– Business.MN сэтгүүлийн 2023 оны 01 сарын дугаар (№50) -ын ковер нийтлэл –
“Их сургуулиа төгсөөд би таван жилийн дотор захирал болно гэж зорьж байсан ч чадаагүй ээ. Харин зургаан жилийн дараа төлөвлөсөндөө хүрч чадсан шүү” хэмээн Л.Билгүүн хэлээд инээж байна. 30 нас ч хүрээгүй залуу CEO зорьсондоо хүрч чаддаг нэгэн аж. Гэхдээ энэ бүхэн түүний хувьд дөнгөж эхлэл бөгөөд Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ үеийг түүчээлэн ажиллах асар том амбицыг тээж буй. Карьерынхаа явцад ихээхэн бүтээлч ажиллаж, ажилласан байгууллага бүртээ хурдтай суралцаж, өсөн дэвжиж ирсэн нь өнөөдөр түүнийг “Инвескор Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд авчирчээ.
“Туршлагыг олон жил ажилласнаар бус өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэж, юу амжуулж, юу сурснаар л хэмжинэ. Олон төсөлд цөөнгүй гаргалгаа, шийдэл дэвшүүлж ажилласан маань өнөөдрийн хэмжээнд хүргэсэн гэж боддог” хэмээн тэр онцоллоо. “Инвескор Капитал” -д ирэхээсээ өмнө Л.Билгүүн Улаанбаатар хотын банк болон Голомт банкны Байгууллагын банкны газарт харилцааны менежер, корпорейт менежерээр тус тус, ажилласныхаа дараа “Смарт Брокерс” даатгалын брокерын компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээр 10 хүрэхгүй жилийн өмнө МУИС -ийн Эдийн засгийн сургуулийн Банкны менежментийн ангийг дүүргэх үедээ өөрөө өөртөө өгсөн амлалтдаа хүрч чаджээ. Гэвч түүний амбиц үүгээр хязгаарлагдсангүй. Өдгөө хөрөнгийн зах зээлд хүчтэй тоглогч болон тодорч буй “Инвескор Капитал” ҮЦК -тай зорилго, зорилтоо нэгтгэн салбарынхаа хөгжлийг дараагийн түвшинд гарахаар хамтдаа урагшилж байна.
2018 онд “Инвескор” санхүүгийн группын охин компаниудын нэг болон үүсгэн байгуулагдсан “Инвескор Капитал” ҮЦК өнгөрсөн жилүүдэд нийт 80 орчим байгууллага, 5000 орчим иргэдэд мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлээд буй. Ингэхдээ зөвхөн өнгөрсөн онд гэхэд л Голомт банкны IPO, “Инвескор ББСБ” ХК -ийн FPO болон нээлттэй бонд, мөн Монголын хөрөнгийн биржийн IPO хийхэд төвлөрөн ажиллаж, нийт 14 байгууллагад хөрөнгийн зах зээл дэх санхүүгийн үйлчилгээг амжилттай үзүүлж, 343 тэрбум төгрөгийн андеррайтерын ажил хийж гүйцэтгэжээ.
Голомт банкны хамтын ажиллагааны тухайд, тус банк нээлттэй компани болсноор хөрөнгийн зах зээлийн үнэлгээ даруй нэг их наяд төгрөгөөр өссөн бөгөөд анхдагч арилжааны дүн 162 тэрбум төгрөгт хүрсэн бол хоёрдогч арилжаа нь 1.1 тэрбум төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн билээ. Энэхүү IPO -ийн дараа Голомт банк 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгох боломж бүрдэж буйгаараа зах зээлийн эргэлтийг түргэсгэж, бизнесийн байгууллагуудыг дэмжих, улмаар зах зээлийг тэлэх үүд хаалгыг нээнэ хэмээн “Инвескор Капитал” -ынхан үзэж буй.
“Инвескор Капитал” ҮЦК өнгөрсөн жилүүдэд нийт 80 орчим байгууллага, 5000 орчим иргэдэд мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлээд байна.
