Business.mn сайтаас бизнесийн эзэд, удирдлага, менежер, ажилтнуудад зориулаад стратеги, санхүү, хүний нөөц, менежмент, маркетинг, дижитал шилжилт, хувь хүний хөгжилтэй чухал асуултуудын хариултыг #Answered булангаараа цувралаар хүргэж байна.
***
Аливаа жижиг, дунд бизнес эрхлэгч компанийнхаа дүрмийн санг тогтмол нэмэгдүүлэх нь гадаад, дотоодын зах зээлээс хөрөнгө оруулагч татах, санхүүгийн байгууллагаас амжилттай зээл авах боломжийг ахиулах эерэг талтай. Гэтэл манай жижиг, дунд шатны бизнес эрхлэгч нар төлж буй татвар, шимтгэлийн хэмжээгээ бууруулах зорилгоор жижигрүүлсэн бүртгэл хийх, ашгийн татвар багасгасан хуурамч худалдан авалтуудыг хийх зэрэг аргыг хэрэглэсээр ирсэн. Энэ нь таны төлөх татвар, шимтгэл буурах эерэг талтай мэт харагдах ч компанийн санхүүгийн чадвар, авах боломжтой зээлийн хэмжээ үүнийгээ даган хэд дахин буурдаг. Улмаар таны олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан байж босгосон компанийн тань бодит байдалд хийгдэх үнэлгээнд сөргөөр нөлөөлж урт хугацааны санхүүжилт татах, аливаа нэгэн байгууллагатай хамтран ажиллах боломжийг тань хаах юм. Учир нь бизнесийн хамтын ажиллагаа явуулах байгууллага танай компанийн бичиг баримт, татварын тайланд тань үндэслэн дүгнэлт, шийдвэрээ гаргадаг. Санхүүгийн чадваргүй, хэт жижиг компанитай бусад байгууллага хамтран ажиллахыг хүсэхгүй нь мэдээж. Тиймээс та санхүүжилт татах, бусадтай хамтран ажиллахын тулд компанийнхаа дүрмийн санг тогтмол нэмэгдүүлж, үнэн бодитоор харагдуулах нь хэмнэлтээс тань илүү үр дүнтэй гэдгийг сануулъя.
Компанийн дүрмийн сан гэдгийг та компанийг анх байгуулахад оруулсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хэмээн ойлгож болох бөгөөд хэмжээ нь ганц сая төгрөгөөс хэдэн тэрбум төгрөгийн хэмжээтэй ч байж болно. Гэхдээ компанийнхаа үнэлгээг үнэн зөв гаргаж өгсөн эсэхийг хяналтын байгууллагад нотлон харуулах шаардлагатай. Үнэлгээгээ үнэн зөв гаргасан эсэхээ нотолж чадахгүй бол хэн ч танд итгэхгүй, зээл өгөхгүй. Хэрэв үнэн зөв тогтоосон эсэхээ нотлов гэмээ нь та хувьцаагаа барьцаалж бонд гаргах, олон улсын байгууллага болон урт хугацаат хөрөнгө оруулалтын зээлийг банк, санхүүгийн байгууллагаас авах зэрэг боломжууд даган бий болдог.
Одоо харин дүрмийн сангаа хэрхэн нэмэгдүүлэх талаар мэргэжилтнүүдийн зөвлөмж хүргэе. Та аливаа зардлыг үндсэн хөрөнгийн өртөгт нь бүртгэх буюу зардлыг капиталжуулах замаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой. Үүний тулд барааны тэмдгээ та хувийн зардлаар бүтээлгэж, улмаар өөрийнхөө нэр дээр оюуны өмчийн газарт бүртгүүлнэ. Улмаар эрх бүхий байгууллагаар бүтээгдэхүүнээ үнэлүүлж, компанидаа худалдаалснаар компанид өглөг үүсэж энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж бүртгэгдэх боломж олгоно. Зөвхөн биет хөрөнгө гэлтгүй патент, барааны тэмдэгт зэрэг биет бус хөрөнгийг худалдан авсан зардлаа капиталжуулах боломжтой байдаг. Манай улсад үйлчилж буй хуулийн хүрээнд биет бус хөрөнгийг бүртгүүлэх болон хамгаалахтай холбоотой зардлыг л капиталжуулж болдог. Зардлыг капиталжуулан бүртгэснээр цэвэр ашиг нэмэгдэж, улмаар ашгийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэн бүртгэхэд ногдол ашгийн татварын өглөг үүсэж төлөх шаардлага тулгарах хэдий ч энэ нь нэг л удаагийн төлбөр. Энэхүү нэг удаагийн зардлыг гаргаснаар та компанийнхаа дүрмийн санг өсгөж, олон аргаар санхүүжилт татах боломж бүрдэнэ.
Үүнээс гадна та аливаа зардлаа үндсэн хөрөнгийн өртөгт нь бүртгэх буюу зардлын капиталжуулалтаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Компанидаа шинэ тоног төхөөрөмж худалдан авсан бол түүнийгээ тээвэрлэх, суурилуулах, ашиглалтад оруулахтай холбогдон гарах зардлуудыг бүртгэлжүүлэх шаардлагатай. Энэ нь цэвэр ашиг болон хуримтлагдсан ашгаараа хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдлаар харагдуулах боломж олгоно. Гол нь тоног төхөөрөмж учир худалдан авсан дороо бус хөрөнгийн элэгдлээс хамаарч урт хугацаанд бүртгэгддэг.
Хэрэв та өөрийн бизнестээ хүссэн санхүүжилтээ татаж хөгжлийн дараагийн шатандаа гарахыг хүсвэл компанийнхаа дүрмийн санг тогтмол нэмэгдүүлээрэй.