RE/MAX Mongolia” олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн франчайз хариуцсан захирал М.Буянхишигтэй ярилцлаа.
Эхлээд өөрийн тань өссөн гэр бүлийн орчныг сонирхоё гэж бодлоо
Би чинь хөдөөгийн бор охин. Говь-Алтайнх. Манай аав ээж олон жил төрийн албан хаагчаар ажилласан хүмүүс. Одоо бодоод байхад намайг их сайн хүмүүжүүлсэн. Аав ээжээсээ суралцсан зүйл гэвэл өдөр бүр л тасралтгүй ажил хийх юм даа. Мөнхжаргал, Чулуунцэцэг гэдэг хоёр хүн намайг хайр бялхсан гэр бүлд хүмүүжүүлж суурийг маань маш сайн тавьж өгсөн. Манай аав төрийн хүн учраас ярилцах, харилцах, хүндлэхийн чухлыг мэддэг. Яг л энэ зүйлсийг надад өвлүүлж өгсөн. Суурийг нь сайн тавиад өгчихвөл энэ хүүхэд өөрөө цаашаа явчихна гэж бодсон юм шиг байгаа юм.
Гэр бүлээс гурвуулаа. Эгчтэй дүүтэй. Айлын дундах. Гэрийнхээ ерөнхий менежер нь.
Захирал, менежер гэдэг үүднээс өөрийн тодорхойлолтыг хэлбэл?
Би залуу хүн, амьдралын хамгийн идэвхитэй оргил үе дээрээ амьдарч байна. Би 1993 оных, энэ жил 30 хүрнэ. Хүмүүс насаа нуугаад байдаг, миний хувьд залуусдаа урам өгөх зорилгоор насаа байнга ярих дуртай. 2014 оноос групп компанидаа ажиллаж байна, хамгийн анх идэвхжүүлэлтийн менежер хийдэг байсан. Менежер бол маш сайн гүйцэтгэгч. Хамгийн сайн чиглүүлэгч бол мундаг менежерүүд байдаг. Тэд бол үйл ажиллагааг тасралгүй явуулах эд анги юм. Ажил хэр сайн явах нь, хэр үр дүнтэй болох нь менежерийн чадвараас шууд хамааралтай. Тийм ч учраас сайн менежерийн ур чадварт суралцах нь маш чухал юм. Харин захирал удирдлага гэдэг энэ нэр намайг 180 градус өөрчилсөн гэж хэлж болох юм. Удирдагч хүний хувийн зорилго, бизнесийн зорилго хоёр нэг байдаг. Хүн удирдах, хүнийг тогтоон барих, хүнээс бүтээмж гарган хөгжүүлэх, бойжуулах гэдэг бол бизнесийн хамгийн гол суурь ухаануудын нэг гэж хараад байгаа. Энэ ур чадварыг эзэмшчихвэл одоо л удирдагч болох гэж байна даа гэж өөрийгөө дүгнэх байх. Тэгэхээр сайн удирдагч болохын тулд өдөр бүр суралцсаар байна.
2022 онд Forbes сэтгүүлийн “30 хүртэлх 30” буюу 30 нас хүрээгүй шилдэг энтрепренер залуусын жагсаалтад багтсан. 2022 оны онцлох амжилтын маань нэг энэ байлаа. Миний хувьд Монголдоо КТМС-ийг маркетингийн менежментээр сурч төгссөн. Дараа нь өөрийгөө сорих зорилгоор Тайванд магистрт суралцаад 2019 онд Монголд ирсэн. Гадаадад очоод миний хамгийн сонирхол татсан салбар нь үл хөдлөхийн салбар байсан. Энэ салбар луу эртхэн орж байх минь яав даа гэж одоо ч харамсдаг. /инээв/
-Хувь хүн талаас нь, мөн бизнес загвар талаас нь асуултууд тавья гэж бодож байна. Та бол ерөнхийдөө ясны борлуулагч байна шүү дээ?
-Тийм шүү. Би бол маркетинг, тэр дундаа яг л борлуулалтын хүн. Миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол ХАРИЛЦАА. Бизнес уулзалт, хэлцлүүдийг системтэй төгс хийхийг хичээдэг. Надад нэг үйлдвэрлэл эрхэлдэг ах маань хэлж байсан. Би 15 жил ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сурлаа, үйлдвэрлэл бол 1% юм байна, 99% нь борлуулалт байдаг юм байна гэж. Ямар ч бизнест энэ бол маш чухал үе шат.
-Борлуулагчид бол жадны үзүүрт явж байдаг, компанид цусан хангамжийг бий болгож байдаг гол хүмүүс. Таны хувьд борлуулалт хийхдээ ямар зарчим, арга туршлагаар ажилладаг вэ?
-Би маш нээлттэй хүн. Хүнтэй харилцахдаа ер төвөгшөөдөггүй, харилцаандаа анхаардаг. Манай бизнес загвар харилцагчдаа өгөхийг шаарддаг, сургадаг.
Борлуулагч хүн ярилцагчаа маш сайн мэдэрдэг байх нь чухал. Борлуулагч хүнд байх ёстой чухал ур чадвар бол оновчтой зөв асуулт тавих. Мэдээж оновчтой асуулт тавихын тулд харилцагчаа маш сайн мэдэрч судалсан байх шаардлагатай. Тэр хүн юунд зорьж байгаа, боломжит нөхцөл нь юу болох, хэнд зориулж авах гэж байгаа гэх мэт тэр хүний хувьд юу чухал үнэт зүйл вэ гэдгийг анхааралтай сонссоноор мэдэх юм.
