Сүүлийн жилүүдэд япончууд Монгол улсын талаар мэддэг болж, хамтарсан бизнес хийх сонирхол бий болсон. Гэхдээ Япончуудтай хамтран ажиллах сонирхолтой бол та тэдний бизнесийн соёлыг судалж, суралцах хэрэгцээ шаардлага бий болно. Япончууд бизнесийн нарийн соёлтой бөгөөд түүнийгээ ягштал баримталж ажил хэргийн уулзалтаа хийдэг. Энэ удаа япон компанитай уулзалт хийх үед ямар бичиг баримт авч явах талаар танилцуулъя! Ta япон компанитай хамтран ажиллах талаарх бизнес уулзалт хийх гэж байгаа бол өөрийн эрхэлж буй компанийнхаа мэдээллийг товч тодорхой бичсэн танилцуулга авч очсон нь дээр. Учир нь өөрийн хийж буй бизнес болон компаниа танилцуулах гэж цаг алдахгүйн тулд танилцуулга байх хэрэгтэй.
Японы компаниуд бизнес уулзалтад өөрсдийн компанийнхаа товч мэдээллийг заавал авчирч танилцуулдаг. Япон бизнесменүүд ажил хэргийн яриа явуулахдаа нуршуу биш аль болохоор товч тодорхой ярихыг илүүд үздэг онцлогтой. Компанийн товч танилцуулга дээр юуг бичвэл зохих вэ? Үүнд:
- Компанийн нэр
- Компанийн захирлын нэр
- Компанийн албан ёсны хаяг байршил
- Компанийн үндсэн хөрөнгийн мэдээлэл
- Компанийн үйл ажиллагаа эрхэлж буй салбар, төрөл
- Компанийн байгуулагдсан он, сар, өдөр
- Компанийн холбоо барих утас, факс
Япон бизнесментэй ажил хэргийн уулзалт хийх үед гар утсаа унтраах эсвэл дууг нь хаах хэрэгтэй. Ажил хэргийн уулзалтын үед утас дуугарвал бизнесийн ярианы эрч сулрахаас гадна бусад хүмүүст “соёлгүй бүдүүлэг” гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Нөгөө талаар таныг ажил хэрэгч бус хүн байна гэсэн сэтгэгдэлтэй болно. Мөн танай компанийн талаар сөрөг сэтгэгдэлтэй болох магадлалтай тул онцгойлон анхаарвал зохино.
Япончуудын бизнес уулзалтад очиход анхаарах бусад зүйлс гэвэл ажил хэрэгч хувцаслах, бизнесийн ажил хэрэгч цүнхтэй явах, нэрийн хуудсаа цүнхэндээ хийсэн эсэхээ урьдчилан шалгах, үсээ маш цэвэрхэн самнаж, сахлаа хуссан байх хэрэгтэй. Япон бизнесменүүд гадаад үзэмжийг голлон хардаг учраас хувцаслалтдаа анхаарч үзвэл зүгээр.
Японд “第一印象” буюу анхны сэтгэгдэл гэж үг бий. Энэ үгийг энгийн амьдралд болон бизнесийн харилцаанд түгээмэл хэрэглэдэг. Та япон бизнесменүүдтэй анх уулзахдаа ямар сэтгэгдэл төрүүлсэн гэдэг нь цаашдын бизнесийн харилцаанд маш чухал нөлөөтэй.
Эх сурвалж: japanguide.mn
9905-7125, 9110-6861, 8010-3508
contact@japanguide.mn