Мэргэжилтэн компанийг удирдвал тэрээр компанидаа ямар ч өсөлт, ямар ч өөрчлөлт бий болгохгүй. Тэрээр боссын албадлагаар биш өөрийн хүссэнээр, юу хүссэнээ чөлөөтэй хийж болох ажлын газар л бий болгосон байдаг.
***
Бизнес хүнтэй адил өсөж хөгжиж байдаг зүйл бөгөөд хөгжиж буй бүхэн өөрчлөгдөж байдаг.
Харамсалтай нь дийлэнх бизнес эрхлэгч энэ зарчмыг ойлгодоггүй. Ихэнх бизнесийн эзэн нь юу хүсэж байна, тэр дагуу нь л явахаас бизнесийнх нь хэрэгцээ гэж байдгийг мэддэггүй.
Мэргэжилтэн компанийг удирдвал тэрээр компанидаа ямар ч өсөлт, ямар ч өөрчлөлт бий болгохгүй. Тэрээр боссын албадлагаар биш өөрийн хүссэнээр, юу хүссэнээ чөлөөтэй хийж болох ажлын газар л бий болгосон байдаг.
Харамсалтай нь мэргэжилтний хүсэл нь бизнесээ бараг эхлэхээс нь өмнө боомилчихдог.
Үүний учрыг илүү ойлгохын тулд бизнесийн өсөлтийн 3 үе шатыг авч үзье.
Эдгээр үе шатыг сайн ойлгох нь жижиг бизнесийн эздэд ихэнх жижиг бизнес яагаад хөгжиж чаддаггүй болохыг мэдэж авахад маш их тус болно.
Энэ цаг үед та боссоосоо салсан байна, эцсийн эцэст нь мэргэжилтэн маань өөрийн бизнестээ өөрийн хүссэнээ хийж болох эрх чөлөөтэй боллоо. Мөн ч их найдвар байна.
Сургуульдаа дахин явах шаардлагагүй болж, уртаас урт зуны сайхан амралт эхэлж байгаа сургуулийн сурагч шиг л байх бөгөөд эхэндээ та юу ч хийхэд бэлэн байна. Мэргэжилтнүүд хэзээ ямагт маш их ажиллаж байдаг хүмүүс, тийм болохоор бизнесийнхээ энэ үе шатанд та сэтгэл ханамжтайгаар бүх цагаа ажилдаа зориулна. Тэр тусмаа өөрийнхөө төлөө ажиллаж байгаа тул бүх зүйл хэвийн сайн байна.
Та ажилласаар, өдрийн 10, 12, 14 цагийг ажил дээрээ өнгөрөөнө. Амралтын өдрүүдэд ч ажиллана. Тэр байтугай гэртээ байсан ч таны сэтгэл ажил дээрээ байна. Таны бүх бодол, сэтгэл санааг зөвхөн таны шинэ бизнес л эзэмдэх бөгөөд бизнесээ хэвийн үргэлжлүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн.
Одоо та өөрийнхөө хамгийн сайн мэддэг ажлаа хийхийн хажуугаар яаж хийхээ төсөөлөхгүй шинэ ажлуудыг нэмж хийх хэрэгтэй болно. Та бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээс гадна худалдан авна, зарна, тээвэрлэнэ. Хүүхэд насан дээрээ яваа бизнесийнхээ хувьд та бүх бөмбөлгийг агаарт барьж байх ёстой жонглёрчин болдог. Бизнесийн энэ үеийг тодорхойлоход амархан. Бизнесийн эзэн ба бизнес хоёр салангид оршдоггүй. Хэрэв эзэн явчихвал бизнес зогсчихдог, зүгээр л алга болно!
Энэ үе шатанд та өөрөө л бизнес байх болно. Тэр байтугай бизнес чинь өөрийн чинь нэрээр нэрлэгдсэн байдаг. “Жое үсчний салон”, “Томмигийн хэвлэлийн компани”, “Мэригийн трэнд бараа” гэхчлэн. Ингэснээр худалдан авагчид өөрийг тань мартах аргагүй болно.