Зарим худалдан авагч өөрийнхөө яг юу хүсээд байгааг мэдэхгүй, ойлгохгүй байх нь бий. Тиймээс борлуулагч хүний хувьд тухайн худалдан авагчид хамгийн оновчтой шийдэл, эсвэл бүтээгдэхүүнийг санал болгохын тулд нээлттэй болон хаалттай асуултуудыг зөв оновчтой ашиглаж сурах нь зөв. Ингээд харилцан яриа үүсгэж, улмаар тухайн хүнд зөвлөгөө өгөх замаар, бас өөрт нь сонголт хийх бүрэн эрх нь байгааг мэдрүүлэнгээ шийдвэрийг нь удирдаж борлуулалт хийх боломжтой юм.
Миний чаддаг зүйл харилцаанаас гадна аналитик ур чадвар гэж боддог. Би маш их өгөгдөл, тоон дээр ажиллаж байж, түүндээ тулгуурлан хүмүүст шийдэл санал болгодог. Зах зээлийн энэ олон мэдээлэл дундаас бодит, голчтой дүн шинжилгээ хийнэ гэдэг амаргүй. Тоон дээр ажиллаад түүнийг илүү ойлгомжтой хэлээр хүмүүст хүргэж чаддаг учраас амархан хэлцэлд хүрдэг гэж боддог.
-Сайн харилцаа бол өгөх тусам дүүрдэг ид шидтэй гэж ярьдаг. Амин хувиа хичээсэн хандлага давамгайлах тусам хэдий олуулаа байсан ч нэг л бүтээмж муу байгаа санагддаг.
-Тийм шүү. Зөөллөх, уур амьсгалыг мэдэрч анхаарал тавих бол маш чухал зүйл. Борлуулалт гэхээр мөнгө л яриад байгаа юм шиг боловч ард нь маш их анхаарал халамж хэрэгтэй. Магадгүй гаднаас орж ирэхэд стрессийг нь хуваалцах, гадаа болж байгаа жагсаалын талаар сэтгэгдлийг нь асуух гэх мэт. Борлуулалт хийх гэж байна гээд зөвхөн өөрийнхөө ажил үйлчилгээг яриад, мөнгөө яриад байх нь утгагүй зүйл. Гадаадууд чи нөхөртэй юу, хүүхэдтэй юу гэж асууж ярилцах нь ч байдаг. Гэтэл үүнийг манайд бол өөрийг нь сонирхоод байна гэж буруу ойлгох явдал гардаг. Угтаа харилцааг энгийн эхлүүлэх, гэр бүлийнх нь талаар судалж, хамгийн тохирсон санал шийдлүүдийг зөвлөх хэрэгтэй. Өргөн агуулгатай зүйлийг мэдэж байж, өгч байж авдаг гэдгийг л борлуулалтын гол зарчим гэж ойлгож болно.
-Таны хувьд чухал бизнесийн хэлцэлдээ яаж бэлддэг вэ?
-Бэлтгэл маш чухал. Бараг нийт хөдөлмөрийн 50 хувь нь бэлтгэл, судалгаанаас хамаарна. Би өөрөө бүтээгдэхүүн. Тэгэхээр өөрийгөө бэлдэхээс эхэлнэ. Ямар ч ажилд тэр хүнтэй цаг гаруй ярилцахдаа тэр яриаг авч явна гэдэг бэлтгэлээс хамаарна.
Олон улсын франчайзад бол бизнесийн хэлцэл олон жил туршигдсан систем байдаг учир тодорхой алхмуудад хуваан, алхам болгон өөр өөрсдийн бичиг баримттай, тусгай техникүүдийг эзэмшиж чадвал хэлцэл амжилттай болно гэж хардаг. Систем маань биднийг бэлдээд өгдөг учраас эргэлзэлгүйгээр дагадаг. Яахав олон улсын франчайз гээд мөрдлөг болгох зүйл байдаг ч түүнийг өөрийн улс үндэстнийхээ онцлогт тааруулах зүйл гардаг. Монгол хүмүүсийн зан араншин, онцлогт тааруулан 30 хувийг нь монголчлох гэдэг ч юм уу. Гэхдээ олон улсад туршигдсан зүйл учраас тэр зааврын дагуу дараагийн шатанд орохоос өмнө ийм ийм зүйл хийсэн байх ёстой, дараагийн шатанд ийм ийм зүйл хийе гээд явахад алддаггүй. Бэлтгэл гэдэг бол тодорхой байдал гэсэн үг. Хэн, хаана, юунд хүрэх гээд байгаагаа маш сайн тодорхойлж, систем загвараа бариад явахад энэ нь ажил хэрэгт маш сайн бэлтгэл болдог.
Мэдээж хувийн бэлтгэл бас байх ёстой. Анх өөрийгөө бэлтгэлтэй байна гэж боддог байсан. Үүнийг хийж чадна гэсэн итгэл үнэмшил, залуу хүний урам зоригоороо ард нь гарах зүйл бишгүй байсан. Бэлтгэлгүй шууд гэнэтийн байдлаар орсон зүйл хааяа амттай санагдах нь ч бий. Ярьж байгаа зүйлийг нь маш хурдан хугацаанд ойлгож, дараагийн алхмыг тооцоолох гэх мэт зүйл байдаг.
-Хэрэглэгчийн асуудлыг шийдэх гэдэг нь амжилттай бизнесийг тодорхойлох чухал зүйл. Таны хувьд энэ тал дээр хэрхэн анхаарч хэрэглэгчийнхээ асуудлыг шийдэж чаддаг вэ?
-“RE/MAX Mongolia” компанийн үндсэн бүтээгдэхүүн бол үл хөдлөх хөрөнгийн зуучлал. Энэ бол орчин цагийн шаардлагаар үүсэж бий болж байгаа үйлчилгээ. Дараагийн бүтээгдэхүүн бол олон улсын франчайз. Бизнес эрхлэгч нарт зориулсан нэгдсэн менежментийн систем.