Харин Монголын хөрөнгийн биржийн хувьд төрийн өмчит компани анх удаа IPO хийж буйгаараа онцлог бөгөөд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож, захиалгаа 4.8 дахин давуулан биелүүлж, хөрөнгө оруулалт амжилттай татан төвлөрүүлсэн. Үүний үр дүнд, хувьцаа эзэмшигчдийнх нь бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хяналт сайжрахын зэрэгцээ ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал мөн сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах зэрэг томоохон боломж нээгдэх юм.
Энэ талаар Л.Билгүүн “Манай компани төдийлэн олон харилцагчтай биш. Өндөр дүнгээр хөрөнгө оруулдаг цөөн тооны харилцагч маань ихэвчлэн корпорейт байгууллагууд байсаар ирсэн. Бид санхүүгийн тооцооллоо маш тодорхой, зөв гаргаж, харилцагчдынхаа итгэлийг хүлээж, зорилтот зах зээлдээ төвлөрөн ажилладаг. Харин 2022 онд ритейл буюу жижиг хөрөнгө оруулагчдад түлхүү төвлөрөн ажилласны үр дүнд харилцагчийнхаа тоог зургаа дахин өсгөлөө” хэмээн хэлж байна. Түүнийг ийн ярих зуур нүүж ороод удаагүй шинэхэн оффисынх нь албан өрөөний хойморт байрлуулсан, хөрөнгийн зах зээлийн гол бэлгэ тэмдэг болох бухын баримал нүдэнд тусах аж. Bloomberg TV Mongolia Awards -аас Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, “Инвескор Капитал” ҮЦК -ийг “Шилдэг хөрөнгө оруулалтын зөвлөх” -өөр шалгаруулах үеэр дурсгасан энэхүү бух өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь тэдний үсрэнгүй хөгжлийг илтгэнэ. Гүйцэтгэх захирал Л.Билгүүний хувьд Улаанбаатар хотын банканд ажилд ороод удаагүй, шинэхэн ажилтан байх үед баг хамт олон нь шилдгээр шалгарч, захирлынх нь өрөөнд мөнхүү бух байхыг анх харсан бөгөөд хэдэн жилийн дараа ийнхүү удирдаж буй компани нь салбартаа тэргүүлж, хөрөнгийн зах зээлийн өсөлтийн бэлгэдэл болох бух гардан авсан нь түүний хувьд тунчиг утга учиртай, баярт үйл явдал болсон талаар онцлоод “Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, үр дүнтэй ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн өгүүлэв.
“Инвескор Капитал” ҮЦК Төв Азийн бүс нутагт санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон тул багаа тэлэх бодлогоо үргэлжлүүлж байна. Энэ хэрээр тус компанийн цомхон, чадварлаг багийнханд карьер ахих боломж нэмэгдэж буй.
Нөгөө талаар, бага хүчээр ихийг хийж бүтээж болохыг тэдний үйл ажиллагаа харуулж чадсан юм. “Инвескор Капитал” ҮЦК -ийн цомхон хэрнээ чадварлаг баг өнгөрсөн хагас жилийн хугацаанд оффистоо хонон өнжин ажилласан өдрүүд олон. Эдний хамт олныг CFA (Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч) цолтой болон уг цолыг хамгаалахаар зэхэж буй чадварлаг санхүү, бизнесийн шинжээчдээс гадна Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банк зэрэг системийн нөлөө бүхий банкууд болон санхүүгийн томоохон байгууллагуудад ажилласан туршлагатай мэргэжилтнүүд бүрдүүлж буйгаараа онцлог. Тэдний хувьд дараа дараагийн ажлууд нь ар араасаа зогсолтгүй ундарч буй учраас багаа өргөжүүлж, энэ жил ч ажилтнуудынхаа тоог үргэлжлүүлэн нэмэхээр зэхэж байна. Мөн гадаад зах зээлд, тэр дундаа Төв Азийн бүс нутагт санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон тул багаа тэлэх бодлогоо үргэлжлүүлж буй хэмээн тайлбарласан юм.
