таван жилийн өмнө жил бүр 200 гаруй шүдний эмч бэлтгэгддэг байсан бол одоо нэг жилд 1000 шүдний эмч төгсөж байна. Энэ мэтээр шүдний эмчилгээ, тусламж үйлчилгээний зах зээлд ажиллах сонирхол их байдаг нь ганц хоёрхон эмч нийлээд эмнэлэг нээх боломжтой байдагтай холбоотой аж.
Б.Жаргалмаа, Т.Адъяатөмөр хоёрын хувьд оролцогч олонтой энэ зах зээлд өөрийн нөү-хау, менежментийн цоо шинэ хэв маягийг хөгжүүлэхийг зорьжээ. Тэд шүдний эмнэлэгт брэнджүүлэлт хийж, бүтээгдэхүүн хөгжүүлж болдог гэдгийг харуулав. Индранил эмнэлэг нь анх хоёр эмч, нийт таван ажилтантай нээгдэж байсан бол 2022 оны байдлаар зургаан салбар эмнэлэгтэй, 130 гаруй ажилтантай, 50 гаруй эмчтэй болсноор хүний нөөц нь 23 дахин тэлж Монголын хамгийн том хувийн шүдний эмнэлэг болжээ.
Индранил нь шүдний эмнэлэгт брэнджүүлэлт хийж, бүтээгдэхүүн хөгжүүлж болдог гэдгийг харуулав.
Олонх шүдний эмнэлэг цөөн тооны тоног төхөөрөмж, цөөн тооны эмчтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Харин Индранил нь шүд, нүүр амны эмчилгээ, тусламж үйлчилгээг сувилахуй, эрүүл ахуй, оношилгоо ба эмчилгээний шинэ технологи, арга зүй, менежмент, хүний нөөц, мэдээллийн технологи гэх мэтээр бүх талаас нь стратегийн түвшинд хөгжүүлж байна. Ингэж хөгжүүлэхдээ үйлчилгээндээ нийгэмд ямар нэгэн эерэг нөлөөлөл үзүүлэх арга зүй, хандлагыг шингээхийг зорьж иржээ.
Тиймээс одоогоос гурван жилийн өмнөөс хүүхдийн шүдний эмчилгээ, үйлчилгээ хийдэг мэргэжлийн багийг бүрдүүлж Монголд ховор хийгддэг эмчилгээний арга нэвтрүүлжээ. Ингэхдээ хүүхдийн эмчилгээ тусгай хэсгийг тохижуулж, хүүхдийн шүдийг айдасгүй эмчлэх арга зүйг нэвтрүүлээд байна.
Цаашдаа Индранил эмнэлэг нь хүн амын дундах том асуудал болсон хүүхдийн шүдний эрүүл мэнд дээр илүү том үр дүнд тэмүүлж, “Хүүхдийн шүдээ аваръя” нэртэй үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь нэг удаа тодорхой төлбөр авч шаардлагатай бүх эмчилгээ, тусламж үйлчилгээг хийж, түүнээс хойш 5, 10 жилийн хугацаанд тухайн хүүхдийн бүх шүдийг эрүүл байлгах баталгаа өгч буй үйлчилгээ юм. Тодруулбал гурван сар тутамд үзлэг хийж шүд нь ахиж өвчлөхгүй байхад чиглэсэн үйлчилгээ, зөвлөгөөг өгч явна. Ингэснээр хүүхдүүд насан туршдаа эрүүл шүдтэй байх амьдралын дадал зуршилтай болно.
Монголд бараг 10 хүүхэд тутмын 9 нь шүдний өвчлөлтэй байдаг. Индранил эмнэлгийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ядаж 10000 хүүхдийг эрүүл шүдтэй байлгахыг зорьж буйгаа Б.Жаргалмаа ярилаа.
Нөгөө талаас Индранил эмнэлэг нь олон улсын шүдний салбарт хурдацтай хөгжиж буй оношлуур, рентгений технологийн ололтуудыг үйлчилгээндээ ашиглаж байна. Оношлогоо, эмчилгээндээ CBCT буюу энгийн үгээр хэлбэл шүдний MRI аппаратаар оношлогоо хийж байна. Энэ нь минут ч хүрэхгүй хугацаанд хүний шүд, ам, эрүү, хүзүү, чих, хамар болон хоолойн 150-200 зургийг өөр өөр өнцгөөс авч түүнийгээ 3D болгон боловсруулдаг дэвшилтэт технологи юм. Монголд цөөхөн байдаг энэ аппаратыг Индранил өдөр тутмын эмчилгээндээ хэрэглэх болсноор ямар нэгэн алдаа гарах эрсдэл буурчээ. Түүнчлэн сувгийн эмчилгээг хийхдээ зүү шиг багажаар (file) ухдаг байсныг автоматжуулаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна.