Эхний бүтээгдэхүүн нь зуучлалын бүтээгдэхүүн. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар бол хөгжингүй орнуудад 100 жил болсон салбар Монголд 1990-ээд оноос “change” гэх ойлголт байсан, энэ нь одоо болтол устаж арилаагүй ойлголт яваад байгаа.
Мөнгөтэй гэхээс илүү мэдээлэлтэй хүн үл хөдлөхтэй болж чаддаг.
Нөгөө бүтээгдэхүүн нь франчайз. Ихэнх бизнес эрхлэгчид өөрөө оролцохгүй ч бизнес нь явж байхыг үргэлж хүсдэг. Гэтэл урдах ажлаа барахын төлөө өдөр бүр ажилладаг загвараар дийлэнх нь явдаг. Өдөр болгон гал унтраах зарчмаар бүх түвшинд ажиллаад байдаг. Ингэхгүйн тулд бизнесийн загвар системээ илүү тодорхой болгох шаардлагатай. Махчлаад яваад байдаг, зөв ч юм уу буруу ч юм уу зүтгээд байдаг. Гэтэл өдөр бүр зүтгэсээр байсан ч нэг л өдөр бие чинь өвдөхөд үйл ажиллагаа чинь тасалдаж байвал та ухаалаг ажиллаагүй гэсэн үг. Таны эхлүүлсэн бизнес тангүйгээр ч урагшилж байх тэр системийг бүрдүүлэх ёстой.
Систем гэдгийг манайхан зөвхөн технологи гэж ойлгоод байдаг. Технологи бол системийн нэг хэсэг. Хүний нөөц, маркетинг, сургалт хөгжил, мэдээллийн технологи гээд үндсэн бүх хөдөлгүүр пазлл шиг эвлэж байж цогц систем бүрддэг. Ингэснээр өдөр болгон махчилж зүтгэхээс өөрийгөө чөлөөлж чадна. Бидний санал болгож байгаа франчайз бол ерөөсөө л энэ. Энд бэлэн систем загварчлал, араг яс байна, үүнийг үргэлжлүүлээд юу болгох нь та нараас хамаарна. Систем оновчтой, тодорхой байснаар цаг хугацаа хэмнэж, эрсдэлийг бууруулах боломжтой. Менежментийн таван ухаанаа боловсруулаад орхичихдоггүй, түүнийгээ үргэлж тордож байдаг.
-“RE/MAX”-ын бизнесийн үнэт зүйлийг дотор нь ажиллаж байгаагийн хувьд хэрхэн тодорхойлох вэ?
-Нэгдүгээрт цаг хугацааны үнэ цэнийг мэдрүүлэхийг эрхэмлэдэг. Энэ их түгжрэл, бухимдал дунд бидний бүтээгдэхүүн үйлчилгээ хүний анхдагч хэрэгцээнд чиглэдэг. Тухайн хүн, түүний гэр бүл гэртээ халуун дулаан аз жаргалтай байх нь бидний хамгийн том үнэт зүйл. Хоёрдугаарт ёс зүй. Ёс зүйтэй мэргэжлийн агентуудыг бэлтгэх нь нийгэмдээ төдийгүй энэ салбарт түүчээлэн ажиллаж байгаа RE/MAX-ын хувьд чухал үнэт зүйлүүдийн маань нэг болоод байна.
-Системийг нэг хүн хийхгүй, үл хөдлөх хөрөнгийн салбарын систем пазлл шиг эвлээд өөрөө явдаг машин шиг болоход ямар дүрүүд хэрэгтэй вэ?
-Та дүрүүд гэж их оновчтой тодорхойллоо. Брокер эзэмшигч 105 залуу байна. Энэ брэндийг авч явж байгаа 1200 агент байна. Мөн реалторууд бий. АНУ-ын Вашингтон хотод Дэлхийн реалторуудын холбоо байдаг. R үсэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй гэсэн үг. Миний хувьд REALTOR, CIPS, SRS зэргүүдээ 2022 ондоо авлаа. Харин агент хүн бол зөвхөн тухайн улсдаа үйлчилгээ үзүүлдэг. Үл хөдлөхийн салбарт сурах юм үнэхээр их. Харин манай “RE/MAX” 2023 онд 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Манайх бүс нутагтаа 8 жил болж байна.
-Та том мөрөөдөлтэй байх. Энэ нийгэмд юу хийж бүтээхийг хүсдэг вэ?
-Хийж байгаа салбараараа мөрөөдлөө төсөөлж байна. Хүний амьдралд бодитоор нөлөөлсөн үнэ цэн бүтээхийг мөрөөдөж байна. Энэ салбар бол хүмүүсийн бодож байгаагаас ч том. Манайхан НЭЭГДЭЭГҮЙ ТИВ Ч гэж ярьдаг. Хүн бүрийг үл хөдлөх хөрөнгийн мэдлэгтэй болоосой гэж хүсэж байна. Үл хөдлөх хөрөнгө гэдгийг зүгээр нэг амьдрах сууцаар битгий төсөөлөөсэй. Энэ бол хөрөнгө оруулалтын маш том салбар.
Би нэг зүйлд баярладаг нь энэ салбарыг арай эрт ойлгосных байх. Мөнгөтэй хүн л үл хөдлөх хөрөнгө авдаг гэж хүмүүс ташаа боддог. Үнэн хэрэгтээ мэдээлэлтэй хүн үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Мэдээлэлтэй хүн хаана боломж байгааг түрүүлж олж хардаг.