Энэ тухайд Л.Билгүүн “Манай компани тэлж томрохын хэрээр ажилтнуудад маань карьер ахих боломж нэмэгдэж байна. Удирдлагын багаас гэхэд л алба, хэлтсийн хоёр ч захирал маань саяхныг хүртэл дунд түвшний менежерээр ажиллаж байсан хүмүүс бий. Миний хувьд ч, компанидаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард борлуулалт хариуцсан захирлаар анх ажиллаж эхэлсэн. Тухайн үед миний удирдлагад нэг брокер ажиллаж байсан бол өнөөдөр борлуулалтын баг маань маш олуулаа болж өргөжсөн байна. Богино хугацаанд бидний бий болгосон өсөлтүүд, бодит үр дүнг хувьцаа эзэмшигчид маань зохих ёсоор үнэлж чадсан гэж боддог” гэлээ.
Өнгөрсөн жил 343 тэрбум төгрөгийн андеррайтерын ажил хийж гүйцэтгэсэн “Инвескор Капитал” ҮЦК Төв Азийн хэмжээнд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болоход алсын хараагаа чиглүүлж байна.
Түүний удирдаж буй “Инвескор Капитал” ҮЦК алсын хараагаа “Ирэх таван жилийн хугацаанд Төв Азийн хэмжээнд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болох” хэмээн тодорхойлжээ. Харин “Инвескор” санхүүгийн группын өөр нэгэн охин компани болох “Инвескор ББСБ” -ын тухайд энэ чиглэлээр хэдийнэ тодорхой алхмуудыг хийж, Казахстан, Киргизстан зэрэг улсын зах зээлд ажиллаж эхэлсэн нь бусад охин компанийн хувьд хөгжлийн дараагийн түвшинд гарахад давуу тал болж буй. Тун удахгүй дээрх зах зээлд нэвтрэх тус группын дараагийн бүтээгдэхүүн бол “Инвескор хэтэвч ББСБ” компанийн Pocket аппликэйшн. Тэдний араас хилийн дээс алхах зорилгоор “Инвескор Капитал” ҮЦК хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан арилжааны систем болон гар утасны аппликэйшн хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан бэлэн болгохоор зорьж байна.
Хилийн дээс алхах зорилгоор “Инвескор Капитал” ҮЦК хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан арилжааны систем болон гар утасны аппликэйшн хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ онд багтаан бэлэн болгохоор зорьж байна.
Энэ хүрээнд эхний ээлжинд арилжааны системээ англи, орос, казах хэлээр ашиглахад зориулан орчуулах ажил ид үргэлжлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид Visa карт болон Paypal тэргүүтэй олон улсын төлбөрийн системээр дансаа цэнэглэн Монголын хөрөнгийн зах зээлийн арилжаанд шууд оролцох боломжийг нээхээр төвлөрөн ажиллаж буй. Ингэснээр Монгол болон Төв Азийн хөрөнгийн зах зээлийг холбох гүүр болж ажиллах зорилгоо тэд гүйцэлдүүлж эхлэх юм. 30 -аад жилийн өмнө чөлөөт эдийн засгийн системд шилжсэн манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн суурь тухайн үеэс тавигдаж, Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсан байдаг. Өнгөрсөн хугацаанд нам жим явж ирсэн хөрөнгийн захын хөгжил сүүлийн жилүүдэд сэргэж, хөрөнгө оруулалтын сонирхолтой бүтээгдэхүүнүүд шил шилээ даран гарч, олон нийтийн анхаарал ч энэ зүгт хандах болсон. Энэ туршлагад суурилан Төв Азийн тодорхой улс орнуудад үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулагчдыг холбох, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг боломж байгааг “Инвескор” санхүүгийн групп олж харж, эл үйл хэрэгт түүчээлэн оролцож эхлээд буй нь энэ юм. Үр дүнд нь, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хөрөнгийн зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах, дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх зэрэг боломж нэмэгдэнэ.