Энэ мэт технологи, арга зүйн давуу талаас гадна Индранил эмнэлгийг амжилттай болгосон том зүйл бол аргагүй түүний менежмент нь. Хувийн эмнэлгүүдэд захирал нь өөрөө эмч, менежер, нягтлан гэх мэтээр өөрөө ихэнх ажлаа хийгээд бизнесээ систем болгон хөгжүүлж чаддаггүй байх нь түгээмэл. Харин Б.Жаргалмаагийн гэр бүл өвчтөнүүдээ эмчлэхээс цааш явж бизнесээ өөрсдөөс нь үл хамааран ажиллаж чадах систем болгон хөгжүүлж байна. Тэрээр гэр бүлийн хүний хамт 24 хүнээс бүрдсэн менежментийн том багийг удирдаж 2017 оноос хойш байгууллагадаа тасралтгүй үйл ажиллагааны систем хөгжүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил олон улсын санхүүгийн байгууллагаас “Стратеги төлөвлөлт” сэдвээр зөвлөх үйлчилгээ авч, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг эхлүүлсэн нь дээр дурдсан “Хүүхдийн шүдээ аваръя” хөтөлбөр юм.
Индранил эмнэлгийн үйлчилгээний хоёр тулгуур байдаг нь чанар болон эрүүл ахуй. Шүдний эмнэлгээр ороод гарахад яаж халдвар авахгүй байх вэ гэдэг дээр нарийн дэглэм, стандартуудыг мөрддөг бөгөөд эрүүл ахуйн халдвар хамгаалал хариуцсан тусгай мэргэжилтэн ажиллуулдаг цөөн эмнэлгийн нэг.
Өвчтөнийг хүлээж авах дээр ч мөн өөрийн стандарттай. Шүдний эмнэлэгт ирж буй өвчтөн тодорхой айдас, түгшүүртэй байдаг учраас тайвшруулж, айдсыг багасгахын тулд ороод суухад зөөлөн ая эгшиглэх, аятайхан үнэртэх зэргээр үйлчилгээгээ улам таатай болгож байна.
Борлуулалтын тал дээр ч бас дэвшингүй ажиллаж байна. Бүх салбарыг нэгтгэсэн харилцагчийн үйлчилгээний систем (CRM), дуудлагын төв, хайлтын системийн оновчлол гэх мэтээр борлуулалтдаа орчин үеийн дижитал шийдлүүдийг амжилттай ашигласнаар жижиг эмнэлгүүдийн гаргах боломжгүй маркетингийн өндөр зардал гаргаж үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хүрээг богино хугацаанд тэлсэн байна.
Индранил-д нэвтэрсэн өөр нэгэн нөү-хау бол 24 цагийн эмчтэй эмийн сан. Энэ нь хүн амын дундах антибиотекийн зохисгүй хэрэглээг багасгах зорилгоор бодож олсон шийдэл аж. Ийм эмийн санд мэргэжлийн эмч үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгч, эмийн жор бичихээс гадна энд утлага, шарлага, дусал, тариа, физик эмчилгээ хийлгэж болно. Өөрөөр хэлбэл энэ нь эмийн сан гэхээс илүү өрхийн эмнэлгийн түвшинд ажилладаг нэгж юм.
Индранил бизнес загварын хүч
Манай улсад аль ч салбарт нэг хачирхалтай зүйл бий. Тэр нь бид өрсөлдөх нэрийдлээр нэг нэгнээ сулруулсаар дуусдаг нийтлэг үзэгдэл бөгөөд энэ нь буруу өрсөлдөөнд төлж буй бидний өртөг юм. Монголын нэгэн бизнесийн зөвлөхийн хэлснээр хэрэв хамгийн сайн чаддаг зүйл маань үл хамтрах хэвээр байвал бид хэзээ ч бизнесээ тэлж, хэзээ ч бялууныхаа хэмжээг томруулж чадахгүй. Тиймээс бидэнд буруу өрсөлдөөний хохирогч бус зөв хамтын ажиллагааны ялагч болдог стратеги хэрэгтэй. Цөөхөн хэдэн орлогын эх үүсвэрээ булаацалдах биш, харин хамтраад дундаасаа үнэт зүйл бий болгодог тийм л тогтолцоо хэрэгтэй аж.