Анхлан байр худалдан авагч гэж бий. Үл хөдлөх хөрөнгө одоохондоо аваагүй, хашаа байшинд амьдардаг хүмүүс, эсвэл 18-24 насны залуусыг хэлж байгаа юм. Одоо 20-той залуучууд үл хөдлөх хөрөнгийн талаар ойлголттой болмоор байна. Үүнийг бас дэмжмээр. Ипотекийн зээлд хамрагдах талаар залуу хүн ерөнхий мэдлэгтэй байх шаардлагатай.
Үл хөдлөх хөрөнгө гэдгийг зүгээр нэг амьдрах сууцаар битгий төсөөлөөсэй. Энэ бол хөрөнгө оруулалтын маш том салбар.
Би бол үл хөдлөх ярингуут нүд сэргээд ирдэг. Үнэхээр маш их боломж байгаа. Залуучууд халаасандаа 200 сая эсвэл 300 саятай байхад гоё байртай болох юм шиг боддог. Тэгээд энэ мөнгөө яаж олно оо гээд шаналаад эхэлдэг. Бидний гол зорилго бол хүмүүст энэ салбарын тухай, үл хөдлөхийн зуучлалын талаар ойлголт өгөх юм. Зах зээл дээр манайхаас гадна тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй компани байгаа. Тэглээ гээд бид иргэдийн 30 хувьд л хүрч ажиллаж байгаа. Тэгэхээр тэр хүрч ажиллаж чадахгүй байгаа 70 хувиа анхлан байр худалдан авагч гэж харж байгаа.
Дараагийнх нь миний өөрийн мөрөөдөл. Би нам тайван, тав тухтай орчин, байгальд дуртай. Тийм сайхан байгальд шалнаасаа тааз хүрсэн цонхтой, канад загварын гурвалжин дээвэртэй модон байшинд гэр бүлээрээ амьдрахыг мөрөөддөг. Миний мөрөөдөл бол тайван, аз жаргалтайгаар гэр бүлтэйгээ амьдрах. Түүнчлэн магадгүй таван жилийн дараа энэ салбар, энэ ажил мэргэжлээрээ АНУ-ын зах зээлд хүч сорихыг хүсдэг. Америкт байгаа реалторуудтай хамтарч үзье. Ер нь олон улсын том зорилго байна. Манай салбарт ажиллагчдын дундаж нас өнгөрсөн жил 27 байсан, энэ жил 34 болсон. Дахиад 5 жилийн дараа би 34, 35 настай байх үед очвол хүлээж авах юм шиг санагддаг. Канадад ч байсан болох юм.
-Үл хөдлөхийн талаар ойлголтгүй байна гэлээ. Манай улсад үл хөдлөхийн салбар, ялангуяа зуучлалын талаар ямар ташаа ойлголтууд амь бөхтэй байна вэ?
-Ченж гэдэг үгийг авч хаях гэж өчнөөн мартетинг, боловсрол олгох янз янзын контентууд хийсээр байна. Барилга барьж байгаа компаниудын төслийн мэдээллээс метр квадратын үнийг нь харахад хэтийн мөрөөдөл шиг санагддаг болчихлоо. Үл хөдлөх бүү хэл өнөө маргаашийн хоолоо бодож амьдарч байна. Монгол хүн болж төрсөн нь буруу биш. Гэтэл бидний үеийн залуучууд ямар түвшний юм бодож сэтгэж явж байна вэ гээд бодоход л өөр шүү дээ. Тэгэхээр анхнаас нь, магадгүй дунд сургуульд байхаас нь үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ, үүнийг хэрхэн бий болгох вэ гэдэг мэдлэгийг суурьтайгаар олгочихвол зүгээр.
Угтаа бүх хүн зуучийн бизнес хийж байгаа. Банк ч тэр, дэлгүүр ч тэр. Зах зээл угаасаа зуучлал шүү дээ. Гэтэл энэ хүмүүс л ченж хийж байрны үнэ нэмээд байна гэж ярьдаг. Ченж гэж нэг муу дүр тогтчихсон. Нийгэмд ийм л зүйл үүсчихсэн байна. 1990-иэд оны ченж гэдэг ойлголт байсаар байгаа нь бидний бизнесийн үнэт зүйлд нөлөөлдөг. Гэхдээ ахмад үеийнхэнд хэлээд сайн ойлгоно гэж бодохгүй байгаа. Одоогийн 18-тай залуучуудад л мэдлэг мэдээлэл олгоё. Энэ залуус хэдхэн жилийн дараа бидний харилцагч болно. Яагаад гэвэл бид өөрсдөө ч анзааралгүй үл хөдлөх хөрөнгийн тойрогт хөл тавьдаг. Оюутан болж байр түрээслээд л. Би ч бас хорооллын эцэст хажуу өрөө түрээслээд л эхэлж байлаа. Дараа нь нэг өрөө байр түрээсэлнэ. Тэгээд за одоо байртай болъё, бизнес хийе гээд хүн болгон үл хөдлөх хөрөнгийн тойрогт ордог. Гагцхүү үл хөдлөхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй.
Нөгөө талаас манай агентууд маш сайн байх хэрэгтэй. Хүний амьдралын маш чухал шийдвэр гаргах үед нь хамт байдаг учраас зах зээлээ сайн мэдэрдэг, мэддэг байх шаардлагатай. Хууль эрхзүй, татвар, НӨАТ гээд бүгдийг л мэддэг байх шаардлагатай. Дор хаяж 7-8 салбарын цогц мэдлэгтэй болж байж гайгүй агент болж байна аа гэж үздэг. Ер нь бол маш хэцүү ажил л даа.
-Амьдралд хөл тавиад л үл хөдлөхийн салбарт хөл тавьдаг гэж та хэллээ. Тэгвэл анхны алхам ямар байвал оновчтой гэж та зөвлөх вэ?