Ёс зүйгээр кодолсон амжилт
Банк, санхүү, даатгалын салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан Л.Билгүүн хөрөнгийн зах зээлд ажиллахаар гүйцэтгэх захирлын албанаас борлуулалт хариуцсан захирал болж, карьерын сонирхолтой шилжилт хийжээ. Өөрөөр хэлбэл, “Смарт Брокерс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь “Инвескор Капитал” ҮЦК -аас түүнд санал тавьсныг тэр хүлээн авсан юм. 2021 онд удирдаж буй компаниа даатгалын салбарын шилдэг брокерын компаниар шалгарахад голлох нөлөөг үзүүлсэн гэх зэргээр амжилттай ажиллаж байсан ч тэр хөрөнгийн зах зээлийг ийнхүү сонгосон шалтгаанаа “Эртнээс л надад хөрөнгийн зах зээлд ажиллах сонирхол байсан учраас хэдий албан тушаал буурсан ч сонирхлоо дагаж, “Инвескор Капитал” -д борлуулалт хариуцсан захирлаар орсон. Би өөртөө тун итгэлтэй байсан. Баяртай ч байсан” хэмээн тайлбарлав. Түүний анхны даалгавар 100 орчим тэрбум төгрөгийн андеррайтерын ажлыг амжилттай борлуулах байв. Өөртөө итгэлтэйгээр ажилдаа орсон Л.Билгүүн хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий ойлголттойгоос бус нарийн мэдлэг, мэдээлэлтэй болж хараахан амжаагүй байлаа. Гэхдээ 2022 онд “Инвескор Капитал” ҮЦК нийт 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийснээр тэрбээр хувийн төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлсэн юм. Түүний хувьд банк, санхүүгийн байгууллагад ажиллах явцдаа цөөнгүй корпорейт харилцагчтай болж, тэдний итгэлийг нэгэнт олсон учраас даатгалын салбарт ажиллахаар шилжихэд харилцагчид нь түүнийг дагаж, мөн салбарт хамтран ажилласан тохиолдол ч бий. Одоо ч тэр анхны харилцагчидтайгаа холбоотой байж, шаардлагатай үед салбарын мэдээлэл, зөвлөгөө өгдөг хэвээр.
“Банк, санхүү, даатгал болон хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд процесс болон хэлбэрийн хувьд ялгаатай ч санхүүгийн бүтээгдэхүүн гэдэг ерөнхий утгаараа ижил төстэй. Тиймээс өмнө хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан шийдэл, гаргалгаа боловсруулж, хурдтай шилжин ажиллах чадвар маань энэ амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн байх. Одоо би илүү олон нийтийн компанид, сонирхолтой зах зээлд ажиллаж байна” хэмээн онцлох тэрбээр боломж хэзээд байдагт итгэдэг нэгэн. “Магадгүй заавал чигээрээ зүтгэх биш, тойроод гарахад тэнд боломж байж болно. Өөрөөр хэлбэл, боломж гэдэг хэлбэрийн хувьд харилцан адилгүй байж болно шүү дээ. Энэ утгаараа бид харилцагчдадаа гаргалгаа, шийдлүүдийг нэн даруй гаргаж өгөхийг хичээдэг. Тухайн харилцагч төгрөгөөр бондын захиалга өгөх хүсэлтэй, гэтэл ам.доллартай байж болно. Харин тэнд өөр нэг харилцагч ам.долларын захиалга өгөх сонирхолтой бол эдгээр харилцагчийг хооронд нь холбож, ойлголцуулж, хэлцэл хийх зуураа хөрөнгө оруулалт татах гэх мэтээр боломжийг үргэлж эрэлхийлж ажилладаг” хэмээн хариулж байна.
2022 онд “Инвескор Капитал” ҮЦК нийт 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийснээр тэрбээр хувийн төлөвлөгөөгөө хоёр дахин давуулан биелүүлсэн юм.