Хэрэв Монголд хүчирхэг менежменттэй сүлжээ эмнэлгүүдийн кластер хөгжвөл манай улсад шүдээ эмчлүүлэх сонирхолтой гадаад үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгдэнэ. Иймээс Индранил групп нь Монголд шүдний туризмыг хөгжүүлэх алсын хараа, амбицтай байгаа.
Индранил группийг хурдацтай тэлж буй хүчтэй өрсөлдөгч гэж хэлж болох ч тус компанийн алсын хараа нь өрсөлдөж хамгийн том болох биш, харин хамтын үнэ цэн бүтээхэд оршино. Тус компани таван жилийн ойгоороо менежментийн компани болох том зорилт тавьж, шүдний салбарт бусад эмнэлгүүдтэй хамтрах тун сонирхолтой, ирээдүйтэй хэлбэрийг хөгжүүлж байна. Ингэхдээ шүдний жижигхэн эмнэлгүүдийн менежментийг нь хариуцан хийх юм. Магадгүй энэ нь менежментээ авч явах хүний нөөцийн боломж хомс байдаг эмнэлгүүдийн үүсгэн байгуулагчдад хамгийн тохиромжтой хамтын ажиллагааны шийдэл юм.
Тиймдээ ч мэргэжлийн ур чадвар өндөр ч менежментдээ хүчрэхгүй байгаа жижиг эмнэлгийн захирлууд Индранил группийн хувь эзэмшигч хэлбэрээр нэгдэх сонирхолтой байдаг. Одоогоор олон эмнэлэг нэгдэх хүсэлтээ ирүүлсэн тухай Б.Жаргалмаа ярилаа.
Ийнхүү мэргэжлийн ажил, менежментийн ажил хоёрыг кластерын системд оруулж хамтын үнэ бүтээх нь шүдний салбарын хувьд нэгэн том давуу талыг бий болгоно. Нэгдүгээрт, Монголд шүдний эмч нар хангалттай бэлтгэгдэж, ур чадварын хувьд ч олон улстай эн тэнцүү байгаа. Хоёрдугаарт, ашиглаж буй тоног төхөөрөмж, материалууд нь олон улстай адилхан ч шүд эмчлэх өртөг бага, ажиллах хүч хямдхан байдаг. Тиймээс Солонгос эсвэл Японд авч байгаа үйлчилгээг Монголд авахад үнийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай.
Хэрэв Монголд хүчирхэг менежменттэй сүлжээ эмнэлгүүдийн кластер хөгжвөл манай улсад шүдээ эмчлүүлэх сонирхолтой гадаад үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгдэнэ. Иймээс Индранил групп нь Монголд шүдний туризмыг хөгжүүлэх алсын хараа, амбицтай байгаа гэдгээ Б.Жаргалмаа хуваалцлаа.
Индранил соёлын хүч
Индранилын эмнэлгүүдэд “Emo-house” гэх эмч нарт зориулсан тайвшрах булангууд байдаг. Учир нь шүдний эмч нь стрессийн түвшнээрээ дөрөвт ордог амаргүй мэргэжил. Шүдний эмч нар сэтгэл мэдрэлийн эмгэгт өртөх нь бусад төрлийн эмч нараас 2,5 дахин их. Энэ нь ажлын жижиг орон зай, өвчтөний айдас, цаг хугацааны дарамт, өндөр хариуцлага гэх мэт олон хүчин зүйлээс үүсдэг. Энэ онцлогийг сайн мэдэж байсан учраас Б.Жаргалмаа эмнэлгээ байгуулахдаа ажилчиддаа зориулаад “Emo-house” тусгайлан тохижуулжээ. Одоо ажилчид сэтгэл тавгүйтвэл энд ороод тайвширдаг, энэ нь бүр уламжлал болж, бусад эмнэлгүүдэд ч дэлгэрчээ.
Шүдний эмч нь стрессийн түвшнээрээ дөрөвт ордог амаргүй мэргэжил.
Энэ нөү-хау бол “Индранил”-ын соёлын зөвхөн нэг хэсэг нь юм. Шүдний эмч нарын хувьд нэлээд амбицтай хүмүүс бөгөөд бие даагаад ажиллах сонирхол ихтэй. Харин Индранил-д чадварлаг хүмүүс тогтвортой ажилладаг гол шалтгаан бол байгууллагын соёл нь юм. Тэгээд ч аливаа брэндийн сүнслэг чанар нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ бус, түүнийг бүтээж буй ажилтнууддаа ч байдаг учраас “Индранилын ажилтан” хэмээх ялгарал ч бас бий болж байна.