-Өөрийн хэрэгцээгээ маш зөвөөр тодорхойлох хэрэгтэй. Дараа нь өөрийн нөхцөл байдлаа маш оновчтой тодорхойлно. Надад ямар нөөц боломж байна вэ гэдгээ. Дараа нь маш сайн мэргэжлийн агенттай уулзах хэрэгтэй. Хүмүүс үл хөдлөхийн хэрэгцээ шаардлага байгаа, өөрт нь ийм боломж байна гэдгээ агентдаа тодорхой илэрхийлж чаддаггүй. Агентдаа маш сайн хэлэх хэрэгтэй. Миний цалин ийм байна, одоо тэдэн төгрөг байна, байршлын хувьд ийм байвал зүгээр гэх мэт.
-Ипотекийн зээлийг боолын гэрээ байгуулчихлаа гэж хошигнох нь байна.
-Ипотек шиг ашигтай зээл байхгүй. Бизнесүүд, банкныхан ч үүнийг маш сайн ойлгуулж байна. 20 жилд эдийн засгийн нөхцөл байдал янз бүр болно. Би ч гэсэн ипотекийн зээлтэй. Залуучууд судлах хэрэгтэй. Манай улсад 6-8 хувьтай байна. Зарим улсад үүнээс өндөр ч байна, бага ч хүүтэй байна.
-Хувь хүний тал руу эргээд асуултаа чиглүүлье. Та одоо франчайз хариуцсан захирал. Захирал болсноор ямар өөрчлөлт гарсан бэ? Би ийм зарчим баримталж ажиллах шаардлагатай юм байна гэсэн бодол төрж байв уу, эсвэл франчайзын системийн дагуу явчхаж байна уу?
-Мэдээж насны хувьд хүлээн зөвшөөрөгдөх амаргүй. Тиймээс цаг хугацаанд, бас өөртөө найдсан. Миний хувьд хичээл зүтгэлээ хүмүүст өдөр бүр харуулж, алхам алхмаар хүлээн зөвшөөрөгдөх юмсан гэж боддог. Шинийг санаачлах, нэвтрүүлэх, зардлаа танах гэх мэт ухаалаг том зургаар ажиллаж сурах нь чухал. Хувийн амьдрал ч гэсэн ахиц гарсан харагдаад байгаа. Ажил амьдралын баланс л их чухал юм байна. Үүндээ маш анхаарч байгаа.
-Өөрт чинь менежментийн баг байгаа. Танай багийн соёл юу вэ?
-Манай багийнхан хоорондоо маш нээлттэй. Бүгд өөр өөрийн гэсэн давуу талтай. Бие биеэ маш сайн нөхөж ажиллаж чаддаг, бие биеэ хүлээн зөвшөөрдөг, бүтээмжтэй хамт олон. Жишээ нь манай санхүүгийн Номио гээд охин бий. Би ямар ч санхүүгийн холбогдолтой зүйлийг Номиогоос асуудаг. Хүнийг чаддаг юмаар нь хүлээн зөвшөөрөх нь тэр хүндээ маш том урам, хүндлэл авчирдаг. Би чадна, гэхдээ чи надаас илүү чадна гэж хандахаар маш том хүндлэл, итгэл найдвар төрүүлдэг. Бүтээмж ч сайн болдог. Манай баг бол тийм том биш, гэхдээ хамтдаа чаддаг чаддаг зүйлээрээ нэгдэж ажиллахад бүтээмжтэй байдаг. Тэгээд бүгд маш сайн ачаалал даадаг, хариуцлагаа ухамсарладаг. Олон төрлийн ур чадвартай хүмүүстэй хамтарч ажиллахаар бие биеэсээ маш их зүйлд суралцдаг. Миний ихэнх идэвхтэй цагаа өнгөрүүлдэг хоёр дахь гэр бүл минь учир тэр хэддээ их хайртай.
-Сайн ажилтнаа их ажиллуулсаар байгаад нурууг нь аваад явуулдаг алдааг удирдлагууд гаргадаг. Хүмүүсийнхээ энергийг хэрхэн удирдаж байна вэ?
-Яг үнэн. Нэг сайн хүнийхээ нурууг аваад л, ажил даалгаж өгсөөр байгаад алддаг жишиг бий. Тэгэхээр бие биетэйгээ ярилцах маш чухал. Европчууд өглөө босож цайлаад, кофегоо уугаад юм яриад суудаг. Хэсэг ажиллаж байгаад өдрийн хоолоо идээд хундага вино уунгаа ахиад юм яриад сууна.
Монголчууд анхнаасаа нэгдэж нийлдэг төрлийн сэтгэлгээтэй биш. Тийм болохоор ярилцдаггүй санагддаг. Саяхан манай хоёр ажилтны хооронд үл ойлголцол гараад хоорондоо ярилцахгүй байгаа юм. Та хоёр хоёрхон алхмын зайтай сууж байж яагаад хоорондоо ярилцахгүй байгаа юм бэ, ярилцацгаая гэж хэлсэн л дээ. Дэлгэцийн цаанаас ярих, царай царайгаа хараад ярилцах шал өөр. Ярилцах л хамгийн чухал зүйл. Ярилцаж байж илүү ойлголцолтой байж чаддаг. Тийм болохоор ажилтантайгаа маш сайн ярилцаж, яах хэрэгтэй байгааг лавлаж, ар гэрт нь асуудал байгаа эсэхэд ч санаа тавих хэрэгтэй.