Удалгүй үнэхээр таны бүх хөлс хөдөлмөр, гаргасан сэтгэл эргэн төлөгдөж эхэлнэ. Та бол сайн мэргэжилтэн, ажилсаг шаргуу таныг худалдан авагчид огтоос мартахгүй, бүр найз нөхдөдөө ярьж өгнө. Энэ нь бас цааш дамжин яригдсаар хүн бүр л Жое, Томми, Мэриг мэддэг, ярьдаг болно.
Бүгд л Жое, Томми, Мэри нарыг хайрлах бөгөөд яг л хуучин найзууд шиг болно. Эдгээр эзэн тун ажилч хичээнгүй, их ч ажилладаг, ажлаа сайн ч хийдэг, тэднийг давах хүн алга болж үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй.
Эхэндээ энэ бүхэн танд тун сайхан санагдана. Гэвч дүр зураг аажмаар өөрчлөгдөж, цаг хугацаа аажимдаа хүрэлцэхээ байж, бүх ажлыг ганцаараа хийж барахгүй болно. Үйлчлүүлэгчид тань цаг үргэлж ямар нэг зүйл шаардах бөгөөд та тэднийг эрхлүүлсэн учраас заавал танаар л үйлчлүүлэх гэнэ. Та галзуу хурдаар ажиллах ёстой болно. Тэгтэл зайлшгүй зүйл гарч ирэх бөгөөд агуу жонглёрчин маань нэг л мэдэхэд бөмбөлгөө алдаж эхэлдэг юм. Яаж ч хичээгээд бүх бөмбөлгийг агаарт барьж чадахаа болино. Урам зориг мохож эхэлнэ. Урьд нь хэзээ ч оройтож байгаагүй хүргэлт цагаасаа хоцорч, ажил тань аяндаа л гараас алдуурна. Ажил тань анхны үеэсээ нэг л дордчихсон байна.
Жое-ийн үс засалт урьд өмнөх шигээ харагдахгүй байна. “Би арыг нь богиносгоод өгөөч гэсэн шүү дээ, хажуу талыг нь биш”. “Миний нэрийг Фред гэдэг, тэр чинь миний дүү. Би хэзээ ч зараа засалтаар засуулж байгаагүй”
Томмигийн хэвлэлийн материалууд доголдолтой гарч эхэлнэ. Хор нялзсан, өнгө буруу, эсвэл цаасны сонголт буруу байна. “Би нэрийн хуудас захиалаагүй, каталогийн хавтас захиалсан” “Ягаан биш ээ, бороор гэж би хэлсэн!”
Та юу хийх вэ? Та бүхнийг амжуулсаар л байна. Илүү их ажиллаж, илүү олон цаг зарцуулсаар байна. Өмнө нь өдөрт 12 цаг ажиллаж байсан бол одоо 14, 16, 18 цаг ч ажиллана. Гэлээ ч бөмбөлгүүдийг унагасаар л.
Гэнэт Жое, Томми, Мэри нэрээ хаягаасаа авч хаяад нуугдчихмаар санагдана.
Ачаалал ихтэй долоо хоногийн эцэст бямба гарагийн орой бичиг цаастайгаа зууралдаж, амжуулаагүй ажлаа, мөн ирэх долоо хоногоо бодож сууна. Гэнэт хойшлуулсан болоод хийх ёстой ажлуудаа дахиад л яагаад ч хийж амжихгүй болохоо, энэ бүхнийг ганцаараа ерөөс хийж барахгүй гэдгээ ойлгоно. Гэнэт бизнес тань таны хэзээ нэгэн цагт салахыг хүсэж байсан өнөөх эзэн, өнөөх л босс болон хувирсныг ухаарна. Эзнээс, боссоос салах аргагүй ажээ.
Бизнес энэ янзаараа цааш явах аргагүй болсныг ухаарч, цааш явахын тулд өөрчлөлт хийх ёстойг ойлгосон тэр мөчөөс бизнесийн хүүхэд нас дуусдаг.
Бодит байдал энэ мөчид тулж ирсний дараа олонх жижиг бизнес хаалгаа барьдаг. Бизнесмен болсон дийлэнх мэргэжилтэн энэ тохиолдолд хаалгаа түгжээд алга болдог.
Цааш явах нь дараагийн шат буюу бизнесийн өсвөр насанд шилжин орно.
Үргэлжлэлийг “Э-Төөрөгдөл” номоос
Номыг захиалах: https://shop.business.mn/