Б.Жаргалмаа ярихдаа “Индранил бол зөв, бүтээлч хүмүүсийн гэр бүл” гэж байгууллагаа тодорхойлов. Хүний нөөцөө сонгон шалгаруулахдаа ч зөв байх, бүтээлч байх гэсэн үндсэн шаардлага тавьж, гурван шатны шалгалт авдаг аж. Энэ нь анагаах ухааны доктор, мэргэшсэн эмч эсвэл дадлагын оюутан гэдгээс үл хамаарч бүх ажил горилогчоос авдаг шалгалт. Харин байгууллагад нэгэнт ороод ирсэн хүнд мэргэжлийн болоод хувь хүний тал дээр хөгжих систем нь хэдийнээ бүрдсэн. Тухайлбал, сар болгон мэргэжлийн сургалт явуулж, цаашид юунд суралцах хүсэлтэйг байнга асуудаг. Мөн залуу эмч нар орон сууцны хэрэгцээтэй байдаг учраас ипотекийн зээлд хамруулж эсвэл ажилтнуудын орон сууцанд хөнгөлөлттэй түрээсээр оруулдаг байна. Мөн ажилтнуудынхаа орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор Индранил лагерийн хотхон төлөвлөж буйгаа ч Б.Жаргалмаа дурдлаа.
Индранил манлайллын хүч
Индранил гэдэг нь анагаах увидастай маш ховор чулууны нэр, бас Б.Жаргалмаа, Т.Адъяатөмөр хоёрын охиных нь нэр. Таван жилийн өмнө аав, ээжээ даган шөнө эмнэлэг дээр бүсээр уяулчхаад үүрэглэн суудаг байсан Индранил охин өнөөдөр сурагч болж, хоёрхон эмчтэй нээгдэж байсан Индранил эмнэлэг өнөөдөр дунд хэмжээний групп компани болтлоо өргөжиж хөгжлийнхөө дараагийн шат руу итгэл төгс алхаж байна. Б.Жаргалмаагийн хувьд ч бас нөхөр нь жижүүр хийж, өөрөө шөнөжин өвчтөнүүдтэй ажилладаг байсан тэр үе хэдийнээ ард хоцорч, өдөр тутамдаа гал унтраадаг захирал биш, харин алсын хараа, үнэт зүйлс, эмх цэгцтэй менежментээр багаа удирдаж байна.
Тэд өнгөрсөн хэдхэн жилд сүлжээ эмнэлэг төдийгүй түүнийгээ дагалдуулан эрүүл мэндийн салбарт өвөрмөц төслүүдэд хөрөнгө оруулсаар ирсэн байна. Тухайлбал, 24 цагийн эмчтэй эмийн сангаас гадна “HMS” нэртэй эмнэлэг эрүүл мэндийн маркетингийн агентлаг, “Sprint Architect” эмнэлгийн барилгын зураг төсөл, интерьер, экстерьерийн гарааны компани, “HCS” эрүүл ахуйн зөвлөгөө, туслах үйлчилгээний компани, “Insur” эрүүл мэндийн даатгалын нэгдсэн систем, Mend.mn болон Care гэх мэт платформуудад хөрөнгө оруулсан байна.
Тэрээр гэр бүлийн хүнтэйгээ оюутан байхдаа танилцаад хожим гэрлэж, өөрсдийнхөө хамгийн том өмч болох хоёр приус машиныхаа нэгийг нь зарж, дээрээс нь хамаатнуудаасаа ам.долларын зээл авч гэр бүлийн бизнесээ эхлүүлж байжээ. Гэхдээ гэр бүлийн компаниуд дээр үүсдэг засаглалын асуудлыг амжилттай шийдэж, нэг нэгнээ нөхөн ажиллав. Нөхөр Т.Адъяатөмөр нь дотрын эмч мэргэжилтэй бөгөөд шинийг сэтгэгч, туршигч. Харин Б.Жаргалмаа нүүр амны гажиг заслаар мэргэшсэн бөгөөд гүйцэтгэлдээ сайн, ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийгөө чадварлаг СЕО болгон бэлдэж байна. Учир нь Т.Адъяатөмөр үндсэн бизнесийнхээ жолоог эхнэртээ шилжүүлж, өөрөө эрүүл мэндийн мэдээллийн технологийн төслүүд хөгжүүлж эхэлжээ.
Харин Б.Жаргалмаа аавынхаа үргэлж захидгаар алсын хараатай байж, таван нүүдлийн цаадхыг харах чадвартай залуу манлайлагч болон төлөвшиж байна.