-Цар тахлын улмаас хүмүүсийн сэтгэлзүйд маш их өөрчлөлд орж байна. Ажилтны ар гэр компанийн хувьд арын саарал дүр байсан бол одоо гэр бүл маш чухал гэдгийг ажил олгогчид ойлгож эхэллээ. Танай байгууллага дээр ийм байдал хэр ажиглагдаж байна вэ?
-Үүнийг ярихын тул үе хоорондын ялгааны талаар ярихаас аргагүй болж байна. Би бас маш олон хүнтэй хамтарч ажиллаж үзлээ. Энэ хүн үнэхээр бүтээмжтэй ажиллая гэсэн оргилсон хүсэлтэй байна уу, цаг нөхцөөж байгаад цалин авах хүсэлтэй байна уу гэдэг нь шууд уншигддаг. Миний хувьд хамтран ажиллах хүнээ сонгохдоо тэр хүний хүсэл тэмүүллийг харгалзан сонгодог. Ажилдаа дуртай байна, дурлана гэдэг маш чухал зүйл. Тийм хүмүүсийг улам дэмжмээр санагддаг.
Миний хувьд карьерыг өдөр болгоны хөдөлмөрийг минь үнэлж байгаа тэр зүйл гэж боддог.
Миний хувьд ажилдаа дуртай гэхээсээ илүү хайртай. Ажилтныг ажилдаа дуртай болгоход удирдлагын оролцоо, хандлага чухал. Анхнаасаа ажилдаа хайртай, дуртай болоход компани бас анхаарах шаардлагатай. Хүнийг ажилд нь дуртай болгочихвол сэтгэл нь хаашаа холдох вэ?
Сая цар тахлын нөлөөгөөр хөдөлмөр эрхлэгчдийн шилжих хөдөлгөөн нэлээд эрчимжлээ. Ажилчид нэг үеэ бодвол хүсэж байгаа зүйлээ маш их илэрхийлдэг болсон байна. Гоё кофе ууж баймаар байна, хааяадаа ажлын цагаар тухтай амрах орон зай хэрэгтэй байна гэх мэтээр шаардлага тавьдаг болсон. Энэ нь нэг талаар сайн ч хэрэгцээ шаардлагыг нь ойлгон хүлээж авч байгаа байгууллагадаа би юу өгч чадах вэ гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй гэж боддог.
Би энэ зүйлсийг компанидаа өгч чадна гэсэн итгэлээ бардам илэрхийлэх ёстой. Компаниас хэрэгцээт зүйлээ хүсэхийн хажуугаар компанидаа өгч ажиллах хэрэгтэй. Хөдөлмөрийн хууль яг таг уншаад л, компани ингэх ёстой, тэгэх ёстой гэж шаардлага тавихаасаа илүү ажилдаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Сарын хугацаанд ажилдаа бараг хоцроогүй байна гэдэг бол маш том хүндлэл. Би жил болохдоо энэ компанид ямар үнэт зүйл бий болгосон бэ? Чи өдөр болгон гал унтраах зарчмаар ажиллаж байна уу, эсвэл дараагийн орж ирэх хүмүүсийнхээ замыг засаж систем, бизнес загвараа хөгжүүлж, түүгээр таван жилийн дараа орж ирэх ажилтан ч илүү үр бүтээлтэй ажиллаж байвал энэ л чиний бүтээж байгаа үнэ цэн гэсэн үг. Энэ компанид чи юу өгч байгаа вэ гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй. Бас хүн юу хийх нь чухал гэхээсээ илүү хэнтэй ажиллах нь илүү чухал юм билээ.
-Залуусын ирээдүйдээ итгэх итгэл буурч байна. Аль болох гадагшаа явах юм сан гэсэн бодолтой болж. Залуусын хүсэл эрмэлзлийг сэрээхэд тухайлбал, “RE/MAX” юу өгч, юуг өөрчилж чадах вэ?
-Боломж хүн бүрд бий гэдгийг дахиад хэлмээр байна. Боломжоо атгаж чадсан хүнд дараагийн боломжууд ирдэг. Гэхдээ боломж уйгагүй, хөдөлмөрч хүнд ирдэг. Би маш зоригтой, зарим зүйлд шүүлтүүргүйгээр тийм гээд хэлчихсэн байх нь бий. Тэр нь бас зөв байх нь бий. Эрсдэлээс айгаад явсан бол надад өнөөдөр ийм боломжууд тохиохгүй байсан.
Заримдаа маш шантарсан үед ч боломж гаргалгаа гарч ирдэг. Гэхдээ байрандаа байснаас илүү ямар нэг байдлаар урагшилсан, хөдөлсөн хүнд боломж ирдэг. Зүгээр өөрийнхөө хүсэл тэмүүллээр л явах хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө үнэн байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бүрэн таньж байж боломжтой учирдаг. Миний хүсэж байгаа зүйл юу байна гэдгээ маш сайн чагнах хэрэгтэй болов уу.
Боломжийг “RE/MAX”-тай холбоод үзэхээр бизнес талаасаа боломжийг шүүрч авах үгүй нь нөгөө хүний шийдвэр. Гэхдээ боломжийг шүүрч авбал цаашид ийм зам таныг хүлээж байна гэдгийг маш тодорхой зураглаж, зөвлөж өгдөг. Шүүрч авахгүй залуус ч их бий. Мэдээж үл хөдлөхийн зуучлал бол хүн болгонд зориулагдсан бизнес биш учраас ийм сонголтыг ч бас хүндэтгэнэ.
-Карьер гэдгийг та юу гэж тайлбарлах вэ?
-Би 27 насандаа ээж болж байсан. Тэр үед нэг хүнтэй ярилцахад тэр хүн намайг юу хийх вэ гэж асуухаар нь би хүүхдээ том болохоор карьераа хөөнө дөө гэсэн. Гэтэл тэр хүн чамд ажил хийж амжилт олох нь карьер юм байна тийм үү гэж хэлж байсан. Карьер хүн болгоны хувьд өөр.