Монголд банкны салбар олон улсын түвшинд хүртэл хөгжиж, эн зэрэгцэн алхдаг бол хөрөнгийн зах зээлийн хөгжил харьцангуй удаашралтай явж ирсэн ч, сүүлийн жилүүдэд идэвхжиж, түүхэн дээд өсөлтүүдийг үзүүлсэн билээ. “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн шинэ үе эхэлж байна. Онцлог нь хөрвөх чадвар өндөр, хөгжих боломж их. Цаашид энэ зах зээлд олон бүтээгдэхүүн гарч, зах зээлийн далайцаа бүрэн утгаар нь ашиглаж, өргөжин тэлэх болов уу. Магадгүй Төв Азийн бүс нутагтаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшнээрээ тэргүүлэх хэмжээнд ч очно гэж харж байна” хэмээн Л.Билгүүн өөдрөгөөр зураглав.
Хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчдад аль алинд нь ашигтай, эрэлт нийлүүлэлтийг дэмжсэн энэхүү бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний борлуулалтын гол онцлог болж чадсан бөгөөд хаалттай бондын анхдагч арилжаанд оролцож буй харилцагчдаасаа ямар нэг шимтгэл авахгүй байгаа нь ч бас нэг онцлог.
“Инвескор Капитал” ҮЦК дотоодын хөрөнгийн зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зорилгоор богино хугацаат өрийн хэрэгсэл гаргасан нь харилцагчдын хувьд тун уян хатан шийдэл болж чадсан. Энэ төрлийн анхны бүтээгдэхүүнийг тэд дотоодын томоохон групптэй хамтран гаргасан бөгөөд богино хугацаат давтамжтай үргэлжлэх өрийн хэрэгслийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас арилжаалж эхэлжээ. Ингэхдээ богино хугацаат буюу гурван сарын хугацаатай 20 тэрбум төгрөгийн арилжаа явагдаж, уг давтамжаараа цааш үргэлжлэх байсан ч энэ хэвээр явах нь тохиромжгүй гэж үзээд бүтээгдэхүүнээ сайжруулах үүднээс хэлбэрийн хувьд бага зэрэг өөрчилж, нэг жилийн хугацаанд харилцагчдынхаа захиалгын дагуу тухайн хугацаанд нь бондыг байршуулж, түүний дараа худалдан авах харилцагчийг ч бэлэн байлгаж ажиллажээ. Энэ нь харилцагчдад сонголттой, уян хатан байдлаар хөрөнгө оруулж, өгөөж хүртэх боломжийг олгосон юм. Хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчдад аль алинд нь ашигтай, эрэлт нийлүүлэлтийг дэмжсэн энэхүү бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний борлуулалтын гол онцлог болж чадсан бөгөөд хаалттай бондын анхдагч арилжаанд оролцож буй харилцагчдаасаа ямар нэг шимтгэл авахгүй байгаа нь ч бас нэг онцлог. Эдгээр алхмаа “Харилцагчаас, хөрөнгө оруулагчаас шимтгэл авах нь утгагүй” хэмээн тайлбарлаж байна. Үнэт цаас гаргагч байгууллагын хувьд ч товлосон хугацаандаа санхүүжилт татсанаар төслийн ажлаа төлөвлөсний дагуу үргэлжлүүлж, бүрэн гүйцэтгэх боломж бүрдэнэ.
“Заавал чигээрээ зүтгэх биш, тойроод гарахад тэнд боломж байж болно. Өөрөөр хэлбэл, боломж гэдэг хэлбэрийн хувьд харилцан адилгүй”.
Мөн “Инвескор Капитал” ҮЦК -ийн хамт олон харилцагчийн зөвлөх үйлчилгээний цар хүрээ, хүртээмжээрээ бусдаас ялгардаг. Харилцагчдаа сэтгэл хангалуун байлгаж, тэдний хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарц гаргалгааг цаг ямагт санал болгож ажиллах нь тэдний эн тэргүүний зорилт. “Ёс зүйг дээдлэх, чандлан мөрдөх, харилцагчийн итгэлийг үл алдах, хариуцлагатай байх” зэрэг үгсийг гүйцэтгэх захирал Л.Билгүүн яриандаа байн байн дурдах аж. Энэ онд тус компани санхүүгийн сургалт, харилцагчийн зөвлөх үйлчилгээгээ улам төгөлдөржүүлж, санхүүгийн бүх төрлийн зөвлөх үйлчилгээг үзүүлж эхлэхээр зэхжээ. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан бизнесийн үнэлгээ хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг ч зорьж байгаа юм. “Хамгийн түрүүнд ёс зүйг л баримталдаг. Ёс зүйтэй байна гэдэг нэр хүндийн асуудал. Нэг л алдаа гаргахад компанийн нэр хүнд, үнэ цэн унана. Энэ утгаараа бид ашиг орлого гэхээс илүү нэр төртэй байхыг илүүд үздэг” хэмээн Л.Билгүүн ярьж байна.