Хүүхдээ гаргаад гэр бүлээрээ аз жаргалтай, эрүүл энх явах нь ч карьер байж болно. Миний хувьд карьерыг өдөр болгоны хөдөлмөрийг минь үнэлж байгаа тэр зүйл гэж боддог. Карьер гэдэг өөртөө үнэнч явсны л шагнал юм уу даа.
-Орчин үеийн хүмүүс дэлгэцийн хамааралтай болж. Ганцаардана гэдэг нь нэг бодлын тансаглал болчхоод байна. Өөртөө “ганцаардах” боломжийг яаж олгож байна?
-Яг үнэн. Үнэхээр чухал асуулт байна. Миний хувьд “me time” гаргадаг. Манайх Яармагт байсан юм. Сая нүүж ирсэн. Түгжрэл бол үнэхээр хэцүү. Гэхдээ би тэр түгжрэлээр маш их зүйл бодож тунгааж явдаг байсан байнлээ. Харин одоо би түгжрэхээ больчихсон чинь ганцаараа байх цаг маань багасчихсан./инээв/ Би ганцаараа байж чадахгүй байна. Надад миний me time хэрэгтэй байна гэж нөхөртөө хүртэл хэлж байсан. Хүн өөрөө өөртөө цаг гаргах нь маш чухал зүйл болчхоод байна. Ядаж долоо хоногтоо гурван удаа өөрөө өөртөө тухтай цаг гаргах хэрэгтэй. Өөрийнхөө тухай бодох хэрэгцээ байдаг.
Би ганцаараа байхдаа тэмдэглэл хөтөлдөг. Тэмдэглэлдээ өөрийгөө загнаж ч бичнэ, чи арай хэтэрч байна шүү гэж ч бичнэ. Ажлынхаа тайлан дээр би өөртөө хандсан шүүмж бичсэн. Google Drive дээр байсан юм. Тэрийг ажлынхан харчхаад гайхаж байсан. Заримдаа өөртөө зөвлөдөг. Чи заавал тэгж байж тэрийг хийгээрэй гэх мэтээр.
Би бас саяхан сэтгэл зүйчтэй болж үзсэн. Сэтгэл зүйг маш их сонирхож судалдаг болохоор өөрөө ч гэсэн тодорхой хэмжээнд сэтгэл зүйч болчихсон юм шиг санагддаг. Нэг өдөр цаг гаргаж сэтгэл зүйч дээр очоод 3 цаг ярилцахад маш гоё байсан. Хүнтэй ярилцаад шийдлүүд сонсоод ирэхээр үнэхээр сайхан болж ирдэг. Хүмүүс хэтэрхий сэтгэл зүйн савлагаатай, тогтвортой биш байна гэдэг бол төвлөрч чадахгүй байна гэсэн үг. Төвлөрч чадахгүй байна гэдэг бүтээмжийн дайсан.
Тэгэхээр дотор хүнээ сонсож, шаардлагатай арга хэмжээ авахгүй бол нийгмээрээ сэтгэл зүйн асуудалд өртөж байна. Нийгмийн сүлжээнд хэрэгтэй хэрэггүй олон мэдээлэл бий. Тэрийгээ шүүлтүүрдэж чадахгүй байна. Саяхан Шар хадны эмнэлэг маш ачаалалтай байдаг, ор олддоггүй гэдгийг сонсож байсан. Тэгэхээр ийм асуудалтай, сэтгэл зүй нь тогтворгүй хүмүүс маш их байдаг юм байна. Тэр нь хүндрэхээс өмнө өөрөө өөртөө цаг гаргаж, сэтгэл зүйгээ тордох нь чухал.
-Хоёулаа бизнесийн сэдэв рүүгээ эргээд оръё. Хоёр сар гаруйн өмнө үл хөдлөхийн зуучлагчид хэр борлуулалт хийсэн талаар тайлан гарсан. Тэр тайланд “RE/MAX”-ын борлуулалт маш өндөр байсан. Өрсөлдөх чадварын хувьд тасраад явсан систем байна. Цаашдаа “RE/MAX”-ын зорилго юу байх вэ?
-2022 оны гол зорилго бол дата дээр суурилан бизнесээ хөгжүүлэх гэж тодорхойлж байсан. Бидэнд долоон жилийн дата байна. Долоон жилийн хугацаанд 185 мянган үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн. Өнөөдөр идэвхтэй 11 мянган үл хөдлөх хөрөнгө борлуулалтын жагсаалтад байна. Хүн ба систем хоёрын хослол дээр амжилттай ажиллаж байна.
Хүмүүсийн чиг хандлага ч өөрчлөгдөөд үл хөдлөх хөрөнгөө зарахаас илүүтэй түрээслэх сонирхолтой болж байна. Тэгэхээр түрээсийн зах зээл тусдаа маш том зах зээл болж байна.
Бидний дараагийн нэг зорилго бол олон улсад хэлний мэдлэгтэй агентуудаа гаргаж ажиллуулах болоод байна. 50 жилийн ойгоор хоёрдугаар сарын 28-нд “R4 Conference” олон улсын хурал АНУ-ын Лас вегаст болох гэж байна. Жил бүр болдог энэ хурлыг 50 жилийн ойгоор нэлээд өргөн цар хүрээтэй зохион байгуулна. Энэ арга хэмжээнд Монголоос 100 гаруй “RE/MAX”-чууд явах гээд бэлтгэлээ базааж байна.
2022 онд барилга бүрэн гарсангүй. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч урсгал явсаар байх болно. Яг цар тахлын үед бидний ачаалал оргилдоо хүрч байсан. Одоо ипотекийн санхүүжилт тодорхойгүй байна, зээл олгоно, олгохгүй гэсэн мэдээлэл маш их байна. Мэдээж энэ бүх зүйл манай үйл ажиллагаанд нөлөөлөх ч үл хөдлөхийн салбар хэзээ ч зогсохгүй. Цаашдаа зах зээлээ тэлнэ л гэж төсөөлж байна.
-Үл хөдлөх зуучлалын гол оролцогч болсон агентууддаа хэр анхаарал халамж тавьдаг вэ?
-Бид чанар тал руугаа анхаарч байна. Агентууддаа яаж боломж олгох вэ гэдгийг хэлэлцээд, судлаад л байна. Энэ бол стратегийн чухал сэдэв. Бидний гол хүмүүс агентууд учраас шимтгэл, цолны системээ яаж сайжруулах гэдэгт үргэлж анхаарч ажилладаг. Хуучин агентууд маань байсаар байна гэдэг нь агентууддаа анхаарч байгаагийн илрэл гэж боддог. Манай агентуудын 30 хувь нь гурваас дээш жил болсон, цолтой, дундаж орлого нь 5 саяд хүрчихсэн байдаг. Цол дотроо silver, gold, platinum, diamond гээд дөрвөн төрөлтэй.
Нөгөө талаас энэ бол брокеруудын бизнес учраас брокеруудын бизнесийн ашигт ажиллагаанд нь голчилж анхаардаг.
-Үл хөдлөхийн салбар бол маш сонирхолтой салбар. Одоо хүрч чадаагүй ямар зүйл энэ салбарт үлдсэн бэ?
-Түрээсийн салбар сонирхолтой болж байгааг хэлмээр байна. Сая оросууд олноороо ирэхэд бариад суух бэлэн систем байсангүй. Ноднин бид нийт гүйлгээний 20 хувийг түрээсээр олдог байсан бол энэ жил бараг тал хувийг нь түрээсийн орлого эзэлж байна. Хүмүүсийн чиг хандлага ч өөрчлөгдөөд үл хөдлөх хөрөнгөө зарахаас илүүтэй түрээслэх сонирхолтой болж байна. Тэгэхээр түрээсийн зах зээл тусдаа маш том зах зээл болж байна.
Бас газар гэж том зах зээл байна. Газар дээр ажилладаг агентууд маш мундаг байдаг. Манай хувьд орлогынхоо 10-15 хувийг газрын зуучлалаас төвлөрүүлдэг. Тэлэх зах зээл учраас зөвхөн газрын зууч дээр төвлөрч ажилладаг агентууддаа саяхан хэлэлцүүлэг, сургалт хийлээ. Зөвхөн газар дээр ажиллах сертификаттай болгож төгсгөсөн. 2023 онд энэ талбарт анхаарч ажиллана. Саяхан бас E-Gazar платформтой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ мэтчилэн үл хөдлөхийн салбар олон салбарладаг. Салбар бүрд мэргэшсэн агентууд бэлтгэхэд анхаарч байгаа. Сургалтаар нь хангаад өгөхөд агентууд маш хурдан тусгаж авдаг.
-“RE/MAX”- дээр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс үндсэн ямар ур чадваруудыг олж авдаг вэ?
-Энэ салбарын дийлэнх агентууд манайхаар дамжиж байгаа. Яагаад гэхээр манайх сургалтын нэгдсэн системтэй болохоор агент болох бүх зүйлийг системтэй заагаад өгдөг. Тэгэхээр бусад борлуулалтын компанид манайхан байдаг. Манай хуучнууд өөрийнхөө бизнесийг эхлүүлж байна. Тэдний хувьд системийн дагуу юуг яаж хийхээ ойлгочихсон байдаг. Мэдээж бүгд сайн биш. Гэхдээ дийлэнх нь маш амжилттай байдаг.
-Хүмүүс үл хөдлөх хөрөнгийн талаар хангалттай мэдлэггүй байна гэж та хэллээ. Тэгвэл эрэлт, нийлүүлэлт үл хөдлөхийн зах зээлд хэр нийцтэй байж чаддаг вэ?
-Шүүрэн шанага шиг алдаж байгаа зүйл байна. Одоо бид 4 үл хөдлөх хөрөнгийн нэгийг л зарж чадаж байна. Магадгүй худалдан авагчийн судалгаа хийвэл 5 худалдан авагч байр авах саналаа ирүүлсэн байлаа гэхэд нэгнийх нь л хүсэл сонирхолд нийцсэн үл хөдлөх хөрөнгийг олж өгч чадаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бид алдаж байна.
Хамгийн гол гүүр болж байгаа хүмүүс бол агент. Гэхдээ олон шалтгаантай. Зах зээл дээр маш олон төрлийн хүн байна. Үл хөдлөх хөрөнгийн эзэн өөрөө тэнгэрийн өндөр үнэ хэлчхээд тэр үнээр нь манай агентыг зараад өг гэх нь ч бий. Нөгөөтээгүүр манайхаар зуучлуулж байгаад яг худалдан авах хүн нь гараад ирэнгүүт манай агентыг жийх тохиолдол ч байна. Тэгэхээр амаргүй л дээ.
Гэхдээ шүүрэн шанаганы нүхийг нь аль болох бөглөхийг хичээж байна. Магадгүй 2023 онд илүү сайжирсаар 10 жилийн дараа энэ шүүрэн шанага засрах байх. Улсын бүртгэлийн газрын өгөгдлийг харахад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд жилдээ 60 мянган үл хөдлөх хөрөнгө эргэлдэж байна. Гэтэл “RE/MAX” 12-13 мянган борлуулалтыг нь л хийж байна.