Тодорхой бус байдлаас л үл ойлголцол үүсдэг хэмээн үздэг учраас тэрбээр ажилтнуудтайгаа нээлттэй ярилцаж, асуудлыг нь ойлгохыг хичээхийн зэрэгцээ алдах эрх олгож, аль болох дэмжиж ажилладаг. Хамгийн гол нь алдаагаа тэр даруй засаж залруулж, дахин давтахгүй байх нь л чухал. Тун товчхондоо, “күүл” захирал байхыг хүсдэг гэж тэр хариулсан юм. Компанийн соёл, уур амьсгал хүн төвтэй бөгөөд элдэв хүнд суртлаас ангид, “дарга, цэрэг” -ийн харилцаагүй гэдгийг “Инвескор Капитал” -ын хамт олон онцолж байв. Мөн компанийн зүгээс ажилтнуудаа илүү тав тухтай ажиллуулахын тулд илүү цагаар ажилласан бол тооцож олгох, эрүүл мэндийн даатгал, үзлэгт хамруулах, фитнес, иогаар хичээллэдэг ажилтнуудынхаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх зэргээр байнга анхаардаг.
Цалингийн хувьд ч дундажаас дээш, хангалттай хэмжээнд тогтоохын зэрэгцээ идэвх зүтгэлтэй, сайн ажиллаж буй ажилтнаа дэмжиж, тушаал дэвшүүлэх, цалин нэмэх зэрэгт уян хатан бодлого баримталдаг аж. Нэг үгээр, ажлаа аз жаргалтай, сэтгэл ханамжтай хийх боломжийг бүхий л талаар бүрдүүлэхийг зорьдог. Гүйцэтгэх захирлын хувьд өөрөөрөө үлгэрлэхийг зорьж, ажилдаа хамгийн түрүүнд, эртлэн ирэх нь элбэг бөгөөд өглөөний нам гүмд чухал шийдвэрүүдээ бодож эргэцүүлэн суухыг илүүд үздэгээ хуваалцаж байв. “Бодоход их цаг зарцуулдаг” гэж хэлсэн нь ч ийм учиртай.
“Хамгийн түрүүнд ёс зүйг л баримталдаг. Ёс зүйтэй байна гэдэг нэр хүндийн асуудал. Нэг л алдаа гаргахад компанийн нэр хүнд, үнэ цэн унана. Энэ утгаараа бид ашиг орлого гэхээс илүү нэр төртэй байхыг илүүд үздэг”
“Инвескор Капитал” ҮЦК -ийн хамт олон мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж, компанийн соёл, хүний нөөцийн бодлогодоо онцгойлон анхаарахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон ажил санаачлан хийдэг. Тухайлбал, “Гүрэн академи”-тай хамтран Монгол орон даяар хэрэгжих, ЕБС-ийн сурагчдын англи хэлний ярианы чадварыг ахиулах, мөн санхүүгийн боловсрол олгох төслүүдэд хамтран ажиллах гэрээнд тун саяхан гарын үсэг зурсан юм. Мөн олон нийтэд хараахан цацагдах болоогүй төслүүд байгааг ч дурдаад түр нууцлахыг хүссэн билээ. Гэхдээ тэдний хувьд нэг л зүйл тодорхой нь гүйцэтгэх захирал Л.Билгүүний давтан хэлсэн “Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй дэлхийн хөрөнгийн зах зээл дэх монгол компаниудынхаа түүчээ болохын тулд тууштай ажилласаар байх болно” хэмээх алсын хараа юм.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 01 сарын дугаар (№50) -ын ковер нийтлэл –